Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

 

 

Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00376 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Чын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бт холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй,

Орон сууцны үнэд төлсөн 68 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Оюунбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч нь улсын бүртгэлийн Ү-2206047608 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 83а байрны 05 тоот хаягт байрлах 62,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь юм.

Гэтэл Б гэх хүн дээрх орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэр бүл хамаатан саднаараа амьдарч, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Бт хандан орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгч, өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Быг танихгүй, өөрийн өмчлөлийн энэ орон сууцыг “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж шилжүүлсэн боловч уг компаний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан талаар мэдэгдсэн.

Мөн “Тэнгэр бурханы хишиг” компаний захирал А.Мөнх-Амгалан нь нэхэмжлэгчийн дүү болох Ж.Эрдэнэд холбогдуулан залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан нь мөн гэрээг цуцлах үндэслэл болсон.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, “Тэнгэр бурханы хишиг” ХХК нь иргэн Бтай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөлд маргаагүй, “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлөгдсөн 68 000 000 төгрөгийн асуудал ярьж татгалздаг. Энэ татгалзал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

Нэхэмжлэгч Ч нь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний харилцаанд оролцсон, хариуцагч Б нь мөн “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний харилцаанд оролцсон байгаа тул хариуцагчийн татгалзал манай нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.

Ч, Б гэх хүнийг танихгүй харж байгаагүй. Б “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д мөнгө өгсөн бол тэр компаниас нэхэмжлэх эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 83а, 5 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чын нэхэмжлэлийнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХУД-ийн 15-р хороо Үйлдвэр туул гол гудамж 83а байрны 5 тоот байрыг "Тэнгэр бурханы хишиг" ХХК үл хөдлөх хөрөнгө зуучийн газраас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэнд нийт 68 000 000 төгрөг төлж авсан. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй, хэн аль нь гэрээнээс татгалзаагүй байгаа. Ч, “Тэнгэр бурханы хишиг" ХХК нь миний байрны үнэд өгсөн 68 000 000 төгрөгийг буцаан өгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах юм бол би байрнаас гарч болно.

Би гэрээний үүргээ биелүүлж урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөгийг “Тэнгэр бурхны хишиг” ХХК-аар дамжуулан Чд сар бүр мөнгөө төлж ирсэн. Харин Чын байр нь хүйтэн, муухай өмхий үнэртэй, угаалгын өрөө, нойлын өрөөнөөс байнга ус алддаг байсан тул би уг байдлыг засаж өгөхийг Чд хэлэхэд засаж өгнө тэр болтол сар бүр төлөх мөнгөө өгөхгүй байж болно, хэрвээ бүр болохгүй бол би авсан 68 000 000 төгрөгөө буцааж өгөөд байраа буцаан авъя гэж байсан боловч ахиж энэ талаар ярихгүй алга болсон.

Ч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байрны доголдлыг засч өгөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээсээ татгалзаж байгаа тул энэ байрыг өмчлөлдөө авахын тулд Чд төлсөн 68 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар хариуцагч Быг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62,6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047608 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс албадан нүүлгэж, уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 68 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 497 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд Цагдаагийн байгууллагад гэрчээр Ч болон А.Мөнх-Амгалан нарын өгсөн мэдүүлэг, орон сууцны төлбөр хийгдсэн баримтуудыг гаргуулах, мөн А.Мөнх-Амгаланд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасаар байхад шүүгч хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй гэж илт нэг талыг барьж, бодит үнэнд нийцээгүй дүгнэлт гаргасан.

Мөн миний бие өвчтэй, өмгөөлөгч гадаад улсад томилолтоор ажилтай байгаа тухай хүсэлтийг гаргаж өгсөн байхад шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргах эрхээр хангалгүй шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Бт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 68 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч нь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж, уг гэрээгээр Ч нь улсын бүртгэлийн Ү-2206047608 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 83а байрны 05 тоот хаягт байрлах 62,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 138 000 000 төгрөгөөр худалдах, “Тэнгэр бурханы хишиг” ХХК нь 42 сарын хугацаатай, сар бүрийн 28-ны өдөр 2 565 000 төгрөг төлж түрээслэх, төлбөрийг гэрээний хугацаанд бүрэн төлж дууссаны дараа Ч өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхээр тохиролцсон,

“Тэнгэр бурханы хишиг” ХХК нь хариуцагч Бтай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж, уг гэрээгээр Б нь дээрх орон сууцыг нийт 138 000 000 төгрөгөөр худалдан авах бөгөөд урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 42 сарын хугацаанд сарын 0.8 хувийн хүүтэй төлөх, “Тэнгэр бурханы хишиг” ХХК нь төлбөрийг бүрэн төлж дуусганы дараа орон сууцны өмчлөх эрхийг Бт шилжүүлэх үүргийг тус тус хүлээн тохиролцсон байна.

 

Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх нь тогтоогдоогүй, уг гэрээнүүдийн нэг тал болох “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хариуцагч талын хүсэлтийг анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 240 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн өмчлөгчийн орон сууцыг хариуцагч эзэмшиж байгаа үйл баримттай холбоотойгоор хариуцагчийн эзэмшил хууль ёсны үндэслэлтэй эсхийг тогтооход гуравдагч этгээдийн тайлбар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь оролцоо ач холбогдолтой байх боломжтой. 

 

Иймд “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байна.

 

“Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн захирал А.Мөнх-Амгалан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хариуцагчийн болон гуравдагч этгээд А.Мөнх-Амгалангийн хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ уг этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хувиар эсхүл компанийн захирлын хувиар оролцох эсэхийг тодруулах шаардлагатай байна.

 

Түүнчлэн хариуцагч нь өмгөөлөгч Ж.Ариунжаргалаас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2020/01626 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Б нь өмгөөлөгч Ц.Оюунбаатартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж, өмгөөлөгч Ц.Оюунбаатар нь 2020 оны 02 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод болох Олон улсын Парламентын Энхтайваны бага хуралд илтгэл тавин оролцох болсонтой холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасныг шүүх 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2020/02257 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ хариуцагч Быг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй гэж дүгнэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж буйг анхаараагүй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА