Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0824/З |
Дугаар | 128/ШШ2024/0190 |
Огноо | 2024-03-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:“***********” ХХК /РД:*********/
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд үүссэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн **/**** тоот захиргааны актыг хүчингүй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47, 2023 оны 06 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийлгэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Д.М****-****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “***********” ХХК-аас тус шүүхэд хандан анх “Нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу захиргааны актыг хүчингүй болгож, захиргааны гэрээний дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөрт *** *** *** төгрөг шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн **/**** тоот захиргааны актыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 06 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийхийг даалгах тухай” болгосон.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “********” ХХК нь Эрүүл мэндийн яамны 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЭХ-05/23/**** дугаартай гэрчилгээний[2] дагуу “нүдний тусламж үйлчилгээ” үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг.
2.2. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай УБ-02/*** тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээг[3] 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан.
2.3. Тухайн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл нүдний мэс заслын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг “чанарын болон төлбөр”-ийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт худалдан ажилладаг байна.
2.4. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т “гэрээний 2.2.1 дэх хэсэгт заасан тооцооны үр дүнд үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгчид шилжүүлнэ” гэж заасан.
2.5. Харин гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-д “тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичиг, гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсвэл орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлнэ” гэж заасан.
2.6. Нэхэмжлэгч “**********” ХХК нь “2023 оны 05 дугаар сард үзүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн үнийн дүнг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг 20 минутад явуулсан. Тодруулбал, *********** гэсэн сайт руу бол илгээсэн. Мөн 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 58 минутад 347 өвчтөний түүхийг холбогдох гэрээнд заасан хугацаанд *********** хаяг руу илгээсэн.
2.7. Гэвч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан байцаагч эмч нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 45 минутад залгаад “06 дугаар сарын 01-ээс 10-ны хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн өвчтөний түүхийг яаралтай явуулаарай” гэсэн мэдээллийг бидэнд хүргүүлсэн. Энэ мэдээллийн дагуу нэхэмжлэгч компани 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөрт багтаан ******** хаягаас программд шивж оруулсан.
2.8. Нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 23/46 тоот албан бичгээр[4] Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан.
2.9. Нэхэмжлэгчээс гаргасан дээрх гомдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08/3152 дугаартай албан бичгээр[5] хариу өгсөн бөгөөд тус хариунд “... тус газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 дугаар албан бичиг[6], 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08/2696 дугаар албан бичгүүдээр[7] тус тус хариу хүргүүлсэн ...” гэсэн.
2.10. Дээрхийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн яаманд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23/47 дугаартай гомдлыг[8] гаргасан хэдий ч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлжээ.
2.11. Ингэж шилжүүлсэн тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/3444 дугаар албан бичгээр[9] нэхэмжлэгч мэдсэн.
2.12. Түүний дараа нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/57 дугаар албан бичгээр[10], мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24/02 дугаар албан бичгээр[11] тус тус Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гомдлоо гаргасан байна.
2.13. Дээрх гомдлуудад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 90 тоотоор[12], 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 тоотоор[13] хариу өгчээ.
2.14. Нэхэмжлэгчийн зүгээс “...Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 14.8.6, 14.8.7 дахь хэсэгт заасан холбогдох журмын шаардлага хангаагүй тусламж, үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлэхгүй байх гэж заасан. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д дараах тохиолдолд холбогдох бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөрийг хянан санхүүжүүлэхээс татгалзах тухай үндэслэлд гэрээний захиргааны актын үндэслэл болоод байгаа тэр 2 дугаар зүйлийн 2.4.2 дахь зүйл заалт ороогүй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь хэсэгт эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргана гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай Чанар төлбөрийн хяналтын журмыг баталсан бөгөөд тус журмын 3.7-д зааснаар ********** ХХК нэхэмжлэлийг хянах явцад санаатайгаар хуурамч нэхэмжлэл, үзүүлээгүй үйлчилгээний төлбөрийг авахаар завших, орлого, бодит байдлаас өндөр өртөгтэй код ашиглан нэхэмжлэл явуулах зөрчлүүдийг гаргаагүй байхад дээрх зөрчлүүдтэй холбогдуулж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.7-д даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамжид ашиглан батлах эрхийг бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт бол олгосон байна. Журам батлах эрхийнхээ хүрээнд бол журмаа баталсан. Гэхдээ эмчилгээний түүхийг илгээсэн бөгөөд журамд заасан шалгууруудыг бол хангасан, хангаагүй нэхэмжлэлүүдийг санхүүжүүлэхгүй байхаар заасан. Гэтэл манайх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тэр эмчилгээний түүхүүд нь холбогдох дүрэм, журамд заасан шаардлагуудыг хангаж байхад хангаагүй мэтээр тайлбарлаж санхүүжүүлэхгүй байхаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7.3-д гэрээний 2.2.4.1-д заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэлийг санхүүжүүлэхээс татгалзана гэж заасан боловч гэрээний 2.4.1 дэх заалтад тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичиг баримт, холбогдох хаягаар сар болгоны 5-ны дотор цахим хаягаар илгээнэ гэж заасан байна. ********** ХХК нь 2023 оны 05 болон 06 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх болон өвчний эмчилгээний түүхийг гэрээнд заасан хугацаанд холбогдох хаягууд руу хүргүүлсэн гэж үзэж байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.15. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Эрүүл мэндийн даатгалын хуульд заагдсанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл чанар, төлбөрийн хяналтыг зохицуулах журам гэж баталдаг. Энэ журмаар нэхэмжлэлийн хяналтыг зохицуулдаг гэж ойлгож болно. Үүнийг нарийвчлан зохицуулсан Эрүүл мэндийн даатгалын хууль, Чанар, төлбөрийн хяналтыг зохицуулах журам дээр тусгайлан зааж өгсөн байдаг. Эрүүл мэндийн даатгалын даргын тушаалаар батлагдсан нэхэмжлэлийг хянах журам энэ 2 журмаар бүх энэ журмыг зохицуулдаг гэсэн үг. Чанар төлбөрийн хяналтын журам бол нэхэмжлэлийг яаж хүлээж авах вэ гэдгийг зохицуулсан журам. Энийг нарийвчилж бид Нэхэмжлэлийн хяналтын журмаар өөрсдийн дотоод зохион байгуулалтаар яаж бүгдийг нь хянах вэ гэдгийг зохицуулдаг. Дээрээс нь гэрээнд бас зохицуулж өгсөн байдаг. Нэхэмжлэлийг ямар цаг хугацаанд, хэдийд хүлээж авах вэ гэсэн зохицуулалт байдаг. Гэрээнд нэхэмжлэлийг сар болгоны 5-ны дотор эсвэл гэрээний 4.2.2-т зааснаар 06 дугаар сарын 10, 12 дугаар сар гээд тусгайлан зохицуулсан хоногуудтай. Тухайн хоногийг бид өөрсдөө зохиогоод гаргаад ирсэн юм биш ээ. Нягтлан бодох бүртгэлийн хууль гээд төрийн санхүү, төлбөртэй холбоотой зохицуулалтууд байдаг болохоор хоног хугацааг нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Тухайн байгууллагын хувьд нэхэмжлэлээ болон түүврийн материалаа хоцроож ирүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн хяналтын журамд заасны дагуу ажлын 8 цагийн дотор авсан. Яагаад ажлын 8 цагийн дотор авдаг вэ гэхээр бидэнд нэхэмжлэл ирээд цааш нь үнэн бодитой тусламж үзүүлж үү гэдгийг нь шалгаж үзэхийн тулд авдаг. Яагаад ажлын 8 цагийн дотор авдаг гэхээр тухайн байгууллага 8 цагийн дотор бидэнд түүврийн материалыг ирүүлээгүй бол хуурамч эсвэл өөрсдийн хийгээгүй материалыг илгээсэн байх тийм боломжтой гэж үздэг. Энэ нь Нэхэмжлэлийн хяналтын газраас ингээд зохицуулаад өгсөн зүйл биш цаанаасаа практик дээр тогтсон байдаг ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Тэгэхээр шууд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлая. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн **/**** тоот захиргааны актыг хүчингүй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 37, 2023 оны 06 дугаар сарын 13-нд даатгуулагчийн мэдээллийг тус тус нарийвчилсан хяналт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгчийн зүгээс бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дээрх захиргааны актыг бол захиргааны шийдвэр гаргахаар буюу нарийвчилсан хяналт хийхээс татгалзсан шийдвэр гэж үзээд тус шийдвэр хууль бус учраас нарийвчилсан хяналт хийхийг даалгаж шийдээд өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байгаа юм. Үндэслэлийн тухайд эхлээд үйл баримтын талаар дурдах нь зүйтэй байх. Манай ********** ХХК нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээг бол 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. Тус захиргааны гэрээний дагуу бол өнөөдрийг хүртэл нүдний мэс заслын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ эрхлэн явуулж байна. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт бол гэрээний 2.2.1 дэх хэсэгт заасан тооцооны үр дүнд үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгчид шилжүүлнэ гэж заасан. Энэ заалт бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүлээсэн үүрэг. Тооцооны үр дүн буюу үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссаны дараа гэж байна. Тэгэхээр бид хяналт дуусахаас өмнөх агуулга буюу бидэнд хяналт хийхээс татгалзаад байгаа үйлдэлд гомдоод байгаа юм. Харин гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-д тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичиг, гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсвэл орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлнэ гэж заасан. Энэ үүргийг *********** ХХК бол хүлээсэн. Энэ дээр цахим болон бичгийн хэлбэртэй 2 агуулга дурдагдаж байгааг мөн тайлбарлах нь зүйтэй байх. ************ ХХК нь 2023 оны 05 дугаар сард үзүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн үнийн дүнг 2023 оны 06 дугаар сарын 1-ний өдөр 20 цаг 20 минутад явуулсан байдаг. Тодруулах юм бол *********** гэсэн сайт руу бол илгээсэн. Мөн 06 дугаар сарын 5-ны өдрийн 23 цаг 58 минутад 347 өвчтөний түүхийг холбогдох гэрээнд заасан хугацаанд *********** хаяг руу илгээсэн. Мэдээллийг илгээсэн болон хүлээн авсан гэдэг нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Гэвч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан байцаагч эмч нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 45 минутад залгаад 06 дугаар сарын 1-ээс 10-ны хооронд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн өвчтөний түүхийг яаралтай явуулаарай гэсэн мэдээллийг бидэнд хүргүүлсэн. Энэ мэдээллийн дагуу бид 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөрт багтаан ********** хаягаас программд шивж оруулсан байдаг. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 01-ээс 10-ны өдрийн хооронд дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн өвчтөний эмчилгээний түүхийг яагаад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр буюу сарын дундуур тасалж тайлан авч байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын холбогдох байгууллагаас бидэнд тайлбар хэлээгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сайт дээр бол 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд эхний хагас жилийн буюу 1-ээс 6 дугаар сарыг дуусталх ажиллагааны тооцоог нэхэж акт бүрдэнэ гэж заасны дагуу манай эмнэлгийн ажилчид очиж 07 дугаар сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай бол уулзсан. Уг уулзалтаар цаг хугацаанд нь нэхэмжлэлээ явуулаагүй тул яаж зассаныг мэдэхгүй учраас тооцоолол нийлэхгүй гэсэн амаар шийдвэр гаргаж, холбогдох бичиг баримтыг хүлээж авахаас татгалзаж талууд тооцоо нийлээгүй. Ингээд эхний хагас жилийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдэж чадаагүй учраас бидний хувьд бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохоо мэдсэн. Өөрөөр хэлбэл ***,***,*** төгрөгийн үнийн дүнг манайхаас бүхлээр нь хасаж ***,***,*** төгрөгийн өглөгтэй мэтээр тооцоо нийлэх актад гарын үсэг зуруулахыг бол манай санхүү эрхэлсэн захирлаас шаардсан. Тус албан бичигтэй бид танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй гэж тэмдэглэл үйлдэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт бол үлдээсэн байдаг. 2023 оны 05 болон 06 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өвчтөний эмчилгээний түүх болон нэхэмжлэхээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гэрээнд заасан холбогдох журамд заасны дагуу бол илгээсэн гэж үзэж байгаа. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн манай гаргасан гомдлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08/3152 дугаартай албан бичгээр, 08/2516 дугаар албан бичиг 08/2696 албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлсэн учраас төлбөрийн нэхэмжлэл болон хавсрах, холбогдох эмч нарын түүхийг хянахаас татгалзсан захиргааны акт гаргасан. Энэ захиргааны актыг бид эс хүлээн зөвшөөрч дээд шатын захиргааны байгууллагад бол гомдлоо гаргасан. Эрүүл мэндийн яаманд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23/47 дугаартай гомдлыг гаргасан хэдий ч дээд шатны захиргааны байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлсэн. Энэ Эрүүл мэндийн яамны албан бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/3444 дугаартай албан бичгээр бол хүлээж авсан. Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлж байна гэж бодоод 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гомдлоо гаргасан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг бид ойлгохдоо хэд хэдэн захиргааны дээд байгууллага байгаа тохиолдолд аль нэг рүү нь хандана гэсэн заалт байна. Тэгэхээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл аль аль нь тус маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага юм байна гэж үзээд холбогдох гомдлуудаа буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаанууд хийсэн байгаа. Хууль зүйн үндэслэлүүдийн талаар дурдахад Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 14.8.6, 14.8.7 дахь хэсэгт заасан холбогдох журмын шаардлага хангаагүй тусламж, үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлэхгүй байх гэж заасан. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д дараах тохиолдолд холбогдох бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөрийг хянан санхүүжүүлэхээс татгалзах тухай үндэслэлд гэрээний захиргааны актын үндэслэл болоод байгаа тэр 2 дугаар зүйлийн 2.4.2 дахь зүйл заалт ороогүй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь хэсэгт эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргана гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай Чанар төлбөрийн хяналтын журмыг баталсан бөгөөд тус журмын 3.7-д зааснаар ************* ХХК нэхэмжлэлийг хянах явцад санаатайгаар хуурамч нэхэмжлэл, үзүүлээгүй үйлчилгээний төлбөрийг авахаар завших, орлого, бодит байдлаас өндөр өртөгтэй код ашиглан нэхэмжлэл явуулах зөрчлүүдийг гаргаагүй байхад дээрх зөрчлүүдтэй холбогдуулж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.7-д даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамжид ашиглан батлах эрхийг бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт бол олгосон байна. Журам батлах эрхийнхээ хүрээнд бол журмаа баталсан. Гэхдээ эмчилгээний түүхийг илгээсэн бөгөөд журамд заасан шалгууруудыг бол хангасан, хангаагүй нэхэмжлэлүүдийг санхүүжүүлэхгүй байхаар заасан. Гэтэл манайх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тэр эмчилгээний түүхүүд нь холбогдох дүрэм, журамд заасан шаардлагуудыг хангаж байхад хангаагүй мэтээр тайлбарлаж санхүүжүүлэхгүй байхаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7.3-д гэрээний 2.2.4.1-д заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэлийг санхүүжүүлэхээс татгалзана гэж заасан боловч гэрээний 2.4.1 дэх заалтад тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичиг баримт, холбогдох хаягаар сар болгоны 5-ны дотор цахим хаягаар илгээнэ гэж заасан байна. ************** ХХК нь 2023 оны 05 болон 06 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх болон өвчний эмчилгээний түүхийг гэрээнд заасан хугацаанд холбогдох хаягууд руу хүргүүлсэн гэж үзэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3, 2.4.6, 2.4.8 дахь хэсэгт заасны дагуу бол нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийх, түүвэрт орсон даатгуулагчийн мэдээллийг илгээхтэй холбоотой үүрэг байна. Гэтэл дээрх заалтуудад заасан үүргүүдийг хянах үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын байгууллага зөрчсөн гэж үзэж байна. Тодруулах юм бол нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийхээр сонгогдсон түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ хүлээн авснаас хойш нэг хоногт багтаан холбогдох маягтуудын дагуу гарган хүргүүлэх, гэрээний 4.6.2 дахь хэсэгт гэрээний 2.4.1, 2.4.5 дахь хэсэгт заасны дагуу гарган өгсөн мэдээлэл иргэн даатгуулагчийн талаар цахимаар илгээсэн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцах, гэрээний 2.4.1-д цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх гэж заасны дагуу 06 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг 57 минутад илгээсэн. Тус илгээсэн баримтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тус өдрийн буюу 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 59 минутад бол хүлээн авсан болох нь үзлэгээр нотлогдож байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан албан бичигтээ нэхэмжлэлийг хянах журмын 7 дугаар зүйлийн 7.9.4 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Тэр заалтыг тодруулах юм бол хэрэв нарийвчилсан хяналтад хамрагдах түүвэрлэгдсэн тохиолдлууд болон анхан шатны маягт, нэхэмжлэлийн хяналтын маягт энэхүү журмын журмын 7.9.1, 7.9.2 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй бол амжилтгүй нэхэмжлэл гэж тооцож төлбөрийг хийхгүй гэж заасан заалт байна. Нарийвчилсан хяналт хийхээр сонгогдсон түүврийн жагсаалт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах авагчаас хүлээн авснаас хойш нэг хоногийн дотор багтаан холбогдох баримтуудын дагуу бол гарган өгөх үүргийг хүлээсэн талаар өмнө дурдсан. Гэтэл нэхэмжлэлийг хянах журмын 7 дугаар зүйлийн 7.9.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн байгууллага нь хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээний нийт тохиолдолд 100 болон түүнээс дээш, 100 болон түүнээс доош байвал /манайх 100 болон түүнээс дээш байсан/ тухайн эрүүл мэндийн байгууллага хиск системээс нэвтрэх эрх нь нэхэмжлэлийн тухайн сард хянах бүх шатны анхан шатны маягтуудыг авчрах тухай мэдэгдэлд мэдээллийн технологийн нэгжид хүргүүлнэ заасан. Үүний дагуу манайх илгээсэн, гэхдээ 100-аас доош тохиолдол гэдгийг бас 1 дүгээрт анхаарч үзэх шаардлагатай болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хянах журмын 7 дугаар зүйлийн 7.9.2-д 7.9.1-д заасан түүвэрлэгдсэн анхан шатын маягт, нэхэмжлэлийн хяналтын маягт, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн хяналт хариуцсан нэгж, орон нутгийн эрүүл мэндийн даатгал хариуцсан нэгжид хүргүүлэх бөгөөд нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтыг эмнэл зүйн мэргэжилтэн, орон нутаг бол чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн нарийвчилсан хяналтад хамрагдсан түүвэрлэгдсэн тохиолдлуудыг ялган авч түүвэрт оруулахгүй үлдсэн анхан шатны маягтыг эрүүл мэндийн байгууллагад буцаан өгнө гэж заасны дагуу манайх бол холбогдох мэдээллүүдээ бүгдийг нь илгээсэн боловч тус нэхэмжлэлийг хянах журмын 7 дугаар зүйлийн 7.9.4 дэх хэсэгт заасан үндэслэлийг хянаагүй болохыг мэдэгдэж байна гэсэн албан бичиг нь холбогдох дүрэм, журамд заасанд бол нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийг хянах журмын 7 дугаар зүйлийн 7.9.1, 7.9.4 дэх хэсэгт зааснаар хэрэв цаасаар тайланг хүлээн авах тохиолдолд гэж заасан. Энэ бол зөвхөн цаасан тайланд хамаарагдах эрх зүйн зохицуулалт байхад цаасан тайланд хамаарагдах эрх зүйн зохицуулалтыг үндэслэж цахимаар илгээсэн тайланд хариу өгсөн нь үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт буюу хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учраас тухайн захиргааны акт бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Иймд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 5 болон 6 дугаар сарын нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, нарийвчилсан хяналт хийхээс татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр буюу нэхэмжлэл, нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийхийг даалгаж даалгаж шийдэж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2 зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй гэж бодож байна. 5 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэлийг ярьж байна. Талуудын тайлбараас 1 зүйл тодотгож гарч ирэхгүй байна. Бодит цагийн горимоор тухайн үйлчлүүлэгч буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа даатгуулагч маань тухайн цаг үед нь шууд хурууны хээгээр бүх мэдээллийн систем Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу орж байгаа. Өөрөөр хэлбэл бодит цагийн горимоор 5 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ний 23 цаг хүртэлх бүх мэдээлэл Эрүүл мэндийн даатгалын цахим руу орж байгаа юм. 31 хоногийн турш үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт өртөг буюу 500 хэдэн сая төгрөгийг болохоор 06 дугаар сарын 01-ний дотор хиск стори руу нэхэмжлэхээ илгээчхэж байгаа юм. Ингээд ямар асуудал үүссэн гэхээр гэрээнд бол түүвэрлэгдсэн тохиолдлыг сар бүрийн 05-ны дотор хүргүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварын шинэчлэн батлах тухай загварт заасан байдаг. Тус загварын 2.4.4-д тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар, эсвэл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын албан ёсны цахим хаягаар сар бүрийн 05-ны дотор хүргүүлнэ гэж заасан. Тэгэхээр энэ сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх энэ түүвэрлэгдсэн тохиолдлыг бид 05-ны дотор илгээсэн гэж хариуцагч хэлсэн. Хариуцагч талаас 06 дугаар болон 12 дугаар сар онцлог сар, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн цаглавартай нийцүүлдэг ийм асуудалтай гэж байна. Тэгэхээр *********** гэрээний дагуу 06 дугаар сарын 12-ны өдөр нийт хэдэн төгрөг вэ гэдэг нэхэмжлэлийг илгээсэн байдаг. Энэ нэхэмжлэл нь Төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглавартай бол нийцнэ. Өөрөөр хэлбэл тэр Төсвийн тухай хуульд заасны дагуу хэдэн төгрөг вэ гэдгийг хянах болохоос биш нарийвчилсан болон түүвэрчилсэн хяналтыг хийх бол биш 1 дүгээр хууль зүйн үндэслэл. 2 дугаар хууль зүйн үндэслэл нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.7-д дараах тохиолдолд холбогдох баримт нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээг төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах гэж заасан. Энэ тохиолдолд тохиолдолд 2.4.2 ороогүй байна. Өөрөөр хэлбэл 06 дугаар сарын 12-нд нэхэмжлэлийг илгээгээд дараа нь түүх дээр илгээж байгаа зохицуулалт Төсвийн тухай хуулийг үндэслээд үүрэг болгосон заалт болохоос биш санхүүжилт авахаас татгалзах ийм хууль зүйн үндэслэл гэрээнд байхгүй юм. Дараагийн нэг нэмэлт тайлбар хэлэхийг хүсэж байгаа зүйл нь гэрээний заалтууд яриад байна. Маргаан бүхий бид нарын хүчингүй болгуулах гээд байгаа захиргааны акт 2023 оны 06 сарын 19-ний өдрийн 08/2516 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулъя гэж байна. Хариуцагчийн бичгээр гаргаж байгаа албаны ёсны актад 2 агуулгыг дурдсан байдаг. Өөрсдөө дотоодоо мөрддөг гэж яриад байгаа 139 дугаар журмын 7.9-ийг дурддаг. Тэр журмын 7.9-д хэрэв цаасаар авах тохиолдолд гэдэг энэ цаасан зохицуулалтыг барьсан нь үндэслэлгүй байна. 2 дугаарт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.4.3, 2.4.6, 2.4.8 дахь заалтууд бол гэрээний үүргүүдээ дагаж мөрдөөрэй гэсэн ийм агуулгатай. Энэ гэрээний үүргүүдийг яг үгийн утгаар нь үнэн зөв ойлгож, шүүх тайлбарлах хэрэгтэй болов уу хэмээн гэрээний заалтыг нэг бүрчлэн уншъя. 2.4.3-д бол нарийвчилсан хяналт хийхээр сонгосон түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын нэг хоногт багтаан холбогдох маягтуудын дагуу гаргаж хүргүүлнэ гэж заасан. Хариуцагч хэрвээ 23 оны 06 дугаар сарын 05-ны өдөр түүвэрлэгдсэн тохиолдлуудаа илгээгээгүй гэдэг ийм цахим мэдэгдэл хэрвээ гаргасан бол гаргасан гэдэг нь үзлэгээр тогтоогдохгүй байгаа учраас хэрвээ гаргасан бол гэж хэлж байна, ингэж тоолж байгаа тохиолдолд үүнээс хойш ажлын нэг хоног буюу 06 дугаар сарын 06-ны өдөр гэж тайлбарлагдах болов уу гэж гэрээний заалтыг ойлгож байна. Гэрээний 2.4.6, 2.4.1, 2.4.5-д заасны дагуу гаргаж өгсөн мэдээлэл болон иргэн, даатгуулагчийн талаарх цахимаар илгээсэн мэдээллийг үнэн зөв байдлыг хариуцах гэж заасан. 2.4.1-д буцаагаад заадаг цахимаар сар бүрийн 5-ны дотор гэж заасан. 06 дугаар сарын 5-ны дотор буюу 23 цаг 57 минутад цахимаар илгээсэн хариуцагч 23 цаг 59 минутад хүлээн авсан байна гэдэг нь үзлэгээр тогтоогддог. 2.4.8-д иргэн даатгуулагчаас үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын мэдээллийг цахим системээр үнэн зөв алдаагүй илгээнэ гэж байна. Өнөөдөр бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, улсдаа номер нэг нүдний мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явж, даатгуулагчаас буюу иргэнээс *********** компанийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй эмнэл зүйн ямар нэгэн алдаа гаргасан талаар нэг ч өргөдөл гомдол байхгүй. Цахимд бодит цагийн горимоор ороод байгаа тэр түүх дээр алдаатай байгаа талаарх ийм асуудал огт хөндөгдөөгүй гэдгийг онцлон хэлмээр байна.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******** шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь иргэн даатгуулагчдын өмнөөс эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажилладаг. Манай байгууллагад нийтдээ гэрээтэй 1400 гаруй эмийн сан, 600 гаруй анхан шатны эрүүл мэндийн байгууллага өрхийн эмнэлэг, лавлагаа шатлалын эмнэлэг болох ************ ХХК-тай төстэй эмнэлэг нийтдээ 400 орчим гэрээт байгууллагуудтай харьцаж, гэрээ байгуулж ажилладаг. Энэ гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээг байгуулан ажилладаг. Энэ байгууллагууд сар болгон бидэнд нэхэмжлэлээ илгээдэг. Ойролцоогоор 2 сая гаруй нэхэмжлэл сар болгон бид хянадаг гэсэн үг. Бид 2 сая гаруй нэхэмжлэлийг хянахын тулд бүх юмаа цахимд шилжүүлсэн. Цахимаар одоо бүх мэдээллүүдийг авч ажиллаж байна. Өмнө бол цахимаар авдаггүй байхад 2 сая гаруй нэхэмжлэл хянана гэдэг нь маш их ачаалалтай ажил байсан. Дээр нь иргэдийн эмнэлгийн анхан шатны түүврийн баримт тэрэнтэй холбоотой анхан шатны өвчтөний түүхийг цаасаар авдаг байсан одоо больсон бүгд цахимд шилжсэн. Одоо анхан шатны нэхэмжлэлийн материалыг *********** сайтаар авч байна. Түүврийн мэдээллийг *********** гэсэн цахим хаягаар авдаг. Энэ 2 бол тусдаа ялгаатай асуудал. Тэгэхээр ************ ХХК-ийн хувьд манайх нэхэмжлэлийг хянахдаа Эрүүл мэндийн даатгалын хуульд заагдсанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл чанар, төлбөрийн хяналтыг зохицуулах журам гэж баталдаг. Энэ журмаар нэхэмжлэлийн хяналтыг зохицуулдаг гэж ойлгож болно. Үүнийг нарийвчлан зохицуулсан Эрүүл мэндийн даатгалын хууль, Чанар, төлбөрийн хяналтыг зохицуулах журам дээр тусгайлан зааж өгсөн байдаг. Эрүүл мэндийн даатгалын даргын тушаалаар батлагдсан нэхэмжлэлийг хянах журам энэ 2 журмаар бүх энэ журмыг зохицуулдаг гэсэн үг. Чанар төлбөрийн хяналтын журам бол нэхэмжлэлийг яаж хүлээж авах вэ гэдгийг зохицуулсан журам. Энийг нарийвчилж бид Нэхэмжлэлийн хяналтын журмаар өөрсдийн дотоод зохион байгуулалтаар яаж бүгдийг нь хянах вэ гэдгийг зохицуулдаг. Дээрээс нь гэрээнд бас зохицуулж өгсөн байдаг. Нэхэмжлэлийг ямар цаг хугацаанд, хэдийд хүлээж авах вэ гэсэн зохицуулалт байдаг. Гэрээнд нэхэмжлэлийг сар болгоны 5-ны дотор эсвэл гэрээний 4.2.2-т зааснаар 06 дугаар сарын 10, 12 дугаар сар гээд тусгайлан зохицуулсан хоногуудтай. Тухайн хоногийг бид өөрсдөө зохиогоод гаргаад ирсэн юм биш ээ. Нягтлан бодох бүртгэлийн хууль гээд төрийн санхүү, төлбөртэй холбоотой зохицуулалтууд байдаг болохоор хоног хугацааг нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Тухайн байгууллагын хувьд нэхэмжлэлээ болон түүврийн материалаа хоцроож ирүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн хяналтын журамд заасны дагуу ажлын 8 цагийн дотор авсан. Яагаад ажлын 8 цагийн дотор авдаг вэ гэхээр бидэнд нэхэмжлэл ирээд цааш нь үнэн бодитой тусламж үзүүлж үү гэдгийг нь шалгаж үзэхийн тулд авдаг. Яагаад ажлын 8 цагийн дотор авдаг гэхээр тухайн байгууллага 8 цагийн дотор бидэнд түүврийн материалыг ирүүлээгүй бол хуурамч эсвэл өөрсдийн хийгээгүй материалыг илгээсэн байх тийм боломжтой гэж үздэг. Энэ нь Нэхэмжлэлийн хяналтын газраас ингээд зохицуулаад өгсөн зүйл биш цаанаасаа практик дээр тогтсон байдаг. Тэгэхээр 8 цагийн дотор бидэнд материалаа өгөхгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алдаатай, хуурамчаар бүрдүүлсэн байж магадгүй, эсвэл бүрдүүлээгүй тусламж үйлчилгээг зохиож бичсэн байх магадлалтай гэж үздэг. Тэгэхээр зарим нэгэн эмнэлэгтэй харьцуулж үзэх юм бол Улсын эмнэлгүүд 2000 гаруй түүврийг 8 цагийн дотор илгээнэ гэсэн үг. Улсын эмнэлэгтэй харьцуулахад түүврийн хэмжээ асар их ялгаатай байхад үүнийг 8 цагийн дотор илгээж чадахгүй байна гэдэг асуудалтай байна ... ” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М***-****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сая ****** хэллээ. Давхардсан тоогоор 2000 гаруй нэхэмжлэл хүлээж авдаг. Бүгдийг нь хянаж барахгүй учраас тодорхой хэсгийг нь түүвэрлэж авч байгаа шүү дээ. Түүврийн анхан шатны баримтыг ажлын 8 цагийн дотор ирүүлэх гэдэг шаардлагыг тавьж байна. Яагаад 8 цагийн дотор аваад, заавал үзэх ёстой вэ гэхээр өвчний түүх нь хаагдчихсан буюу тухайн сардаа эмнэлгээс гарсан хүний баримтыг авдаг. Энэ мэдээлэл нь эмнэлгийн программ дээр нь бэлэн байдаг. Тухайн эмч өдөр болгон өвчний түүхийг хөтлөөд явж байгаа бэлэн байгаа. Бид ирүүлсэн материалд нь нарийвчилсан дүгнэлтийн шалгууруудаа тавиад, амжилттай нэхэмжлэл байна гэж үзэх юм бол төлбөрийг нь гүйцэтгэж байгаа асуудал яригдана. ***** ***** эмнэлэг нь харьцангуй цөөхөн тохиолдол түүвэрлэгдсэн. Түүврийн тохиолдлыг хугацаа хоцроож ирүүлчихсэн асуудал байна. Манайх 2400 гаруй байгууллагатай гэрээтэй, бүгд заасан хугацаанд баримтуудаа явуулдаг. Ингэж явуулах 2022 оны 09 дүгээр сараас эхэлсэн, хугацаандаа буюу ажлын 8 цагийн дотор авна гэдэг шаардлагаа тавьсан бүгд хугацаандаа ирүүлж байсан. *********** эмнэлэг 1-ээс 4 дүгээр саруудад хугацаандаа хэвийн явуулж байснаа гол нь 5 6 дугаар саруудад хугацаа хоцроочихсон асуудал байна. Бид одоохондоо хиймэл оюун ухааныг ашиглаж чадахгүй байгаа учраас заавал анхан шатны баримтыг авчруулж, нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтуудыг хийж байна ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “*************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. “Нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
1.1. Маргаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот албан бичгээс үзвэл[14] “Танай байгууллага нь 2023 оны 05 дугаар сард даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийг илгээхдээ нарийвчилсан хяналт хийхээр түүвэрлэлтэд хамрагдсан 47 даатгуулагчийн /мэс заслын тусламж үйлчилгээ/ мэдээллийг history.gov.mn хаяг руу хугацаа хоцроон илгээсэн, мөн 06 дугаар сард 13 даатгуулагчийн мэдээллийг огт илгээгээгүй тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/139 дүгээр тушаалын 7.9.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хянаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.4.3, 2.4.6, 2.4.8 дахь хэсэгт нарийвчилсан хяналт хийх түүвэрт орсон даатгуулагчийн мэдээллийг илгээхтэй холбоотой Эрүүл мэндийн байгууллагын үүргийг тодорхой заасан бөгөөд цаашид гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүсье” гэжээ.
1.2. Шүүхээс дээрх албан тоотыг дараах үндэслэлээр захиргааны акт мөн гэж дүгнэлээ.
1.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан бөгөөд маргаж буй албан тоотын хувьд захиргааны актын үндсэн шинжүүдийг хангасан, тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны 05 дугаар сард даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийг илгээхдээ нарийвчилсан хяналт хийхээр түүвэрлэлтэд хамрагдсан 47 даатгуулагчийн /мэс заслын тусламж үйлчилгээ/ мэдээллийг ********* хаяг руу хугацаа хоцроон илгээсэн, мөн 06 дугаар сард 13 даатгуулагчийн мэдээллийг хянуулах хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байх тул шууд эрх зүйн үр дагавар бий болгосон шинжтэй захиргааны акт мөн.
1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь уг татгалзсан шийдвэрийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргаж байгаа энэ тохиолдолд шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
1.5. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 3.1.8 дахь заалтад “даатгалын гэрээ гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг;” гэж заажээ.
1.6. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ.” гэж, 10.2 дахь хэсэгт “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна.” гэж тус тус зохицуулжээ.
1.7. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт “Үндэсний зөвлөл дараах эрхтэй:” гээд, мөн зүйлийн 14.8.7 дахь заалтад “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах;” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”[15], тус тогтоолын 2 дахь заалтын 2.1-д тусгасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Нэхэмжлэлийг хянах журам”[16] тус тус батлагджээ.
1.8. Энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэлтэд хамрагдсан иргэдийн мэдээллийг хэзээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэх ёстой байсан эсэх асуудал байна.
1.9. Дээрх асуудлын хүрээнд нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан УБ-02/085 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ, түүний 2.4.3-т заасан хугацааг баримтлах ёстой гэж, харин хариуцагчийн зүгээс Нэхэмжлэлийг хянах журмын 7.9.4-т заасан хугацааг баримтлах ёстой байсан гэж маргасан.
1.10. Шүүхээс дараах үндэслэлээр эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан тухайлсан эрх зүйн дүгнэлт өгч байна. Үүнд:
1.11. Нэхэмжлэгч “***********” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн УБ-02/085 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2.4.3-т “нарийвчилсан хяналт хийхээр сонгосон түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт багтаан холбогдох маягтуудын дагуу гаргаж хүргүүлэх” гэж заажээ.
1.12. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ын 7.9.4-т “Хэрэв нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтад хамрагдах түүвэрлэгдсэн тохиолдлын анхан шатны маягт болон нэхэмжлэлийн хяналтын маягтыг энэхүү журмын 7.9.1, 7.9.2-т заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд тухайн нэхэмжлэлийг “амжилтгүй нэхэмжлэл” гэж тооцон төлбөрийг хийхгүй бөгөөд HICS дэх нарийвчилсан хяналтын хасалтад “анхан шатны маягт ирүүлээгүй” гэж бүртгэнэ” гэж, журмын 7.9.1-д заасан зохицуулалт 7.9.3-т эш татагдсан байх бөгөөд 7.9.3-т “... түүврийн мэдээллийг Эрүүл мэндийн байгууллагын HICS нэвтрэх эрхээр илгээснээс хойш ажлын 8 цагт багтаан ... нэхэмжлэлийн хяналтын маягтыг нийслэлд нэхэмжлэл хариуцсан холбогдох нэгжийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө” гэж заажээ.
1.13. Дээрх хэм хэмжээнүүдийн зохицуулалтаас үзэхэд, талуудын хооронд байгуулсан УБ-02/085 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2.4.3 болон Нэхэмжлэлийг хянах журмын 7.9.3, 7.9.4 нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй хэм хэмжээ байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талаас хэлсэн тайлбар үндэслэлтэй.
1.14. Учир нь, гэрээний 2.4.3-т “түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт” гэж тодорхой үйл явдал болж өнгөрсөн байх цаг хугацааны шалгуурыг тавьж, түүнээс хойш ажлын 1 хоног тоолохоор байхад, Нэхэмжлэлийг хянах журмын 7.9.3-т “... түүврийн мэдээллийг Эрүүл мэндийн байгууллагын HICS нэвтрэх эрхээр илгээснээс хойш ажлын 8 цагт багтаан” гэж HICS нэвтрэх эрхээр илгээснээс хойш ажлын 8 цаг гэж тоолохоор зөрүүтэй зохицуулжээ.
1.15. Энэ тохиолдолд шүүх эрх зүйн хэм хэмжээний хэрэглээний эрэмбийн зарчмыг баримталж эрх зүйн дүгнэлт өгнө.
1.16. Захиргааны эрх зүйн онолд, эрх зүйн хэм хэмжээг доод хүчин чадалтай хэм хэмжээнээс эхэлж хэрэглэх бөгөөд хэм хэмжээ хооронд зөрчилдөөн үүсвэл “нарийвчилсан хэм хэмжээг” эхэлж хэрэглэх зарчим /lex specialis derogat legi generali/ үйлчилдэг.
1.17. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд “Нэхэмжлэлийг хянах журам” бус, харин талуудын хооронд байгуулсан УБ-02/085 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэнэ.
1.18. Дээр дурдсаны дагуу гэрээний 2.4.3-т “түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт” гэж тодорхой үйл явдал болж өнгөрсөн байх цаг хугацааны шалгуурыг тавьж, түүнээс хойш ажлын 1 хоног тоолохоор заасан энэ тохиолдолд хугацаа тоолох журмыг зохицуулсан хуулийн зохицуулалтыг хариуцагч анхаарах ёстой байжээ.
1.19. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “Хугацааг тоолохдоо ... уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр ... эхлэн тоолно.” гэж заасан.
1.20. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл, талууд хугацааг тоолохдоо /энэ харилцааг гэрээгээр тохиролцохдоо/ тодорхой үйл явдал болж өнгөрснөөс хойшоо тоолохоор тохиролцсон бол дараах өдрөөс эхлэн тоолох журамтай байна.
1.21. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхээс хийсэн баримтын үзлэгийн тэмдэглэлээс[17] судлан үзэхэд, нэхэмжлэгч нь “************” ХХК нь 2023 оны 05 дугаар сард үзүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн үнийн дүнг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг 21 минутад явуулсан буюу *********** гэсэн сайт руу бол илгээсэн[18], мөн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 59 минутад 347 өвчтөний түүхийг холбогдох гэрээнд заасан хугацаанд *********** хаяг руу илгээсэн[19], 2023 оны 06 дугаар сарын 01-ээс 10-ны өдрийг дуустал үзүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн үнийн дүнг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг 22 минутад илгээсэн[20] болох нь тогтоогдож байна.
1.22. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний 2.4.3-т заасан хугацааг баримтлах үүргээ биелүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн түүврийн жагсаалтыг хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт багтаан тухайн түүврийн жагсаалтад орсон иргэдийн мэдээллийг хүргүүлсэн байна.
1.23. Тиймээс маргаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот албан бичигт “Танай байгууллага нь 2023 оны 05 дугаар сард даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийг илгээхдээ нарийвчилсан хяналт хийхээр түүвэрлэлтэд хамрагдсан 47 даатгуулагчийн /мэс заслын тусламж үйлчилгээ/ мэдээллийг ********** хаяг руу хугацаа хоцроон илгээсэн, мөн 06 дугаар сард 13 даатгуулагчийн мэдээллийг огт илгээгээгүй ...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь Нэхэмжлэлийг хянах журмын 7.9.4-т заасныг баримталсан нь хууль бус байна.
1.24. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан “Нэхэмжлэлийг хянах журам”-ын 5.4.1-т “ЭМБ-уудын үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийн мэдээлэл нь бодит цагийн горимоор HICS програм уруу тасралтгүй илгээгдэж байх бөгөөд нэхэмжлэлийг сар бүрийн эхний өдрийн 00:00 цагаас сарын хамгийн сүүлийн өдрийн 23:59 цаг, минутаар тасалбар болгож нэхэмжлэлийг хянаж эхэлнэ” гэсэн зохицуулалт нь энэхүү маргаанд хамааралгүй байх тул шүүхээс энэ талаар тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
1.25. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хоёр. “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 06 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийхийг даалгах” шаардлагын тухайд:
2.1. Шүүх энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн “Нэг”-д нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж, улмаар түүнийг хангасан энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үргэлжлэл буюу түүний үр дагаварт хамаарах Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 06 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд:
3.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.2 дахь заалтыг үндэслэж 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн УБ-02/085 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний үйлчлэлийг түдгэлзүүлэх”, “Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гаргасан гомдлыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах” хүсэлтүүдийг гаргасан.
3.2. Шүүх дараах байдлаар хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно. Үүнд:
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.” гэж заасан.
3.4. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл, захиргааны хэргийн шүүхээс захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг түдгэлзүүлэх боломжтой бөгөөд харин захиргааны гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх тухай ойлголт хуульчлагдаагүй.
3.5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан гэрээний 3.6.2 дахь заалт нь тухайн гэрээний талуудад хамааралтай заалт байх бөгөөд харин энэ нь шүүхэд хамааралгүй байна.
3.6. Тиймээс энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байх тул холбогдох хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг ... шаардан гаргуулж болохгүй.” гэж зохицуулсан.
3.8. Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/57 тоот албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гаргаж байсан гомдлыг нэхэмжлэгчээс гаргаж өгснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2024/0083 дугаартай тогтоолын “Хянавал” хэсгийн 3-т үнэлсэн, мөн адил агуулгатай гомдлыг нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24/02 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гаргасан нь хэрэгт авагдсан энэ тохиолдолд түүнийг дахин гаргуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байна.
3.9. Иймд дээрх үндэслэлээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2,14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэг, 14.8.7 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот захиргааны актыг хүчингүй болгож, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн УБ-02/085 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 06 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 186 дахь тал
[2] Хх 9 дэх тал
[3] Хх 13-19 дэх тал
[4] Хх 25 дахь тал
[5] Хх 28 дахь тал
[6] Хх 23 дахь тал
[7] Хх 24 дэх тал
[8] Хх 26-27 дахь тал
[9] Хх 29 дэх тал
[10] Хх 166-167 дахь тал
[11] Хх 191-192 дахь тал
[12] Хх 168-169 дэх тал
[13] Хх 193 дахь тал
[14] Хх 23 дахь тал
[15] Хх 37-43 дахь тал
[16] Хх 60-95 дахь тал
[17] Хх 119-133 дахь тал
[18] Хх 125 дахь тал
[19] Хх 131 дэх тал
[20] Хх 126-127 дахь тал