Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/613

 

М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/585 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдуудыг үндэслэн М.Мд холбогдох 2203000000126 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч М.М нь 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 10:20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Орд төвийн баруун урд замд Тоёота Сай маркийн 00000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр” гэж, мөн дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Г, А.Энарыг мөргөж, эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: М.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч М.Мг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Нийслэлийн төвийн зургаан дүүргээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 8 сарын хугацаагаар шүүгдэгч М.Мд хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1296184 дугаар жолоочийн үнэмлэхийг М.Мд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мгөөс 669,316 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Гт, 3,463,291 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргалд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 8 сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн. Уг тогтоол нь 5 дугаар сарын 4-ний өдөр гарсан. Би хохирогч Э, Г нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Нийт хохирол 6,233,000 төгрөг төлсөн. Зорчих эрх хязгаарлах ялтай санал нийлэхгүй байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр, анх удаа гэмт хэрэгт холбогдож, үйлдсэн хэрэгтэй гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа. ...Одоо машинаа зарж, хохирол бүрэн төлөөд байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.М Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлд “Жолооч уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас хоёр хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Мг гэм буруутайд тооцож, хохирогч А.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал 3,063.000 төгрөгийг нэхэмжилснийг мөрдөн байцаах шатанд шүүгдэгч М.М төлсөн болохыг, мөн хохирогч Ө.Гт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.369.316 төгрөгийг нэхэмжилсэний 1.700.000 мянган төгрөгийг шүүхийн шатанд банкны дансанд шилжүүлсэн зэргийг тогтоолд дурьдсан байдаг. Шүүгдэгч М.Мгөөс хохирогч А.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргалд 3,463,291 төгрөгийг, хохирогч Ө.Гт 669,316 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.М хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчид хохирлыг төлж барагдуулах талаар тогтоолд дурдсан. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй учраас прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Мөн шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/585 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч М.М нь 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 10:20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Орд төвийн баруун урд замд Тоёота Сай маркийн 00000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр” гэж, мөн дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Г, А.Энарыг мөргөж, эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Эгийн: “... ногоон гэрэл асахаар нь гарцаар гарах үед миний зүүн гар талаас цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. ...эмээ Гийн хамт явган зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн. ...Ослын улмаас ахар сүүл гэмтсэн...” /хх 16, 45/,

 хохирогч Ө.Гийн: “...зөвшөөрөгдсөн гэрэл дохио хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь гарцаар гарах үед миний зүүн гар талаас нэг цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. ...Миний бие тэр ослын улмаас хөлдөө гэмтэл аваад гэртээ хэвтрийн дэглэмтэй байгаа. ...” /хх 39, 57/,

гэрч Г.Лхамдуламын: “... гэрэл дохио хүлээгээд Э, Г бид нар хамт зогсож байгаад зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асаж, зүүнээс баруун зүг зам хөндлөн гарсан. Би таяг тулсан болохоор гэрэл дохио унтарчих вий гээд бага зэрэг урд нь алхсан. Тэгээд зам хөндлөн гарч явахад миний зүүн нүдний үзүүрт цагаан өнгийн автомашин харагдах шиг болохоор нь юу болов гээд эргээд харахад нөгөө хоёрыг маань цагаан өнгийн автомашин мөргөөд унагаасан байсан. ...” /хх 60/ гэсэн мэдүүлгүүд,

 М.М нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа гарцаар гарч явсан 2 явган зорчигчийг мөргөсөн болохыг нотолж буй хэргийн газар үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/,

   Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 169 дугаартай магадлагаа: “Toyota sai маркийн 00000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Мягмарсүрэн овогтой Мөнхжин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр, мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ө.Г, А.Энар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” /хх 97/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2110 дугаартай: “А.Эгийн биед ахар сүүлний 3-р нугалмын их биеийн хугарал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 73-74/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2133 дугаартай: “Ө.Гийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие болон арын эвэрт, гадна жийргэвч мөгөөрсний ар хэсэгт урагдал, урд, арын чагтан холбоос болон гадна холбоосын суналт, шаант ясны гадна булуунд шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 81-82/ гэсэн дүгнэлтүүд,

 - ХӨСҮТ-ийн баруун уулзварын гэрлэн дохионы 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ажилласан түүх /хх 127-129/,

- М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө 100 айл барилгын зах дээр обойны туслах ажилтан хийдэг юм. Манай ажил 10 цагаас цуглардаг ба 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө бага зэрэг цаг тулгаж гэрээсээ гараад яарч явсан. Тэгээд 100-н айл орохоор гэрээсээ гараад Халдвартын уулзварт зүүнээс нь ирээд хойшоо буюу баруун гар тийш эргэх байсан юм. Уулзвар нэвтрэх үед миний урд бүхээгтэй ачааны тээврийн хэрэгсэл удаан яваад байхаар нь тойрч гарах үед тэр тээврийн хэрэгслийн урдаас нь 2 явган зорчигч гараад ирсэн. Тэр хүмүүсийг хараад зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн боловч гулгаж очоод тэр 2 явган зорчигчийг мөргөсөн. Тэгээд би өөрөө Цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудаад охиныг өөрийн тээврийн хэрэгсэлдээ оруулж суулгасан. Явган хүний гарц дээр явган хүмүүсийг мөргөсөн болохоор осол миний буруу байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх 69/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.Мгийн 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 10:20 цагийн үед Тоёота Сай маркийн 00000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т “...дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр...” гэж, мөн дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч А.Э, Ө.Г нарыг мөргөж, тэдний эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. ...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн ялуудаас анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч М.Мд 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулан үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт                   “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.

Иймд шүүгдэгч М.М, шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх талаархи давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.М нь шийтгэх тогтоолоор хохирогч нарт гаргуулан олгохоор заасан нийт /699,316+3,463,291=4,132,607/ төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Ө.Гт 190.000 төгрөг, мөн хохирогч Ө.Г, А.Энарт 4,533,000 төгрөг тус тус төлснийг дурдаж байна.

Түүнчлэн, шүүх хохирогч нарын энэхүү гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх ттогтоолд заасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/585 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтын дагуу 669,316 төгрөгийг хохирогч Ө.Гт, 3,463,291 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргалд тус тус шүүгдэгч М.Мгөөс төлсөн болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

                ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

                ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ