Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 469

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ё.Д*******,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Өндөр настан миний нэг сарын 800653 төгрөгийн бүрэн тэтгэврийг баталгаажуулж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас тооцон олгуулж өгөхийг хүссэн, өндөр настан иргэн миний үндсэн тэтгэврийг буруу тооцсоны улмаас үүссэн гарсан 1700795 төгрөгийн хохирол, мөн өөрийн байгууллагын даргын 2012 оны 1/2711 тоот шийдвэрийг хэрэгжүүлээгүйн улмаас үүсэн гарсан хохирол 684290 төгрөг, бүгд 2385085 төгрөгийн хохирлыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулан надад олгох” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Д*******, түүний өмгөөлөгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, Л.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

1.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 52 дугаар тогтоолыг гаргасан юм.

Уг 2015 оны 52 дугаар тогтоолын 1-ийн “А”-д 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх “тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчилэн тогтоох” тухай Засгийн Газрын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоох.

2. 2015 оны 52 дугаар тогтоолын “Б” заалт нь энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн “А” заалтын дагуу шинэчлэн тогтоосны дараах 500 000 /таван зуун мянга/ хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22 000 /хорин хоёр мянга/-н төгрөгөөр, 500 000 /таван зуун мянга/ болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20 000/хорин мянга/-н төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож олгох. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолыг гаргасан юм. 

Уг 2015 оны 52 дугаар тогтоолын 1-ийн “А” заалт нь 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх “тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох” тухай Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар батлагдан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоох.

Мөн уг тогтоолын 1-ийн “Б” заалт нь энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн “А” заалтын дагуу шинэчлэн тогтоосны дараах 500/таван зуун мянга/ хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22 000 /хорин хоёр мянга/-н төгрөгөөр, 500 000 /таван зуун мянга/ болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20 000/хорин мянга/-н төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож олгох заалттай юм.

Өндөр настан иргэн би 1976-1980 оны хоорондох 5 жилийн дундаж 705 төгрөгийн цалингаар 1990 оны 08 дугаар сард 59 насандаа цомхотголоор өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болно.

Иймээс 2015 оны 52 дугаар тогтоолын 1-ийн “А” заалтын дагуу анх тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн дундаж 705 төгрөгийн цалинг итгэлцүүр 715 дугаар өсгөн нэмэгдүүлж 504075 төгрөгийн үндсэн тэтгэврийг тогтоож, түүний дээр Засгийн газраас татвар төлөгчдийн сангаас 10 удаа олгосон 159 720 төгрөгийн нэмэгдэл, мөн НДЕГ-ын даргын 2012 оны 1/2711 дүгээр шийдвэрээр нэмэгдүүлсэн 136 858 төгрөгийн нэмэгдэл зэргийг тус тус нэмж бүгд 800 653 төгрөгийн нэг сарын бүрэн тэтгэврийг тогтоож 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох ёстой байсан юм.

Гэтэл НДЕГ нь өндөр настан иргэн миний нэг сарын 800653 төгрөгийн бүрэн тэтгэвэрийг 2015 оны 52 дугаар тогтоолын 1-ийн “А” заалтын дагуу тооцож тогтоолгүйгээр уг 52 дугаар тогтоолын 1-ийн “Б” заалтаар тооцохын зэрэгцээ /өмнөх цалингийн итгэлцүүр 715-р тооцсоны дагуу цалинг өсгөн тооцсон дүнгээс тэтгэврийг бодоход 348 017 төгрөг /504 373 69 хувь/ үүн дээр 500 000 хүртлэх төгрөгийн тэтгэвэр 22 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул тэтгэвэр нь 370017 төгрөг болсон гэж тайлбарлаж, өндөр настан иргэн миний 2014 оны 22000 төгрөгийн нэмэгдэлтэй 348017 төгрөгийн бүрэн тэтгэвэр дээр 2015 оны 22000 төгрөгийн нэмэгдлийг нэмж 370017 төгрөг болсон гэж тайлбарлаж байгаа нь миний одоогийн авч байгаа бүрэн тэтгэврийн хэмжээгээр 52 дугаар тогтоолын 1-ийн “Б” заалтын дагуу бичилт хийсний улмаас өндөр настан иргэн би үндсэн тэтгэврийн 1 700 734 төгрөгийн нэмэгдэл, мөн байгууллагын даргын 2012 оны 1/2711 дүгээр тоот шийдвэрээр нэмэгдүүлсэн 136858 төгрөгийн нэмэгдлийг нэмж тооцоогүйн улмаас өндөр настан иргэн би 684 290 төгрөгийн нэмэгдлээс тус тус өнөөг хүртэл хохирч байгаа болно.

Дээрх нэмэгдлүүд нэмэгдээгүй нь үнэн болохыг миний тэтгэвэрийн дэвтрийн хуулга баталж байгаа.

Иймээс доорхи хүсэлтийг гаргаж байна.

1.Өндөр настан иргэн миний нэг сарын 800653 төгрөгийн бүрэн тэтгэвэрийг баталгаажуулж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын ерөнхий газраас тооцон олгуулж өгөхийг хүсье.

2.Өндөр настан иргэн миний үндсэн тэтгэвэрийг буруу тооцсоны улмаас үүсэн гарсан 1 700 795 төгрөгийн хохирол, мөн өөрийн байгууллагын даргын 2012 оны 1/2711-р тоот шийдвэрийг хэрэгжүүлээгүйн улмаас үүсэн гарсан хохирол 684 290 төгрөг, бүгд 2 385 085 төгрөгийн хохиролыг НДЕГ-аас гаргуулан надад олгож өндөр настан иргэн миний гомдолыг барагдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Ц*******, Д.Н******* нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэн Ё.Д******* нь 36 жил 10 сар ажилласнаар, 1976-1980 оны хоорондох 5 жилийн цалингаа сонгож, 1990 онд тэтгэвэр тогтоолгожээ.

Ё.Д*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга нь “..миний өндөр насны тэтгэврийг Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн а/”2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын  18-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэрийн хэмжээгээр тогтоох”, гэсэн заалтаар тооцож олгох ёстой байтал уг тогтоолын 1 дүгээр зүйлийн б/ “энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн “а” заалтын дагуу шинэчлэн тогтоосоны дараах 500,0/таван зуун/ мянга хүртлэх төгрөгийн тэтгэврийг 22,0 /хорин хоёр/ мянган төгрөгөөр, 500,0 /таван зуун/ мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20,0 /хорин/ мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож олгох”, гэсэн заалтаар тооцож олгохын зэрэгцээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 1/2711 тоот шийдвэрийн дагуу тэтгэврийн нэмэгдлийг нэмж тооцоогүй” гэжээ.

1.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын 1-ийн а/ заалтын дагуу Ё.Д*******ын өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай 2014 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр түүний сонгосон 1976-1980 оны 5 жилийн цалинг шинэчлэн тооцоход тэтгэвэр бодох дундаж цалин нь 504373 төгрөг болсон байна. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1,5 хувь, сар тутамд 0,125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно”, гэж заасны дагуу аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 1/2711 тоот албан бичгээр хүргүүлсэн чиглэлийн дагуу иргэн Ё.Д*******ийн 36 жил 10 сар шимтгэл төлсөн хугацааны нэмэгдлийг 25.25 хувиар тооцож 127353 төгрөгийг нэмж олгосон.

Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын 1-ийн а/, б/-д заасны дагуу иргэн Ё.Д*******ийн өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоож одоо 376320 төгрөгийн өндөр насны тэтгэвэр олгож байна.

Иргэн Ё.Д*******ийн одоо авч байгаа тэтгэврийн бодолтыг дээрх хууль, Засгийн газрын тогтоолоор шинэчлэн өөрчилсөн бодолтыг томьёолон үзүүлбэл:

а/ тэтгэвэр тогтоосон 5 жилийн цалин:

1976 оны 1-12 сарын цалин  8650*715=6184750

1977 оны 1-12 сарын цалин  8700*715=6220500

1978 оны 1-12 сарын цалин  8700*715=6220500

1979 оны 1-12 сарын цалин  8700*715=6220500

1980 оны 1-12 сарын цалин  7575*715=5416125 Бүгд 30262375:60=504373

 

б/ тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоосон хөдөлмөрийн хөлснөөс тооцсон нэмэгдэл: 

 

 

 

№ Үзүүлэлт Мөнгөн дүн Тайлбар

1. Тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 5 жилийн цалингийн дундаж /1976-1980/ 504373

2. Ногдох тэтгэвэр 226968 НДСОТТТХуулийн 5.1 дах заалт 45 хувиар

3. 20 жилээс илүү төлсөн жил тутамд ногдох нэмэгдэл   121048 16 жил(36-20)*1,5=24хувь

4. Илүү төлсөн сар туамд ногдох нэмэгдэл 6304 10 сар *0,125=1.25 хувь 

Нийт олгох тэтгэвэр 354320

 

 

3. Ё.Д*******ын өндөр насны тэтгэврийн хэмжээ:

 

- Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын 1-ийн б/-д заасны дагуу иргэн Ё.Д*******ын тэтгэврийн хэмжээ 353060 төгрөг болж өөрчлөгдсөн, 

- мөн тэтгэврийг 22000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож, өндөр насны 376320 төгрөгийн тэтгэврийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгосон, 

- Иргэн Ё.Д*******ын хүсэлтэд дурдсан НДЕГ-ын даргын 2012 оны 1/2711 тоот шийдвэрээр нэмэгдүүлсэн 136858 төгрөг нь тухайн албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу 2013 оны 12 сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд илүү ажилласан 10 сарын нэмэгдлийг тооцож нэг удаа улсын байцаагчийн актаар нөхөн олгосон тэтгэврийн зөрүү болно,    

- Иргэн Ё.Д*******д Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолоор 2016 оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн 397320 төгрөгийг олгохоор өөрчлөлт хийгдсэн байна. 

Иймд Баянзүрх дүүргийн иргэн Ё.Д*******ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “...Өндөр настан иргэн би 1976-1980 оны хоорондох 5 жилийн дундаж 705 төгрөгийн цалингаар 1990 оны 08 дугаар сард 59 насандаа цомхотголоор өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болно. Иймээс 2015 оны 52 дугаар тогтоолын 1-ийн “А” заалтын дагуу анх тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн дундаж 705 төгрөгийн цалинг итгэлцүүр 715 дугаар өсгөн нэмэгдүүлж 504 075 төгрөгийн үндсэн тэтгэвэрийг тогтоож, түүний дээр Засгийн газраас татвар төлөгчдийн сангаас 10 удаа олгосон 159 720 төгрөгийн нэмэгдэл, мөн НДЕГ-ын даргын 2012 оны 1/2711 дүгээр шийдвэрээр нэмэгдүүлсэн 136 858 төгрөгийн нэмэгдэл зэргийг тус тус нэмж бүгд 800 653 төгрөгийн нэг сарын бүрэн тэтгэвэрийг тогтоож 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох ёстой байсан юм” гэж маргажээ. 

Иргэн Ё.Д******* нь улсад 36 жил 10 сар ажилласнаас 1976-1980 оны хоорондох 5 жилийн цалингаа сонгож, 1990 онд тэтгэвэр тогтоолгожээ. 

Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоолын 1-ийн а/ заалтын дагуу Ё.Д*******ын өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай 2014 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр түүний сонгосон 1976-1980 оны 5 жилийн цалинг шинэчлэн тооцоход тэтгэвэр бодох дундаж цалин нь 504373 төгрөг болсон байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч байна. 

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно гэж заасны дагуу 504373 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тооцоход нэг сарын тэтгэвэр 226968 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь нэг сарын тэтгэвэр 504373 төгрөг гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Улмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1,5 хувь, сар тутамд 0,125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасны дагуу иргэн Ё.Д*******ын 36 жил 10 сар шимтгэл төлсөн хугацааны нэмэгдлийг 25.25 хувиар тооцож 127353 төгрөгийг нэмж олгосоноор 226968+121048+6304=354320 төгрөг болсон байна.

Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн б/ “энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн “а” заалтын дагуу шинэчлэн тогтоосоны дараах 500,0/таван зуун/ мянга хүртлэх төгрөгийн тэтгэврийг 22,0 /хорин хоёр/ мянган төгрөгөөр.. тус тус нэмэгдүүлэн тооцож олгох” гэж заасны дагуу 354320+22000=376320 төгрөгийн тэтгэвэр 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож байгаа нь тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нь “мөн НДЕГ-ын даргын 2012 оны 1/2711 дүгээр шийдвэрээр нэмэгдүүлсэн 136 858 төгрөгийн нэмэгдэл зэргийг тус тус нэмж бүгд 800 653 төгрөгийн нэг сарын бүрэн тэтгэвэрийг тогтоож 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох ёстой байсан юм” гэж маргасны тухайд:

Нэхэмжлэгч Ё.Д*******ын гаргасан өргөдөлтэй холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0000164 дугаартай улсын байцаагчийн актаар 2013 оны 12 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл дутуу олгосон 136858 төгрөгийг Ё.Д*******д нөхөн олгохоор шийдсэн байна. 

Уг 136858 төгрөгийг нэг удаа нөхөн олгосон байхад нэхэмжлэгч нь сар бүр тэтгэвэр дээр нэмэх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн тэтгэврийг Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоолын 1-ийн а, б заалтаар шинэчлэн тогтоож 376320 төгрөгийн тэтгэвэр олгож байгаа нь хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ОЮУНГЭРЭЛ