Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 684

 

 

 

 

 

 

 

 

 

Саийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/000427 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Саийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Од холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О 2014 онд Дорнод аймагт байгаа орон сууцаа зараад нэг сарын дараа өгье, 1 000 000 төгрөг зээлээч гэж надаас 1 000 000 зээлээд аваад явсан.

Сарын дараа залгахад утсаа авахгүй зугтаад алга болсон. Хөөцөлдөж байж хоёр удаа ажил дээр нь очиж уулзсаны үр дүнд Огаар “зээл буцааж өгөх тухай гарын үсэгтэй бичиг” хийлгэж авсан. Ог гурван удаа эрэн сурвалжлуулж байж олсон.

Би хамт ажилладаг Ц.Болдбаатарыг гүйж түүний данснаас Огийн данс руу шилжүүлсэн бөгөөд би Ц.Болдбаатарт уг мөнгийг төлсөн.

Иймд Огаас 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сааас 2014 онд 1 000 000 төгрөгийг зээлж авсан удаа байхгүй. Мөн зугтаж алга болсон зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас манай хаягийг тодруулах ажиллагаа явагдсаныг би сүүлд мэдсэн. Би Сат 1 000 000 төгрөг өгөх агуулгатай бичиг бичиж өгсөн тохиолдол байхгүй.

Харин хариуцагч 2014 онд Ц.Болдбаатараас 1 000 000 төгрөгийг өөрийн дансаар авсан нь үнэн. Уг мөнгийг төлөөгүй нь үнэн. Нэгэнт мөнгийг дансаар Ц.Болдбаатар шилжүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Хэрэв Ц.Болдбаатар нэхэмжлэл гаргавал түүнд төлнө. 2015 оны 09 дүгээр сарын 09-нд мөнгийг төлөх баталгаа бичиж өгч байсан гэдэгт маргахгүй. Саийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Огаас 1 000 000 төгрөгийг гаргуулж Сат олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Са зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрчээр Ц.Болдбаатарын данснаас 1 000 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан.

Би Сааас 1 000 000 төгрөг зээлж аваагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, мөнгө өгсөн авсан зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нь гэрч Ц.Болдбаатрын надад шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэдгийг нотлоогүй байхад шүүх шаардах эрхтэй гэж дүгнэж надаас уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Са хариуцагч Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хаан банкин дахь Огийн эзэмшлийн 5405380655 тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5003695243 тоот данснаас “Ц.Болдбаатар-с түр зээл” гэсэн гүйлгээний утгатай 1 000 000 төгрөгийн орлого орсон, 5003695243 тоот данс нь Хаан банкин дахь Ц.Болдбаатарын эзэмшлийн данс болох нь “Хаан банк” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 29/781 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх47, 55/

 

Гэрч Ц.Болдбаатар: “Од мөнгө хэрэгтэй байна гээд 2014 оны 6 сард байх, наадмаас өмнө Са надаас 1 000 000 төгрөг зээлсэн. Би Огийн данс руу шилжүүлсэн. Дараа нь би Сааас чиний хүсэлтээр Соёлмаад мөнгө өгсөн гэж нэхэж байгаад Сааас 1 000 000 төгрөгөө нэхээд авсан. Чи өөрөө дараа нь Огаас аваарай” гэсэн мэдүүлгийг өгчээ. /хх 67/

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болгохоор заасан тул зээлдүүлэгч Са нь зээлдэгч Од 1 000 000 төгрөг шилжүүлэх үүргийг гуравдагч этгээд Ц.Болдбаатараар гүйцэтгүүлсэн гэж үзнэ.

 

Иймд Са, О нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Ц.Болдбаатар, О нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлнэ гэснийг зөрчжээ. Улмаар Ц.Болдбаатараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг Сат шилжүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.

 

Са нь Огаас 1 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Анхан шатны шүүх Саийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/000427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                              Э.ЗОЛЗАЯА