Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0037/З |
Дугаар | 128/ШШ2024/0211 |
Огноо | 2024-03-07 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*****************” ХХК РД:***********/,
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч,
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам нарын хооронд үүссэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал, бүртгэлд хамруулсан тушаалыг тус тус хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З****, хариуцагч Д.О************, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц************ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “***************” ХХК нь тус шүүхэд хандан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтэд заасан “**********” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай 213 дугаар тушаалаар бүртгэлд хамрагдсан “**************” ХХК-ийг бүртгэснийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “***********” ХХК нь тухайн үеийн нэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БСШУСЯ/201801272 дугаартай “XIII.1.1.36 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ************* дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.[2]
2.2. Тус гэрээг талууд харилцан тохиролцон 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “XII.1.1.76 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ************ дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал сунгасан.[3]
2.3. Мөн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “XII.1.1.100 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ********** дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дахин сунгажээ.[4]
2.4. Улмаар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “XII.1.1.103 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ************ дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байна.[5]
2.5. Дээрх хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1а/4124 тоот албан бичгээр[6] Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сангийн яаманд “***********” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан БСШУСЯ/201801272 дугаартай “XIII.1.1.36 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, *********** дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй тухай албан бичгийг ирүүлжээ.
2.6. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталсан ба тус удирдамжийн 25-т нэхэмжлэгч компанийг хамруулсан.[7]
2.7. Нэхэмжлэгч “**************” ХХК-д Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.О***********гээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/6454 тоот албан бичгээр хяналт шалгалттай холбогдуулан санал, тайлбараа ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлжээ.[8]
2.8. Ингээд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.О***********гээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлт, саналыг гаргасан.[9]
2.9. Үүний дараа тус дүгнэлт, саналыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А-46 тоот албан бичгээр Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргажээ.
2.10. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8599 тоот албан бичгээр “*************” ХХК-ийн гомдлыг хянаж, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.[10]
2.11. Мөн тус дүгнэлт, саналыг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаал гарч, нэхэмжлэгч “*************” ХХК-ийг гэрээний үүрэг биелүүлээгүй гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулан бүртгэжээ.[11]
2.12. Дээрх хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээний захиалагч талыг төлөөлөн Боловсролын ерөнхий газар, гүйцэтгэгч талаас нэхэмжлэгч компанийн Гүйцэтгэх захирал Ч.И*********** нар Гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн.[12]
2.13. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ************* дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлах талаар сонсох ажиллагаа хийсэн.[13]
2.14. Улмаар Боловсролын ерөнхий газраас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/4273 тоот албан бичгээр[14] барилга угсралтын ажлын гэрээг дуусгавар болгон цуцалж байгаа тухай нэхэмжлэгч компанид мэдэгджээ.
2.15. Нэхэмжлэгчийн зүгээс “... Д.О********** байцаагчийн гаргасан актыг бид яагаад харилцаанд оролцогч этгээдийн нэг талын, эрх, ашиг зөрчиж байна гэж үздэг вэ гэхээр хамгийн гол үндэс нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь иргэний эрх зүйн хууль тогтоомжид захирагдах, тухайн хуулиар зохицуулагдах харилцаа бүхий хувийн эрх зүйн гэрээ байгуулагдсан. Тэгэхээр тухайн хуульд заасан үндэслэл журмаар энэ харилцаа явагдаад дуусах ийм нөхцөл байдал нэг талаас үүссэн. Талуудын хооронд магадгүй маргаан үүсэх, гэрээний зөрчил үүсэх, гэрээ цуцлах үндэслэл бий болох, гэрээний хариуцлага тооцох үндэслэлүүд бий болж болно. Энэ тохиолдолд бид зөвхөн иргэний хууль тогтоомжид заасан хууль зүйн хариуцлагаа хүлээгээд, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга гэж Иргэний хуульд байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын талаарх зохицуулалтууд байдаг. Энэ зохицуулалт дотроо сонгох боломж нь байдаг. Өөрөөр хэлбэл гэрээг цуцалж байгаа тохиолдолд хэрхэн ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг тухайлан заачихсан. Энэ асуудлын хүрээнд бид хариуцлагаа тооцуулаад явах, гэрээний асуудлаар маргаанаа шийдүүлээд явах боломжтой байхад товчоор хэлэхэд талуудын хооронд хувийн эрх зүйн харилцаа үүсчихсэн, Иргэний хууль тогтоомж, зарчимд захирагдаад зохицуулагдаад дуусчих харилцаа үүсээд явж байтал нэг талаас төр буюу захиргааны байгууллага оролцож байна гэдэг ойлголт, үндэслэлээр гэрээний нэг тал нь захиалагч буюу төрийн захиргааны байгууллага гэдгээр нийтийн эрх зүйн харилцаа үүсээд явж байна. Иргэний хуулийн 1.2-т заасан зарчим хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, гэрээний дотоод байдлын зарчим гээд ингээд суурь зарчмуудад захирагдсан харилцаа үүсээд явж байхад хөндлөнгийн буюу нийтийн эрх зүйн харилцаа үүсчихсэн юм шиг. Гэрээний асуудал нь хувийн эрх зүйн харилцаа байхад хариуцлага тооцох механизм нь нийтийн эрх зүйн харилцаа болоод захиргааны байгууллагын шийдвэр бидний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тооцох хариуцлага нь Иргэний хуулиар явагдах байсан ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.16. Хариуцагчийн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс “... Ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу мэдэгдлийг улсын байцаагч 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/6454 тоот албан бичгээр *************ХХК-д улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаяг руу шуудангаар хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд ямар нэгэн хариу шуудангаар ирүүлээгүй, тухайн мэдэгдэл буцаж ирсэн. Дараа нь ахиад хяналт шалгалт хийх 30 хоногийн хууль, дүрэмд заасан хугацаанд ямар нэгэн хариу ирээгүй учраас хяналт шалгалт хийх хугацааг ерөнхий байцаагчийн удирдамжаар дахин 30 хоногоор сунгуулаад, хяналт шалгалт хийх хугацааг сунгасан тухай албан тоотыг тухайн компанид албан ёсны хаягаар нь хүргүүлсэн боловч дахин хэсэг хугацааны дараа буцаж ирсэн. Тухайн буцаж ирсэн албан тоот бичиг, мэдэгдэл, бүх материалууд шуудангийн хаяг, огноотойгоо байсан. Үүнийг ********** ХХК дараа нь бүгдийг үзэж хараад хүлээж авсан. Байцаагчийн дүгнэлт болон 3 албан бичгийг************ ХХК-ийн эрх бүхий хүн ирж хүлээж аваад, хүлээж авсан гарын үсэгтэй баримт байгаа. Манайхаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.17. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн гэдэг асуудал дээр байцаагчийн дүгнэлт үндэслэж гарсан. Тэрийг нэхэмжлэгч тал өөрсдөө илүү сайн ойлгосон байх гэж бодож байна. Яагаад гэхээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн албан бичигт бол тодорхой дурдчихсан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон нэхэмжлэгч компанийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал 62 дугаар сургуулийн ажил гүйцэтгэх холбогдох дугаар бүхий гэрээний хуулбарыг хавсаргаж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн. Уг ажлыг дүгнээд үзэхээр гэрээнд 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан ажлын зураг төслийн дагуу бүрэн хийж дуусгахаар тусгагдчихсан байна. Гэтэл нэхэмжлэгч компани 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэл 85%-тай гэж гарсан. Тэгэхээр энэ гүйцэтгэлийн дүн болон холбогдох баримт материалыг үндэслэж байцаагчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргасан, үндэслэлийн агуулга хэсгийг товч дурдаад явчихъя гэж бодож байна. Хариуцагч гардаад авчихсан, нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан тухайн гэрээгээр мөнгөн дүн, нөхцөл, хийж гүйцэтгэх бүх үндэслэлээ тодорхой заачихсан хууль ёсны, хүчин төгөлдөр гэрээг байгуулсан байдаг. Гэрээний хэрэгжилт 2018 оны 12 дугаар сарын 21-ээс өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй ийм нөхцөл байдалтай явагдаж байгаа гэдэг нөхцөл байдал нэгэнт үйл баримтууд тодорхой ойлгомжтой байдаг. Гэрээний нэг тал буюу захиалагч гүйцэтгэгч талыг гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй гэдэг үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдлийг гаргаад 2023 оны 7 дугаар сард мэдэгдлээ өгөөд гэрээг цуцалсанд тооцъё, гэрээний асуудлаа дуусгавар болгоё гэдэг асуудал яригддаг. Үүнээс үүдэлтэй талуудын хооронд гэрээг цуцалсан үндэслэлийг хүчин төгөлдөр бусад тооцох асуудал нь цаашид үндэслэлтэй байх уу, үгүй юу гэдэг дээр маргаан бүхий байдал үүсчихсэн. Өөрөөр хэлбэл 2023 оны 07 дугаар сарын сүүлээр өгсөн гэрээг цуцлах мэдэгдлийг гэрээний гүйцэтгэгч тал зөвшөөрөөгүй маргаан бүхий байдал үүсээд явж байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сард Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт гараад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны буюу захиалагчийн гаргасан саналыг үндэслээд ээлжит хяналт шалгалтын ажлыг явууллаа гэдэг. Өмнө нь хууль болон холбогдох журамд заасан үндэслэлээр тухайн хяналт шалгалтын ажиллагаа хэд хэдэн удаа хойшилсон байдаг. Одоо шалгах нөхцөл байдал сэргэсэн учраас шалгаж байна гэсэн. Тухайн шалгалтаар танай байгууллагыг буюу гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал бүрдсэн гэдэг үндэслэлээр тендерт орох эрхийг хязгаарлуулсан этгээдэд бүртгэсэн гэдэг агуулга бүхий дүгнэлт буюу актыг гаргаад ************** ХХК буюу гэрээний гүйцэтгэгч талд гардуулах ажиллагаа явагдаад маргаан бүхий байдал үргэлжлээд явчихсан байна. Гэтэл ************* ХХК тухайн захиргааны актын улмаас эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээд захиргааны сонсголдоо оролцоогүй ийм акт, дүгнэлт, мэдэгдэл гарсныг мэдэхгүй явсаар байгаад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрсдөө Сангийн яам дээр очиж гардаж аваад мэдмэгцээ хууль журамд заасны дагуу 10 хоногийн дотор гомдол гаргах журмаараа дээд шатны албан тушаалтан буюу ахлах байцаагч, ерөнхий байцаагчид гомдол гаргаад явчихсан байдаг. Тэр гомдлын хариуг гардаад авахад хариуцагч Д.О********* улсын ахлах байцаагчийн гаргасан акт үндэслэлтэй байна. Тиймээс таны гомдолдоо дурдсан дахин хяналт шалгалт явуулах болон улсын ахлах байцаагч Д.О***********гийн гаргасан тухайн дүгнэлтийг хүчингүйд тооцох боломжгүй гэсэн агуулгатай хариу ирсэн. Энэ хариуг бид гардаж аваад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 11 дүгээр сарын 20-ны өдөр дээд шатны байгууллагад хянагдаад хариу нь ирээд авснаас хойш 1 сарын дотор буюу 30 хоногт багтаагаад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 1 дүгээрт Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тендерт орох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан буюу бүртгэлд хамруулах санал гаргасан 32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах. 2 дугаарт Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэдэг 2 бие даасан шаардлага гаргаж байна. Хууль зүйн үндэслэлийг дараагийн тайлбарт хэлээд явчихъя.
Өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх ерөнхий үйл баримтыг ярьсан. Одоо бид энэ актыг хүчингүйд тооцуулах гээд байгаа үндэслэл буюу хууль зүйн утга холбогдлыг нь дэс дараатай яривал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл илүү ойлгомжтой болох байх. Д.О************** улсын байцаагчийн худалдан авах ажиллагааны актыг ярихаас өмнө Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буюу Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн жагсаалтад бүртгэсэн шийдвэр буюу захиргааны актыг хүчингүй болгуулах асуудлыг шууд ярьчихъя гэж бодож байна. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн үндэслэлүүд бүгд үндэслэлтэй, яагаад эс зөвшөөрсөн гэхээр бидэнд зөвшөөрөхгүй байх боломж нөхцөл нь хууль зүйн хувьд байгаа. Тэр хууль, журмыг нь судлаад үзэхээр үнэхээр тийм нөхцөл байдал байна. Яагаад ганцхан хамтран хариуцагч татсанаа тайлбарлахад хууль зүйн үр дагавартай й нөхцөл байдал бий болоод, энэ холбогдох харилцааг зохицуулж байгаа захиргааны хууль тогтоомжоор бол тухайн асуудал хариуцсан байцаагч энэ захиргааны актыг гаргах, санал гаргах эрхтэй этгээдийн акт нь гарчихсан тохиолдолд түүнийг шууд автоматаар бүртгэж аваад тухайн саналыг үндэслэж шийдвэр гаргахаас өөр аргагүй ийм хууль, эрх зүйн орчин нөхцөл байдал байна. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар энэ утгаараа буюу хууль зүйн үр дагавраас үүссэн үндэслэлээр бол гарцаагүй байна. Гэхдээ бид яагаад хамтран хариуцагч татсан гэхээр Д.О*********** байцаагчийн актыг бид шүүхэд нэхэмжлэл гаргаад, акт хүчингүй болчихлоо гэхэд дахиад түүнийг үндэслэж гарсан хүчин төгөлдөр болчихсон захиргааны актыг хүчингүйд тооцуулах ийм асуудал процессын хувьд үүсэх гээд байна. Тэгэхээр материаллаг эрх зүйн хувьд үүсэж байгаа үр дагавар нь бүртгэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа тохиолдолд бид хамтран хариуцагч татаад шүүхэд тухайн асуудлаар үр дагаврыг нь буюу эхлээд бүртгэхээс өөр аргагүй нөхцөлд хүргэсэн үндэслэл буюу байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулчих юм бол Сангийн сайдын тушаал хамтдаа хүчингүй болчихно гэдэг зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тиймээс Сангийн сайдыг хамтран хариуцагчаар татсан асуудалд бид тухайлан асуудлыг нэг бүрчлэн ярих, шууд үндэслэлийг тайлбарлах боломж хязгаарлагдмал байна. Энэ бол үр дагаврын хувьд яригдаж байгаа шүү. Д.О********** байцаагчийн гаргасан актыг бид яагаад харилцаанд оролцогч этгээдийн нэг талын, эрх, ашиг зөрчиж байна гэж үздэг вэ гэхээр хамгийн гол үндэс нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь иргэний эрх зүйн хууль тогтоомжид захирагдах, тухайн хуулиар зохицуулагдах харилцаа бүхий хувийн эрх зүйн гэрээ байгуулагдсан. Тэгэхээр тухайн хуульд заасан үндэслэл журмаар энэ харилцаа явагдаад дуусах ийм нөхцөл байдал нэг талаас үүссэн. Талуудын хооронд магадгүй маргаан үүсэх, гэрээний зөрчил үүсэх, гэрээ цуцлах үндэслэл бий болох, гэрээний хариуцлага тооцох үндэслэлүүд бий болж болно. Энэ тохиолдолд бид зөвхөн иргэний хууль тогтоомжид заасан хууль зүйн хариуцлагаа хүлээгээд, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга гэж Иргэний хуульд байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын талаарх зохицуулалтууд байдаг. Энэ зохицуулалт дотроо сонгох боломж нь байдаг. Өөрөөр хэлбэл гэрээг цуцалж байгаа тохиолдолд хэрхэн ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг тухайлан заачихсан. Энэ асуудлын хүрээнд бид хариуцлагаа тооцуулаад явах, гэрээний асуудлаар маргаанаа шийдүүлээд явах боломжтой байхад товчоор хэлэхэд талуудын хооронд хувийн эрх зүйн харилцаа үүсчихсэн, Иргэний хууль тогтоомж, зарчимд захирагдаад зохицуулагдаад дуусчих харилцаа үүсээд явж байтал нэг талаас төр буюу захиргааны байгууллага оролцож байна гэдэг ойлголт, үндэслэлээр гэрээний нэг тал нь захиалагч буюу төрийн захиргааны байгууллага гэдгээр нийтийн эрх зүйн харилцаа үүсээд явж байна. Иргэний хуулийн 1.2-т заасан зарчим хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, гэрээний дотоод байдлын зарчим гээд ингээд суурь зарчмуудад захирагдсан харилцаа үүсээд явж байхад хөндлөнгийн буюу нийтийн эрх зүйн харилцаа үүсчихсэн юм шиг. Гэрээний асуудал нь хувийн эрх зүйн харилцаа байхад хариуцлага тооцох механизм нь нийтийн эрх зүйн харилцаа болоод захиргааны байгууллагын шийдвэр бидний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тооцох хариуцлага нь Иргэний хуулиар явагдах байсан.” гэжээ.
3.2. Хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.О******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэлгэрэнгүй тайлбар баримтууд хавтаст хэрэгт өгчихсөн байгаа учраас товч тайлбар хэлье. Ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу мэдэгдлийг улсын байцаагч 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/6454 тоот албан бичгээр **************** ХХК-д улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаяг руу шуудангаар хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд ямар нэгэн хариу шуудангаар ирүүлээгүй, тухайн мэдэгдэл буцаж ирсэн. Дараа нь ахиад хяналт шалгалт хийх 30 хоногийн хууль, дүрэмд заасан хугацаанд ямар нэгэн хариу ирээгүй учраас хяналт шалгалт хийх хугацааг ерөнхий байцаагчийн удирдамжаар дахин 30 хоногоор сунгуулаад, хяналт шалгалт хийх хугацааг сунгасан тухай албан тоотыг тухайн компанид албан ёсны хаягаар нь хүргүүлсэн боловч дахин хэсэг хугацааны дараа буцаж ирсэн. Тухайн буцаж ирсэн албан тоот бичиг, мэдэгдэл, бүх материалууд шуудангийн хаяг, огноотойгоо байсан. Үүнийг ************* ХХК дараа нь бүгдийг үзэж хараад хүлээж авсан. Байцаагчийн дүгнэлт болон 3 албан бичгийг ************ ХХК-ийн эрх бүхий хүн ирж хүлээж аваад, хүлээж авсан гарын үсэгтэй баримт байгаа. Манайхаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр сая нэхэмжлэгч талаас дурдлаа. Манайх ерөнхий байцаагчийн удирдамж гарахад хар жагсаалтад оруулах буюу эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад оруулахад ямар материал бүрдсэн байна вэ гээд захиалагч талаас ирүүлсэн хүсэлтийг судалж үзсэн. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1А/4124 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэж судлаад, хянан шалгаж үзсэн. Байцаагчийн мэдэгдэлд тухайн эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдэх эсэх талаар нь хариу тайлбар ирүүлэх, сонсох ажиллагаанд оруулах талаар дурдсан байсан. Энэ талаар тухайн компаниас ямар нэгэн хариу ирүүлээгүй учраас захиалагчийн ирүүлсэн мэдээлэл мөн Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/3093 тоот албан бичиг мэдээллийг үндэслэж дүгнэлтүүдийг гаргасан. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг хэлэх шаардлагатай юу, баримт материалуудыг хавтаст хэрэгт хавсаргачихсан байгаа.” гэжээ.
3.3. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага дээр би Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч болох Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлттэй холбогдуулан гаргасан шаардлага дээр холбогдох тайлбарыг сая манай байцаагч өөрөө тайлбарлачихлаа. Монгол Улсын Сангийн сайд нь би тендерийн хууль гээд ярьчихъя, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 гэсэн заалтад ерөнхийдөө бүх зохицуулалтуудыг хийгээд өгчихсөн. Тус зохицуулалтад энэ хуулийн 14.5-т тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх гэж 14.5 дахь хэсэгт нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д тус тус заасан нөхцөл үүссэнийг тогтоогоод байцаагчийн шийдвэр гарсан. Засгийн газрын 2019 оны 274 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан тендерт оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам, мөн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм зэргийг хариуцагч байгууллага болох улсын байцаагч Д.О*********** өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг. Тийм болохоор тодорхой зарим үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг учраас хамтран хариуцагчаар би өөрөө оролцож байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэхээр Улсын байцаагч Д.О*********гээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 116434 тоот албан бичгээр бол хяналт шалгалт хийж байна, энэ асуудалтай холбоотойгоор тайлбар тодруулга ирүүлэх тухай холбогдох албан бичгүүдийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Тухайн компаниас хуулийн хугацаанд сонсох ажиллагаанд оролцоод, тайлбар тодруулгаа ирүүлэх үүрэгтэй гэж хуулиар олгогдсон эрх, үүргүүд байгаа. Яагаад хуулийн хугацаанд сонсох ажиллагаанд ирээгүй, тайлбар тодруулгаа өгөөгүй гэдэг асуудалд нэхэмжлэгч компани тайлбарлах байх. Тэгэхээр Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгуулах ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрх бүхий улсын байцаагч хууль, дүрэм, журмынхаа хүрээнд ийм шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Тэр гаргасан шийдвэрийг нь Сангийн сайд баталгаажуулж, өөрөө тушаалаа гаргадаг учраас байцаагчийн шийдвэрийг ямар нэгэн байдлаар өөрчлөх эрх зүйн үндэслэл Сангийн сайдын хувьд байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтэд заасан “**************” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар “... Нэхэмжлэгч болон тухайн үеийн нэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь иргэний эрх зүйн хууль тогтоомжид захирагдах, тухайн хуулиар зохицуулагдах харилцаа бүхий хувийн эрх зүйн гэрээ байгуулагдсан. Тэгэхээр тухайн хуульд заасан үндэслэл журмаар энэ харилцаа явагдаад дуусах ийм нөхцөл байдал нэг талаас үүссэн. Талуудын хооронд магадгүй маргаан үүсэх, гэрээний зөрчил үүсэх, гэрээ цуцлах үндэслэл бий болох, гэрээний хариуцлага тооцох үндэслэлүүд бий болж болно. Энэ тохиолдолд бид зөвхөн иргэний хууль тогтоомжид заасан хууль зүйн хариуцлагаа хүлээгээд, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга гэж Иргэний хуульд байсаар байхад үүнийг харгалзахгүйгээр санал гаргасан нь үндэслэлгүй, мөн энэ саналыг гаргахдаа ковид гарсан, түүний улмаас барилгын компанийн үйл ажиллагаа тасалдсан, үнийн хэт өсөлт үүссэний улмаас гүйцэтгэгч барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадаагүй зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр гаргасан ...” гэж маргаж байна.
1.2. Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, түүнд холбогдох эрх зүйн дүгнэлтийг өгч, маргааныг шийдвэрлэх зарчимтай.
1.3. Маргаж буй Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт нь дотроо дүгнэлт /1 дэх заалт/, санал /2 дахь заалт/ гэсэн хоёр агуулгаас бүрдэх бөгөөд эрх зүйн голлох үндэслэлүүдийг үзэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг баримталжээ.
1.4. Энэхүү маргааныг шийдвэрлэх мөчид Монгол Улсын Их хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх боловч шүүх энэхүү маргааны хувьд хуучин 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг хэрэглэнэ гэж үзсэн.
1.5. Учир нь, маргаж буй Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 32 дугаартай дүгнэлт нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг баримталж үйлдэгдсэн, мөн түүнчлэн тус хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалт дахь “энэ хуулийн 14.1.4 ...-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон ...” гэх гипотез хэсгийн үндэслэл нь 2023 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад эш татсан мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан материаллаг үндэслэлээс өөр байх тул шүүх хуучин 2005 оны хуулийг хэрэглэж шийдвэрлэхээр байна.
1.6. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.” гэж заажээ.
1.7. Мөн хуулийн 521 дугаар зүйлийн 521.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, мөн зүйлийн 521.2.1 дэх заалтад “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” гэж тус тус зохицуулжээ.
1.8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч нь тендерт оролцогчийг сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг тогтоох, тийнхүү тогтоосны дараа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Сангийн яамд тухайн тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах эрх хэмжээтэй этгээд байх бөгөөд ингэхдээ эрх бүхий улсын байцаагчаас мөн хуулийн 14.1.4 дэх заалтад заасан аль нөхцөл үүссэнийг тогтоосон байх учиртай байна.
1.9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “хариуцагч улсын байцаагч нь хуулийн 14.1.4-д заасан аль нөхцөл бүрдсэнийг саналдаа тодорхой үндэслээгүй” гэх агуулгыг тайлбарлан маргасан.
1.10. Шүүх хариуцагчаас энэ асуудлыг тодруулсан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг “гэрээний үүргээ биелүүлээгүй” гэж үзсэн тухайгаа тайлбарласан, энэ талаарх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/3093 тоот албан бичгийн хавсралтад[15] “************* ... Гүйцэтгэгч компанийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан ажил удааширч гэрээний хугацаанд хүлээлгэж өгөөгүй” тухай тайлбар, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын хавсралтын[16] 4-т “Гэрээний үүрэг биелүүлээгүй” тухай тайлбар, үндэслэлүүдээр тус тус тогтоогдож байна.
1.11. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгч “*****************” ХХК нь тухайн үеийн нэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БСШУСЯ/201801272 дугаартай “XIII.1.1.36 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ************** дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус гэрээг талууд харилцан тохиролцон 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “XII.1.1.76 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, *********** дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал сунгасан.
1.12. Мөн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “XII.1.1.100 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ************* дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дахин сунгаж, улмаар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “XII.1.1.103 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ************ дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан болох нь тогтоогдож байна.
1.13. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий 2023 оны 32 дугаартай дүгнэлтийг гаргахдаа нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн энэ тохиолдолд шүүх тухайн зөрчлийг хариуцагч зөв тогтоосонд дүгнэлт өгнө.
1.14. “************” ХХК болон тухайн үеийн нэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БСШУСЯ/201801272 дугаартай “XIII.1.1.36 Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ************* дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4 дэх заалтад[17] зааснаар “Гүйцэтгэгч нь гэрээний 2 дахь хэсэгт заасан барилга угсралтын ажлыг ... батлагдсан ажлын зураг төслийн дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ.” гэж тохиролцжээ.
1.15. Талууд гэрээний хугацааг нийт гурван удаа сунгахдаа хамгийн сүүлийн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тохиролцсон байх бөгөөд энэ хугацааны дотор нэхэмжлэгч нь сургуулийн барилгыг бүрэн барьж захиалагчид өгөх үүрэгтэй байсан байна.
1.16. Гэтэл нэхэмжлэгч “***********” ХХК нь гэрээний энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/3093 тоот албан бичгийн хавсралтад[18] “***** ... Гүйцэтгэгч компанийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан ажил удааширч гэрээний хугацаанд хүлээлгэж өгөөгүй” гэх тайлбар, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, ********** дүүрэг, ** дугаар сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлах талаар сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлд тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.И******ын хэлсэн тайлбар[19], 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээний захиалагч талыг төлөөлөн Боловсролын ерөнхий газар, гүйцэтгэгч талаас нэхэмжлэгч компанийн Гүйцэтгэх захирал Ч.И********** нарын үйлдсэн Гэрээ дүгнэсэн актаар тус тус тогтоогдлоо.
1.17. Тиймээс нэхэмжлэгчийг 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад зааснаар “... гэрээний үүргээ биелүүлээгүй ...” гэж дүгнэсэн хариуцагчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
1.18. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарладаг “гэрээг цуцалсан асуудал нь талуудын хоорондын байгуулсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлөөр зохицуулагдах хувийн эрх зүйн шинжтэй асуудал” гэх агуулгатай тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
1.19. Учир нь, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг “гэрээний үүргээ ноцтой зөрчсөн” гэж үзээгүй, харин “гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн байгаа энэ тохиолдолд шүүх гэрээг цуцалсантай холбоотой асуудалд дүгнэлт өгөх боломжгүй.
1.20. Түүнчлэн, захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар “нийтийн эрх зүйн маргааныг” шийдвэрлэдэг шүүх тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалснаас үүсэх хувийн эрх зүйн харилцааны шинжтэй үр дагавартай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй, харин нэхэмжлэгч нь энэ талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
1.21. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дүгнэлт, санал гаргах шийдвэр гаргах ажиллагааны журамтай холбоотой асуудалд буюу сонсох ажиллагаа, түүнийг мэдэгдэх зэрэг асуудалтай тухайлан маргаагүй болохыг тэмдэглэж байна.
1.22. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Хоёр. “Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай 213 дугаар тушаалаар бүртгэлд хамрагдсан “**************” ХХК-ийг бүртгэснийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
2.1. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;” гэж, 521 дүгээр зүйлийн 521.3 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.” гэж заажээ.
2.2. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”[20]-ын 2.1-д “Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.” гэж, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж зохицуулжээ.
2.3. Хууль тогтоомжийн дээрх хэм хэмжээнээс үзвэл, худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас гаргасан санал буюу маргаан бүхий энэ тохиолдолд, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 32 дугаартай дүгнэлт буюу нэхэмжлэгч “*****************” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тогтоосон дүгнэлт нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах шууд үндэслэл болохоор байна.
2.4. Тиймээс Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан саналыг үндэслэн нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаатай хамруулсан хариуцагч Монгол Улсын Сангийн сайдын тушаалыг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
2.5. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:
3.1. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Т.Э************* “шүүх хуралдаан давхацсан” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.
3.2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзэж, мөн хэргийн оролцогч талуудын зүгээс хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэх саналыг гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 95-96 дахь тал
[2] Хх 65-67 дахь тал
[3] Хх 68-70 дахь тал
[4] Хх 71-72 дахь тал
[5] Хх 73-74 дэх тал
[6] Хх 54-55 дахь тал
[7] Хх 22-24 дэх тал
[8] Хх 21 дэх тал
[9] Хх 26-28 дахь тал
[10] Хх 29-30 дахь тал
[11] Хх 105-106 дахь тал
[12] Хх 75-76 дахь тал
[13] Хх 78-80 дахь тал
[14] Хх 77 дахь тал
[15] Хх 51-52 дахь тал /арын нүүр/
[16] Хх 106 дахь тал
[17] Хх 65 дахь тал
[18] Хх 51-52 дахь тал /арын нүүр/
[19] Хх 79 дэх тал
[20] https://legalinfo.mn/mn/detail?lawId=209933&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/