Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 232

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 1721000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их базар” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 5, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Талын шилтгээн хотхоны 1-20 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******.   /РД: *******/

 

Шүүгдэгч ******* овогт  ******* ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Сити” баарны үүдний хэсэгт хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.

 

- Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би ганцаараа баарны дунд хэсэгт байрлах бүжгийн талбайн дунд хэсэгт зогсож байсан чинь нэг залуу гарч ирээд миний хөлөн дээр гишгэхээр нь би тухайн залууд хандаж  хэлэхэд чиний хөл дээр гишгэхэд яадаг юм гэж надад хандаж хэлэхээр нь хоёулаа эрэгтэй хүмүүс байна, гар бариад салах гэсэн чинь чи наашаа хүрээд ир гээд тухайн баарны үүдэн хэсэгт очоод чиний хөл дээр гишгэхэд яадаг юм гэж дахин хэлэхээр нь би цагдаад асуудалтай байгаа, чамтай муудалцмааргүй байна гэсэн чинь миний нүүрэн хэсэг рүү нэг удаа цохьсон бөгөөд үл таних 2 залуу ирээд бид хоёрыг болиулах гэсэн чинь ******* нэг найзыгаа холдуулаад миний нүүрэн хэсэг рүү 2-3 удаа цохиод миний хоолойг боохоор нь гарыг нь татаж салгаад би тухайн залууд хандаж үг хэлээрээ чамтай ойлголцохгүй юм байна гэж хэлээд тухайн баарнаас гараад явсан. Миний хамар хөндүүр байгаа, мөн баруун нүд зовиуртай байгаа...” гэжээ.  /хх-ийн 07 тал/

 

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Сити баар руу ороод бид хоёр нэг нэг пиво уугаад сууж байгаад бид хоёр тухайн баарны голд талбай дээр бүжиглэхээр болсон бөгөөд манай *******тай нэг залуу маргалдаж байх шиг байсан бөгөөд тэр хоёр баарны үүдэн хэсэг рүү очиход би найзынхаа хамт баарны үүдний хэсэг рүү гараад танихгүй залуу манай найзыг мөргөхөд зөрүүлээд манай найз цохилцоод хоорондоо маргалдаад байсан. ******* тухайн залуугийн хөл дээр гишгээд тэр хоёр хоорондоо маргалдсан...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 685 тоот актын дүгнэлтэд

            1. *******ын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал,  баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг орчмын зөөлөн эдийн няцрал болон зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

     2. Дээрх гэмтлүүдийн хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт нь дангаараа, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг орчмын зөөлөн эдийн няцрал болон зулгаралт нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 21 тал/

     - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/

     - Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 05 тал/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 13 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт  ******* ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Сити” баарны үүдний хэсэгт хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 685 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч ******* нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Хохирогч ******* нь шүүгдэгч *******ас хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ