Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00175 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хнд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 5 567 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Хатанзориг нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 15 минутанд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу-21 хаягт байрлах, П цогцолборын авто зогсоолын хаалгыг тоёота аллион маркийн 58-44 УНЛ улсын дугаартай авто машинаар мөргөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасныг зөрчсөн зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон.

Уг зөрчлийг Замын цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөний хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч шалган 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийтгэлийн хуудсаар шийдвэрлэж 100 000 төгрөгөөр торгосон.

Өөрөөр хэлбэл Б.Хатанзориг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж “П” ХХК-ийн эд хөрөнгөнд 5 567 800 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Гэтэл Б.Хатанзориг нь сайн дураар энэ хохирлыг өнөөг хүртэл төлөхгүй байгаа бөгөөд түүний гаргасан зөрчлийг хянан шийдвэрлэсэн шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Уг авто машины эзэмшигч Хн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчид учирсан хохирол болох 5 567 800 төгрөгийг хариуцагч Хнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн осол гарсан өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болон урьд өдрүүдэд нь Улаанбаатар хотод цас орсон, халтиргаа гулгаатай хүнд нөхцөл бий болсон байсан.

Тухайн өдөр “П” ХХК-ийн авто зогсоол руу орох хэсэг мөс болсон байсан, тоормоз гишгээд байхад хаалганд тулсан. “П” ХХК-ийн өмчлөлийн авто зогсоолын орох хэсгийн налуу, тойрог болон зорчих хэсэг нь зохих хууль тогтоомж болон стандартад нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй. Гулгаанаас сэргийлээгүй, мөсөө цэвэрлээгүй байсан “П” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоод зам тээврийн осол гарсан.

Намайг гэм буруутай гэсэн цагдаагийн дүгнэлт, торгосон шийтгэвэр, эвдрэлийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд гомдол, хүсэлт гаргаагүй. “П” ХХК-ийн 100 хувийн буруутай үйл ажиллагаанаас болоод зам тээврийн осол гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Хнаас 5 567 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 104 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хнаас 104 034 төгрөг төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Хатанзориг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн охин Хны өмчлөлийн Тоёота аллион маркын 58-44 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт орших “П” ХХК-ийн П цогцолборийн зоорийн давхарт байх авто зогсоол руу орох үед гулгаанаас сэргийлэх төхөөрөмж хийгдээгүй, цас, мөсөө цэвэрлээгүй байснаас гулсалт үүсэж, уг цогцолборийн хаалгыг мөргөж, хохирол учирсан байдаг.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх үед надтай хамт явсан Б.Мөнхнаран, М.Алтан-Очир нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон Цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн тухайн үеийн Улаанбаатар хотын цаг агаарын мэдээ зэргээр зөрчил гарах үед хур тундас орж байсан, авто зогсоолын орох хэсэг халтиргаатай, мөсжилт үүссэн байснаас тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч гулгалт үүсэж, хаалгыг мөргөсөн болох нь тогтоогдсоор байхад нэхэмжлэгч талын орчин тойрныхоо цас мөсыг арилгах үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийг үл хэрэгсэн, зөвхөн хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Хнд холбогдуулан гэм хорын хохиролд 5 567 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу-21 хаягт байрлах, П цогцолборын авто зогсоолын хаалгыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 15 минутын үед Б.Хатанзориг нь Тоёота аллион маркийн 58-44 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөргөж зам тээврийн осол гаргасныг анхан шатны шүүх нотлох баримтуудыг зөв үнэлж тогтоосон, энэ үйл баримтад хариуцагч маргаагүй байна.

 

“Мастер үнэлгээ” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр П цогцолборын авто зогсоолын хаалгыг автомашин мөргөснөөс үүдэлтэй хохирлын хэмжээг 5 567 800 төгрөг гэж тодорхойлсон. Хариуцагч хохирлын хэмжээний талаар маргаагүй.

 

Хариуцагч нь Хн нь энэ хохирол учрахад Б.Хатанзоригийн гэм буруу байгаагүй гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Б.Хатанзоригийг Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, улмаар Б.Хатанзориг нь дээрх шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байна.

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зам тээврийн осол, үзлэгийн тэмдэглэлд “П цогцолборын авто зогсоолын хаалгыг 58-44 УНЛ улсын дугаартай автомашин мөргөсөн байдалтай зогсож байв. Осол болсон зогсоолын гарц нь асфальтан хучилттай, уруу, зам нь халтиргаатай, цастай байна ... автомашины 4 дугуй өвлийн дугуй байна” гэж тодорхойлсон,

Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр агаарын температур -21.3 0С, хөрсний гадаргын температур -23 0С, салхи зүүн өмнөөс 1.1 м/сек хурдтай салхилж, агаарын даралт 872.2 гПа, агаарын харьцангүй чийгшил 70% байсан байна. Энэ өдөр 0.7 мм цас орж, цаг агаарын үзэгдэл ашиглагдаагүй байна” гэх албан бичиг, анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Си Ди-д хуулбарласан аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...нийт 53 секундын дуугүй бичлэг байна. Бичлэгт цагаан өнгийн Алпард машин гэрлээ асаасан гарааш руу уруудаад 35 секундаас буцаад ухарч гарч байгаа бичлэг байна, бусад машин приус 2 нэртэй бичлэг рүү ороход 46 секундын камерын бичлэг байна. Үүнд гэрлээ асаасан приус маркийн машин гарааш руу доошоо удаанаар орж байна ... Үүнд цагаан өнгийн жижиг автомашин гарааш руу орж байна, 44 дэх секундээс буцаад ухраад гарч байна...” гэж тусгагдсан мэдээллүүдийг харьцуулан дүгнэвэл жолооч Б.Хатанзориг нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2-д заасан зөрчлийг гаргасан, энэ зам тээврийн осолд гэм буруутай байна.

 

Гэрч Б.Мөнхнаран, М.Алтан-Очир нарын мэдүүлгээр жолооч Б.Хатанбаатарын зам тээврийн осол гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Б.Хатанзоригийн жолоодон явсан Тоёота аллион маркийн 58-44 УНЛ улсын дугаартай автомашин нь Хны өмч тээврийн хэрэгслийн 01021970 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх тул “П” ХХК нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг Хнаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь “П” ХХК-ийн өмчлөлийн авто зогсоолын орох хэсгийн налуу, тойрог болон зорчих хэсэг нь зохих хууль тогтоомж болон стандартад нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 700 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                            Э.ЗОЛЗАЯА