| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00639/И |
| Дугаар | 151/ШШ2024/00605 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2024/00605
| 2024 06 24 | 151/ШШ2024/00605 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,008,389.61 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.А нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн №... дугаартай гэрээ байгуулан сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашины линзингийн зээл зориулалтаар 15,600,000 төгрөгийн зээл авахаар гэрээ байгуулан зээл авсан. Toyota Porte маркын мөнгөлөг өнгөтэй, ... арлын дугаартай, ... улсын дугаартай авто машиныг барьцаа хөрөнгөд бүртгүүлж, өмчлөх эрхийг манай “О” ХХК-д шилжүүлж, зээлдэгч нь дээрх тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэйгээр авч явсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан боловч хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10,152,167.96 төгрөг, төлөх ёстой хүү 1,760,859.58 төгрөг, нэмэгдүүлсэн 95,362.07 төгрөг, нийт 12,008,389.61 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.А нь “О” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 12,008,389.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 6 хувааж, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,008,389.61 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК нь Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,008,389.61 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Б.А нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 12,008,389.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 6 хувааж, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,008,389.61 төгрөгийг тус тус төлж барагдуулна” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,008,389.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,008,389.61 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 173,742 төгрөгийг, хариуцагч Б.А-гаас 103,542 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “О” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН