Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/543

 

 

 

 

 

 

2022              5              19                                        2022/ДШМ/543

 

Г.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэгийг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Т.Джав,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Дд холбогдох 2108000000955 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Гын Д, 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн ... тоотод түр оршин суух, /РД:.../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ... тоотод оршин суух Э.Эгийн байшингийн цонхоор нэвтэрч монетон гинж, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, хонины мах, тахианы мах, пиво, Эден нэртэй архи, жимсний чанамал, үсний машин, 2 ширхэг гар утас, хайрцагтай багаж зэрэг нийт 887.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Дг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авахыг буюу хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Дгийн цагдан хоригдсон 47 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Дгаас 40.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Эд олгож, шүүгдэгч Г.Д нь хэргийн улмаас хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Э.Эд хулгайлсан эд зүйлүүдийг биетээр буцааж өгсөн, хохирогч нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Г.Д нь анхнаасаа үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа талаараа мөрдөн байцаалт, шүүхийн шатанд илэрхийлж мэдүүлэг өгсөөр ирсэн, хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээн дээр маргаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болно. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Дгийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг төгсгөж үйлдсэн хүнд оногдуулах ялын хэмжээтэй адил хэмжээний ял оногдуулсан юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан хүнд оногдуулах ялын доод хэмжээг зааж өгөөгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 6 сар байхаар хуульчилсан байна. Иймд миний үйлчлүүлэгч Г.Дгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэхээр завдсан зэргийг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Т.Джав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхээр завдсан хүнд оногдуулах ялын доод хэмжээг тодорхой зааж өгөөгүй боловч Г.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын дээд хэмжээ болох 8 жилийн хорих ялыг гуравны хоёр буюу 5.4 жилээс хэтрүүлэхгүйгээр, хорих ялын доод хэмжээ болох 6 сараас 5.4 жил хүртэлх хэмжээнд ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ... тоотод оршин суух Э.Эгийн байшингийн цонхоор нэвтэрч монетон гинж, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, хонины мах, тахианы мах, пиво, Эден нэртэй архи, жимсний чанамал, үсний машин, 2 ширхэг гар утас, хайрцагтай багаж зэрэг нийт 887.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь:

хохирогч Э.Эгийн “2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд нагац ах Д.Төгсбаяр над руу залгаад “танай гэрт танихгүй хүн ороод сууж байна. Ах нь уг хүнийг гэртээ оруулсан байна” гэж надад хэлэхээр нь би ээжийн гэрээс өөрийн гэр рүүгээ очиход миний урд өмнө харж байгаагүй хүн байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд манай гэрийн хойморт байх шүүгээнээс монетон гинж 2 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйлүүд алга байсан. Тэгээд цагдаа нар уг хүний халааснаас уг эд зүйлүүдийг гаргаж ирсэн. Мөн уг хүн хөргөгчид байсан 1,5 кг хонины мах, 1,5 кг тахианы мах болон 2 лааз пиво, үсний машин, Самсунг А51 загварын гар утас уг утасны дэлгэц гэмтэлтэй, Нокиа-6300 загварын гар утас, хайрцагтай багаж зэргийг уутанд хийж тавьсан байсан. Байшингийн цонхны түгжээг засахад 70.000 төгрөг болдог тул 70000 төгрөгөөр үнэлж байна. ...” /хх16-17/,

гэрч Д.Төгсбаярын “2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирээд нохойндоо хоол өгөх гээд гэрээсээ гарахад хажууд байх дүү Э.Эгийн гэрийн цонх онгорхой байхаар нь гайхаад очоод харахад хүн амьсгалаад байхаар нь “хэн бэ” гэж асуухад 30 гаруй насны согтуу эрэгтэй “би гэртээ байна" гэхээр нь уг залууг “гараад ир” гэж хэлээд гараад ирэхээр нь өөрийн гэр рүүгээ оруулаад цагдаа дуудсан. ...” /хх 12/,

шүүгдэгч Г.Дгийн яллагдагчаар өгсөн “2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд танихгүй шил түүдэг ахтай таараад хоёулаа гудамжинд нэг шил архи уусан. Тэгээд юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн, би айлд байсан бөгөөд халааснаас тухайн айлын эд зүйлүүдийг гаргаж байсан. Би өөрөө согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Би вакум цонхыг түлхээд орчихсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 53/ гэх мэдүүлгүүд,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 дугаартай /хх 23-24/, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1086 дугаартай /хх 59-60/ хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авсан “шар металл гинж 2 ширхэг, цагаан өнгийн металл гинж 2 ширхэг, цагаан өнгийн металл ээмэг 1 хос зэрэг эд зүйлийг түр хураан авав” гэх тэмдэглэл /хх 18/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-4/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хуулийг буруу хэрэглэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулах нь үүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан “...шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэхээр завдсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг бус 2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Д нь энэ өдрийн байдлаар 134 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ