Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/614 

 

 

 

 

 

Б.Мид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр,

хохирогч А.Сгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Мид холбогдох 2103003360012 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын зам Номин агуулахын урд замд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21:30 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1,87 хувийн согтолттой үедээ “Mitsubishi Delica” маркийн 0000УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж, мөн дүрмийн 16.1-т “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч А.Сг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас:

Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Мийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 21.580.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэхгүй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчдийн зүгээс хохирогч А.Сгийн эрх ашгийг хамгаалж хохирлыг гаргуулах байр сууринаас оролцсон. Дээрх гэмт хэргийн улмаас А.Сгийн биеийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан атал ...яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр” хохирол учруулсан гэж шилжүүлсэн байхад анхан шатны шүүх дүгнэлтэндээ ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийн бодит байдалтай нийцүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчиж шийдвэрлэсэн. ...хохирогч А.Сгийн биеийн эрүүл мэндийн байдал өдрөөс өдөрт дордож, дахин эмнэлгийн хяналтанд орж хүндэрч, цаашдын ирээдүйн үлдэц, уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар нь хэзээ хэвийн байдалд орох нь тодорхойгүй болсон, хүнд хэцүү нөхцөлд байгаа болно.

                 ...Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, тээврийн хэрэгслийн улсын дугаар зөрүүтэй. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг яллах дүгнэлтэндээ 0000УБУ гэсэн байх боловч Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техник хяналтын үзлэгээр шүүлт хийж үзэхэд 0000УАМ гэсэн дугаар бүртгэлтэй харилцан зөрүүтэй нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн дүгнэлтэд тээврийн хэрэгслийн дугаар 0000УАМ жинхэнэ болох нь тогтоогдсон гэж нэмж тэмдэглэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн. Дээрх тээврийн хэрэгслийн улсын дугаар нь харилцан илт зөрүүтэй асуудалд нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотолж тогтоогоогүй.

                 Хэрэг болох өдөр шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг шалгаж тогтоогоогүй болно.

            Тус авто тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь”Тайгын булаг авто” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан, мөрдөн шалгах шатанд мөрдөгчийн зүгээс Иргэний хариуцагчаар тогтоох албан тоотыг явуулсан байхад шүүгдэгч Б.М гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, зайлшгүй шаардлагатай эмчилгээний зардлыг барагдуулаагүй атал ”Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшилд буй автомашины төлбөрийг бүрэн төлж, өөрт ашигтай байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, анхан шатны шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байгааг анхаарч үзэхгүй хэт нэг талыг баримтлан шүүгдэгч Б.Мид ял завших нөхцөл байдлыг бүрэн бий болгож, хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцүүлээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Толгойтын зам Номин агуулахын урд замд тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3, 7, 16.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар урагш чиглэлтэй гарч явсан хохирогч А.Сг мөргөж, эрүүл мэнд, амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсон байхад анхан шатны шүүх “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн хэт нэг талыг баримтлан шударга бусаар хууль зүйн үндэслэлгүй “хохирлыг нөхөн төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”-ийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго “...гэмт хэрэг үйлдсэн хүн...цээрлүүлэх...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” зорилгод нийцэхгүй байна.

Б.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирогч А.С нь гомдол саналтай, 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх, ар гэрийн хүнд нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, биеийн эрүүл мэндийн асар хүнд байдлыг харгалзахгүйгээр шударга ёсны зарчим, хууль ёсны байх шаардлагад нийцүүлэхгүйгээр хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан хөнгөрүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад шүүхээс “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дутуу үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байна.

Мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийн арилгах үүргийг нэмж авсан болно” гэж дүгнэсэн боловч өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.М хохирлыг нөхөн төлсөн зүйл байхгүй болно.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд: Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол, хор уршиг учирдаг ба энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад хүний үндсэн эрх зөрчигдөх, хэлмэгдэх үр дагавар үүсгэдэг тул мөрдөгч, прокурор, шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нэг бүрчлэн тогтоож, учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авах учиртай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үүргийг тухайн гэмт хэргийн хувьд заавал гэм буруутай этгээд хариуцахаар бус, УДШ-ийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолд зааснаар гэм буруугүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хууль ёсоор хариуцвал зохих этгээд байж болохыг мөн анхаарах учиртай. Дээрх УДШ-ийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолд “уг хэргийн хамт шийдвэрлэнэ" гэсний дагуу 6.1.3-д “....хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлогоор тооцно" гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Моос хуулийн дагуу гаргуулж шийдвэрлээгүй нь хуулийг нэг мөр хэрэглэх, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хохирогч А.Сгийн биеийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлүүд нь ослын улмаас үүссэн...амь насанд аюултай, өрөнхий хөдөлмөрийн чадварт их хэмжээгээр тогтонги байдлаар нөлөөлөх гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлттэй. Гэтэл анхан шатны шүүх 21.580.000 төгрөгийн хохирлын талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй;”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэж байна. А.Сгийн зүгээс хуулинд заасан хохирлын баримтуудыг нотлох баримтаар гаргасан ба ямар ямар баримтууд хуулинд заасан шаардлага хангаагүйг тодорхой дурьдаагүй, “хянан хэлэлцэх боломжгүй” хэрэгт хамааралгүй тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ойлгомжгүй дурьдаж, хохирогч гомдол саналтай байхад “бусдад төлөх төлбөргүй" гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс, асарч сувилуулсан зардал, эмчилгээ сувилгаа, эм тарианы зардлын баримтуудыг хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага ханган хавтаст хэрэгт авагдсан байхад нотлох баримтгүй, хянан хэлэлцэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтанд дутуу үнэлэлт өгч, хуулинд зааснаар цалин хөлс, асран хамгаалагчийн зардлыг шийдвэрлээгүй орхигдуулж, үгүйсгэсэн тухай хууль зүйн үндэслэлээ заалгүй хуулийг зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 2022/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн байх тул 2022/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч А.Сгийн эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь төлж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш өнөөдрийг хүртэл эмчилгээний төлбөр гэж нэхсэн төлбөрийг төлсөн. Цаашид эмчилгээний төлбөрийг тухай бүр нь төлөхөө илэрхийлж, холбоотой байгаа. Жолооны үнэмлэх байхгүй байсан гэдэгт тухайн хэрэг болох үед би сандраад хажууд байсан хүнээс утсаар яриад өгөхийг гуйсан. Тэр хүн миний утсыг аваад явчихсан, утасны хавтас хэсэгт жолооны үнэмлэх байсан. Тиймээс дараа нь жолооны үнэмлэхний лавлагааг гаргаж өгсөн...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд гэм буруугийн талаар маргаагүй, эхнээсээ хохирогчтой холбоотой байж, хохирол төлбөрөө барагдуулсаар ирсэн. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг дордуулсан үндэслэлгүй зүйлүүд ярьж байна. Нийтдээ 10.000.000 орчим төгрөгийг төлсөн. Шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд хангалттай төлбөр төлөгдсөн, энэ баримтын хүрээнд хохиролгүй гэдэг дүгнэлтийг хийсэн. Хэрэв шүүхэд гаргаж өгч чадаагүй санхүүгийн баримт байгаа бол гаргаж өгөөд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг ч шийдвэрт зааж өгсөн байгаа. Хохирлын баримт байвал хурдан гаргаж өгөөрэй, миний үйлчлүүлэгч дөрвөн хүүхэдтэй, санхүүгийн хүндрэл үүсэх эрсдэлтэй байна, шүүхэд гэнэт санхүүгийн олон баримт гаргаад ирвэл бидний эрх зүйн байдал дордож, нэг мөр бөөнөөр нь төлөх боломжгүй нөхцөлд хүрнэ гэдгээ илэрхийлсэн. Шүүхэд өөр баримт гаргаж өгөөгүй. Хохирогчийн өмгөөлөгч гурван үндэслэлийн хүрээнд гомдол гаргасан байна. 1. Хууль ёсны байх. Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. 2. Эргэлзээгүй тогтооно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд маргаагүй байхад ямар нөхцөл тогтоох гээд байгаа нь ойлгомжгүй. 3. Хохирол, хор уршгийг тогтоогоогүй. Нэхэмжлэлдээ тусгасан санхүүгийн баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Мийн үйлдлийг зөв зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг тус шүүх хуралдаанд: “...Өмгөөлөгч Б.Батбаярын тайлбарыг дэмжиж байна...” гэв.  

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Мягмардоржийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оноосон байгаа. Шүүгдэгч Мягмардорж анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял шийтгэлтэй маргаагүй. Анхан шатны шүүх хуралд хохирогч А.С оролцохдоо “...би хоёр жилийн дараа тэтгэвэрт гарна,  тиймээс эрүүл мэнддээ анхаараад ажлаа хэвийн хиймээр байна. Шүүгдэгч Мягмардоржоор эмчилгээнийхээ зардлыг төлүүлж баймааар байгаа учраас хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн. Анхан шатны шүүх энэ дээр яагаад нэхэмжилсэн хохирлыг шийдвэрлээгүй вэ гэхээр хохирогч А.С охинтойгоо хамтран тухайн үед зээл авсан байсан. Энэ хохирлын хэмжээг хохирогч А.Сгийнх гэж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзээд шүүхээр хэлэлцүүлэхгүй орхисон. Бодит хохирлын хувьд 8.420.000 төгрөгийг шүүгдэгч Мягмардоржийн зүгээс төлсөн, төлбөл зохих хохирлыг тооцоход 5.000.000 гаран төгрөгийн бодит хохирол байна гэж анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдаж өгөөд бодит хохирлыг бүрэн төлсөн гэсэн дүгнэлтийг хийсэн. Харин хүүхдийн сургалтын төлбөрийг, мөн ажиллаагүй хоногийн цалин зэрэгт хангалттай нотлох баримт байхгүй байна гэж үзээд хэлэлцээгүй орхисон боловч нэхэмжлэх эрх нь нээлттэй. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “...жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хэрэглэсэн...” гэж заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1,87 хувийн согтолттой үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “...жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...” гэж заасныг зөрчиж Mitsubishi Delica” маркийн 0000УБУ улсын дугаар зүүсэн(улсын бүртгэл дээрх дугаар нь 0000УАМ ) тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын зам Номин агуулахын урд замд 21:30 цагийн үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэж заасныг зөрчиж явган зорчигч А.Сг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч А.С нь явган хүний гарцаар гарч явахдаа автомашинд мөргүүлж, эрүүл мэнд нь хохирсон болохыг мэдүүлсэн хохирогч А.Сгийн: “...ажлаа тараад ажлынхаа Сайнбаяр, Отгончимэг нарын хамт Номин агуулахаас гараад замынхаа хойд талаас явган хүний зохицуулагддаггүй гарцаар хойноосоо урагшаа... зам гарах гээд явж байхад автомашин 4 метрийн зайнд гарц дөхөж яваа харагдсан. Гарцын ойролцоо зам эвдрээд ухагдчихсан байсан тул автомашин гарц дөхөж ирээд зогсоох арга хэмжээ авна гэж бодоод гарцыг гарах гээд явж байтал автомашин миний баруун мөр хэсгийг мөргөөд... би зам дээр унаад босох гэтэл үүдэн нэг шүд эмтрээд, баруун мөр, гар хоёр хөдлөхгүй байсан. Би доошоо нүүрэн хэсгээрээ зам дээр унасан байсан...” (1-р хавтаст хэргийн 50-52),

гэрч Б.Сайнбаярын: “...ажил тараад би ажлынхаа С, Отгончимэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын замд байрлах Номин агуулахаас гараад замынхаа хойд талаас хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гурвуулаа хамт зам гарч байх үед С нь Отгончимэг бид хоёрын ард явж байтал ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлд явж байсан автомашинтай хүн Сг мөргөсөн. Миний ард түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал С зам дээр уначихсан байсан...” (1-р хавтаст хэргийн 58),

гэрч Т.Отгончимэгийн: “...С эгч ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд 1-р эгнээнд явж байсан Delica маркийн автомашин мөргөсөн. С эгч гарцаас нэлээн хол шидэгдсэн. Яг мөргүүлснийг нь хараагүй, тухайн үед зам гарч явсан. Түс хийх чимээ сонссон. С нь мөргүүлснээс болж баруун гар, баруун хөл хугарсан...” (1-р хавтаст хэргийн 60),

гэрч Б.Энхбатын: “...Мягмардорж над руу 22 цагийн үед өөрийнхөө дугаарын утсаар залгаад “...би хүн дайрчихлаа, чи байна уу, хурдан хүрээд ир, Номингийн урд зам дээр зогсож байна...” гэхээр нь ойролцоогоор 7-8 минутын дараа очиход автомашинд мөргүүлсэн эмэгтэй машинаас 5 метрийн зайнд хажуу талаараа зам дээр хэвтэж байсан...” (1-р хавтаст хэргийн 67) гэсэн мэдүүлгүүд,

 Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн: “...Дуудлага хүлээн авсан: 2021-10-22 21:42:32, ...Дуудлагын утга: 1812 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүн мөргөсөн...” гэх дуудлагын РСMJ10306738 дугаар хуудас (1-р хавтаст хэргийн 4),

“...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын зам Номин агуулахын урд замд пост 541-гээс баруун тийш 200 метрт үйлдэгдсэн байх ба зам орчмын байдал шулуун, хуурай, зохицуулагддаггүй явган хүний гарцтай суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй...зам байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 5-13),

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас: “...1812УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Мдрайгер багаж ашиглан шалгахад 1.87% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” (1-р хавтаст хэргийн 10),

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10277 дугаартай: “1. А.Сгийн биед баруун атгаал ясны толгой, хүзүү хэсгийн далд хугарал, мөрний хагас мултрал, баруун хөлийн шаант ясны ил хугарал, дух, баруун нүдний дотор булан, баруун мөр, бугалга, бөөр, ташаа, гуя, нурууны бүсэлхий орчим, зүүн шилбэ, шагайг хамарсан цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 83-84), 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 4868 дугаартай: “...Б.М 45/эр, Х/23 гэж хаягласан цусанд 1.8 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1.8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 76-77),  

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 25270588 дугаартай: “...Уг авто тээврийн хэрэгслийн ...баруун, зүүн  гар талын хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй...байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавих стандартын шаардлага хангахгүй байна. ...Уг авто тээврийн хэрэгслийг тус мөрдөгчийн тогтоол дээр авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн хэрэгсэлд зүүсэн бүртгэлийн дугаар нь (улсын дугаар) 0000УБУ байсан ба Техник хяналтын үзлэгийн нэгдсэн сан Программ болох MVIS дээр шалгаж үзэхэд уг 0000УБУ бүртгэлийн дугаар нь “Нөмөр Кредит ББСБ”-ын эзэмшлийн, ZVW413010014 арлын дугаартай, сувдан цагаан өнгийн 2011 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Toyota маркийн Prius загварын машин дээр бүртгэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирсэн “Mitsubishi Delica D5” загварын авто тээврийн хэрэгслийн раман дээрх арлын дугаар болох CV5W0401717 дугаараар Техник хяналтын үзлэгийн нэгдсэн сан Программ болох MVIS дээр шүүлт хийж үзэхэд 0000УАМ гэсэн бүртгэлийн дугаартай байсан бөгөөд ...дүгнэлтээ 0000УАМ бүртгэлийн дугаараар гаргасан болно...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 90-94), 

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 341 дугаартай магадлагаа: “Mitsubishi Delica маркийн 0000УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Бибиш овгийн Мягмардорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн дүрмийн 16.1. ...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.С нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” (1-р хавтаст хэргийн 99-100),

шүүгдэгч Б.Мийн хэргээ хүлээн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...700 гр вискитэй ирээд бид хоёр хоёулаа вискиг уусан. ...би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг, урсгалын автомашинуудын гэрлийн гялбаанд ороод явган зорчигчийг зам гарч байгааг анзаараагүй явган хүний гарц дээр мөргөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 160-161) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Мийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- заасныг зөрчин 1,87 хувийн согтолттой үедээ мөн дүрмийн 3.4-д заасны зөрчин “...баруун, зүүн  гар талын хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй...” авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөн Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа ...явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч А.Сг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. ...” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж,   

мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Тэнсэх” эрүүгийн хариуцлагын 1 дэх хэсэгт “....Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан бүхий л баримтыг хянахад, анхан шатны шүүхээс Б.Мид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хийсэн “...шүүгдэгч Б.Мийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн, тэрээр хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй, эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан “Тэнсэх” боломжтой...” гэсэн дүгнэлт /шийтгэх тогтоолын 12-13 дахь тал/-ийг үндэслэлгүй гэж үзэх нотлох баримт байхгүй байна.

Б.Мийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хүндрүүлэх  шинж болж зүйлчлэгдэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй. ...” гэж зааснаар Б.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

            Мөн анхан шатны шүүхийн:

  • хохирогч А.Сгийн шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж буй хохирлоос энэхүү эрүүгийн хэрэгтэй хамтатган үнэлж шийдвэрлэх боломжтой 5,788,686 төгрөгийн хохирол (1-р хх 203-245) байх ба шүүгдэгч Б.М нь анхан шатны шүүх хуралдаан хүртэл 8,420,000 төгрөгийг А.Сд төлсөн тул шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй дүгнэсэн нь,
  • хохирогч А.Сг нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмжээ цалингаасаа хасаж байж нэхэмжлэх, С.Сумъяа нь А.Сд учирсан гэмтлийн улмаас ажил эрхлээгүй талаар А.Сгийн хүү С.Батбаярын сургалтын төлбөр болон  хамтран зээлдсэн зээлийн гэрээний үүргийг яагаад энэ гэмт хэргийн хохирол болж байгаа талаар нотлох баримтаа гарган иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг дүгнэсэн тус тус дүгнэлт нь ойлгомжтой төдийгүй, үндэслэлтэй байна.

                 Хохирогч А.Сгийн энэхүү гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10277 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлттэй уялдаатай авч үзжээ.

                 Шүүгдэгч Б.Мийн үйлдэл нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд хөнгөн гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр “Тэнсэх” зохицуулалтыг хэрэглэх нөхцөлийг хангасан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд хохирогч А.Сд 1,495,000 төгрөгийг төлсөн байгааг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоол гарсны дараа нийт 1,495,000 төгрөгийг хохирогч А.Сд төлсөн болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

                ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

                ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ