Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 149/ШШ2024/00286

 

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 149/ШШ2024/00286 Мандал сум

 

Монгол улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 1-р баг 6-р хэсэг Ар зүрх гэх газар оршин суух, /*******, Утас:*******/ ******* ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1977 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 1 дүгээр баг Ар зүрх газар оршин суух, /*******, Утас:*******/ д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Содой, Хариуцагч Х., Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Содой шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Ц.Содой нь Х.тай 2000 онд танилцаж найзалж нөхөрлөж байгаад гэр бүлээ 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батлуулж хууль ёсны эхнэр нөхөр болсон. Анхны хүү Т.Төмөрбаатар нь 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн одоо 23 настай, дараагийн охин Т.Хонгорзул нь 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн одоо 19 натай, дараагийн охин Т.Номинзул нь 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн одоо 16 настай, бага хүү Т.Хүслэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн одоо 6 настай, ам бүл зургуулаа амьдарч байсан. Гэр бүл болсон эхний 5 жил эвтэй найртай сайхан амьдарч байсан боловч 2005 оноос эхлэн архи ууж, архи уухаараа агсам тавьж эрх чөлөөнд халдахгүй ч хүүхдүүдээ айлгаж, орилж хашхирч амгалан тайван байдлыг алдагдуулж эхэлсэн. 2008 оноос эхэлж гар хүрч эхэлсэн. Сүүлийн жилүүдэд архи уух болон зодох нь ихсэж таних, танихгүй хүнтэй худлаа хардаж зоддог болсон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байхаар нь цагдаагийн байгууллагад хоёр удаа өгсөн. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхээр 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр арга хэмжээ авагдсан боловч засрал хүмүүжил олоогүй бүр ширүүн догшин болон хувирч архи уух болгондоо болон эрүүлдээ ч зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байна. Нөхөр Х.ыг одоо Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээр ял шийтгүүлэх хэмжээнд хүрсэн учраас энэ хүнийг ял шийтгүүлэхгүйгээр гэр бүлээ түргэн шуурхай цуцалж, тайван амгалан амьдармаар байна. Нөхөр Х. олон удаа уучлалт гуйж би уучилж байсан ч засраагүй хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй байна салъя гэтэл чи надаас салах гэлээ би чамаас салахгүй гэж 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бас зодсон. Би 24 жил амьдарсан 4 хүүхдийн ээж, аав болсноо бодоод шүүхээр шийтгүүлэхгүй хоёр тийшээ салъя гэж бодож байгаа юм. Энэ асуудал нь хүүхдүүдийн минь эрх ашгийг хохироож байгаа. Иймд цаашид нөхөр Х.тай хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцалж охин Т.Номинзул 16 настай, Т.Хүслэн 6 настай, охин, хүү нараа өөрийн асрамжид авч эцэг аас хүү Т.Хүслэнд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Ц.Содойтой 2000 онд танилцаж найзалж нөхөрлөж байгаад гэр бүлээ 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батлуулж хууль ёсны эхнэр нөхөр болсон. Анхны хүү Т.Төмөрбаатар 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн одоо 23 настай, дараагийн охин Т.Хонгорзул 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн одоо 19 натай, дараагийн охин Т.Номинзул 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн одоо 16 настай, бага хүү Т.Хүслэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн одоо 6 настай, ам бүл зургуулаа амьдарч байна. Одоо гэрлэлтээ цуцлуулах болон хүүхдэдээ тэтгэлэг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Содой, Хариуцагч Х.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Содой, Хариуцагч Х. нар нь гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү Т.Төмөрбаатар, 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин Хонгорзул, 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин Номинзул, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүү Хүслэн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2024 оны 05 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Хүслэнг эх Ц.******* асрамжид үлдээж эцэг Х.аас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* ******* Содой, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Т.Хүслэнг төрсөн эх Ц.******* асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Т.Хүслэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Т.Хүслэнг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Х.аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Содойд буцаан олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Х.аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 53024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.