Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2023/0030

 

 

 

 

 

 

 2023       09         04                                                  123/ШШ2023/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг дарга,

Хариуцагч: Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “******* *******” ХХК нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газрын Үнэлгээний хороонд холбогдох “Мөнгөнморьт сумын Үнэлгээний хорооны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 09 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсныг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “************** *******” ХХК нь анх Мөнгөнморьт сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газрын Үнэлгээний хороонд холбогдуулан “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсан Мөнгөнморьт сумын Үнэлгээний хорооны 4 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “************** *******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/75 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “************** *******” ХХК-ийг шалгаруулахыг Мөнгөнморьт сумын Үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Мөнгөнморьт сумын Үнэлгээний хорооны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 09 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсныг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

2.1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт оролцож шалгарсан бөгөөд тус сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 25/54 дугаар албан бичгээр “танай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулан гэрээ байгуулах эрх олгож байгааг үүгээр хүргүүлж байна” гэж мэдэгдсэн. Гэтэл тендерт оролцогч “*******-*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 03/3228 дугаартай албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн, 05 сарын 22-ны өдрийн 03/3508 дугаартай албан бичгээр тендерийг дахин үнэлэх шийдвэр гаргасны дагуу Мөнгөнморьт сумын Үнэлгээний хороо дахин хуралдан 4 дүгээр хуралдаанаар “*******-*******” ХХК-ийг шалгаруулж, “************** *******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 26-ны өдрийн 05/75 дугаартай мэдэгдлээр манай компанийг шалгаруулахаас татгалзсан үндэслэлээ “ТШЗ 17.6.5-д заасны дагуу ажлуудыг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан “Тариф цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” аргачлалын дагуу тоцоолоогүй” гэх шалтгаан зааж манай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг өгсөн. Захиалагчийн дээрх үйлдэл нь тендерийн баримт бичигт заагдаагүй шалтгаан заасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4, 19 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн төдийгүй манай компанийг тендерт шалгаруулсан атал дахин үнэлэхдээ манай компаниас илүү үнийн дүн санал болгосон компанийг шалгаруулсан, энэ тендер нь шударга явагдаагүй. Учир нь Мөнгөнморьт сумын Засаг дарга нь манай компанид “Сангийн яамнаас “*******-*******” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуул гээд байна” хэмээн мэдэгдэж байсан нь хэн нэг этгээд албан тушаалын байдлаа ашиглаж “*******-*******” ХХК-д давуу байдал олгосон. “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсан Мөнгөнморьт сумын Үнэлгээний хорооны 4 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “************** *******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/75 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “************** *******” ХХК-ийг шалгаруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

 

 

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******баяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт оролцож шалгарсан бөгөөд тус сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 25/54 дугаар албан бичгээр “танай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулан гэрээ байгуулах эрх олгож байгааг үүгээр хүргүүлж байна” гэж мэдэгдсэн. Гэтэл тендерт оролцогч “*******-*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 03/3228 дугаартай албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, 05 сарын 22-ны 03/3228 дугаар албан бичгээр тендерийг дахин үнэлэх шийдвэр гаргасны дагуу Үнэлгээний хороо дахин хуралдан 4 дүгээр хуралдаанаар “*******-*******” ХХК-ийг шалгаруулж, “************** *******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 26-ны өдрийн 05/75 дугаартай мэдэгдлээр манай компанийг шалгаруулахаас татгалзсан үндэслэлээ “ТШЗ 17.6.5-д заасны дагуу ажлуудыг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан “Тариф цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” аргачлалын дагуу тоцоолоогүй” гэх шалтгаан зааж манай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг өгсөн. Захиалагчийн дээрх үйлдэл нь тендерийн баримт бичигт заагдаагүй шалтгаан заасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4, 19 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн. Өмнө нь “************** *******” ХХК-ийн бүх зүйл нь шаардлага хангасан, болсон байна гэх байдлаар үнэлгээ өгч, тухайн үнэлгээний хүснэгтийг чекелсэн атал дахин үнэлгээ хийхдээ уг асуудлыг 100 хувь эргүүлж, ямар ч шаардлага хангаагүй гэх байдлаар гаргасан. ...“************** *******” ХХК нь мэргэшсэн төсөвчин н.Хүрэлбаатар гэх хүнээр төсвөө зохиолгож, холбогдох программд оруулж, холбогдох шаардлагыг хангаж хүргүүлсэн. Татгалзсан ганц шалтгаан байгаа. Тендерийн баримт бичгийг 17.6.5-т заасны дагуу ажлуудыг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцоогүй гэж байна. Уг журам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг огт үндэслээгүй, Засгийн газрын тухай хууль, Барилгын тухай  хууль, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэж гаргасан. Гэтэл тендерийн хуулийг үндэслэж гараагүй, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулах зөвлөмжид тусгаагүй асуудлыг гаргаж ирээд, жишиг аргачлалын дагуу тооцоогүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд тендерт оролцогчийн чадварыг үнэлэх талаар зааж, 12.2-т захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана гэж заасан. Тэгэхээр татгалзаж байгаа 2019 оны 217 дугаар тушаалаар баталсан аргачлалыг хуулийн 12.2-т заасны дагуу тендерийн баримт бичигт тусгах ёстой байсан. Үүнийг баримт бичигт тусгаагүй байж байхгүй зүйлийг дахиж дараа нь шинээр гаргаж ирээд тендерт шалгарсан компаниас нөгөө компани гомдол гаргасан учраас танай компаниас татгалзаж байна

гэж байгаа нь Тендерийн хуулийн 12.2-т заасныг зөрчиж байна. Сайдын тушаалаар баталсан тарифт цалингийн жишиг гэдэг бол заавал үүнийг дагах ёстой гэсэн зүйл биш. Ажилтны цалинг хасна уу байна уу энэ бол тухайн компанийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Ямар хүнийг цалинжуулахаа тэр компани өөрөө шийдэх ёстой. ...“******* *******” ХХК-г шалгаруулсан нь үндэслэлгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан. Гэтэл ******* ******* ******* ХХК хамгийн бага үнээр үнэлэгдсэн оролцогч. Гуравдагч этгээдийн хувьд үнийн санал өндөр өгсөн, тухайн тендер шалгаруулалтад холбогдох шаардлагыг хангаагүй. Яагаад гэвэл, хэдийгээр тендерийн баримт бичгээр холбогдох сайт руу орвол тендерт оролцогчдын санхүүгийн тайланг харах боломжтой гэж байгаа. “******* *******” ХХК нь 2022 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй байгаа. Би хэргийн материалтай танилцахад нэг ч зүйл байхгүй байсан. “************** *******” ХХК тайлан ирүүлээгүй гэх шалтгааныг хариуцагчийн төлөөлөгч хэлсэн. “************** *******” ХХК 2021, 2022 оны аудитын тайланг ирүүлсэн. Мөн хариуцагч байгууллага өөрсдөө холбогдох программ сайт руу орвол тендерт оролцогч компаниудын санхүүгийн тайланг харах боломжтой байсан гэх. Хэрвээ харах боломжтой байсан юм бол яагаад тайлан ирүүлэх ёстой гэж заагаад байдаг юм бэ. Тайлан ирүүлээгүй гэх татгалзлыг нотолсон мэдэгдлээрээ тайланг гэх зүйлийг тусгаагүй байж одоо болохоор тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзлаа илэрхийлээд байгаа юм бэ...Б.Батчимэг гэх хүн компанийн инженер рүү яриад яамнаас “******* *******” ХХК-г шалгаруул гээд байна гэж ярьсан. Энэ хүн гадаадад байгаа учраас гэрчээр асуулгах боломжгүй байгаа. “******* *******” ХХК нь Төв аймагт маш олон тендер авч хийдэг, маш олон тендерт орсон байдаг юм байна. Яам болон “******* *******” ХХК, Мөнгөнморьт сумын Засаг дарга нарт ямар нэгэн уялдаа холбоо, ямар нэгэн ашиг сонирхол байдаг байдаг юм байна. Хоёрдугаарт, баримталж буй бодлого нь Төв аймгийн компани учраас шалгаруулах, дэмжих бодлогын баримталсан гэж миний зүгээс харж байна. Ийм нөхцөл байдалд хяналт шалгалт явагдсан. Бид нар шүүхэд хандсан. Түдгэлзүүлэх хүсэлт өгсөн. Хариуцагчийн хариу тайлбар хожимдож ирсэнтэй холбогдуулж түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Холбогдох шалтгаан, хүсэлтийг шийдвэрлээгүй удсан учраас түдгэлзүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бичгээр хариу тайлбар ирүүлсэн ба 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцахад гуравдагч этгээд нь хийж гүйцэтгэсэн ажлыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон учир нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч нь тендерийг үнэлэхдээ хэт нэг талыг барьж өөрийн орон нутгийн хуулийн этгээд болох “******* *******” ХХК-ийг шалгаруулсан. Тендерийн баримт бичгийн “ТШЗ 17.6.5-д Барилга, хот байгуулалтын сайдын  2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан “Тариф цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” аргачлалын дагуу тооцоолох талаар огт тусгагдаагүй байхад Сангийн яамны хэн нэг этгээдийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу хууль зөрчиж, тендерийн баримт бичиг байхгүй асуудлаар шалгарсан тендерээс зохион байгуулалттайгаар татгалзаж тендерийн хууль тогтоомжийг илт зөрчсөн. Иймд Мөнгөнморьт сумын Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 09 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгож, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсныг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2.3. Хариуцагч Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/75 дугаартай мэдэгдлийг сумын үнэлгээний хорооны 4 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэж “************** *******” ХХК-д татгалзсан тухай мэдэгдсэн. “************** *******” ХХК нь тендерийн батлагдсан баримт бичигт тусгагдсан ТШЗ 17.6.5 “Ажлын зургийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулан ирүүлнэ. Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын тоо хэмжээнд үндэслэн төсвийг тооцно” гэж заасны дагуу холбогдох аргачлалын дагуу тооцоолоогүй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн татгалзсан. Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь заалтыг үндэслэн “******* *******” ХХК-тай гэрээ байгуулж “*******алиун *******” ХХК-д татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/75 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

2.4. Хариуцагч Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын Үнэлгээний хорооны дарга Б.Анхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газраас Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах ТӨАМСЗДТГ /202301040/ дугаартай барилгын засварын ажлыг цахим тендерийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр анх зарласан. Уг тендер шалгаруулалтад “************** *******” ХХК, “******* *******” ХХК, “Цахир Ану” гэх 3 компани оролцсон. Сумын Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзэж, “************** *******” ХХК, “******* *******” ХХК нь тус тус шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлсэн гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.7.3, 28.7.4 дэх заалтын дагуу бага үнийн саналтай “************** *******” ХХК-г шалгаруулж шийдвэр гаргаж, мэдэгдлийг хүргүүлж, тухайн үед tender.mn сайтад байршуулсан. “******* *******” ХХК тендерт шалгаруулалтын шийдвэрт гомдол гаргасан. Сангийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/3228 дугаартай албан бичиг ирүүлж, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлж, материалуудыг манайхаас авч, хянаж үзээд 05 дугаар сарын 22-ны өдрийн 033502 дугаар албан бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичигт “************** *******” ХХК-ийг тендерийн өргөдлийн хүснэгтийн 17 дугаар зүйлийн 17.3-т санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо нь 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсаргаж ирүүлнэ гэж заасан. Сангийн яамны цахим сайтад тайлангийн ebalance.gov.mn-ээс татаж үзсэн байгаа. Мэдэгдлийн системээс тендерт оролцогчийн санхүүгийн тайлангийн борлуулалтын орлого болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана гэж заасан боловч “************** *******” ХХК тендерийн материалаа 2021, 2122 оны санхүүгийн тайлангаа хавсралтад ирүүлээгүй байсан байна. Зөвхөн 2021, 2022 оны аудитын тайлангаа хавсаргана ирүүлсэн байна гэх гомдолд Сангийн сайдын 2019 оны 256 дугаар тушаалд батлагдсан худалдан авалтын цахим системээр тендер тендер шалгаруулж, тухайн байгууллагад холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7-т заасны дагуу захиалагч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яамны  цахим сайт ebalance.gov.mn мэдээллийн системээс худалдан авалтын цахим систем ebalance.map.gov.mn-ээс илгээсэн. “**************” ******* ХХК-ийн 2021, 2022 оны санхүүгийн тайлангийн үнэлгээг харгалзсан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт “************** *******” ХХК нь бүх засварын ажлыг төсвийг хийхдээ Барилга хот байгуулалтын яамны сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан тарифт цалингаар бодохгүй, 3 ажлын нэгж хөдөлмөрийн зарцуулалтыг дур мэдэн багасгаж, ажиллагсдын үндсэн цалинг үндэслэлгүйгээр хасаж, тендерийн үнийг үндэслэлгүйгээр багасгасан гэж үзэж байна гэх гомдолд “************** *******” ХХК нь тендерт хашааг 3 удаа будах, зэс голтой 1х2,5 м.кв хөндлөн огтлолтой цахилгаан дамжуулах утас холбох хэрэгсэл D15х25 м зэрэг ажлуудыг тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай аргачлалын дагуу тооцуулаагүй байхад Тендерийн баримт бичгийн 17.6.5-т ажлын зургийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж, ажлын төсөв тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын тоо хэмжээнд үндэслэж, төсвийг тооцно гэх шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзээд тендер шалгаруулалтаар гарсан захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/0553, А/0554 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Сангийн яамнаас чиглэл болгосон. Үүний хүрээнд Үнэлгээний хороо, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийн дагуу 05 дугаар сарын 26-ны өдөр дахин хуралдаж, тендер шалгаруулалтад дахин үнэлгээ хийсэн. Үнэлгээний хорооны гишүүд, тендерт ирүүлсэн “************** *******” ХХК, “******* *******” ХХК-ийн төсвийг “Барилгын хөгжлийн төвөөр батлагдсан магадлалаар орсон хяналтын төсөвтэй тулгаж үзэхэд “************** *******” ХХК нь төсөвт 3 ажлын нэгж хүн цагийг хяналтын төсвөөс бууруулсан байсан. Энэ нь хашааг 3 удаа будах ажлын хүн, цагийг бууруулахаар цалин 1.018.096 төгрөг болгож хяналтын төсвийн цалингаас 2.143.632  төгрөгөөр бууруулсан байсан. Хоёр дахь ажил дээр дотор гэрэлтүүлгийн ажил, зэс голтой тус газарт 1х2.5 м хөндлөн голтой цахилгаан дамжуулах утас хийх ажлын хүн, цагийг бууруулснаар бүгд цалин 1.619.800 төгрөг болгож, хяналтын төсвийн бүгд цалингаас 894.300 төгрөгөөр бууруулсан байсан. Гуравдах ажил нь халаалтын ажил D хэсэг дээр D15-25 холбох ажлын нэгж хүн, цагийг бууруулснаар бүгд цалин 792.185 төгрөг болгож хяналтын төсвийн бүгд цалингаас 1.421.682 төгрөгөөр бууруулсан байсан. “************** *******” ХХК ажлын нэгж хөдөлмөрийн зарцуулалтыг дур мэдэн багасгаж, ажиллагсдын үндсэн цалинг үндэслэлгүйгээр хасаж, тендерийн үнийг үндэслэлгүйгээр багасгасан байсан.... Төсвийн программд бүх нэгж хүн цагийг оруулахад автоматаар бодогддог, журамд зааснаар бодогдож байгаа, энэ төсвийг  Магадлалаар орсон хяналтын төсөвт оруулсан. Үнэлгээний хорооны гишүүд бид бүхэн дахин үнэлгээ хийж, 100 хувийн саналаар “******* *******” ХХК нь шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлсэн гэж шалгаруулсан. Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0577 тоот мэдэгдлээр “******* *******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу “******* *******” ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 202301040 дугаартай Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах ажлын тендерт санал болгосон 339,337,525 төгрөгөөр хийж, гэрээ байгуулан ажилласан. “******* *******” ХХК нь зуны баяр наадмын үеэр гэрээт ажилтан авч, өөрийн хөрөнгөөр зураг төслийн дагуу чанартай хийлгэж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн барилга, байгууламж ашиглалтад оруулах сумын комисс ажиллаж, захиалагч талд хүлээлгэн өгсөн. Иймд хуулийн 47.7-т зааснаар гаргасан Үнэлгээний хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэв.

2.5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үнэлгээний хороо эхний удаа “******* ******* *******” ХХК-г шалгаруулсан. Сангийн яам “******* *******” ХХК-ийн гомдлыг хянаж үзээд “************** *******” ХХК-ийг шалгаруулсан нь сайдын тушаал, хууль зэргийг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон. Хариуцагч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “******* уул” ХХК-г шалгаруулсан. “************** *******” ХХК болон “******* *******” ХХК нь ямар зөрчилтэй байсан талаар захиалагч талаас  тогтоогоогүй. Сангийн яамнаас тогтоосон. Хоёрдугаарт, хамгийн бага үнэлгээтэй гэдэг агуулгаар “************** *******” ХХК-г шалгаруулсан. Хамгийн бага үнэлгээтэйгээр шалгарсан хэдий ч хууль журамд заасныг зөрчсөн. Зөрчсөн талаар мэргэжлийн байгууллага буюу Сангийн яам тогтоосон. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т төсөвт өртгийг үндэслэл болгоно гэж байгаа. Үүнийг үндэслэж, аль аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах нь захиалагчийн өөрийнх  нь эрхийн асуудал. Гэхдээ шууд үзэмжээрээ дураараа сонгон шалгаруулахгүй. Төсөвт өртөгтөө тохирсон материалыг ирүүлсэн, төсөвт өртөгт шаардлагатай материал баримтыг ирүүлсэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан. Цалин бууруулах нь энэ нь компанийн эрхийн асуудал. Гэхдээ цалин бууруулсан бай, төсөвт өртөг бууруулсан ч бай эцсийн үр дагавар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу чанар гэх асуудал яригдана. Хямд үнэтэй нь сонгож байна гээд чанаргүй зүйл хийхгүй. Иймд тодорхой үнэтэй, чанартай зүйл хийхийн тулд төсөвт өртгийг гаргаж, үүний дагуу хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

2.6. Гуравдагч этгээд “******* *******” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шинэбаяр шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газраас ТБОНӨХБАҮХАТХ-ийн дагуу тус захиалагч байгууллагаас зарласан ТӨАМСЗДТГ/202301040/ дугаар бүхий “Соёлын төвийн тохижилт холболтыг шинэчлэн засварлах” 351.127.200 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын засварын ажлын нээлттэй цахим тендер шалгаруулалтад манай компани оролцсон. Өндөр үнийн саналтай байна гэсэн шалтгаанаар манай тендерээс татгалзсан болохыг мэдэгдсэн. Тендерт шалгарсан компанийн тендерийн материалыг цахим системээс үзэхэд дараах зөрчлүүд байна гэж үзэж тендерийн баталгаагаа дэнчинд тавин хууль, журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. “************** *******” ХХК нь засварын ажлын төсвийг хийхдээ хамгийн өндөр цалинтай хашааг 3 удаа будах, зэс голтой ПВХ тусгаарлагчтай 1х2.5 мм/кв хөндлөн огтлолтой цахилгаан

дамжуулах утас, холбох хэрэгсэл d= 15-25 мм гэсэн гурван төрлийн ажлыг БХБС-ын 2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан тарифт цалингаар бодолгүй хөдөлмөр зарцуулалтыг дур мэдэн багасгаж ажиллагсдын үндсэн цалинг үндэслэлгүйгээр хасаж, тендерийн үнээ үндэслэлгүй багасгасан. Манай компанийн гомдлыг Сангийн яам хянан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/3908 тоотоор тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/53, 05/04 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн албан бичгийн хувийг манай компанид ирүүлсэн. Ингээд Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/77 тоот мэдэгдлээр манай компанид гэрээ байгуулах эрх олгож буйгаа мэдэгдсэн. 2023 оны 05 сарын 31-ний өдөр ТӨАМСЗДТГ/202301040/ дугаар бүхий “Соёлын төвийн тохижилт холболтыг шинэчлэн засварлах” ажлыг тендерт санал болгосон 339.337.525 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан, гэрээт ажлаа гүйцэтгэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр комисс ажиллаж ашиглагч талд хүлээлгэн өгсөн. Уг санхүүжилтээс 115.000.000 төгрөг аваад үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүй хүлээж байна гэжээ.

2.7. Гэрч Ж.*******ээ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би “******* *******” ХХК-д 2012 оноос хойш ажиллаж байгаа. Барилгын салбарт барилга угсралтын ажил болон засварын ажлын хяналтын төсвийг Монгол Улсын Барилгын Хөгжлийн төвөөс мэргэжлийн төсөвчин буюу зэрэгтэй төсөвчин хийх ёстой. Сүүлийн үед тендер зарлахдаа барилгын хяналтын төсвийг шууд тавьдаг болсон. Үүнээс тухайн тендерт оролцож байгаа компаниуд маань ажиллагсдын цалингийн төсвийг огт хөндөж болохгүй. Хэрвээ танай компани тухайн тендерийн өгөгдөлд өгсөн тэр тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаж чадаж, хамгийн бага үнийн санал хэлэх гэж байгаа бол өөрийн эрх мэдлийн ашгаасаа юм уу өөрт байгаа материалаасаа хасаж болно. Манай төсвийг тэргүүлэгч төсөвчин н.Норчоо  хийсэн. Тэр хүн ч гэсэн үндсэн ажиллагсдын цалин хөлсийг хөндөж болохгүй. Энэ бол цаанаасаа норм, дүрэм, стандарттай, танай компани хамгийн бага үнийн санал өгөх гэж байгаа бол өөрийнхөө ашгаас гадна өөрт байгаа нөөц бололцоотой материал байгаа бол тэрнээсээ татна гэж хэлсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон цахим тендерийн баримт бичгүүд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн “Мөнгөнморьт сумын Үнэлгээний хорооны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 09 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсныг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Маргааны үйл баримтууд: 

2.1. Захиалагч, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” цахим тендер зарласан.

2.2. Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар “******* ******* *******” ХХК, “******* *******” ХХК, “Цахир-Ану” ХХК-иас ирүүлсэн тендерт үнэлгээ хийж, 3 оролцогч тус бүр шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн, “хамгийн бага үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр  “******* ******* *******” ХХК-ийн тендерийг шалгаруулан[1], тухайн өдрийн 01 дугаартай зөвлөмжөөр “******* ******* *******” ХХК-тай гэрээ байгуулан ажиллахыг захиалагчид зөвлөсөн.

2.3. Захиалагчаас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/54 дугаар албан бичгээр “************** *******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож буйг, тухайн өдрийн 05/53 дугаар албан бичгээр “******* *******” ХХК-д “танай тендерээс татгалзсан” тухай мэдэгдсэн.

2.4. “ТӨАМСЗДТГ/202301040/ дугаар тендерийн шалгаруулалттай холбогдуулан “******* *******” ХХК гомдол гаргасныг Сангийн Яам хянаад 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3228 дугаар албан бичгээр ”гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж”, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/3908 дугаар албан бичгээр “Тендерийг хянан үзлээ. 1. Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан журмын 3.7-д заасны дагуу цахим систем-д илгээсэн “************** *******” ХХК-ийн 2021, 2022 оны санхүүгийн тайланг харгалзан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. 2.”************** ******* ХХК тендерт хашааг 3 удаа будах ажил, зэс голтой ПВХ тусгаарлагчтай 1*2,5 мм/в хөндлөн огтлолтой цахилгаан дамжуулах утас, холбох хэрэгсэл d=15-25 мм зэрэг ажлуудын нэгж хүн цагийг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” аргачлалын дагуу тооцоолоогүй байхад тендерийн  баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.5-д заасан “Ажлын зургийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулан ирүүлнэ. Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын тоо хэмжээнд үндэслэн төсвийг тооцно” гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/53, 05/54 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгосон” бөгөөд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

2.5. Үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар тендерийн материалд дахин үнэлгээ хийж, “...”Цахир-Ану” ХХК..., “************** *******” ХХК нь хашааг 3 удаа будах ажил, зэс голтой ПВХ тусгаарлагчтай 1*2,5 мм/в хөндлөн огтлолтой цахилгаан дамжуулах утас, холбох хэрэгсэл d=15-25 мм зэрэг ажлуудын нэгж хүн цагийг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” аргачлалын дагуу тооцоолоогүй, шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлээгүй” гэж үзэн “*******-*******” ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгаруулж, “************** *******” ХХК-ийн тендерээс татгалзаж, тухайн өдрийн 09 дугаартай зөвлөмжөөр “******* *******” ХХК-тай гэрээ байгуулан ажиллахыг захиалагчид зөвлөсөн.

2.6. Захиалагчаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/77 тоот мэдэгдлээр “******* *******” ХХК-д гэрээ байгуулах тухай мэдэгдсэнээр 2023 оны 05 сарын 31-ний өдөр ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай “Соёлын төвийн тохижилт холболтыг шинэчлэн засварлах” ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус компани тухайн ажлыг гүйцэтгэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч , уг төвийг ашиглалтад оруулсан байна.

2.7. Нэхэмжлэгчээс Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр, зөвлөмжтэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/3826 дугаар албан бичигтээ: “Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ТӨАМСЗДТГ/202301040 дугаартай “Соёлын төвийн тохижилт холболтыг шинэчлэх засварлах” ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбогдуулан ирүүлсэн танай албан бичигтэй танилцлаа. Дээрх тендер шалгаруулалттай холбогдуулж тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг тус яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт үндэслэн хянан үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/3508 тоот албан бичгээр хүргүүлсэн. Иймд дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй[2]” гэх хариуг авч, тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав:  Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн тухайд:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Үнэлгээний хороо өмнө нь “************** *******” ХХК-ийн тендерийг бүх шаардлага хангасан гэсэн зүйлүүдэд дахин үнэлгээ хийхдээ шийдвэрээ 100  хувь өөрчилж, ямар ч шаардлага хангаагүй гэх байдлаар үнэлгээ гаргасан. Тендер шалгаруулах зөвлөмжийн 17.6.5-т заасны дагуу Барилга хот байгуулалтын яамны сайдын 2019 оны 217 тоот тушаалаар баталсан тарифт цалингийн жишиг шинэчлэн батлан аргачлалын дагуу тооцоолоогүй гэх шалтгааныг гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу тендерийн нөхцөлийг хангаагүй гэж “**************” ******* ХХК-ийг шалгаруулахаас татгалзаж, шууд “******* *******” ХХК-ийг шалгаруулсан. Манайх тендер шалгаруулах зөвлөмжийн 17.6.5-т заасны дагуу ажлын зургийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар хамгийн бага үнээр үнэлэгдсэн оролцогч. “******* *******” ХХК үнийн санал өндөр өгсөн, тухайн тендер шалгаруулалтад холбогдох шаардлагыг хангаагүй, 2022 оны санхүүгийн тайланг тендерт ирүүлээгүй. Тендер шалгаруулах зөвлөмжийн 17.6.5-д Барилга хот байгуулалтын яамны сайдын 2019 оны 217 тоот тушаалаар баталсан журмаар тооцоол гэсэн зүйл байдаггүй. Уг журамд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үндэслээгүй. Гэтэл тендерийн хуулийг үндэслэж гараагүй, тендер шалгаруулах зөвлөмжид тусгаагүй үндэслэлийг гаргаж “************** *******” ХХК-ийн тендерээс татгалзаж, “******* *******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан хурлын тэмдэглэл болон зөвлөмж нь хууль бус. Хууль бус шийдвэрийн үндсэн дээр “******* *******” ХХК-тай гэрээ байгуулсан үйлдэл нь хууль бус. Ажиллах хүчний цалинг үндэслэлгүй багасгасан гэж “******* *******” ХХК-ийн гомдолд ч байдаг. Уг гомдлыг Сангийн яамнаас хянасан, ажилтны цалинг хасна уу байна уу энэ бол тухайн компанийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Ямар хүнийг цалинжуулахаа тэр компани өөрөө шийдэх ёстой. Байгаа ганц баримт нь Сангийн яамны албан бичиг. Өмнө нь энэ асуудлыг шийдэхдээ энэ асуудлыг гаргаж ирээгүй. Сумын Засаг дарга Б.Батчимэг компанийн инженер рүү яриад яамнаас “******* *******” ХХК-г шалгаруул гэж хэлсэн, хэн нэг этгээд албан тушаалын байдлаа ашиглаж “*******-*******” ХХК-д давуу байдал олгосон, тендер хуулийн дагуу шударгаар явагдаагүй. Манайх руу ярьсан хүнийг бид нар гэрчээр асуулгах ёстой байсан. Энэ хүн өнөөдөр Монгол Улсад байхгүй учраас гэрчээр асуух боломжгүй болсон хэмээн тодорхойлон маргасан байна.

3.2. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана.”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”,гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: 16.1.1.тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар” гэж тус тус зааснаар захиалагчаас Соёлын төвийн барилгын тохижилт, холболтыг шинэчлэн засварлах ажлын төсөв”-ийг боловсруулан Барилгын хөгжлийн төвөөр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр магадлал хийлгэсэн.

Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.5-т “1. Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд: Ажлын зургийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр батлагаажуулан ирүүлнэ. 1.Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын тоо хэмжээнд үндэслэн төсвийг тооцно. /Захиалагч байгууллагаас зураг төсөвтэй холбоотой нэмэлт мэдээллийг уг тендерийн урилгын тодруулга буланд нийтлэх тулд тендерт оролцогч тендерийн нээлт хүртэл тодруулга буланг байнга шалгахыг зөвлөе”[3] гэсэн.

Мөн, тендерийн баримт бичгийн “III.Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын “зураг төсөл, загвар зураг” хэсэг“-т “ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад өртгийн төсвийг хавсаргана, ажлын зураг, өртгийн төсвийг тухайн салбарын дүрэм журмыг үндэслэн боловсруулж холбогдох зардлын хувь хэмжээг нарийвчлан заасан байх”-ыг шаардсан байна.

Үүнээс гадна, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.” гэж,

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажилтан дараах үндсэн эрхтэй: 42.1.3.гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах” гэж,

Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна: 5.1.1.барилгын норм, дүрэм, 5.1.2.барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал” гэж, хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 33.1.2.энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг батлах” гэж тус тус заасны дагуу барилгын салбарт ажиллагсадын цалин хөлсийг тооцох аргачлалыг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалаар баталсан. Мөнгөнморьт сумын “Соёлын төвийн тохижилт холболтыг шинэчлэх засварлах” ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерт оролцогчид эдгээр хууль болон журмыг үндэслэн “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ажлын тендерийн бичиг баримтыг боловсруулж, төсвийг тооцоолох, тухайн ажлыг гүйцэтгэх ажилтны цалин хөлсний үнэлгээг хууль, журамд заасны дагуу тооцож тендерийн баримт бичигт тусгах, улмаар тендерт оролцогч нар тухайн үнээр ажилтны цалин хөлсийг тооцсон эсэхийг тендер шалгаруулалтын үнэлгээнд өгөх үүрэгтэй байна.

3.3. Захиалагчийн, Барилгын хөгжлийн төвөөр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр магадлал хийгдсэн “Соёлын төвийн барилгын тохижилт, холболтыг шинэчлэн засварлах ажлын төсөв”-т оролцогчдийн маргаж буй:

а. “хашааг 3 удаа будах” ажлыг “Хашааны ажил”  хэсгийн “үндэслэл 15-690-32” дугаарт дундаж зэргийн хөдөлмөр зарцуулалт, тоо хэмжээ 1110 м2, тарифт цалин 5680/5212, бүгд цалин 3.161.728 төгрөг[4]-өөр гүйцэтгэхээр тусгасан байхад

       - нэхэмжлэгч “************** *******” ХХК нь тухайн ажлыг “1.018.096 төгрөг”[5]-өөр,

       - “******* *******” ХХК нь тухайн ажлыг “3.161.728 төгрөг”[6]-өөр гүйцэтгэхээр, 

б. “Зэс голтой ПВХ тусгаарлагчтай 1х2.5 мм/кв хөндлөн огтлолтой цахилгаан дамжуулах утас холбох” ажлыг дотор гэрэлтүүлгийн ажил” хэсгийн “үндэслэл 20-170-04” дугаарт дундаж зэргийн хөдөлмөр зарцуулалт, тоо хэмжээ 7500 м, тарифт цалин 5962/5212, бүгд цалин 2.514.150 төгрөг”[7]-өөр гүйцэтгэхээр тусгасан байхад

      -нэхэмжлэгч “************** *******” ХХК нь тухайн ажлыг “1.619.850 төгрөг”[8]-өөр,

      - “******* *******” ХХК нь тухайн ажлыг “2.514.150 төгрөг”[9]-өөр,

в. “халаалтын ажил” хэсгийн цалингийн нэгтгэлийн “21-160-04” дугаарт “холбох хэрэгсэл d=15-25 мм ажлын цалинг 2.213.866 төгрөгөөр гүйцэтгэхээр тусгасан[10] байхад

     -нэхэмжлэгч “************** *******” ХХК нь тухайн ажлыг 792.184 төгрөг[11]-өөр,

     -“******* *******” ХХК нь тухайн ажлыг 2.213.866 төгрөг[12]-өөр гүйцэтгэхээр тус тус тооцоолсон байна. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Барилга хот байгуулалтын яамны сайдын 2019 оны 217 тоот тушаалаар баталсан журмаар тооцоолсон, тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.5-т тусгайлан заасан ажлын зургийн дагуу ажиллах хүчний зардлыг тооцоогүй, ажиллах хүчний зардлыг бууруулж, тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан шаардлагуудыг бүрэн хангаагүй нь тогтоогдож байна.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Тендер шалгаруулах зөвлөмж”-ийн 17.6.5-д Барилга хот байгуулалтын яамны сайдын 2019 оны 217 тоот тушаалаар баталсан журмаар тооцоол гэсэн зүйл байдаггүй, ажилтны цалинг хасах эсэх нь компанийн өөрийнх нь эрх, өндөр өртөгтэй тендерийг шалгаруулсан нь хууль зөрчсөн. Тендерийн хуулийг үндэслэж гараагүй, тендер шалгаруулах зөвлөмжид тусгаагүй үндэслэлийг гаргаж “************** *******” ХХК-ийн тендерээс татгалзаж, “******* *******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан” гэсэн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс ”Манайх тендер шалгаруулах зөвлөмжийн 17.6.5-т заасны дагуу ажлын зургын дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан” гэж маргаж буй ч дээр дурдсан, “хашаа будах”, дотор гэрэлтүүлэг”, “халаалтын ажил”-ын зарим ажлын цалинг уг журамд заасны дагуу хэрхэн тооцсон, ямар үндэслэлээр өгөгдсөн ажлын цалинг багасган тооцсон талаар тодорхой тайлбарлаагүй бөгөөд Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээг ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж буйгаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үндэслээгүй, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулах баримт бичигт тусгаагүй, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалаар баталсан жишиг аргачлалын дагуу тооцоогүй гэсэн үндэслэл гаргасан нь хууль бус” гэсэн үндэслэлээс өөрөөр тодорхой тайлбарлан маргаагүй байна.

3.4. Дээрх нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгчийн тендерийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ... хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.” гэж, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэж, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна: 47.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, 47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.  

3.5. Үнэлгээний хорооны хурлын 2 дахь удаагийн үнэлгээгээр “******* *******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендерээр үнэлсэн бөгөөд, оролцогчдын  маргаж буй тендерийн “хашаа будах”, дотор гэрэлтүүлэг”-ийн /дээр дурдсан/ зарим ажлыг тендерийн баримт бичгийн 17.6.5-т  заасан “ажлын зургын дагуу тооцсон төсөв зохиох” нөхцлийн дагуу боловсруулж ирүүлсэн “******* *******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан “Мөнгөнморьт сумын үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл”, мөн өдрийн “******* *******” ХХК-гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад зөвлөсөн “09 дугаартай зөвлөмж”-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 27.1.2.техникийн тодорхойлолт, 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна: 47.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, 47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” гэж тус тус заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ. 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/77 тоот мэдэгдлээр “******* *******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгоснийг мэдэгдсэн. Захиалагчаас тус компанитай ТӨАМСЗДТГ/202301040/ дугаар бүхий “Соёлын төвийн тохижилт холболтыг шинэчлэн засварлах” ажлыг гүйцэтгүүлэх гэрээг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бөгөөд “******* *******” ХХК тухайн ажлыг гүйцэтгэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгснөөр уг төвийг ашиглалтад оруулсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

3.6. Нэхэмжлэгчээс “Мөнгөнморьт сумын Засаг дарга Б.Батчимэг манай компанийн инженер рүү яриад яамнаас “******* *******” ХХК-ийг шалгаруул гээд байна гэж ярьсан” гэж маргасан ч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “компанийн инженер гадаадад байгаа учраас гэрчээр асуух боломжгүй” гэж тайлбарласан тул шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэлд дүгнэлт өгөөгүй, зөвхөн маргаж буй Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжид дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” цахим тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус байсан гэх үндэслэлт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн “Мөнгөнморьт сумын Үнэлгээний хорооны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 09 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, “Соёлын төвийн тохижилт, холболтыг шинэчлэн засварлах” ТӨАМСЗДТГ/202301040/ дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсныг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН

 

[1] Хавтаст хэрэг-116 дахь талд,

[2] Хавтаст хэрэг-1, 6 дахь талд,

[3] Хавтаст хэрэг-1, 56, 62 дахь талд,

[4] Хавтаст хэрэг-1, 140, 149 дэх талд,

[5] Хавтаст хэрэг-2, 48

[6] Хавтаст хэрэг-2, 149 дэх талд,

[7] Хавтаст хэрэг-1, 150 дахь талд,

[8] Хавтаст хэрэг-2, 48 дахь хуудасны ар талд,

[9] Хавтаст хэрэг-2, 150 дахь хуудасны ар талд,

[10] Хавтаст хэрэг-1153 дахь талд,

[11] Хавтаст хэрэг-2, 50 дхь хуудасны ар талд,

[12] Хавтаст хэрэг-2151 дэх хуудасны ар талд,