| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00604/И |
| Дугаар | 130/ШШ2024/00718 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2024/00718
| 130/ШШ2024/00718 |
Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гаргасан
нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг,
хамтран хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг тус тус баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мйерамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ** дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Е” хоршоо /захирал М.М/;
Хариуцагч: Б аймгийн С сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн С сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг /эрхлэгч Б.З/;
Хариуцагч: Б аймгийн С сумын * дугаар оршин суух, Б овогт К.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан махны үнэ 41,550,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Е” хоршоо нь хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэг, хамтран хариуцагч К.Н нараас зээлээр авсан махны үнэ 41,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Е” хоршооны захирал М.М миний бие 2023 оны өвөл бэлдсэн хонь, ямааны гулууз махыг 2024 оны 01 дүгээр сараас эхлэн худалдан борлуулсан бөгөөд ингэхдээ миний хүү болох М.Е нь олон нийтийн сүлжээ болох FАСЕВООК-ийн зарын хуудаснуудад гулууз мах худалдаж байгаа тухай зар байршуулсан.
1.2. Улмаар 2024 оны 03 дугаар сарын сүүлээр Н гэдэг эмэгтэй өөрийгөө “С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилладаг” гэж танилцуулан байгууллагадаа буюу С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгт гулууз мах зээлээр авмаар байна гэж хэлсэн. Тэр үед Н нь “аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-тай гэрээ байгуулан байнга зээлээр бараа авч, дараа нь мөнгийг шилжүүлэн өгнө” гэж тайлбарлан “Б” ХХК-ийн падаануудыг үзүүлэхээр нь түүний хэлсний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлээр 714 кг хонины гулууз махыг 1 кг-ыг нь 10.000 төгрөгөөр тооцож, нийт 7,140,000 төгрөгийн махыг “С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгт зээлээр авлаа” гэж хэлээд авч, би “Е” хоршооны падаанд гарын үсэг зуруулж авсан.
1.3. Тэгж байтал 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин С сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт гулууз мах хэрэгтэй боллоо гэж хэлж, 1059 кг хонины гулууз махыг 1 кг-ыг нь 10,000 төгрөгөөр тооцож, 10,590,000 төгрөгийн гулууз махыг, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 512 кг гулууз махыг 10,000 төгрөгөөр, 1,700 кг гулууз махыг 11,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 23,820,000 төгрөгийн гулууз махыг зээлээр авч, тооцоог 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар болж, “Е” хоршооны падаанд гарын үсэг зурж өгөөд явсан.
1.4. Үүнээс хойш С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч гэх Н нь мөнгийг байгууллагаас удахгүй шилжүүлж өгнө, өнөө маргаашдаа өгөх гэж байна гэж хэлсээр байгаад өдий хүрсэн боловч 1 ч төгрөгийн мөнгийг манай хоршооны дансанд төлж өгөөгүй болно.
Иймд хариуцагч С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэг, хамтран хариуцагч К.Н нараас зээлээр авсан гулууз махны үнэ 41,550, 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Нэхэмжлэгч “Е” хоршооны хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухай хүсэлтэд:
2.1. Нэхэмжлэгч Е хоршоогоос хариуцагч С сумын Хүүдийн * дугаар цэцэрлэг, хамтран хариуцагч К.Н нарт холбогдуулан зээлээр авсан махны үнэ 41,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хамтран хариуцагч К.Н нь уг зээлээр авсан махны үнэ 41,550,000 төгрөгийг төлж өгөх талаар тайлбараа ирүүлсэн байх тул энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.
2.2. Иймд К.Н-аас зээлээр авсан махны үнэ 41,550,000 төгрөгийг гаргуулж өгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Харин хариуцагч С сумын Хүүдийн 2 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгээсээ татгалзаж байна.
3. Хариуцагч Х.Е нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
3.1. Миний бие К.Н нь Е хоршооны хариуцагч Б аймгийн С сумын хүүхдийн * дугаар цэцэрлэг болон хамтран хариуцагч надад холбогдуулан гаргасан зээлээр авсан махны үнэ 41,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү Е хоршооноос зээлээр махыг би хувь хүний хувиар авсан ба үүнд С сумын хүүхдийн * дугаар цэцэрлэг ямар ч хамаагүй би тухайн үед тус цэцэрлэгт тогоочоор ажилладаг гэж л хэлж хувьдаа авсан.
3.2. Би уг Е хоршооны нэхэмжилсэн зээлээр авсан махны үнэ 41,550,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч “Е” хоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэг, хамтран хариуцагч К.Н нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Е” хоршоо нь хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хамтран хариуцагч К.Н нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 41,550,00 төгрөгийг нэхэмжлэгч “Е” хоршоонд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг болон хамтран хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Нэхэмжлэгч “Е” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,700 төгрөгийн тал 182,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 182,850 төгрөг, мөн хамтран хариуцагч К.Н-аас 182,850 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Е” хоршоонд олгож шийдвэрлэх нь зүйтэй.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Е” хоршоо нь хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч К.Н нь зээлээр худалдан авсан махны үнэ 41,550,000 /дөчин нэгэн сая таван зуун тавин мянган/ төгрөгийг нэхэмжлэгч “Е” хоршоонд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Е” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,700 төгрөгийн тал 182,850 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 182,850 төгрөг, мөн хамтран хариуцагч К.Н-аас 182,850 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Е” хоршоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК