| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00319/И |
| Дугаар | 149/ШШ2024/00329 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 149/ШШ2024/00329
2024 оны 08 сарын 19-ны өдөр Дугаар 149/ШШ2024/00329 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн **************** тоотод оршин суух, **** онд төрсөн ** настай, эмэгтэй, ******* овогт *******гийн *******/рд:*******, утас-*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн ************* тоотод оршин суух **** онд төрсөн, ** настай, эрэгтэй, ******* овогт *******ийн *******/рд:*******, утас-/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие Ц.******* Д.*******тай 2003 онд танилцаж найзалж нөхөрлөж байгаад гэр бүлээ 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлуулж хууль ёсны гэр бүл болсон. Анхны охин нь 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн одоо 20 настай, дараагийн охин 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн 16 настай, бага хүү 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн одоо 08 настай ам бүл тавуулаа амьдарч байсан юм. Нөхөр Д.******* нь гэр бүл болсон цагаас гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа тогтоож байснаас хоорондын таарамжгүй харьцаа үүсэж гэрт хэрүүл маргаан байнга гаргаж хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Нөхөр Д.******* нь 2022 оны 10 дугаар сард гэх эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа тогтоож түүнтэйгээ амьдрахаар шийдэж гэр бүл үр хүүхдүүдээ орхиод УБ хот явсан болно. Энэ асуудал нь хүүхдүүдийн минь эрх ашгийг хохироож байгаа иймд цаашид нөхөр Д.*******тай хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж охин 16 настай, хүү Д. 8 настай өөрийн асрамжид авч эцэг Д.*******аас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бид хоёр 2003 онд танилцаад жирэмсэн болж 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү , 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр , 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү нар төрсөн. Бид хоёр нэг байгууллагад цуг ажиллагдаг байсан. Манай нөхөр аав ээж дээрээ очоод ирье гэж хэлээд явдаг байсан боловч өөр эмэгтэйтэй холбоотой болсон байсан. Уг нь би нөхрийгөө тэр эмэгтэйгээсээ больчих болов уу гэж олон жил харж байсан боловч болиогүй. 2022 онд нөхөр маань тэр эмэгтэйтэйгээ амьдрахаар явсан. Охин маань оюутан байсан. Өнгөрсөн жил охиноо сургуульд явуулж чадаагүй төлбөрийг нь төлж чадаагүй. Одоо бага хүү маань аавыгаа маш их сандаг аав дээрээ очъё гэдэг. Хамгийн сүүлд хүү маань аав дээрээ очоод дахин очихгүй гээд явахаа больсон. Одоо бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эхнэрийн маань хэлж ярьж байгаа бүгд үнэн. Бүх зүйл надаас болсон би л буруутай. Би одоо нурууны өвчтэй болсон. Уул уурхайд ажиллаж чадахгүй болоод УБ хотод жижиг тэрэг барьж байгаа 900000 төгрөгийн цалин авдаг учраас хүүхдүүддээ тэр болгон тусалж дэмжиж чадахгүй байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Д.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.******* нар нь 2003 онд анх танилцаж, үерхэн дотно харилцаатай болж 2004 оноос эхлэн нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг. ...мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.******* нар нь 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэр бүл болсноо бүртгүүлж № дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авснаар хууль ёсны гэр бүл болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг. ...гэж заасан ба нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.******* нар хамтран амьдарснаар харилцан адил эрх эдэлж, үүрэг хүлээн эхнэр нөхөр болсон байна.
2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин , 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин , 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү нар гэрлэгчдийн дундаас гэр бүл болон амьдрах хугацаанд төрсөн болох нь гэрлэгчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь гэр бүл болон амьдрах хугацаанд бусад гэр бүлийн нэгэн адилаар амьдарч байсан боловч хариуцагч Д.******* нь гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй холбоо харилцаатай болж гэр бүл эхнэрээ хуурч байснаас шалтгаалан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдсанаас 2022 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд гэрлэгчид тус тусдаа амьдарч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. ...гэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. ...гэж, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. ...гэж зааснаар хариуцагч Д.******* нь одоогоор өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа үүсгэж хамтран амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэр бүлийн харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа гаргаж байгаа учраас гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд гурван хүүхэд төрсөн бөгөөд 2004 онд төрсөн охин нь 2024 оны байдлаар 20 нас хүрсэн ба 2008 онд төрсөн охин 16 настай, 2016 онд төрсөн хүү 8 настай бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ. ...гэж зааснаар насанд хүрээгүй охин , бага насны хүү нар нь төрсөн эх Ц.*******ын асрамжид үлдэх саналыг гаргасан, хариуцагч Д.******* нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул насанд хүрээгүй болон бага насны хоёр хүүхдийг төрсөн эх Ц.*******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. ...гэж зааснаар Д.******* нь өөрийн төрсөн хүүхдүүдэд цаашид анхаарал халамж, тусламж дэмжлэг үзүүлж, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөх болно гэснийг харгалзан насанд хүрээгүй болон бага насны хоёр хүүхдийг төрсөн эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Тиймээс нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч Д.*******аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Д.*******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлөх тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 143996 төгрөгийг орон нутгийг төрийн сангийн дансанд оруулахыг Д.*******ад даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******, хариуцагч ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин , 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү нарыг төрсөн эх ******* овогт *******гийн *******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин ******* овогт *******ын г 0-11 нас хүртэл тухайн нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин , 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү нарыг төрсөн эцэг ******* овогт *******ийн *******аар тэжээн тэтгүүлсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
5. Гэрлэгчид шүүхээр хянан шийдвэрлүүлэх гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 143996 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулахыг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Алтан-Одод даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ