Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/548

 

 

 

 

2022               5              24                                       2022/ДШМ/548

 

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Гд холбогдох 2009019521430 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Бийн Г, 1975 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ... байрны гадна хохирогч Б.Хээс ... улсын дугаартай “Хонда фит” загварын тээврийн хэрэгслийг “хоёр өдөр түрээслээд өгнө” хэмээн хуурч аван 2.117.741 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Гг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ггаас 19.976 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хт олгож, хохирогч Б.Х нь тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлийг засахад гарах бодит зардлыг болон сэтгэл санааны байдал буюу эдийн бус хохирлын талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 32-59 УНГ улсын дугаартай “Тоёота Фит” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хохирогч Б.Хт олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол болох 19,976 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хойшлуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь хохирогчоос “тээврийн хэрэгслийг чинь 2 өдөр түрээслье” гэж итгэл үнэмшил төрүүлэн тээврийн хэрэгслийг нь авсан ба шүүх хуралдаан болох хүртэл хохирогчид хүлээлгэж өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж, санаатайгаар зайлсхийж, оргон зайлж байсан. Хохирогч маш их гомдолтой байгаагаа анхан шатны шүүх хуралдаанд хэлдэг. Шүүгдэгчид хорих ял оногдуулах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ... байрны гадна хохирогч Б.Хээс ... улсын дугаартай “Хонда фит” загварын тээврийн хэрэгслийг “хоёр өдөр түрээслээд өгнө” хэмээн хуурч аван 2.117.741 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хийн “2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Фейсбүүкээр “Ган ган” гэсэн хаягаас “машин түрээслэх хүн байна уу “ гэсэн зар тавьсан байхаар нь чат бичээд уг хүнд өдрийн 30.000 төгрөгөөр 2 өдөр түрээслэхээр болоод тухайн өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14-2и байрны гадаа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслээ түрээслүүлэхээр өгсөн. Тэгтэл “эгчид нь мөнгө алга, манай найз мөнгө хийнэ, чи 96910409 гэсэн дугаар руу өөрийнхөө дансыг явуулчих” гэсэн. Тэгтэл миний данс руу 150.000 төгрөг 5005795427 гэсэн данснаас орж ирсэн ба гүйлгээний утга дээр нь “жолооны үнэмлэхийн мөнгө” гэсэн байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй “20.000 төгрөг өгчих, эгч нь бензин хийнэ” гээд АТМ-ээс авсан. Тэгээд “эгч нь үлдэгдэл 30.000 төгрөгийг орой хийчихнэ” гээд миний машиныг аваад явсан. ...Тэгээд гар утас нь холбогдох боломжгүй болсон. ...” /хх 29/,

гэрч Л.Санжаагийн “...Б.Г 2020 оны 7 дугаар сарын эхэн буюу ойролцоогоор 03-ны үед “явлаа” гэж хэлээд гарсан. Түүнээс хойш огт ирээгүй. Харин Б.Гд машинаа түрээслэхээр өгөөд алдсан гэж хүмүүс ирж байсан. ...” /хх 25/,

гэрч А.Өлзийбаатарын “...би өөрөө хувиараа автомашинаар тээврийн ажил эрхэлдэг. 2021 оны 7 дугаар сард Улаанбаатар хотоос ажлаа дуусгаад Дархан-Уул аймагт оршин суух хаягтаа ирэхэд манай хашаан дотор цэнхэр өнгийн ... улсын дугаартай “Тоёота Фит” загварын тээврийн хэрэгсэл оруулаад тавьсан байсан. ...би тухайн үед ямар учиртай автомашин болох талаар нь хүргэн Отгонбаатараас асуухад “манай найз авчирч тавьсан юм” гэж хэлсэн. Би өөр зүйл лавлаж асуугаагүй. ...” /хх 112/,

шүүгдэгч Б.Ггийн яллагдагчаар өгсөн “...миний бие 2020 оны 7 дугаар сард фейсбүүкээр “машин түрээсэлнэ” гэх зарыг харсан бөгөөд зарын дагуу Х гэх хүнтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Багшийн дээдийн автобусны буудал дээр очиж уулзахад ““Хонда фит” машин байгаа өдрийн 30.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хэлж би 3 хоногийн мөнгө болон барьцаа мөнгөтэй 120.000 төгрөгийг Хт өгч ... улсын дугаартай машиныг түрээсэлж авсан. Дараа нь Дархан-Уул аймаг руу ганцаараа машинаараа очиж нөхөр болох Жигжсүрэнтэй уулзаж 2 хоноод Заамар сум руу машинаараа Жигжсүрэнтэй хамт ирж уурхайд нөхөртэйгөө ажилд орсон. Түрээсийн машинаа ахуйн хэрэгцээндээ унаж байгаад 2020 оны 12 дугаар сард Заамар суманд Тамир гэх хүнд үлдээгээд Жигжидсүрэн бид хоёр Дархан-Уул аймаг руу явчхаад 2021 оны 1 дүгээр сард Тамираас машинаа буцааж аваад Дархан аймагт байх Жигжсүрэнгийн таньдаг хүний хашаанд үлдээсэн. ...би анх Дархан-Уул аймагт унаж очихдоо өөрийн ах Ганболдод “хүн барьцаанд тавьсан машин байгаа юм, уг машиныг түр унаж байгаа” гэж хэлсэн. ...Түрээсэлсэн хоног дуусчихсан мөн Заамарт ажилд орчихсон учир би өгөлгүй өөртөө аваад үлдчихсэн. ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /хх 97-98/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /ххн 76-77/, Б.Ггийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 50-51, 54/, Б.Хийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 86-89/, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 107-108/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 113-114/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Б.Гг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба түүнийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Г.Энхболдоос гаргаж өгсөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ггаас 19.976 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хт олгохоор шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт буюу “...Б.Г нь Г.Анударь /14 настай/, Г.Отгонбаатар /7 сартай/ нарын хүүхдүүдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эх болох нь үнэн...” гэсэн баримт, шүүгдэгчийн эх гэх Л.Санжаагийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж хуульчилсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ггийн 7 сартай хүүхэдтэй, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзсэн тул түүний өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох ... улсын дугаартай “Тоёота Фит” загварын тээврийн хэрэгслийг одоог хүртэл хүлээж аваагүй байна.

Мөн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд, Б.Ггийн гэм буруутай үйлдлийг дүгнэсэн боловч гэмт хэрэг хэзээ, хэрхэн төгссөн талаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шат Сүхбаатар дүүргийн прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоол гарсан хугацааг Б.Ггийн үйлдсэн гэмт хэргийг төгссөн гэж үзэв.

Хохирогч Б.Х нь Дархан-Уул аймагт байгаа машинаа Улаанбаатар хотод тээвэрлэж авч ирсэн зардлаа нэхэмжлэх эрхтэй тул энэ талаар мөн шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй. 

 

2. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Хохирогч Б.Х нь тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлийг засахад гарах бодит зардлыг болон сэтгэл санааны байдал буюу эдийн бус хохирлын талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэснийг “Хохирогч Б.Х нь тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлийг засахад гарах бодит зардал болон Дархан-Уул аймгаас тээврийн хэрэгслээ Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирэх зардал, сэтгэл санааны байдал буюу эдийн бус хохирлын талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

4. Шүүгдэгч Б.Г нь хохирлын 20.000 төгрөг төлсөн болохыг, энэ өдрийн байдлаар 61 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ