Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2023/0038

 

 

 

 

 

 

 

 

 2023      10         23                                     123/ШШ2023/0038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Сүндэръяа,

Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамал

Гуравдагч этгээд: Б.Баярсайхан нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, хариуцагч газрын даамал С.Өлзийзаяа,  гуравдагч этгээд Б.Баярсайхан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Мэндсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч талаас “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 05/170 дугаар албан бичгээр “Иргэн Д.Өлзийсайханд эзэмшүүлсэн гэх 1.1 га газрын 278467 дугаартай гэрчилгээн дээр бичигдсэн сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 169 тоот захирамж нь сумын архивт байхгүй, мөн шүүхийн маргаан уг газар дээр удаа дараа болж байгаа тул уг газрыг таны нэр дээр шилжүүлсэн захирамж гаргах боломжгүй байна” гэж хариуг өгчээ[1].

2.2. Нэхэмжлэгч П.Сүндэръяа асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй учир Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгүүлэхээр 2023 оны 06 сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газрыг Д.Өлзийсайханд 15 жилийн хугацаатай фирм, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшүүлсэн. Д.Өлзийсайхан нь тус газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, кадастрын зураг хийлгэж 2010 оны 06 сарын 18-ны өдөр 0278467 дугаартай гэрчилгээг олгосон. Газрыг эзэмшиж байх хугацаандаа газар дээрээ 128 мкв үнээний фирмийг барьж Y-1403000444 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээ, 56 мкв хувийн орон сууцыг барьж Y-1403000415 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг авч, газар эзэмшигч Д.Өлзийсайхан, түүний эхнэр П.Сүндэръяагийн эзэмшилд шилжүүлсэн захирамж гарсан. Тус захирамжийн дагуу П.Сүндэръяа шилжүүлэн авсан газраа газрын мэдээллийн санд бүртгүүлж, газрын даамалтай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газрын гэрчилгээ авах хүсэлтийг гаргасан боловч Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамал нь анхны зээмшигч Д.Өлзийсайханд олгосон сумын Засаг даргын захирамж сумын архивд хадгалагдаагүй, мөн тус газар нь маргаантай байгаа учраас газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ олгох боломжгүй гэж эс үйлдэхүй гаргасан. Мөн тухайн газар иргэн хоорондын маргаантай гэх асуудал нь маргаан бүхий газар ямар ч эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй этгээд болох Б.Баярсайхан миний газар гэж сумын газрын даамалд гомдол гаргасныг тус газар нь маргаантай байгаа гэж үзэн газар эзэмших гэрээг байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй эс үйлдэхүй гаргаж хууль ёсны дагуу эзэмшигч П.Сүндэръяагийн хууль ёсны эрх, ашгийг хөндөж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж мөн Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн баталсан А/187 дугаар тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталсан ба тус журмын 2.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн газарт чөлөөт бүсийн захирагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргана” гэж, мөн журмын 12 дугаар зүйлийн 12.1-т “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 2.1-т заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийг Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулна” гэж тус тус заасан ч энэ үүргийг Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамал хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж, хуульд заасан ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаад гомдолтой байна. Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамал албан ёсоор газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан боловч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 05/128 дугаар албан тоотоор нэр дээр шилжүүлэх боломжгүй гэх утга агуулгын зөрүүтэй, ойлгомжгүй хариу өгсөн. Уг хариуг эс зөвшөөрч Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар гомдол гаргасан боловч 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07/574 дугаар албан тоотоор бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэх боломжтой байна гэх агуулгаар Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад албан тоотыг хүргүүлсэн. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга дээрх албан тоотыг хүлээн аваад 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 05/170 дугаар албан тоотоор шүүхийн маргаан удаан болж байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэх албан тоотуудыг ирүүлж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэсэн. Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газрыг П.Сүндэръяад шилжүүлсэн газарт газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Улаан худаг 01 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 11000 м.кв газар буюу 1.1 га газрыг н.Өлзийсайханд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамж гарсан. Тус захирамжийн дагуу 4112041694 нэгж талбарын дугаараар бүртгэж, 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 0278467 дугаартай гэрчилгээгээр баталгаажуулж, газар эзэмшиж эхэлсэн. Иргэн н.Өлзийсайхан Газрын тухай хуульд заасны дагуу өөрийн газрыг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр барьцаалж, шилжүүлж эрхийнхээ хүрээнд өөрийн эхнэр болох П.Сүндэрьяад 2021 онд шилжүүлэхээр сумын Засаг даргад хүсэлт гаргасан. Сумын Засаг дарга хүсэлтийг хүлээн авч, хянаад Газрын тухай хуульд зааснаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Улаан худаг 01 дүгээр гудамж 01 тоотод байрлах 1.1 га газрыг Пүрэвийн Сүндэрьяа гэх хүнд шилжүүлэх захирамж гарсан. Тухайн газрыг шилжүүлэх захирамж гарсан боловч газрын эзэмших гэрээ байгуулах, газрын гэрчилгээ авахаар сумын Газрын даамалд удаа дараа хандсан боловч сумын Газрын даамал тус захирамжийг биелүүлэхгүй байх эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хөндсөн. Нэхэмжлэгч тухайн газарт эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ байгуулж өгөөч гэх байдлаар сумын Засаг дарга, сумын Газрын даамалд хандсан боловч сумын Газрын даамал Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/128 дугаартай албан тоотоор н.Өлзийсайханд анх олгосон захирамж, 2010 оны 169 дугаартай захирамж сумын архивд хадгалагдаж үлдээгүй. Мөн иргэн Б.Баярсайхан энэ газартай холбоотойгоор гомдол гаргасан учраас маргаантай гэх асуудлаар тухайн газрыг шилжүүлэх гэрчилгээ олгох боломжгүй гэх хууль бус хариу тайлбарыг ирүүлсэн. Нэхэмжлэгч П.Сүндэрьяа Газрын даамлын тэр хариу тайлбарыг эс зөвшөөрч Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт гомдол гаргасан. Тус гомдлыг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хянаад тухайн газар иргэн н.Өлзийсайханы эзэмшилд нэгж талбарын дугаараар бүртгэгдсэн байна, хажуу талаараа өөр айлын газартай давхацсан. Гэхдээ тухайн газрыг бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр, Геодези хэмжилтийн дагуу хашааны хэмжээгээр шийдвэрлэх боломжтой байна. Хууль ёсны дагуу шийдвэрлэх боломжтой гэх албан тоотыг тухайн Батсүмбэр сумын Засаг даргад өргөдлийг уламжилж хүргүүлсэн. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тоотыг үндэслээд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07170 дугаартай албан тоотоор иргэн П.Сүндэрьяад хариу өгсөн. Тус хариу нь 2010 оны 169 дугаартай буюу иргэн н.Өлзийсайханд олгосон захирамж сумын архивд шилжиж ирээгүй байна. Мөн шүүхийн маргаан удаа дараа болж байгаа учраас газрын гэрчилгээг олгох боломжгүй байна гэх байдлаар хариу тайлбараа ирүүлж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хохироож ирсэн. Газрын даамал хуулиар Засаг даргын шийдвэр болон хүлээлгэсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасны дагуу иргэн П.Сүндэрьяагийн эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль ёсны бус байна гэж үзэж байгаа тул хариуцагчийн эс үйлдэхүй гаргаж байгааг шүүхээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёр дахь шаардлагын тухайд, тухайн маргаан бүхий Батсүмбэр сумын 1 дүгээр баг Улаан худаг 01 гудамж 01 тоотод байрлах 1.1 га газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулахыг даалгах тухай шаардлага гаргасан. н.Өлзийсайхан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан үүрэг, эрхээр өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэхээр захирамж гарсан. Сумын Газрын даамал бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн Газрын даамал аймаг, нийслэлийн газрын алба бүртгэснийг эрхийн гэрчилгээг шилжүүлснээр хүчин төгөлдөр болно гэдэг энэ заалтыг биелүүлээгүй байгаа. Мөн газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А181 дугаартай тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг нарийвчлан зохицуулсан. Энэ журмын 2.1-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга чөлөөт бүсийн газарт чөлөөт бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргана. Мөн журмын 12.1-т эрх бүхий байгууллага энэ журмын 2.1-т заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийн кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулна гэж хуулиараа заасан. Тэгэхээр Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус буюу маргаан бүхий Батсүмбэр сумын 1 дүгээр баг Улаан худаг 01 дүгээр гудамж 01 тоотод байрлах 1.1 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг П.Сүндэрьяад олгож, мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Д.Өлзийсайхан бол 2010 оны 169 дугаартай захирамж авснаас хойш тухайн газар дээрээ 2 үл хөдлөх хөрөнгө барьж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Хариуцагч тухайн үед захирамжгүйгээр гэрчилгээ олгосон гэх хариу тайлбар гаргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн үед ажиллаж байсан н.Ганбаяр гэх Засаг даргыг гэрчээр асуусан тэмдэглэл байгаа. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл байгаа. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Газрын даамал н.Эрдэнэболор гэх хүнийг гэрчээр асуусан тэмдэглэлүүд байгаа. Энэ тэмдэглэлүүдийг хэрхэн үгүйсгэдэг вэ гэхээр тухайн гэрчилгээг н.Эрдэнэболор би олгосон. Гэхдээ Засаг даргын захирамжийг төлөвлөж олгодог. Засаг даргын захирамжийн дугаар он сар нь архив бичиг хэргийн ажилтны асуудал гэх мэдүүлэг өгсөн. Мөн Засаг дарга гэрчийн мэдүүлэг өгсөн. Захирамжийн төсөл орж ирэхэд би гарын үсэг зурдаг. Захирамжийн дугаар олгох эсэх асуудал нь тухайн үед ажиллаж байсан архив бичиг хэргийн ажилтны асуудал. Захирамж 3 хувь гардаг. Нэг хувь нь архивд, нэг нь тухайн газрын хувийн хэрэгт, нөгөө нь тухайн газар эзэмшигчид өгдөг үйл явдал болдог. Тухайн үед захирамж нь байгаагүй, захирамжгүйгээр гэрчилгээ авсан гэх тайлбар гаргах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч болон Д.Өлзийсайхан нар тухайн гэрчилгээг үндэслэж үл хөдлөх барьсан, үл хөдлөхийн гэрчилгээнүүдтэй. Хамгийн гол үл хөдлөх авах баримт нь газрын гэрчилгээ. Энэ захирамж байхгүй гэхээр бусдын барьсан үл хөдлөх хөрөнгүүд яах вэ. Хүчингүй болох уу. Бүртгэл хүчингүй болох уу. Энэ хүмүүс үл хөдлөх хөрөнгөгүй болох уу гэх асуудал яригдана. Цаашид гарах үр дагавар нь. Гуравдагч этгээд захирамж гараагүй байхад хуурамчаар бүрдүүлсэн гэж байна. Хуурамч гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Өнөөдөр энэ газрын гэрчилгээг үндэслэж үл хөдлөх хөрөнгөтэй болсон, тухайн газрын гэрчилгээг барьцаалж, эргэлтэд оруулж, зээл аваад эрх зүйн харилцаа үүсээд явсан харилцаанууд байдаг. Хуурамч гэж амаараа л ярьдаг. Цагдаагийн байгууллагад шалгуулсан, прокурорын байгууллагаас үүнийг гэмт хэргийн шинжгүй байна, хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудал байгаа. Гуравдагч этгээд өөрөө миний эд хөрөнгө гэж үзэж байгаа бол иргэний шүүхэд гомдлоо гаргаад явах боломжтой байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүртэл яригдсан. Хуурамч гэж үзэж байгаа бол захирамжтай холбоотой гомдлоо мөн л адил Захиргааны хэргийн шүүх, холбогдох төрийн байгууллагад гомдлоо гаргаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаад шүүхэд хандах эрх нь байгаа. Өнөөдрийг хүртэл үүнийг хэрэгжүүлээгүй явж байгаа. Би хуурамч гэж үзэж байна гэж амаараа ярихаас илүүтэй бодит баримтаар нотлох хэрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагч эс үйлдэхүй гаргаж байгаатай холбогдуулан тайлбар өгөөгүй. Анх гаргасан 169 дугаартай захирамж сумын архивд хадгалагдаж үлдээгүй, н.Мөнхбаярт даалгаж шийдвэрлэсэн нь би шийдвэрлэх үндэслэлгүй гэж тайлбар өгч байгаа нь хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Талуудын тайлбарыг сонссон. Газрын даамал Засаг даргын захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэх нь өөрийн ажлын алба, ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүрэг. Эрх ашиг сонирхлоо хамгуулахаар Газрын даамалд удаа дараа хандахад үндэслэлгүйгээр шийдвэрлэхгүй байх эсхүл хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзал гаргаж байгаа нь иргэн П.Сүндэрьяагийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Ийм учраас эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр Газрын тухай хуулиар 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар Д.Өлзийсайхан газар эзэмшүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжүүлж, барьцаалж болно гээд Газрын тухай хуулиар олгосон. н.Өлзийсайхан Газрын тухай хуульд заасны эрхийн хүрээнд энэ газраа бусдад буюу өөрийн эхнэртээ шилжүүлж байгаа. Энэ шилжүүлж байгаа захирамжийг баталгаажуулаад сумын Засаг дарга захирамж гаргасан. Энэ захирамж өнөөдөр хүчин төгөлдөр гэдгийг өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Үүнд маргаад байх зүйл байхгүй. Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т газар эзэмшүүлэх шийдвэрийг хүлээн авснаас хойш 14  хоногийн дотор Засаг дарга шийдвэр гаргана. Шийдвэр гаргасан. Өнөөдөр хүчин төгөлдөр байна. Энэ шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй албан тушаалтан нь Газрын даамал. Яагаад үүнийг өнөөдөр биелүүлэхгүй байгаа юм бэ. Биелүүлэхгүй байх үр дагавраас  болоод тухайн иргэний эрх ашиг сонирхол хөндөгдөөд явж байгаа. Мөн газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2021 оны А71 журам. Энэ журмыг танайх мөрдлөг болгон ажиллаж байгаа байх. Энэ журмын 2.1-т аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрийг үндэслээд 12 дугаар зүйлд зааснаар 2.1-т заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийг газрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах үүрэг нь Газрын даамлын эрх үүрэг. Өнөөдөр хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүйд хамаарч байна. Тийм учраас Газрын даамлын газрын гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг шүүх тогтоож өгнө үү. Хоёрдугаарт, Засаг дарга өөрийн эрх хэмжээнд ямар ч асуудалгүй захирамж гаргасан. Өнөөдөр бас л хэрэгжүүлэхгүй байгаа. Өнөөдөр энэ захирамжийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, мэдээллийн санд бүртгэж байж газар эзэмших захирамж хүчин төгөлдөр үйлчилнэ. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 187 дугаартай газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ олгох журмын 12.1-т зааснаар А736-т заасан газрыг иргэн П.Сүндэрьяад гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээдийн хувьд өнөөдөр энэ А73 захирамжаар иргэн Д.Өлзийсайханаас иргэн П.Сүндэрьяа нарын хооронд газар шилжүүлэх эрх шилжсэнээр Б.Баярсайханы эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй. Яагаад гэвэл та өмнө нь өнөөдөр ямар нэгэн байдлаар газар эзэмшиж байсан, ашиглаж байсан талаар энэ газартай холбоотой ямар нэгэн эрх, үүрэг үүсээгүй. Хэрвээ таны эрх, ашиг хөндөгдөж байна гэж үзвэл үүнтэй холбоотой гомдлоо гаргах хугацаа 2012 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Бид нар ашигтай санал буюу 10.000.000 төгрөг өгөх, газрын даамал хүртэл дэмжиж өмчлөлийн газрыг олгоё гэж санал тавьсан, зөвшөөрөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

3.3  Хариуцагч М.Өлзийзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 169 тоот захирамжийг үндэслэн, ферм, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11000 м.кв 578467 дугаар бүхий гэрчилгээг тус сумын Газрын даамал болон 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бичиж өгсөн байдаг бөгөөд уг захирамжийг архиваас шүүж үзэхэд 2010 оны 08 дугаар сарын 18-ны 169 дугаар захирамжаар буцалтгүй тусламж олгох тухай захирамж гарсан байдаг. 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А73 дугаар захирамж нь өмнөх Газрын даамал н.Мөнхбаяр төлөвлөсөн захирамж бөгөөд 2021 оны 03 дугаар сард Засаг дарга дээр орж захирамж гаргасан байдаг бөгөөд н.Мөнхбаярт даалгасан заалт нь уг захирамж дээр байгаа болно. Миний бие Батсүмбэр сумын Газрын даамлаар 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Мөн иргэн н.Баяраагийн Баярсайхан нь уг газрыг хууль бусаар авсан гэж удаа дараа гомдол гаргаж байгаа тул гуравдагч этгээдээр Б.Баярсайханыг оролцуулж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

3.4. Гуравдагч этгээд Б.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн газрын харилцааны газраас Д.Өлзийсайханы нэр дээр газрын зураглал хийгдсэн байна гэдэг нь 2005 онд бид нарыг хашаа бариагүй байхад Д.Өлзийсайхан бид хоёрын аман ярианаас сонсоод 1.1 га гэдэг кадастрын зураг 2005 онд хийгдсэн байгаа. Би энэ хашааг 2005, 2006 онд барьж дууссан. Би өөрөө барьсан. Д.Ганболд Засаг даргын хийж өгсөн А/73 дугаартай захирамж нь 2018 онд бид нар газрын маргаанаас болж маргалдаад эх хувь нь Д.Ганболд Засаг даргад өөрт нь байгаа. Тухайн үед газрын маргааныг шийдвэрлэсний дараа ирээрэй гэж байсан. Тэгсэн атлаа 2021 онд П.Сүндэрьяад А73 дугаартай захирамж гаргаад өгсөн байсан. Тэр захирамжаар захиргааны хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр газрыг шилжүүлж болдог. Гэхдээ тийм үндэслэл байхгүйгээр Д.Өлзийсайханы нэр дээр ямар ч захирамж байхгүй хууль бус захирамжийг П.Сүндэрьяагийн нэр дээр  шилжүүлсэн үйлдэл гарсан. П.Сүндэрьяа, Д.Өлзийсайханы өгсөн удаа дараагийн нэхэмжлэл, шаардлага бол бүгд худал. Шүүх танхимд үнэн ярих хэрэгтэй гэж бодож байгаа. П.Сүндэрьяагийн 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээ хийсэн. Саяхан олж авсан.  2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн он сар байхгүй, шаардлага хангахгүй, 1.1 га гэж бичсэн байна. 169 дугаартай захирамж бүхий газрын гэрчилгээн дээр 11 м.кв гээд бичсэн. Шаардлага хангахгүй бичиг баримтыг би олж авсан. Мөн үл хөдлөх хөрөнгө н.Өлзийсайхан нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр. Тэгээд гэрч авч ирье, яагаад таных байдаг юм бэ гэхэд, би нэг ч хадаас хадаагүй, Б.Баярсайханых гэж хүлээн зөвшөөрсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр. Өмнө өгсөн бичлэг дээр бид нарын хоорондын маргалдаж байгаа маргаанаас бүгд ойлгомжтой харагдаж байгаа. 2010 онд гэрчилгээ гаргаж авсан. Би тухайн үед сургуульд сурч байсан. Яагаад ингэж байгаа юм бэ гэхэд, эгч нь зээл авах гээд энийг ашиглах гэж байна. Худалдаж авахаар бол би нотариат дээр очоод гарын үсэг зурна гэж явсаар байгаад намайг ийм байдалд хүргэж байна. Худлаа яриад яваад байна. Сая хүртэл газар дээр очиход би айлд 2 гунжин үхэр зарсан. Түүнийг 8 болгосон байсан. Тэгэхээр гайхамшигтай худлаа ярьдаг. Энэ 2 гэрчилгээ яагаад надад байсан бэ гэхээр 2018 онд 20.000.000 төгрөгийн зээл авсан байж байгаад би байшингаа авъя гээд очиход манайх 8.200.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэрийг чи төлөөд авчих. Тэгээд зуръя гэж байсан. Тэгээд би 8.200.000 төгрөгийг төлөөд банкнаас гаргуулж аваад надад явж байсан гэрчилгээ. Хоёрдугаарт, Газрын даамал яагаад П.Сүндэрьяад гэрчилгээ гаргаж өгөхгүй, эзэмшүүлэхгүй байна вэ гэхээр Ковидын үеэр Газрын даамал над руу утасдсан. П.Сүндэрьяа гэрчилгээ авъя гэхээр Газрын даамал над руу утасдахаар П.Сүндэрьяа зугтаадаг. Ийм л зүйл болсон. Тийм тохиолдол байсан. Газрын даамал өөрөө сууж байна. П.Сүндэрьяа бид нарын маргааныг Д.Өлзийсайхан мэдэж байгаа. Тэгээд П.Сүндэрьяа газрын гэрчилгээг авъя гээд очдог. Над руу утасдахаар зугтаадаг. П.Сүндэрьяагийн ярьж, мэдүүлж байгаа нь худлаа. Ихэнх нь худлаа. Бараг бүгд худлаа. А/73-ын талаар эсрэг талын өмгөөлөгч ярьж байна. А/73 дугаар захирамж нь Захиргааны хуулиар бол мэргэжлийн байгууллагын барилга барих эрх, өөр зориулалтаар мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр шилжүүлдэг. Түүнээс нэг нь шүүх дээр ялагдахаар нөгөө рүү шилжүүлдэг зүйл биш гэж үзэж байна. Магадгүй надад тийм мэдлэг байхгүй учраас тэгж ойлгож байгаа. 169 дугаартай захирамж байхгүй. 73 дугаартай захирамж хуурамч байх гэж бодож байна. 2010 онд гэрээ хийж байсан. Он сар нь байхгүй. Ганцхан н.Болор-Эрдэнэ тамга дарсан байна. Тэгээд болоо. Он сар юу ч байхгүй. Ийм л зүйлүүд яваад байгаа гэв.

3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Мэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Баярсайханы гаргасан саналыг дэмжиж байгаа. Анхнаасаа захирамж гараагүй байхад газрын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан. 169 дугаартай захирамж нь өөр захирамж байсан. Одоо эзэмшиж байгаа П.Сүндэрьяа, Д.Өлзийсайханы нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээнүүд нь хуурамч гэх байр суурьтай байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын гэрчилгээ, захирамж гарсан талаар амаараа хуурамч, хуурамч талаар нотлох баримт байхгүй гэж ярьж байна. 3 хувь үйлдэгддэг бол газар эзэмших гэрчилгээ өөрт нь нэг хувь байх ёстой. Гэтэл энэ захирамжийн нэг ч хувь нь олдохгүй байгаа. Тамгын газраас гарч ирсэн 169 дугаартай захирамж бол өөр утгатай захирамж байгаа. Гэтэл энэ захирамж огт байхгүй. Хэрэв 3 хувь үйлдсэн бол заавал аль нэг нь гарч ирэх ёстой. Байхгүй болохоор 169 дугаартай захирамж байхгүй гэсэн үг. Гарсан байгаа захирамж бол Тамгын газрын архиваас гарч ирсэн. Одоо бол 169 гэж яриад зарим тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад 189 гээд тоог нь буруу зөрүү тавиад байна. Хуурамчаар үйлдсэн гэдгийг нотлох баримт байхгүй гэж байна. Улсын Ерөнхий Прокурорын газарт гуравдагч этгээдээс гомдол гаргаж очсон. Хэргийн 34 дүгээр талд байгаа. н.Шинэбат гээд Улсын ерөнхий прокуророос ирсэн хариу бичиг байгаа. Энэ нь эрүүгийн хэргийн шинжтэй байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэх хариу өгсөн. Хууль бусаар гэрчилгээнүүдийг гаргуулаад авсан талаар нотолж байгаа баримт гэж үзэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын захирамж гарсан гэж үзэж байна. Гэтэл энэ захирамж олдоогүй. Нэгэнт энэ захирамж байхгүй бол энэ захирамжаас хойш гарсан бүх зүйл хууль бус гэж үзэхээр харагдаж байна. Хэрвээ тэр газрын гэрчилгээ, захирамжийн нэг хувь хэн нэгнээс нь гараад ирвэл байна. Гэтэл газрын гэрчилгээг хуурамч гэсэн нотолсон баримт нь 169 дугаартай  буцалтгүй тусламж олгох тухай өөр захирамж байна. Газрын гэрчилгээг тэр захирамжийг үндэслэж гаргах ёстой байтал захирамж нь байхгүй байхад газрын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл олгож байгаа хүмүүс захирамжийг үзэлгүйгээр олгосон байна. Хуурамч байна гэж үзэж байна. Үүнийг Улсын ерөнхий прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй байж магадгүй. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэх нотлох баримт байгаа. Газраа үнэлэхгүй байгаа. Үл хөдлөхөө өөрийнх гээд гэрчилгээнүүдийг авсан учраас үүнийг үнэлээд банканд барьцаанд тавихад өндрөөр үнэлэгдсэн. 52.000.000 төгрөг, 18.000.000 төгрөг гээд. Газраа үнэлэхгүйгээр зөвхөн 2 үл хөдлөх хөрөнгөө үнэлсэн. Хашааг нь үнэлэхгүй байгаа. Энэ хоёрыг 70.000.000 гаруй төгрөгөөр барьцаалаад зээл аваад байгаа. Олон жил эдний барьсан байранд амьдарсан. Уг нь зах зээлийн үед байшинд нь амьдарсан бол түрээсийн мөнгө байх ёстой. Гэтэл байхгүй байгаа. Ийм учраас 169 тоот захирамж байхгүй байгаагаас хойш гарсан захирамжийг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр П.Сүндэръяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлжээ.

  1. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
    1. Нэхэмжлэгч талаас “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газрыг Д.Өлзийсайханд 15 жилийн хугацаатай фирм, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшүүлсэн. Газрыг эзэмшиж байх хугацаандаа газрыг зориулалтын дагуу эзэмшиж, газар дээрээ 128 мкв үнээний фирмийг барьж Y-1403000444 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээ, 56 мкв хувийн орон сууцыг барьж Y-1403000415 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг авч, газар эзэмшигч Д.Өлзийсайхан, түүний эхнэр П.Сүндэръяагийн эзэмшилд шилжүүлсэн захирамж гарсан. Тус захирамжийн дагуу П.Сүндэръяа шилжүүлэн авсан газраа газрын мэдээллийн санд бүртгүүлж, газрын даамалтай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газрын гэрчилгээ авах хүсэлтийг гаргасан боловч Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамал нь анхны эзэмшигч Д.Өлзийсайханд олгосон сумын Засаг даргын захирамж сумын архивд хадгалагдаагүй, мөн тус газар нь маргаантай байгаа учраас газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ олгох боломжгүй гэж эс үйлдэхүй гаргасан” гэж, 
    2. Хариуцагч талаас “Сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 169 тоот захирамжийг үндэслэн, ферм, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11000 м.кв 578467 дугаар бүхий гэрчилгээг тус сумын Газрын даамал болон 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бичиж өгсөн байдаг бөгөөд уг захирамжийг архиваас шүүж үзэхэд 2010 оны 08 дугаар сарын 18-ны 169 дугаар захирамжаар буцалтгүй тусламж олгох тухай захирамж гарсан байдаг. 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А73 дугаар захирамж нь өмнөх Газрын даамал н.Мөнхбаяр төлөвлөсөн захирамж бөгөөд 2021 оны 03 дугаар сард Засаг дарга дээр орж захирамж гаргасан байдаг бөгөөд н.Мөнхбаярт даалгасан заалт нь уг захирамж дээр байгаа болно” гэж.
    3. Гуравдагч этгээд талаас “Төв аймгийн газрын харилцааны газраас Д.Өлзийсайханы нэр дээр газрын зураглал хийгдсэн байна гэдэг нь 2005 онд бид нарыг хашаа бариагүй байхад Д.Өлзийсайхан бид хоёрын аман ярианаас сонсоод 1.1 га гэдэг кадастрын зураг 2005 онд хийгдсэн байх. Би энэ хашааг 2005, 2006 онд барьж дууссан. Би өөрөө барьсан. Д.Ганболд Засаг даргын хийж өгсөн А/73 дугаартай захирамж нь 2018 онд бид нар газрын маргаанаас болж маргалдаад эх хувь нь Д.Ганболд Засаг даргад өөрт нь байгаа. Тухайн үед газрын маргааныг шийдвэрлэсний дараа ирээрэй гэж байсан. Д.Өлзийсайханы нэр дээр ямар ч захирамж байхгүй хууль бус захирамжийг П.Сүндэрьяагийн нэр дээр  шилжүүлсэн үйлдэл гарсан. П.Сүндэрьяа, Д.Өлзийсайханы өгсөн удаа дараагийн нэхэмжлэл, шаардлага бол бүгд худал. Анхнаасаа захирамж гараагүй байхад газрын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан. 169 дугаартай захирамж нь өөр захирамж байсан. Одоо эзэмшиж байгаа П.Сүндэрьяа, Д.Өлзийсайханы нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээнүүд нь хуурамч гэх байр суурьтай байна. Ийм учраас 169 тоот захирамж байхгүй байгаагаас хойш гарсан захирамжийг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж Сумын Засаг даргын газрын харилцааны талаар бүрэн эрхийг, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж Сумын газрын даамал, дүүргийн газрын албаны бүрэн эрхийг нь хуульчилсан байна.

3. Нэхэмжлэгч П.Сүндэръяад Засаг даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/73 дугаар захирамжийг үндэслэн Мандал 1 дүгээр баг, Улаан худаг 1-1 тоотод байрлах 11.031 метр квадрат газрыг шилжүүлсэн[2] байх ба газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болгосон Батсүмбэр сумын Засаг даргын 2010 оны 08 сарын 18-ны өдрийн 169 дугаар захирамжийн тухайд нэхэмжлэгч, хариуцагч талууд маргаантай байхаас гадна хариуцагчийн эс үйлдэхүй гаргасан гэх буюу нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхгүй байх шалтгаан нь тус захирамжинд болон гэрчилгээнд бичигдсэн 11031 м2 хэмжээтэйгээр бичигдэх бодит боломжгүй байгаад байна.

Тодруулбал, шүүхээс маргаан бүхий газарт очиж үзлэг хийхэд тус газарт хашаалсан хашааны хэмжээ нь 8368 м2 орчим байгаа, энэ хашааг нийтийн эзэмшлийн гудамж талбай руу сунгаж барьсан гудамжийг чөлөөлж гаргавал 8000 м2 ч хүрэхгүй болно гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч нар бүгд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ тохиолдолд хариуцагч газрын даамал газар эзэмших харилцаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчид 11031 м2-аар буюу бодит байдалд нийцэхгүй том хэмжээ бүхий газрыг эзэмшдэг гэж гэрээ хийж, гэрчилгээ олгох, улмаар мэдээллийн санд оруулах боломжгүй учир хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэтэл гэрчилгээ бичүүлж, мэдээллийн санд оруулахыг хүсэж буй нэхэмжлэгчийн шаардлага нь 11031 метр квадрат газар дээр гэрчилгээ олгуулах, мөн 11031 метр квадрат газрыг мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг газрын даамалд даалгахыг хүссэн. Шүүх газрын хэмжээ зөрүүтэй байхад нэхэмжлэлийг хангаж шийдэх боломжгүй. Яагаад гэвэл 11031 метр квадрат газрын гэрчилгээгээр хажуу айлуудынхаа газартай давхцаж сөрөг үр дагавар бий болно.

Эндээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “... газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд энэ хуулийн заалт зөрчигдөж байгаа тохиолдолд газрын даамал албан тушаалтанд хууль зөрчихийг шүүх даалгах боломжгүй.

Нөгөө талаар мэдээллийн санд 11031 метр квадрат гэж бүртгэж мэдээллийн санд оруулах юм бол газрын даамлаас ирүүлсэн зураглал болон баримтаар зүүн талын айлынхаа бусдын эзэмшил ашиглалтын газартай давхацсан байсан. Бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцаж байхад 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/73 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгчид шилжүүлж өгөх боломжгүй.

Хуульд “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан байх ба энэ маргааны хуувьд газрын даамалд холбогдуулан маргахад газрын хэмжээний асуудал байгаа нь газрыг иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлж, ашиглуулж, зохион байгуулах бүрэн эрх нь сумын Засаг даргын бүрэн эрх бөгөөд, сумын газрын даамлын бүрэн эрхэд хамаарахгүй байх тул түүнийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Тодруулж хэлвэл Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу эзэмшүүлэх шийдвэр, захирамж гарсны дараа газрын даамал гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх хуулийн зохицуулалттай байна.

Харин гуравдагч этгээдийн хувьд уг газар эзэмших, ашиглах, өмчлөх, талаар хүсэлт гаргасан талаар болон уг газрыг эзэмших эрхтэй байсан гэж үзэх ямар нэгэн баримт байхгүй тул түүний энэ газрыг эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Б.Баярсайханы тайлбараас үзвэл Б.Баярсайхан нь тус маргаан бүхий газарт барилга, орон сууц барьсан болох нь талуудын тайлбараар тодорхойлогдож байх боловч газар эзэмших эрхгүй этгээд нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр орон сууц барьсан гэж үзэх үндэслэл гарч ирнэ энэхүү зөвшөөрөлгүй газар барилга барьснаар уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

 Харин нэхэмжлэгч иргэн П.Сүндэръяад 2021 оны А/73 дугаар захирамжаар түүнд газар эзэмших эрхээ шилжүүлсэн иргэн гэх Д.Өлзийсайхан нар нь өөрсдийн оршин сууж буй газраа сумын Засаг дарга /эрх бүхий этгээд/-д зохих ёсоор хүсэлт /хавсаргах зураг кадастр гэх мэт/-ийг гаргасны үндсэн дээр газрын хэмжээ, эзэмшигчээ зөвтгөн шийдвэрлүүлж авах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд сумын газрын даамал нь энэ маргаанд хариуцагчаар орсон бөгөөд иргэний газар эзэмшлийн асуудлаар газрын хэмжээг өөрчлөх эсхүл бодит байдалд нийцэхгүй хэмжээгээр иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, бодит бус хэмжээгээр газар эзэмшүүлэх гэрээ хийж, улмаар бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж буй хөрш айлуудын газарт давхцалтай байдлаар нэхэмжлэгчийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй тул хариуцагчийн энэ үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Улмаар энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хоёр дугаар шаардлага гэж тодорхойлсон “Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг мөн хангах үндэслэлгүй болж байна.

Дээрхээс нэхэмжлэгч П.Сүндэръяагийн нэхэмжлэлтэй, Батсүмбэр сумын Газрын даамалд холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.14, 106.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 34 дугаар зүйлийн 34.1-т заасныг тус тус баримтлан иргэн П.Сүндэръяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн нэхэмжлэлтэй, Батсүмбэр сумын газрын даамалд холбогдох Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтас 11 тал

[2] 1 дүгээр хавтас 6 тал