Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2024/00343

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 03-ны өдөр Дугаар 149/ШШ2024/00343 Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 238 тоотод оршин суух, ******* онд төрсөн, ** настай, эмэгтэй, ******* овогт *******ын *******/рд:*******, утас:*******/-ын хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь 1985 онд Мандал сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөж тус сумын Ой агнуурын аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 01-ээс ойжуулагчаар орж ажиллаж байгаад 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Зүүнхараа Ой агнуурын аж ахуйн архивын материал үрэгдсэний улмаас орсон гарсан тушаал олдохгүй байгаа ба уг газарт миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн.Иймд миний 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 01 жил 05 сарын ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийг 1985 онд 8 дугаар анги төгсөөд Зүүнхараа хотын Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр анх ажилд орж ажиллаж байгаад 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм. Би өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн боловч Ой агнуурын аж ахуйн архив устаж үгүй болж миний хөдөлмөрийн дэвтэр тухайн үед мөн алга болсон. Одоогоор миний тус байгууллагад орсон гарсан тушаалууд олдохгүй байгаагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй болоод байгаа учраас миний ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч С.******* нь Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Ой агнуурын аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ойжуулагчаар ажиллаж байсан болох нь:

-Хүсэлт гаргагч С.*******тай хамт ажиллаж байсан иргэн , , нарын шүүхэд гаргаж ирүүлсэн тодорхойлолт

-Иргэн гэрчээр мэдүүлэхдээ: ...1976-1996 он хүртэл Ай аж ахуйд ойжуулагч хийж байсан. 2005 онд тэтгэвэрт гарсан. ...Ой аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр анх ойжуулагчаар орж байсан. 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. ... Ажил мэргэжил сольж байгаагүй. Хөдөө байнга ажилладаг байсан. ...Одоо бол байхгүй. 1995 онд архиваа шатаалгачихсан. ...Ойжуулагч хийдэг байсан. Зун үр тарьдаг өвөл боргоцой бэлддэг байсан. ...гэх мэдүүлэг.

Иргэн гэрчээр мэдүүлэхдээ: ...1985 оноос ой агнуурын аж ахуйд ойн техникум төгсөөд ойн техникчээр ажилд орсон. Зах зээл гартал ажилласан. 2005 он хүртэл мод үржүүлэгчээр дагнаад ажилласан. ...1985 оны 07 дугаар сард манайд ирж ажилласан. 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаад гарсан. ...Ойжуулагч хийдэг байсан. Албан тушаал нь ойжуулагч гэж байсан. ...гэх мэдүүлэг,

Иргэн гэрчээр мэдүүлэхдээ: ...1984-2000 оны хооронд Зүүнхараагийн ойн агнуурын аж ахуйд инженер хийдэг байсан. 2000-2001 ИТХ-ийн нарийн бичгийн дарга 2021 онд тэтгэвэрт гарсан. ...1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мод үржүүлгийн газарт ойжуулагчаар ажиллаж байсан. Тэгэхэд би өөрөө инженерээр ажиллаж байсан. ...Архивын материал гэж хаана ч байхгүй байгаа. 1995 онд архиваа шатаачихсан. ...Ойжуулагч хийдэг байсан. Албан тушаал нь ойжуулагч гэж байсан. ...гэх мэдүүлэг зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

 

Тиймээс хүсэлт гаргагч С.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг ******* овогт *******ын *******ыг Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот дахь Ой агнуурын аж ахуйд Ойжуулагчаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ