Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2023/0031

 

 

 

 

 

 

 2023       09         05                                     123/ШШ2023/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “******* *******” ХХК

            Хариуцагч: Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга нарын хоорондын “ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй”-тэй холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021, 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

3. Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан Төв аймгийн Засаг даргад хандан 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан, Төв аймгийн Засаг даргаас “...хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллах, татгалзсан хариу өгч байгаа тохиолдолд хууль эрх зүйн үндэслэлтэйгээр мэдэгдэх” тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 01/1634 дугаар албан бичгийг Өндөрширээт сумын Засаг даргад хүргүүлсэн байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

2.1.Нэхэмжлэгч "******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******найрамдал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"******* *******” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газраас зарласан 52 дугаар сонгон шалгаруулалтад оролцон 89 оноо авч, шалгаран Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 тоот шийдвэрийн дагуу Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орших “Хавцал уул” нэртэй, 5582.61 га талбай бүхий XV-021849 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-д тус тус заасны дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулан батлуулахаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №46/2021 тоот албан хүсэлтийн хамт хүргүүлсэн. Өндөрширээт сумын Засаг дарга А.Даваа-Очир Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасныг зөрчиж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд хариу өгөөгүй. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №86 тоот албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар дахин хүргүүлсэн. Өндөрширээт сумын Засаг дарга А.Даваа-Очир 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр анх удаа манай компанид хариу ирүүлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах асуудалд түдгэлзээд байгаагаа дурдаж, батлахгүй түдгэлзээд байгаа шалтгаанаа бичсэн. Тэрхүү шалтгаанууд нь ямар ч үндэслэлгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй зүйлүүд байсан. Засаг дарга үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийн менежментийн төлөвлөгөөг батлах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс манай компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад, тус газраас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13/5589 дугаар албан бичгээр Өндөрширээт сумын Засаг даргад хүсэлтээ хүргүүлсэн, энэ бичгийг ч хүлээн аваад төлөвлөгөөг батлаагүй, 2021 он дуусаж бид 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлаа хийж чадаагүй. Ингээд 2021 онд Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй өнгөрсөн ч 2022 он гарч хайгуул хийх улирал эхэлсэн тул 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 047 дугаартай албан бичгээр 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргад хүргүүлсэн. Мөн л өмнөх шигээ, манай байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй, хариу өгөхгүй байсан тул 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 086 дугаар албан бичгээр 2021 оны болон 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөч гэсэн хүсэлтийг, холбогдох төлөвлөгөө, өмнө нь хүргүүлж байсан албан бичгийн хамт хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Төв аймгийн Засаг даргад 2022 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр 115 дугаартай албан бичгээр гомдол гаргасан, Засаг дарга Д.Мөнхбаатар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 01/1684 дугаартай “Хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах тухай” албан бичгийг Өндөрширээт сумын Засаг дарга А.Даваа-Очирт хүргүүлсэн. Манай компани 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлт өгсөн ч Өндөрширээт сумын Засаг дарга Аймгийн Засаг даргын шийдвэр чиглэлийг огт биелүүлээгүй. Манай компани нь Ашигт малтмал газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эрхэлж, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүрч, хайгуулын талбайд ажил хийгдэхгүйн улмаас XV-021849 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь эзэмшигчийн буруутай бус шалтгаанаар цуцлагдах нөхцөл байдал үүсэх ноцтой үр дагавартай. Засаг даргын энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх боломжгүй болж манай компанийн тусгай зөвшөөрлөөр олж авсан эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагаа явуулж буй газар дээрээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө заавал байлгах үүрэг хүлээдэг. Засаг дарга манай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүйгээс шалтгаалан хайгуулын ажлаа явуулж чадахгүй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.4-д зааснаар тухайн жилд гаргах хайгуулын ажлын зардлаа гаргаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлагдах сөрөг үр дагавар бий болгож байна....

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаа үргэлжилж байх хугацаанд 2023 он гарч, 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах нөхцөл байдал бий болсон тул 2023 оны 02 сарын 14-ний өдөр  Өндөрширээт сумын Засаг дарга А.Даваа-Очирт 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2023 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний хамт хүргүүлсэн. Сумын Засаг дарга төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй ч хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл батлахгүй, хуульд заасан 21 хоногоор хэтрүүлж 31 хоног өнгөрчихөөд байхад хариу өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар байна. Иймд ******* ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны Байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. “******* ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөр ширээт сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт буюу эс үйлдэхүй гэж үзсэн. Эрхээ хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд хайгуулын үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой албан бичиг, бичиг баримтуудыг төрийн эрх бүхий байгууллагаар батлуулан хайгуулын талбайд бэлэн байлгаж үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Энэ төлөвлөгөөг батлахгүй байгаа Засаг дарга ямар нэгэн байдлаар хууль зүйн үндэслэл хэлдэггүй, хариу өгдөггүй. Одоо үйл баримт маш тодорхой боллоо. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь өөрөө тэрийг батлахгүй байх, боловсруулалтын хувьд болохгүй байна, хуульд заасан журмыг зөрчиж боловсруулж байна гэх асуудал байхгүй. Ямар асуудал байгаа вэ гэхээр анхнаасаа тусгай зөвшөөрөл олгогдох ёсгүй байсан гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас тэр тусгай зөвшөөрлийг дэмжихгүй байсан агуулгаараа дараа нь тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой үүссэн эрхийг өмнө нь тухайн актыг дэмжихгүй байсантай холбоотойгоор дараагийн хууль ёсны үйл ажиллагааг дэмжихгүй байгаа талаар байр сууриа илэрхийлж байна. Засаг дарга хуульд заагаагүй эсхүл хүндэтгэн үзэх шалтгаан хэлдэггүй, зөвхөн өмнө нь тусгай зөвшөөрлийг ашигт малтмал, газрын тосны газраас батлахыг дэмжээгүй гэх шалтгаанаар хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тусгай зөвшөөрлийн хүрээнд гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хязгаарлаж, хуульд заасны дагуу тэрийг батлах замаар субьектив эрхийг хэрэгжүүлэх бололцоог олгохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй байна. Байгаль орчны сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар баталсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянах батлах, тайлагнах журмын дагуу төлөвлөгөөг боловсруулдаг. Журмын 3.3-т тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч, хянаж, бататгахаас татгалзах үндэслэл болно гэсэн. Засаг дарга батлахгүй байх үндэслэл байж болно. Гэхдээ журмын дагуу боловсруулаагүй, журмын дагуу болоогүй, эсхүл ийм зүйл тусгах ёстой байхад тусгаагүй байна гэх үндэслэлээр Засаг даргад буцааж, татгалзах үндэслэл байна. Гэтэл 2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч тийм асуудал байхгүй. Шүүхэд өгсөн албан бичиг боловсруулсан 70-80 хуудас материалыг хүргүүлдэг. Бид нар батлахгүй гэж хэлдэг. Тусгай зөвшөөрөл авснаас хойш Засаг даргаас шалгаалж нэг ч үйл ажиллагаа явуулалгүй, дараалан 3 жил менежментийн төлөвлөгөө батлуулж чадахгүй, маш олон лицензийн төлбөр төлж байна. Засаг дарга үндсэндээ бүхэл бүтэн хэдэн жил хохироож байна. Иймд зөрчигдсөн эрхээ хуулийн дагуу сэргээлгэх хүсэлттэй байна. ... Захиргааны хэргийн шүүх 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хариуцагчаас хүсэлтээ албан ёсоор өгөөгүй учраас батлахгүй байсан гэх тайлбар, маргаан огт яваагүй. Тухайн орон нутагтаа ойлголцож, тухайн орон нутгийн талбай дээр үйл ажиллагаа явуулах учраас бид нар хүсэлт төлөвлөгөөгөө өгснөөс хойш  хүлээгээд, дахиад албан бичиг өгөөд батлахыг, бид нарт санал хэлэх юм болов уу гээд хүлээсэн. Түүнээс шууд шүүхээр явах байр суурь байгаагүй. Албан ёсоор татгалзлаа өгөхгүй байсан тул бид нар дээд шатны байгууллагад хандахад аймгийн Засаг дарга эрх үүргээ хэрэгжүүлж ажилла гэх чиглэл өгсөн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэх асуудал байхгүй. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр хүсэлтээ өгөөгүй учраас батлаагүй гэж байгаа бол бид нар хүсэлтээ өгье. Тэгээд батлаад өгвөл болж байна. Нэг талаараа манай шаардлагыг зөвшөөрч байгаа юм шиг. Батлахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг ямар нэгэн үндэслэлгүйгээр өнөөдөр шүүх дээр ирэхээрээ хүсэлтээ өгөөгүй гэж зөндөө маргаан явсны дараа зохих журмын дагуу өгөөгүй гэж хэлж байна. Аливаа зүйлийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө Засаг дарга энэ бол хууль зөрчсөн гэх үндэслэлээр одоо өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах хуулийн үндэслэл байхгүй. Бүгдээрээ хууль дээдлэх ёстой. Хууль зөрчих замаар бид нар нийтлэг эрх ашгийг хамгаална эсхүл өөрийнхөө бодлыг тулгана гэсэн зүйл байх ёсгүй. Тийм учраас зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2.4. Хариуцагч Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ийн ирүүлсэн “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байгаа тул хариу тайлбарыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, иргэдийн гарын үсэг, сумын агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, түүхт соёлын дурсгалт газрууд, бэлчээр ашиглуулах гэрээ, санал авах тухай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 тоот тогтоол, санал уламжлах тухай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус Хурлын тогтоол, санал хүргүүлэх тухай Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 30 тоот тогтоол, санал хүргүүлэх тухай Төв аймгийн Засаг даргын 2018 оны 01/494 тоот, “******* *******” ХХК-ийн Дорнод аймгийн Баяндун суманд хууль бус үйл ажиллагаа явуулсан тухай “Ногоон шошго” нэвтрүүлгийн бичлэг, хайгуулын талбайд нутаглаж буй малчдын өвөлжөө, хаваржааны гэрчилгээний хуулбар, хайгуулын талбайд нутаглаж буй малчдын малын тоо толгойн бүртгэл зэргийг хүргүүлж байна гэжээ.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг дарга нь тухайн сум, орон нутгийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, түүнчлэн мал, амьтан, ургамал, бэлчээр, байгалийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах чиг үүргийг хэрэгжүүлэгч, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд хууль зөрчиж олгосон тусгай зөвшөөрлөөс үүдэн 3 дугаар багийн 200 орчим өрхийн 600 орчим хүн амтай, 159 малчин өрхийн 73.727 тоо толгой малтай мал аж ахуй зонхилсон баг юм. Тус багийн газар нутаг нь бэлчээрийн даац муудаж байгаа, отор нүүдэл ихтэй тул цаашид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор 500 гаруй иргэдийн эрх ашигт шууд сөргөөр нөлөөлөх, бэлчээргүй болох зэрэг маш олон сөрөг үр дагавар үүсэхээр байна” малчин иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа, цаашид ч 500 гаруй малчин иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, хөдөлмөрлөх таатай нөхцлөөр хангагдах эрх хөндөгдөж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байна. ...Нэхэмжлэгч компани иргэдтэй 2-3 удаа уулзсан. Засаг даргын зүгээс огт үндэслэлгүй татгалзаж, дэмжихгүй байгаа зүйл огт байхгүй. Эхнээсээ иргэддээ боломж бололцоог нь олгосон. Мөн 04 дүгээр сард эвлэрэн хэлэлцэх тухай ярилцсан. Батлахгүй байгаа үндэслэлийн тухайд хэд хэдэн үндэслэл байгаа. Нутгийн иргэд энэ газарт хайгуул явуулахыг маш их эсэргүүцэж байгаа. Тухайн орон нутагт хайгуулын үйл ажиллагаа явагдсан. Тэрнээс болж бэлчээр, өвөлжөө, хаваржаа хэцүүдэж үлдсэн дүр зургууд зөндөө байгаа. Энэ дүр зураг бол дахиад давтагдана гэдэг үүднээс ард иргэд ийм шаардлага тавьж байгаа... Нэхэмжлэгч төлөвлөгөө батлуулах хүсэлтээ албан ёсоор сумын Засаг даргад өгөөгүй, сумын Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгчийн төлөвлөгөө хүсэлт байхгүй. Ирсэн, явсан бичгийн хуулбарыг гаргаж өгсөн. Сумын Засаг даргын өөрийнх нь  тайлбарласнаар цагаан машинтай, хуучин цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ийм хүн танай компанийг төлөөлж очоод амаараа уулзсан гэсэн. Ийм хайгуулын тусгай зөвшөөрөл гарах гэж байгаа, дэмжээрэй гээд танихгүй хүн ирээд уулзаад явсан байдаг. Үүнийг хүсэлт гэж ойлгохгүй. Мөн 08 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт өгөх боломжгүй. Яагаад гэвэл тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гараагүй байсан. 08 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргах боломжгүй байсан нь харагдана. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ирсэн явсан бичгийн хуулбарыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс харахад албан ёсны хүсэлт өгөөгүй. Ийм учраас албан ёсны хүсэлт ирээгүй учраас шийдвэрлэх боломжгүй байна. Аймгийн Засаг даргад гомдол гаргаж, гомдлоо шийдвэрлүүлсэн байх ёстой. Хүсэлт нь гомдлын шинж агуулаагүй байна. Тийм учраас гомдол гаргаж, гомдлоо хянан шийдвэрлүүлээгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06ы өдрийн 241 дүгээр шийдвэрээр “******* *******” ХХК-д Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг, “Хавцал Уул” нэртэй газарт 5582,61 гектар талбайд ХV-021849 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар олгожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-т Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байнагэж заасны дагуу хууль тогтоогчоос Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, хайгуулын талбайн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хуульчлан тогтоож, энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ хэмээн тусгайлан зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүлээх үүргийг нь тодорхойлсон, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, 38.1.3-т зааснаар тухайн төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй, ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч, сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын алба буюу сумын байгаль орчны байцаагч нарын зөвшилцөж боловсруулсан төлөвлөгөөг хуулийн 38.2-т зааснаар сумын Засаг дарга хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянах үүрэгтэй бөгөөд тухайн төлөвлөгөө хууль, журамд нийцсэн тохиолдолд уг төлөвлөгөөг баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй байна.

2.2. Нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож, тухайн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Өндөрширээт сумын Засаг даргад хандан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 46/2021 тоот, 11 дүгээр сарын 24-ний өдөр 86 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлтээ тус тус гаргаж, тухайн төлөвлөгөөг хүргүүлсэн. Өндөрширээт сумын Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/340 тоот албан бичгээр “уг талбайд 27 өвөлжөө, 7 хаваржаа эзэмшүүлсэн, Уянга уул нь агнуурын менежментийн бүс нутагт хамрагдаж, халиун  буга, аргаль угалз нутагладаг, Засгийн газрын  2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 тоот тогтоолоор Уянгын үзүүрийн хадны сүг зургийг улсын тусгай хамгаалалтад авсан, энэ түүх соёлын дурсгалт газар нь хайгуул хийх талбайд хамрагддаг, мөн тусгай зөвшөөрөл бүхий газарт археологийн судалгаагаар 14 газар хамрагдсан байна” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

Хариуцагчаас нэхэмжлэгчид албан бичгээр өгсөн хариу нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар ...зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ХV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр байна.

Нэхэмжлэгчийн “ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд “IҮ. Төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөлөл” бүлэгт “эхний жилийн хайгуулын  ажлаар талбайд хийгдэх ажил: эрлийн маршрут, 2. штуфийн дээжлэлт. Үүнтэй холбоотойгоор сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулав. ...4-1 хүснэгтийн 3 дугаарт хөрсөн бүрхэвч-өрөмдлөгийн ажлын үед гарсан  цооногийн нүхийг буцаан техникийн  нөхөн сэргээлт хийх.”[1] гэж, “түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах талаар авах арга хэмжээ” хэсэгт “Археологи, Палентологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан...түүх соёлын онцгой газруудыг тогтоолгон тэр орчмын талбайг  хамгаалалтад авах, зайлшгүй нөхцөлд зохих байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллана...”,[2] гэснээс үзвэл нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгээгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасныг  зөрчсөн байна.

Иймд, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/340 тоот албан бичгээр өгсөн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

2.3. Нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож, тухайн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Өндөрширээт сумын Засаг даргад хандан 2022 оны 05 дугаар сарын 02ы өдрийн 47 тоот, 06 дугаар сарын 24-ний өдрийн 86 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөлтэй талбайн 2021, 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлт гаргаж, тухайн төлөвлөгөөг тус тус хүргүүлсэн. Хариуцагчаас нэхэмжлэгчид хариу өгөөгүй, уг талбайн 2022 оны төлөвлөгөөг батлаагүй нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагчийн энэ үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн ХV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нийт 14 ширхэг түүх соёлын дурсгалт зүйл байршиж байгааг нэхэмжлэгчийн захиалгаар археологийн хайгуул судалгаа явуулсан Монгол улсын Их Сургуулийн Археологийн сургуулийн судалгааны багийн дэлгэрэнгүй тайланд “Хайгуулаар илэрсэн дурсгалуудын товч мэдээлэл: дурсгал 1.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 5 метрийн голчтой, газарзүйн байршил нь 48 Т 477556 5263073, 2.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 6 метрийн голчтой, 3.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 8 метрийн голчтой, 4.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 7 метрийн голчтой, 5.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 6 метрийн голчтой, 6.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 5x4 метр, 7.Хиргисүүр, хэмжээ 20x24 метр, 8.Хиргисүүр, хэмжээ 22x22 метр, 9.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 6 метрийн голчтой, 10.Тал саран, хэмжээ 10x6 метрийн голчтой, 11.Хиргисүүр, хэмжээ 20x23 метр, 12.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 6 метрийн голчтой, 13. Хиргисүүр, хэмжээ 25x23 метр, 14.Битүү чулуун дараастай дугуй хэлбэртэй дурсгал, хэмжээ 6 метрийн голчтой, Судалгааны ажлын товч үр дүн: Тус компанийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орших “Хавцал уул” тусгай зөвшөөрлийн талбайд археологийн судалгааны ажлыг  амжилттай хийж гүйцэтгэлээ. Хайгуул судалгааны ажлын хүрээнд нийт 14 дурсгал илрүүлэн олсон бөгөөд тус тус бүртгэн баримтжуулж авлаа. Булш чулуун байгууламжуудын гадаад зохион байгуулалтаар нь он цагийг яв цав тодорхойлох боломжгүй боловч ихэвчлэн хүрэл зэвсгийн үед хамаарах дурсгалууд” хэмээн тодорхойлон тогтоож, нэхэмжлэгчид  “Тусгай зөвшөөрлийн талбайд буй эдгээр дурсгалуудын бүрэн бүтэн байдлыг ханган, газар шорооны ажилд зайлшгүй өртөх тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу авран хамгаалах малтлага судалгааг хийлгэх талаар хамтран ажиллана хэмээн найдаж байна.” хэмээн түүх соёлын дурсгалыг хэрхэн хамгаалах талаар зөвлөсөн байна.

Харин, нэхэмжлэгчийн “ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-ний III бүлгийн “2022 онд хийгдэх эрэл хайгуулын ажлын төлөвлөгөөний геофизикийн судалгаа”-нд “Геофизикийн судалгааг хайгуулын талбайн хэмжээнд шугам хооронд 200 м торлолоор 5582.61 га талбайд хийлгэнэ” гэж, “IV. Хайгуулын ажил, түүнтэй холбоотой нөхөн сэргээлтийн түүх соёлын дурсгалт газрын хамгаалах талаар авах арга хэмжээ” гэсэн бүлэгт “XV-021849 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд археологийн судалгааг МУИС-ийн Археологи антропологийн тэнхимээр... гүйцэтгүүлж тус талбайд эрэл, хайгуулын ажил явуулахад археологийн болон палеонтологийн үнэт олдвор, түүхийн дурсгал сүйдэх эрсдэлгүй гэдгийг 2021 онд тогтоолгосон ” гэж, “түүх соёлын өвийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө” хэсэгт “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр нь улс, хотын тусгай хамгаалалтанд авагдаагүй, тусгай хамгаалалт, хэрэгцээнд хамрагдахаар төлөвлөж байгаа нутаг байхгүй. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тодорхойлох чиглэлээр Монголын Археологи Палеонтологийн хүрээлэнгээр судалгааны ажлыг 2021 онд хийлгэсэн бөгөөд дүгнэлтүүдийг хавсаргасан” гэжээ.

Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч нь ХV-021849 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олон тооны түүх соёлын дурсгалт зүйл байрлаж буй нь тогтоогдож байхад түүх соёлын дурсгалт зүйлийг хэрхэн хамгаалах талаар 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндөө тусгаагүй төдийгүй уг төлөвлөгөөнд “тус талбайд эрэл, хайгуулын ажил явуулахад археологийн болон палеонтологийн үнэт олдвор, түүхийн дурсгал сүйдэх эрсдэлгүй гэдгийг 2021 онд тогтоолгосон” гэж мэргэжлийн байгууллагын судалгааны тайланд тусгаснаас өөр зүйлийг бичиж төлөвлөгөөгөө хариуцагчид хүргүүлсэн.

Үүнээс гадна, мэргэжлийн байгууллагаар хайгуулын талбайд судалгаа хийлгэн уг талбайд 14 ширхэг түүх соёлын дурсгалт зүйл байрлаж буйг тогтоолгосон ч тэдгээрийн байршиж буй газарт  хайгуул явуулах эсэх, хайгуул явуулахгүй бол тэдгээрийн байршиж буй газрыг хайгуул явуулах талбайгаас хэрхэн зааглах, тодруулбал, тэмдэг тэмдэглэгээ хийх талаар төлөвлөгөөнд тусгаагүй бөгөөд төлөвлөгөөнд хавсаргасан хайгуул хийх зураглалд соёлын өвийн байршиж буй газрыг тэмдэглэж тодорхойлоогүй байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ”Сум, дүүргийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:17.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах гэж, 20 дугаар зүйлийн 20.5-т “Сум, дүүргийн соёлын төв нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэн баримтжуулах, хамгаалах үүргийг гүйцэтгэнэ.” гэж зааснаар түүх соёлын дурсгалт зүйл байрлаж  буй  газарт хайгуул хийх талаар хариуцагчид болон сумын соёлын төвд  урьдчилсан мэдэгдэж зөвшөөрөл авсан гэх байдал хэрэгт цугларсан  нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Ийнхүү түүх соёлын дурсгалт зүйлийг хэрхэн хамгаалах талаар төлөвлөгөөнд тусгаагүй, тухайн төлөвлөгөөгөө Өндөрширээт сумын байгаль орчны байцаагч, Засаг дарга нартай зөвшилцөж  боловсруулаагүй  нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж, 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж, 402 дугаар зүйлийн 402.1.2-т “ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ.” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг заасныг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

2.4. Нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож, тухайн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь ХV-021849 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 27 тоот албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн.

Хариуцагчаас тухайн хүсэлтэд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/45 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “...танай компани тусгай зөвшөөрлийн хүрээнд олгогдсон газарт амьдарч байгаа малчин өрхийн өвөлжөө, хаваржаа, бэлчээр болон түүхэн дурсгалт газар, ан агнуурын бүс нутаг, ус уст цэгүүдийг хасуулан тусгай зөвшөөрөлдөө өөрчлөлт оруулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө албан ёсоор ирүүлэх шаардлагатай байна.” хэмээн хариу өгч, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн батлуулахыг хүссэн төлөвлөгөөг хянаж, уг төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж, тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзсан байна.

 Нэхэмжлэгчээс уг саналд хариу өгөөгүй бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тусгай зөвшөөрөлтэй талбайн 2023  оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг хариуцагчид  даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргажээ.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нийт 14 ширхэг түүх соёлын дурсгалт зүйл байршиж байгааг нэхэмжлэгчийн захиалгаар археологийн хайгуул судалгаа явуулсан Монгол улсын Их Сургуулийн Археологийн сургуулийн судалгааны баг тогтоож, тухайн  талбайд буй түүх соёлын дурсгалуудын бүрэн бүтэн байдлыг ханган, газар шорооны ажилд зайлшгүй өртөх тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу авран хамгаалах малтлага судалгааг хийлгэх талаар хамтран ажиллах” хэмээн түүх соёлын дурсгалыг хамгаалахыг нэхэмжлэгчид зөвлөсөн.

Харин, нэхэмжлэгч нь “ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-нд “Геофизикийн судалгааг хайгуулын талбайн хэмжээнд шугам хооронд 200 м торлолоор 5582.61 га талбайд хийлгэх”-ээр төлөвлөсөн бөгөөд  “түүх соёлын өвийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө” хэсэгт “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр нь улс, хотын тусгай хамгаалалтанд авагдаагүй, тусгай хамгаалалт, хэрэгцээнд хамрагдахаар төлөвлөж байгаа нутаг байхгүй. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тодорхойлох чиглэлээр Монголын Археологи Палеонтологийн хүрээлэнгээр судалгааны ажлыг 2021 онд хийлгэсэн бөгөөд дүгнэлтүүдийг хавсаргасан” гэжээ.

Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч нь ХV-021849 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олон тооны түүх соёлын дурсгалт зүйл байрлаж буй нь тогтоогдож байхад тэдгээрийг хэрхэн хамгаалах талаар 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндөө тусгаагүй төдийгүй уг төлөвлөгөөнд “тус талбайд эрэл, хайгуулын ажил явуулахад археологийн болон палеонтологийн үнэт олдвор, түүхийн дурсгал сүйдэх эрсдэлгүй гэдгийг 2021 онд тогтоолгосон” гэж Монгол улсын Их сургуулийн археологийн хүрээлэнгийн судалгааны тайланд тусгаснаас өөр зүйлийг бичиж төлөвлөгөөгөө хариуцагчид хүргүүлсэн байна.

Үүнээс гадна, мэргэжлийн байгууллагаар хайгуулын талбайд судалгаа хийлгэн уг талбайд 14 ширхэг түүх соёлын дурсгалт зүйл байрлаж буйг тогтоолгосон ч тэдгээрийн байршиж буй газарт  хайгуул явуулах эсэх, хайгуул явуулахгүй бол тэдгээрийн байршиж буй газрыг хайгуул явуулах талбайгаас хэрхэн зааглах, тодруулбал, тэмдэг тэмдэглэгээ хийх талаар төлөвлөгөөнд тусгаагүй бөгөөд төлөвлөгөөнд хавсаргасан хайгуул хийх зураглалд соёлын өвийн байршиж буй газрыг тэмдэглэж тодорхойлоогүй байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-т зааснаар хайгуулын талбайд түүх соёлын дурсгалт зүйл байрлаж  буй  талаар болон эдгээр соёлын өвийг ойр орчимд хайгуул хийх талаар соёлын өвийг бүртгэх, хамгаалах үүрэг бүхий сумын соёлын төвд урьдчилсан мэдэгдэж зөвшөөрөл авсан гэх байдал хэрэгт цугларсан  нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь түүх соёлын дурсгалт зүйлийг хэрхэн хамгаалах талаар төлөвлөгөөнд тусгаагүй, тухайн төлөвлөгөөгөө Өндөрширээт сумын байгаль орчны байцаагч, Засаг дарга нартай зөвшилцөж  боловсруулаагүй  нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж, 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж, 402 дугаар зүйлийн 402.1.2-т “ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ.” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд, хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/45 дугаар  албан бичгээр нэхэмжлэгчид өгсөн, түүний 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5. захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д”Сум, дүүргийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:17.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэж, 17.1.2-т “соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

2.5. Дээрх нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгч нь хайгуулын ХV-021849 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2021, 2022, 2023 онуудад тус тус хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан журмаар Өндөрширээт сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нартай зөвшилцөн боловсруулаагүй, мөн соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд эдгээр төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй болон батлахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй нь тогтоогдож байх тул  хайгуулын ХV-021849 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2021, 2022, 2023 онд тус тус хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.6. Хариуцагч Өндөрширээт сумын Засаг дарга А.Даваа-Очироос “нэхэмжлэгч хайгуулын ХV-021849 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тус сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчид 2021 онд, мөн 2023 онд эдгээр төлөвлөгөөг батлах боломжгүй гэх агуулгатай албан бичгийг тус тус хүргүүлсэн байх тул хариуцагчийн төлөөлөгч Б.*******ийн “нэхэмжлэгч хайгуулын ХV-021849 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тус сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй” гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг, 40дүгээр зүйлийн 401.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг-1, 32, 39 дэх талд,

[2] Хавтаст хэрэг-1, 42 дахь талд,