| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00304/И |
| Дугаар | 149/ШШ2024/00331 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 149/ШШ2024/00331
2024 оны 08 сарын 20-ны өдөр Дугаар 149/ШШ2024/00331 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ****************, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-д холбогдох
Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 39543260 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 237930000 төгрөг нийт 277473260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч С.*******, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай тогтоолоор хариуцагч С.*******эд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг шийдвэрлэж, миний ээж гийн амь насыг хохироосон гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөн дээрх хэргийг Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн дугаартай тогтоолоор тус тус хянан шийдвэрлэж дууссан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн төрсөн охин Ө.******* намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон ба миний нэхэмжилсэн хохирлын шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Иймээс дараах байдлаар гэм хорын хохирол нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. 1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3-т заасан гэм хор учруулсны төлбөрт нийт 39543260 төгрөг гаргуулах. Хариуцагч С.******* нь миний ээжийн амь насыг хохироосноос хойш миний бие өөрийн дүү нар болох / 15 настай/, /8 настай/, нарыг асрамждаа авч амьдарч байгаа. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилж байсан ба тухайн үед нотлох баримт хангалтгүй буюу бага охин т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоогүй байна гэж үзээд хэлэлцэхгүй орхиж байсан. Харин одоо миний дүү нь нийгмийн халамжаас сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа. Иймээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс сард авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаж уг тэтгэмжийн зөрүүг гэм хор учруулсан этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Миний ээж нь нийгмийн даатгал төлж цалин хөлс авч байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг дараах байдлаар тооцох боломжтой байна.
| Он | Тухайн оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ |
Тооцох сар | Амь хохирогчийн олох байсан орлого /ХХДХэмжээгээр/ | Тухайн жилд авсан тэтгэмж | Зөрүү /нэг жилд/ |
| 2019 | 320000 | 8 | 2560000 | 1279740 | 1280260 |
| 2020 | 420000 | 12 | 5040000 | 2942000 | 2098000 |
| 2021 | 420000 | 12 | 5040000 | 3456000 | 1584000 |
| 2022 | 420000 | 12 | 5040000 | 3456000 | 1584000 |
| 2023 | 550000 | 12 | 6600000 | 3678000 | 2922000 |
| 2024 | 660000 | 4 | 2640000 | 1350000 | 1290000 |
|
| 10758260 | ||||
Дээрх 10758260 төгрөг нь 2019 оны 01 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын хугацаанд төлөөгүй байгаа гэм хор учруулсны төлбөр юм. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-т зааснаар гэм хор учруулсны төлбөрийг насанд хүрээгүй хүнд 18 насанд хүртэл олгохоор тогтоож болохоор байгаа тул цаашид төрсөн дүү ыг 18 насанд хүртэл гэм хор учруулсны төлбөрийг тогтоолгох хүсэлтэй байна. Тодруулбал, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн ба одоо 9 нас 6 сартай, 2033 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 насанд хүрнэ. Түүнийг 18 нас хүртэл 8 жил 5 сар дутуу буюу 101 сар дутуу байна. Иймээс сар бүх гэм хор учруулсны төлбөрийг хариуцагчаас гаргуулах ба төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000 төгрөгөөс одоо авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 375000 төгрөгийг хасаж, сар бүр гэм хор учруулсны төлбөр 285000 төгрөг болно. Гэм хор учруулсны нэг сарын төлбөр нь 285000 төгрөг тул үүнийг 101 сар /18 нас хүртэл хугацааны/-аар үржүүлэн тооцвол 28785000 төгрөг болно. Иймд хариуцагч С.*******ээс төлөөгүй байгаа гэм хор учруулсны төлбөр 10758260 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт нийт 39543260 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. 2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 237930000 төгрөг гаргуулах. Хариуцагч С.*******эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дууссанаас хойш түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаагүй ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т ...сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж зааснаар С.*******ээс гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг ...нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн...тогтооно гэж заасны дагуу миний ээж нь 39 настайдаа нас барсан бөгөөд дунджаар 75.05 жил наслах байсан гэх Үндэсний статистикийн хорооны тодорхойлолт байна. Үүгээр дундаж наслалтын зөрүү болох 36.05 жилийг 3300000 төгрөг /ХХДХэмжээ 660000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн дүн/-өөр үржүүлбэл нийт 118965000 төгрөг болж байна. Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэж зааснаар гэмт хэргийн улмаас миний дүү , нар бүтэн өнчин болж миний асрамжид байгаа тул насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээ болох 118965000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж 237930000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Иймд гэм хор учруулсны төлбөрт 39543260 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 237930000 төгрөг, нийт 277473260 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэлийн үндэслэлийн эхний хэсгийг сая шүүгч сонсгосон учраас орхигдуулаад энэ тоонууд яаж гарсан бэ гэдгийг тайлбарлая. 1 дүгээрт энэ гэм хор учруулсны төлбөр 39543260 төгрөг яаж авсан гэдэг тайлбарлах гэж байгаа юм. Гэмт хэрэг 2018 оны 5 сарын 30-ны өдөр болсон юм. Тухайн үед хохирогчийн цогцос олдохгүй байж байсан. Тэгээд энэ хугацаанд хохирогч тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хүүхдэд нь тогтоох боломжгүй. Яагаад гэхээр 1 дүгээрт цогцос нь байхгүй, 2 дугаарт шүүхийн шийдвэр гараагүй байсан. Тэгээд шүүхийн шийдвэр гараагүй болохлоор тэжээгч алдсаны тэтгэмж нь шүүхийн шийдвэр гарсны дараа тогтоогдсон. Анхан шатын шүүх дээр тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрөө нэхэж байсан боловч хуулиар энийг нэхэхийн тулд хангахын тулд жишиг тогтоосон байх ёстой. Тэгээд ингээд зөрөөг нь зөрөөгөөр нь тогтоох ёстой гээд тэгээд ингээд хэлэлцэхгүй орхиж байсан. Ингээд шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэрээ барьж очоод тэжээгчээ алдсан тэтгэмжээ тогтоолгоё гээд тогтоолгосон. Ингээд 2019 оны 2 сард тэжээгч алдсан гэх тооцоо явж байсан. Хэддүгээр хуудсанд байгааг нь одоо мэдэхгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсээс авсан тодорхойлолт дээр 2019 онд авсан мөнгөн дүнг 2020 онд авсан мөнгөн дүн 2021-2024 онд авсан мөнгөн дүнгүүд жил жилээр нь гаргаад өгчихсөн. Тухайн оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, жишээлбэл 2019 онд 8 сард тэжээгч алдсан тэтгэмж авсан. Тэр нь 1279000 төгрөг болж байгаа юм. Тухайн 8 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бүх хэмжээгээр амь хохирогчийн олох байсан орлого нь 2 сая 560 мянган төгрөг, үүний зөрүү нь 1280260 төгрөг дээр зөрөөг нь нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн хүснэгтийн хамгийн хойд талын баганад зөрөөнүүд нь байгаа. 3, 4 дэх баганад амь хохирогчийн олох байсан орлогыг дандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон. Үүнээс нь тухайн жилд авсан тэтгэмжийг нь хасаад 10758260 төгрөг одоогоор гэм хор учруулсны төлбөрт аваагүй байгаа гээд энэ 10758260 төгрөгийг аваагүй байгаа тэтгэмжийг нь нэхэмжилж байгаа. 785000 төгрөг нь тухайн бүтэн өнчин болсон буюу Тогтуунбаяр 18 насанд хүрэх хүртэлх хугацааны тэтгэмжийн зөрөөгөөр тогтоож байгаа юм. Энийг яаж тогтоосон гэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000 төгрөг байгаа. Одоо авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж нь 375000 төгрөг байгаа. Тэгээд 660-с 375-ыг хасахлаар 285 мянган төгрөгийг сар бүр одоо тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрөөнд бас авах боломжтой юм байна. Тэгээд энийг нь 18 нас хүртэл нь тооцоод ингээд 28000785 гараад нийлбэр нь 39543260 болж байгаа юм. Энэ нь нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 508.2, 508.3, харин одоо бол үүн дээр нэмэхэд гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлбөр шаардаж байгаа. Энэ нь 237930000 төгрөг. Үүний үндэслэл нь Иргэний хуулийн 230.1, 232, 511.3, 511.4, 511.5-д заасан үндэслэлүүдээр шаардаж байгаа. Иргэний хуулийн 505, 111.5-д бол 2 янзаар гэмт хэргийн улмаас учирсан, хохирогч хохирсон, нас барсан бол сэтгэцэд учирсан гэм хорыг 2 янзаар шаардах боломжтой. Хохирогчид нэхэмжлэгчид аль ашигтайгаар нь шүүх шийдэх хуулийн зохицуулалттай. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг 2023 оны 7 сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, аргачлалын 3.3 болон 3.5-д зааснаар Иргэний хуулийн 511.4, 5-д зааснаар нэхэмжилнэ гэж заасан. Тийм учраас тэр 2 аргачлалаар гэдэг нь нэгдүгээрт доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсвэл нас барсан хүний нас, хүний нас болон хүн амын дундаж наслалтын зүйлүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөнд үржүүлээд аль ашигтайгаар нь шүүхээс тогтооно гэж заасан. Энэ заалтын дагуу бол Үндэсний статистикийн хорооноос 2018 онд буюу гэмт хэрэг гарах үеийн статистикийг үзэхэд 75 наслах боломжтой гэдэг. Ийм гаргаж өгсөн лавлагаагаар өгсөн. Одоо талийгаач бол 39 настайдаа нас барсан учраас үлдсэн 36.05 жилийг хөдөлмөр хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр үржүүлээд 118 сая болсон юм. Үүнийг мөн хуулийн 511.4-д зааснаар бага насны хүүхэд нь энэ гэмт хэрэгт хохирогч нэг талаараа хохирогч болсон учраас мөн бүтэн өнчин болж асрамжид нь нэхэмжлэгчийн асрамжид байгаа учраас 2 дахин нэмэгдүүлээд 237930000 төгрөг болсон. Ингээд нийтдээ 277473260 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие өөрийн хохироогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие өөрийн гэм буруутай үйлдлийг ухамсарлаж байгаа хэдий ч одоо 13 жил орчмын хорих ял үлдсэн өөрийн гэсэн хөрөнгө байхгүй орлого олох боломжгүй байна. Цаашид тус бие энэ нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж байна. Надад тулгарсан нөхцөл байдал амьдралын боломж бололцоог минь харгалзан үзэж тус асуудлыг шийдвэрлэж өгөхийг танаас хүсье гэжээ.
Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо хорих ял эдэлж байгаа үлдсэн ял 13 орчим жил, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй учраас нөхөн төлбөр төлөх боломжгүй. Хорих ял эдэлж дуусаад сэтгэл санаанд учирсан хохирлоос бусад хохирол болох хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч С.*******ээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 39543260 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 237930000 төгрөг нийт 277473260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцов.
Хариуцагч С.******* нь би олон жилийн хорих ял эдэлж байгаа, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, хорих ял эдэлж дууссаны дараа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 39543260 төгрөгийг төлөх болно, харин сэтгэцэд учирсан хохирол 237930000 төгрөгийг төлөх боломжгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцов.
Хариуцагч С.******* нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 88320000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...гэжээ./хх-ийн 5-9 дүгээр хуудас/
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. ...гэж, мөн хуулийн 508.2 дахь хэсэгт Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй. ...гэж зааснаар нэхэмжлэгч Ө.*******/амь хохирогчийн төрсөн охин/ нь гэм буруутай этгээд буюу хариуцагч С.*******ээс тэжээгчээ алдсаны тэтгэмж, болон насанд хүрээгүй хүүхдийн/дүү нарын/ сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хохирогч нь амь насаа алдах үед түүний хүү 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн 10 настай, түүний охин 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн 03 настай байсан болох хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна./хх-ийн 21, 23 дугаар хуудас/
Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд ...гэж зааснаар бага насны хүүхдүүд болох , нарт 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр 174000 төгрөг, 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл 188000 төгрөг, 2020 оны 06 дугаар сараас 2023 оны 07 дугаар сар хүртэл 288000 төгрөг, 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд 325000 төгрөгөөр тус тус тогтоогдсон байна./хх-ийн 28 дугаар хуудас/
нь амь хохирох үедээ эрхэлсэн ажилгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаагүй бөгөөд 2019 оноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 320000 төгрөгөөр, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420000 төгрөг, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550000 төгрөг, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны №12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660000 төгрөгөөр байхаар тус тус тогтоож байсан байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. ...гэж зааснаар талийгаач нь ам бүл-5, 3 хүүхэд, хамтран амьдрагч С.*******ийн хамт амьдарч байсан ба охин Ө.******* нь 1998 онд төрсөн гэмт хэрэг гарах үед 18 насанд хүрсэн байсан байна.
Тиймээс 2019 онд тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320000 төгрөгийг ам бүлийн 4 гишүүнд хувааж 320000₮ : 4 хүн= 80000 төгрөг, талийгаач д оногдох 80000 төгрөг, том охин Ө.*******д оногдох 80000 төгрөг нийт 160000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320000 төгрөгөөс хасаж тооцвол 1600000 төгрөг бага насны хоёр хүүхдэд ногдож байна.
2019 оны 05 дугаар сараас эхлэн бага насны хүүхдүүд болох , нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 174000 төгрөгөөр тогтоосон ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага насны хоёр хүүхдэд оногдох хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмж 14000 төгрөгөөр илүү бодогдож олгогдсон байгаа учраас тэжээгчээс алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцох боломжгүй байна.
Мөн бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдэд 2020 он, 2021 он, 2022 он, 2023 оны 07 дугаар сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 288000 төгрөгөөр тооцож нийгмийн халамжийн сангаас олгож байсан ба тухайн онуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байсан бөгөөд 420000₮ : 4 хүн = 105000₮ гэр бүлийн нэг гишүүнд ногдож байна. Насанд хүрсэн охин Ө.*******, талийгаач нарт ногдох 105000₮ х 2 хүн = 210000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420000₮ - 210000₮ = 210000 ₮ бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдохоор байна. Мөн 2023 оны 07 дугаар сараас эхлэн бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас 325000 төгрөгөөр тооцож тэтгэмжийг олгож байсан ба 2023 оны 07 дугаар сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөг болсон бөгөөд 550000₮ :4 хүн = 137000₮ нэг хүнд оногдож байна. Насанд хүрсэн охин Ө.*******, талийгаач нарт ногдох 137000₮ х 2 хүн = 275000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550000₮ - 275000₮ = 275000₮ бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдож байгаа учраас тухайн жилүүдэд олгож байсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүг тооцож олгох боломжгүй байна.
Харин 2024 оны 01 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000 төгрөг болсон бөгөөд талийгаачийн охин Ө.******* өрх тусгаарлан гэр бүлтэй болсон бөгөөд талийгаач болон насанд хүрээгүй хүүхдүүдийг гэр бүлийн гишүүн тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000₮ : 3 хүн = 220000₮ нэг хүнд ногдож байна. 660000₮ -220000₮ = 440000₮ насанд хүрээгүй хоёр хүүхдэд ногдож байна. 2024 онд нийгмийн халамжийн сангаас насанд хүрээгүй хоёр хүүхдэд 375000 төгрөгийн халамжийн тэтгэмжийг олгож байсан ба 440000₮- 375000₮ =65000 төгрөгийн зөрүүг насанд хүрээгүй , нарт насанд хүртэл буюу 18 нас хүртэл хариуцагч С.*******ээс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн одоо 16 нас 11 сартай бөгөөд 18 насанд хүрэхэд 25 сар дутуу байна. 25сар х 65000₮ = 1625000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг,
Насанд хүрээгүй 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн одоо 09 нас 09 сартай бөгөөд 18 насанд хүрэхэд 111 сар дутуу байна. 111сар х 65000₮=7215000 төгрөг, нийт 8840000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хариуцагч С.*******ээс гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно. ...гэж, мөн хуулийн 511.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. ...гэж тус тус заажээ.
Хэдийгээр талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд гаргах, шүүх хянан шийдвэрлэхээр хуульчилсан боловч нэхэмжлэгч Ө.*******ын гаргасан бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 237930000 төгрөг гаргуулах тухай холбоотой үйл явдал буюу талийгаач гийн амь насыг хариуцагч С.*******/шүүгдэгч/ хохироосон гэмт хэрэг нь 2018 оны 05 дугаар сард үйлдэгдсэн буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь зохицуулалт хэрэгжих дагаж мөрдөх хугацаанаас өмнө болсон үйл явдал байх тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. ...гэж зааснаар хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.
Хэрвээ тухайн үйл явдал болсон цаг хугацаанаас хойш батлагдсан хуулийг хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх нь хуулийг ноцтой зөрчих, зохигчийн эрх зүйн байдлыг дордуулах юм.
Тиймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь заалтуудыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт үйлдэл, түүний улмаас үүссэн хор уршгийг арилгах нөхөн төлүүлэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэхээр заажээ.
Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэг, 511.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын хариуцагч С.*******ээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 39543260 төгрөг нэхэмжилснээс 8840000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 30703260 төгрөг, бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 237930000 төгрөг нийт 268633260 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ...******* нь гэм буруутай боловч нэхэмжлэлийн дүнг төлөх нь тодорхойгүй юм байна гэснийг шүүхийн шийдвэрт тусгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамж 1545316 төгрөгөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 156390 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулах дурдаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэг, 511.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын хариуцагч С.*******ээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 8840000/найман сая найман зуун дөчин мянга/төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 30703260/гучин сая долоон зуун гурван мянга хоёр зуун жар/төгрөг, бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 237930000/хоёр зуун гучин долоон сая есөн зуун гучин мянга/төгрөг нийт 268633260/хоёр зуун жаран найман сая зургаан зуун гучин гурван мянга хоёр зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамж 1545316 төгрөгөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 156390 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулахыг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ
ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН
Ж.ЭРДЭНЭБАТ