Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 763

 

 

 

 

 

 

 

 

 

А.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/00429 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.И-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Э-д холбогдох,

 

Автомашиныг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.И нь 2014 онд иргэн С.Э-д 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд мөнгийг дансаар шилжүүлсэн. Зээлсэн мөнгөө өгөөгүй тул уг мөнгөн хөрөнгөд 23-94 УНД улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг А.И-ын эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уг машин А.И-ын нэр дээр шилжсэн.

А.И руу н.О  2014 оны 08 сарын дунд үед залгаад “хүүтэй мөнгө зээлдэг хүн байна уу, надад мөнгөний хэрэг болоод байна” гэж асуухад нь С.Э ын утасны дугаарыг өгч, тэднийг хооронд нь холбож зуучилж өгсөн.

Тухайн үед С.Э-д миний зээлүүлсэн мөнгө байсан ба тэр үед С.Э надруу залгаад “чиний мөнгийг н.О д өгчих үү” гэж асуухад нь “чи өөрөө мэдээд хий” гэж хэлсэн болохоос “автомашиныг нь өөрийн нэр шилжүүлж, зээлийн гэрээг өөрөөрөө хийгээд өг” гэж хэлээгүй.

А.И нь С.Э , н.О нарын хооронд ямар гэрээ хэлцэл хийснийг мэдэхгүй. С.Э нь 2014 оны 08 дугаар сарын 11-ны өдөр н.О тэй автомашин худалдах, худалдан авах гэрээг хийж, нотариатчаар баталгаажуулан н.О ийн автомашиныг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн байдаг.

Хэсэг хугацааны дараа н.О  алга болсон учраас шүүхэд хандаж, өмгөөллийн үйлчилгээний хөлс 350 000 төгрөгийг С.Э авсан. Тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өгсөн итгэмжлэлд би гарын үсэг зураагүй, хууль бус үйлдэл гэж үзэж байна. н.О д мөнгө зээлээд авч чадахгүй байгаа нь нэхэмжлэгчид автомашин шилжүүлэн өгөхтэй хамааралгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 сард А.И нь С.Э руу залгаж “хамт ажилладаг н.О  гэх хүнд 15 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлээч гэсэн бөгөөд тухайн үед уг мөнгийг зээлж барьцаанд нь 23-94 УНД улсын дугаартай Тоёота Харриер маркын автомашиныг унаж явах нөхцөлтэй барьцаалсан.

А.И “би завгүй байгаа учраас чи машиныг нь өөрийн нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээг өөрөөрөө хийгээд өгчих” гэж хэлсэн. н.О  нь уг автомашинаа миний нэр дээр шилжүүлж, мөнгөө аваад явсан.

Түүнээс хойш А.И-ын 5062043344 тоот данс руу хүү болох 7 000 000 төгрөг, үндсэн мөнгө болох 5 000 000 төгрөгийг шилжүүлж, нийт 12 000 000 төгрөгийг өгсөн. н.О  нь 2016 оноос хойш үлдэгдэл мөнгө болон хүүгээ өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах талаар А.И санаачилж н.Н  өмгөөлөгчтэй гэрээ хийж, бүх зардлыг А.И өөрөө гаргасан.

С.Э ын нэрээр нэхэмжлэл гаргасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр н.О ээс 12 000 000 төгрөгийг гаргуулахаар 101/ШШ2016/05353 дугаар захирамж гарсан. н.О  нь хугацаандаа мөнгөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцадп н.О  нь 2 000 000 төгрөгийг А.И-ын 5062043344 тоот дансанд хийсэн.

С.Э шийдвэр гүйцэтгэх байгууллагад н.О ээс авах бүх мөнгийг А.И-ын 5062043344 тоот дансанд хийж өгөх тухай хүсэлтийг гаргаж байсан. н.О  нь уг автомашинаа өөрийн эзэмшилд байлгаж байх үед өөр хүн өрөндөө аваад явсан гэж ярьдаг, өөрт нь байгаа эсэхийг би мэдэхгүй.

Энэ нэхэмжлээд байгаа автомашин С.Э ын эзэмшилд байхгүй учраас биет байдлаар А.И-д өгөх боломжгүй, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А.И Автотээврийн газар ажилладаг танилаа ашиглан автомашины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. н.О  А.И-оос зээлсэн мөнгөний дийлэнх хувийг нь төлсөн байдаг. Энэ асуудалд би зөвхөн зуучилсан ба А.И-ын нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш. Шилжүүлж аваагүй, байхгүй автомашиныг хүлээлгэж өгөх боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Э аас 23-94 УНД улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч А.И-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь дээрхи шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд эд хөрөнгийг шилжүүлэх тухай баримт нь хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсаныг нотолсон баримт байхад шүүх тээврийн хэрэгслийн эрх шилжүүлэх гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн хэтэрхий өрөөсгөл, үндэслэлгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр уйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй гэж үзэж байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хүлээдэг хэдий ч хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шүүх шууд дүгнэлт хийх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг шаардах эрх нээлттэй байсан.

Учир нь дээрхи автомашин нь гэрээний үндсэн дээр бичиг баримтын хүрээнд шилжүүлсэн бөгөөд хариуцагч энэ автомашиныг биет байдлаар шилжүүлэх боломжгүй, мөн би А.И-ын буюу нэхэмжлэгчийн мөнгийг дамжуулан өгсөн н.О ээс мөнгө гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан гэх тайлбараас гар гараа дагах зарчмын хүрээнд н.О  авсан төлбөртөө тооцон автомашиныг С.Э-д шилжүүлж, С.Э надад шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв дүгнээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.И хариуцагч С.Э-д холбогдуулан 23-94 УНД улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн автомашиныг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  Тоёота Харриер маркийн 23-94 УНД улсын дугаартай автомашины өмчлөгчөөр А.И бүртгүүлсэн, гэрчилгээг Автотээврийн үндэсний төв 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгожээ.

 

С.Э , О.О  нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч О.О  нь 23-94 УНД улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг худалдан авагч С.Э ын өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн ба худалдан авагч нь автомашины үнэд 15 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. Улмаар уг автомашиныг 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр С.Э ын өмчлөлд бүртгүүлжээ. /хх29, 52/

 

С.Э , н.О  нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 10 000 000 төгрөгийг 14 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь тогтоосон хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн үүргийн харилцаа үүссэн байсан гэх нөхцөл байдал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5353 дугаар “Зохигчдын эвлэрлийг батлах” тухай захирамжаар тогтоогдож байна. /хх19-20/

 

Дээрх бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл уг маргаан бүхий автомашин С.Э ын эзэмшилд байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

 

Иймд С.Э аас 23-94 УНД улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг гаргуулах А.И-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/00429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА