Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/555

 

 

 

 

2022               5              24                                       2022/ДШМ/555

 

Г.Б, П.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

яллагдагч Г.Бы өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/875 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Оюун-Эрдэнийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Г.Б, П.А нарт холбогдох 2106 00000 1640 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн Пийн А, 1985 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар, 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 125 дугаар зүйлийн 125.1, 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

2. Ж овгийн Ггийн Б, 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн;

Яллагдагч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч байсан С.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед сэрээгээр хатгасны улмаас зүүн мөр, хоёр гуяны хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Улаанбаатар зочид буудлын ертөнцийн зүгээр урд талын сааданд жирэмсэн эхнэр Цыг өөрийг нь алгадсан гэх шалтгааны улмаас шанаа, нүүрэн тус газарт 2 удаа гараараа зохиж баруун, зүүн үүдэн дээд 1 дүгээр шүднүүдийн сулрал, дээд буйланд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

эхнэр Г.Цыг 2019 оны 5 дугаар сард, 2020 оны 1 дүгээр сар, 2021 оны 5 дугаар сард, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус тус зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн,

яллагдагч Г.Б, П.А нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр иргэн Б.Эын эд хөрөнгийг авах зорилгоор Тоёота Рактис /Toyota Ractis/ загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь архи ууж байсан газраасаа холдуулж, бургас мод мөргүүлэн зогсож, Г.Б нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Б.Эыг араас нь боож, П.А нь 3 ширхэг алтан бөгжийг нь авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэний улмаас 1.806.000 төгрөгийн хохирол, 700.000 төгрөгийн автомашины эвдрэл бүхий хор уршгийг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

П.А, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хэргийг урьд прокурорт буцаасан захирамжийн биелэлт бүрэн дүүрэн хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 2985 дугаар захирамжаар хохирогч Б.Эын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмтээсэн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох, ямар хохирлыг хэнээс, ямар хэмжээгээр гаргуулах, автомашинд учирсан 700.000 төгрөгийн хохирол нь дээрмийн гэмт хэргээс үүссэн хор уршиг мөн эсэх, хохирогч Б.Эын барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан гэх бөгжийг хохирогч хэзээ буцаан авсныг тодруулахын тулд барьцаалан зээлдүүлэх газрын бүртгэлтийн систем, тодорхой баримт бичгүүдэд үзлэг хийх, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлтийн зөрүүтэй байдлыг залруулах, шүүгдэгч нарын хамтран оролцсон хэлбэр, эсхүл бүлэглэн үйлдсэн эсэхийг тодорхойлох, хохирогч С.М, Г.Ц нарын биед тус тус хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь ямар үргэлжилсэн үйлдлүүдийн нэгдлийг хангаж байгаа эсэх, Г.Б нь 2019 оны 5 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сар, 2021 оны 5 дугаар сард хохирогч Г.Цын биед халдаж, зодсонтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн эсэх талаар тодруулах, нотлох баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэргийг прокурорт буцаасан хэрэгт тодорхой ажиллагаа хийгдсэн буюу хохирогч Б.Э нь бөгжөө барьцаалан зээлдүүлэх газраас хэзээ буцаан авсан эсэх талаар зарим нөхцөл байдлыг тодруулсан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийн зөрүүг арилгасан, яллагдагч нарын хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлсон, яллагдагч Г.Бы хохирогч С.М, Г.Ц нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийн зүйлчлэлд зохих өөрчлөлтийг оруулсан, хохирогч Г.Цын биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан гэх нөхцөл байдалд АСАП сангийн мэдээлэл зэргийг хавсаргасан байх боловч захирамжид заасан үндэслэлүүдийн бусад хэсгийн биелэлт хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь хохирогч Б.Эын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмтээсэн гэх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох, ямар хохирлыг хэнээс, ямар хэмжээгээр гаргуулах, автомашинд учирсан 700.000 төгрөгийн хохирол нь дээрмийн гэмт хэргээс үүссэн хор уршиг мөн эсэх зэргийг тогтоогоогүй гэж үзэв. Түүнчлэн, нэмэлт мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Эаас дахин мэдүүлэг, “Найдвар” нэртэй ломбардыг ажиллуулдаг Д.Цэрэндолгор, хохирогч Б.Эын охин Б.Жамъянмядаг нараас гэрчийн мэдүүлэг авч, холбогдох барьцаалан зээлдүүлэх гэрээнд үзлэг хийсэн, банкны гүйлгээний хуулга зэрэг баримтыг хавсаргасан байх бөгөөд тус ломбард нь цахим бүртгэлийн систем, эсхүл гар бүртгэл ашигладаг эсэх, хэрэв цахим бүртгэл ашигладаг бол тухайн системд барьцаалбартай холбоотой хаалт хийсэн эсэх, мөн 1 дүгээр хавтас хэргийн 98 дугаар талд авагдсан барьцаалан зээлдүүлэх гэрээнд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр барьцаалбарыг буцаан авсан талаар хэн бичилт хийснийг тодруулаагүйг шүүгчийн захирамжийн холбогдох биелэлт хангагдаагүй гэж үзэхийн зэрэгцээ уг нөхцөл байдал нь нотолгооны ач холбогдолтой, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эргэлзээгүй тогтоох үйл баримт гэж үзэхээр байна. Иймд яллагдагч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн эсэхийг тогтоох, хохирлыг хэрхэн хуваарилж байгааг тодорхойлох, барьцаалан зээлдүүлэх газрын цахим бүртгэлийн системд үзлэг хийх, хохирогч Б.Эын гарган өгсөн барьцаалан зээлдүүлэх гэрээнд барьцаалбарыг буцаан авсан талаар хэн бичилт хийснийг тодруулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч П.А, Г.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, яллагдагч нарт өөр таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хохирогчийн эд хөрөнгийг устгая, гэмтээе гэх гэмт санаа зорилго агуулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байхаар хуульчилсан. “Хор уршиг” гэсэн заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт гэмт хэргийн шинж болгож заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон үр дагавар гэж ойлговол зохино гэж Улсын Дээд шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хуулийн хор уршиг, гэм хор гэсэн заалтыг зөв хэрэглэх талаар зөвлөмжид тусгасан. П.А, Г.Б нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийг жолоочийн эсрэг талын суудалд унтаж байхад машин дотор сууж, П.А нь машиныг унаж, хохирогчийг ганцаар үлдээсний дараа дээрэмдэх гэмт хэргээ төгсгөх буюу эхнээсээ зөвхөн хохирогчийн алтан бөгжнүүдийг авахын тулд хамт архи ууж байсан газраасаа, хүмүүсээс холдуулах л санаа зорилго агуулж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин машиныг байрнаас нь хөдөлгөсөн үйлдэл нь хохирогч Б.Эын өмчлөлийн тээврийн хэрэгслийг устгах, гэмтээх санаа зорилго агуулаагүй бөгөөд дээрмийн гэмт хэргийн улмаас болгоомжгүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэж байна. Шүүгдэгч нар нь хоёулхнаа зөвхөн хохирогчтой үлдэх, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хэн нэгэн саад учруулахгүй байх орчныг бүрдүүлэх зорилгоор голын эргийн бургасан дунд автомашиныг оруулах явцдаа 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн БЗДЗ-21-353 дугаартай шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн эвдрэл гэмтлийг учруулсан байдаг. Иймд тээврийн хэрэгслийн эвдрэл нь дээрэмдэх гэмт хэргийн үйлдлийн улмаас учирсан хор уршиг гэж тодорхойлсон болно. Уг гэмт хэргийг үйлдэх үедээ шүүгдэгч нар нь санаатай нэгдсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйлчилсэн бөгөөд шүүхээс ял оногдуулахдаа хамтран оролцогч нарын үйлдэл оролцоог харгалзан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх талаар дүгнэлт хийх боломж шүүхийн эрх хэмжээнд хамаарч байгааг онцлох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь тухайн цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдэж, хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгслийг П.А жолоодож явснаараа хохирлыг төлөх ёстой гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.  Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн ба энэ нь мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл, шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл заалт, хэсэгт заасан болохыг тусгаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурорын хэлсэн тайлбарыг шүүх яагаад үгүйсгэн няцааж байгаа талаараа үндэслэлээ дурдаагүй, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар уншиж сонсгосон атлаа захирамжлах хэсэгт өөр таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгасугай гэж зөрүүтэй, ойлгомжгүй тусгасан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. ...” гэв.

Яллагдагч Г.Бы өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. “Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинж байгаа” гэх заалтыг дэмжихгүй байна. Бусдыг нь дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Б, П.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон Г.Б, П.А нарыг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Г.Б, П.А нарын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж тус тус хуульчилсан байхад анхан шатны шүүх Г.Б, П.А нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа яллагдагч П.А, Г.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, яллагдагч нарт өөр таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Иймд шүүгдэгч нарт хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Б, П.А нарт холбогдох эрүүгийн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/875 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Г.Б, П.А нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч Г.Б, П.А нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ