Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/156

 

`

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж , нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, хохирогч Ж.Энхболд, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Баасандоржид холбогдох эрүүгийн 1736000000071 дугаартай, 178/2017/0151/Э/ индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургуульд багш  ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 5-15 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ПН90010911 регистрийн дугаартай, Сартуул овогт Бямбадоржийн Баасандорж    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.Баасандорж нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 09-60 УБС улсын дугаартай Тоёото Харрейр маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн урд талын сандал дээр сууж байсан иргэн Э.Цэцэгсүрэн, Ж.Энхболд,С.Болорцэцэг нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж Ж.Энхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Ж.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн урд талын талбай дээрх сандал дээр охин Э.Цэцэгсүрэн,найзын дүү Болороо нарын хамт сууж байтал цагаан өнгийн 09-60 УБС улсын дугаартай Harier маркийн тээврийн хэрэгсэл уг талбай руу орж ирээд бид гурвын урдаас тулж ирж зогссон.Тухайн үед би тээврийн хэрэгслээ хойшоо ухарч байрлуулах гэж байгаа юм байх гэж бодоод сууж байтал шууд ирээд бид гурвыг сандалтай хамт мөргөсөн.Б.Баасандоржоос архи үнэртэж байсан гэжээ./хх-17-18-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Олонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр БОЭТ-ийн урд талын зогсоол дээр байх сандалыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөргөж хугалсан байсан.Б.Баасандорж мөргөсөн сандлаа засварлаж байгууллагыг хохиролгүй болгосон.Одоо байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./ хх -22-р хуудас/  

Гэрч Э.Цэцэгсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчим БОЭТ-ийн урд талын талбай дээр байх сандал дээр аав Ж.Энхболд, эгч Болороо нарын хамт сууж байтал цагаан өнгийн 09-60 УБС улсын дугаартай Harier маркийн тээврийн хэрэгсэл талбай руу орж ирээд шууд бид гурвын урдаас тулаад ирсэн. Ухрах гэж байгаа юм байх гэтэл шууд бид гурвыг сууж байсан сандалтай хамт мөргөсөн. Би Эмнэлэг рүү аавыгаа оруулчихаад гараад ирэхэд тухайн машин хөдлөөд явчихсан байсан.Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй./ хх-23-р хуудас/

Гэрч С.Болорцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БОЭТ-ийн урд байх талбай дээр байх сандал дээр Ж.Энхболд, түүний охин Э.Цэцэгсүрэн нарын хамт сууж байтал цагаан өнгийн Harier маркийн тээврийн хэрэгсэл талбай руу орж ирээд шууд бид гурвын урдаас тулаад ирсэн.Тэгснээ шууд бид гурвыг сандалтай хамт мөргөсөн.Миний баруун өвдөг,зүүн мөр хөндүүртэй байна гэжээ./хх -24-р хуудас/

Гэрч П.Батбаяр  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 9-12 тоотод Б.Баасандоржийн гэрт бид хоёр 1 шил архи хувааж уугаад сууж байтал манай 10 настай хүү Энхманлайг Б.Баасандоржийн хажуу айлын нохой хазчихсан. Тэгээд Б.Баасандорж  09-60 УБС улсын дугаартай цагаан өнгийн Harier маркийн тээврийн хэрэгсэл унаж ирээд бид хоёр манай хүү Б.Энхманлай болон манай эхнэр С.Батцэнгэл, найз Баяраа нарыг аваад эмнэлэг явсан. Тэгээд Б.Баасандорж БОЭТ-ийн урд талын зогсоол руу дарж эргээд сандал дээр сууж байсан хүмүүс рүү тулж зогсоод тээврийн хэрэгслээ ухарч байрлуулах гэж байгаад машинаа зогсоож чадалгүй тухайн сандал дээр сууж байсан 3 хүнийг мөргөчихсөн гэжээ./хх-27-28-р хуудас/

Гэрч С.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 5-13 тоот хашаанд гэртээ байж байтал манай 10 настай хүү Б.Энхманлай нохойд хазуулчихсан ирэхээр нь Батбаяр луу залгаж хэлсэн.Удалгүй Б.Баасандорж, П.Батбаяр, Баяраа нар 09-60 УБС улсын дугаартай Harier маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Б.Энхманлай бид хоёрыг аваад эмнэлэг рүү явсан.Тэгээд Б.Баасандорж БОЭТ-ийн урд талын зогсоол руу ороод дарж эргээд сандал дээр сууж байсан хүмүүс рүү тулж очоод шууд мөргөчихсөн гэжээ./ хх-29-р хуудас/

Гэрч Ц.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал Б.Баасандорж, П.Батбаяр нар 09-60 УБС улсын дугаартай Harier маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж намайг аваад П.Батбаярын гэрт очиж түүний эхнэр С.Батцэнгэл хүү Б.Энхманлай нарыг авч эмнэлэг рүү явсан. Б.Баасандорж БОЭТ-ийн урд талын зогсоол руу  ороод дарж эргээд сандал дээр сууж байсан хүмүүс рүү тулж зогсоод тээврийн хэрэгслээ ухрааж байрлуулах гэж байгаад зогсоож чадалгүй тухайн сандал дээр сууж байсан 3 хүнийг мөргөсөн.Тэгээд Б.Баасандорж бид хоёр мөргүүлсэн эрэгтэй хүнийг өргөж БОЭТ-ийн хүлээн авах руу оруулж өгөөд Б.Баасандорж надад машинаа өгч явуулаад өөрөө эмнэлэг дээр үлдсэн.   гэжээ./ хх-32-р хуудас/

Гэрч Э.Олзбаяр мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 5-12 тоотод байх гэртээ байж байтал Б.Баасандорж ирээд хүүхэд нохойд хазуулчихлаа машинаа өгч байгаач гээд манай нөхөр Идэрсүрэнгийн 09-60 УБС улсын дугаартай машиныг аваад явсан. Тэгээд удалгүй Б.Баасандорж надруу залгаад зам тээврийн осол гаргачихлаа гэж хэлсэн гэжээ. /хх 32-р хуудас/

Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-13-р хуудас/

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Ж.Энхболдын биед зүүн талын том шилбэ ясны дээд 1/3 хэсгийн ташуу хугарал, зүүн хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд 2х3 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Ж.Энхболдын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх,унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Ж.Энхболдын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Ж.Энхболдын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Цэндхүү  гэжээ. /хх -35-р хуудас/

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэнд:

1.09-60 УБС улсын дугаартай Harier маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Баасандорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа,мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-т заасан” Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.1А-д заасан ” Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн зуултуудыг зөрчсөн байна.4.09-60 УБС улсын дугаартай Harier маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Баасандорж нь архидан согтуурч, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гаргасан байна. Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн ахмад М.Алтангэрэл гэжээ./ хх-50-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-54-р хуудас/

Шүүгдэгч Б.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид 590000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн хохирлыг 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос өмнө төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгч Б.Баасандорж нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 09-60 УБС улсын дугаартай Тоёото Харрейр маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ж.Энхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Энхболдын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Олонбаярын мэдүүлэг, гэрч Э.Цэцэгсүрэн, С.Болорцэцэг, П.Батбаяр, С.Батцэнгэл, Ц.Баярсайхан, Э.Олзбаяр нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Баасандоржийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Баасандоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Б.Баасандорж нь  хохирогчид учирсан хохирлоос 590 000 төгрөгийг төлж, үлдсэн 1410000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн,тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнийг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хор уршгийг арилгах буюу хохирлоо нөхөн төлөх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, биеийн байцаалт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Тошиба маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн  2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Прокурорын  тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл  хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.7,36.8,36.10, 37.1, 37.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул  овогт Бямбадоржийн Баасандоржийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Бямбадоржийн Баасандоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Б.Баасандоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах буюу хохирол төлбөрөө нөхөн төлөх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баасандоржид оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Б.Баасандорж нь хохирогч Ж.Энхболдод 590.000 төгрөг төлсөнийг, бусад хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг    тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Б.Баасандоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

  1. Шүүгдэгч Б.Баасандоржийн  эзэмшлийн Тошиба маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Прокурорын 5/46 дугаартай тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС