Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 797

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/0449 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НЕБЗС-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Байгалмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Мөнхзул,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Хандармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр НЕБЗС-д няраваар ажилд орж, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин Г.А-г төрүүлсэн. Хуучин эрхэлж байсан няравын ажилд эргэн орох хүсэлтийг 2017 оны 04 сард өгсөн ба 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн ажиллуулсан.

Миний бие 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажиллаад, 6 сарын цалингүй чөлөөг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авсан. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуучин эрхэлж байсан ажлын байрандаа орох хүсэлтийг гаргахад тус сургуулийн захирал “Сүхбаатар дүүргийн төрийн сангийн даргатай уулзаад материалаа шалгуулаад ир” гэж хэлсэн.

Миний бие Сүхбаатар дүүргийн төрийн сангийн даргатай уулзахад “материалын хувьд шаардлага хангаж байна, над руу явуулах шаардлагагүй байхад явуулсан байна, буцаж очоод ажилдаа ор” гэж хэлсэн.

Гэтэл сургууль захирал няраваар ажиллуулах боломжгүй, бичиг хэргийн албан тушаалд ажиллах боломжтой гэж хэлсэн ба удалгүй 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичиг хэргийн ажилтнаар ажиллуулах тушаалыг гаргасан байсан.

Миний бие бичиг хэргийн ажилтнаар ажиллах хүсэлгүй байгаа тул хуучин эрхэлж байсан няравын ажлын байранд ажиллах хүсэлтэй байгаагаа тус сургуулийн захиралд хүсэлт гаргасан хэдий ч одоогоор энэ ажлын байрандаа ажиллаж бай, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр няравын ажлын байранд оруулна гэх хариу өгч, миний эрх ашгийг хөндсөн. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 1 сарын 453 300 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1 359 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь НЕБЗС-д няравын ажил эрхэлж байсан. Ажиллах хугацаандаа удаа дараа зөрчил гарган, тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, ажил цалгардуулж ажлын чадваргүй, хариуцсан ажлаа хийж чадахгүй байсан тул няравын ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нь 2018 оны жилийн эцсийн тайланг стандартын дагуу гаргаж чадаагүй, 2019 оны 02 дугаар сарын Үдийн цай хөтөлбөрийн хүүхдийн ирцийг цаг хугацаанд нь үнэн зөв нэгтгэж өгч чадахгүй ажлын хариуцлага алдсанаас болж сургуульд өр авлага үүсгэсэн, 2019 оны 03 дугаар сард Нийслэлийн аудитын шалгалтад эд хариуцагчийн бараа материалын тайлангийн эцсийн үлдэгдлийг 8 962 600 төгрөгөөр дутуу тайлагнасан, няравын тайлан хийгдээгүй зөрчил гаргаж зөвлөмж авсан, энэ зөрчлийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар Нийслэлийн аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу залруулга тайлан гаргаж хамгаалах үүрэг өгсөн ч хийж чадахгүй байсан, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөө хүсэн өргөдөл гаргаж мэдлэг боловсролоо дээшлүүлэн ирнэ гэсэн боловч НЕБ 73 дугаар сургуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр архив бичиг хэргийн ажилтнаар орж ажилласан, 73 дугаар сургуульд хариуцсан ажлаа хийж чадахгүй хариуцлага алдан халагдсан, мөн чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэж ороход нь лаборант-мэдээллийн ажилтнаар ажиллах санал тавьсан боловч өөрийн хүсэлтээр захирлын нарийн бичгийн ажил хийнэ гэж ажилд эргэн ороод тухайн ажлыг хийж чадахгүй ажил хаяж төрийн ажил цалгардуулсан.

Нэхэмжлэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг мөн өдөр гардан авсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтын дагуу Т.Б-гийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Т.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ залруулж бичиж өгье гэж авч яваад авчирч өгөөгүй. Т.Б нь ажлаас чөлөөлөгдсөн учраас 73 дугаар сургуульд ажилд орсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар НЕБ захирлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгож, НЕБ захиралд нэхэмжлэгч Т.Б-г няравын ажлын байраар нь хангахыг даалгаж, НЕБ   1 359 900 төгрөгийг гаргуулж  Т.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Т.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.30-ны өдөр төлсөн 36 790 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж  Т.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч НЕБ   106 908 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

Харин ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан шийдвэрлэхдээ буруу тооцсон. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн ба өөрийн ар гэр, амьдарлаа бодсон бол бичиг хэргийн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллаж цалин хөлсөө авах боломжтой байсан. 2019 оны 10 дугаар сард 9 хоног ажиллаж 186 222 төгрөг, 11 дүгээр сард 10 хоног ажиллаж 249 421 төгрөг, 12 дугаар сард листний мөнгө 86 168 төгрөгийг олгосон ба 12 сар хүртэл тасралтгүй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж актаар тайлагнасан.

Иймд 1 359 900 төгрөгөөс 838 089 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч НЕБЗС-д холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 1 359 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т.Б нь НЕБ ЗС захирлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 тоот тушаалаар 205 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн няравын албан тушаалд томилогдон ажиллаж, тус байгууллагын захирлын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/60 тоот тушаалаар жирэмсний амралтаа авсан, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 тоот тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн няравын албан тушаалд эгүүлэн томилогдож, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх94, 95, 96/

 

НЕБ ЗСзахирлын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалаар  Т.Б-д 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл  няравын үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингүй 6 сарын чөлөө олгосон байх ба Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  няравын ажилдаа орох хүсэлт гаргасан байхад хариуцагч байгууллага 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 тоот тушаалаар түүнийг бичиг хэргийн ажилтнаар томилсон байна. /хх-6, 7, 40/

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдлыг шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Ажил олгогч нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалаар ажилтаныг няравын үүрэгт ажлаас чөлөөлж 6 сарын хугацаатай чөлөө олгосон гэх эсрэг агуулгатай шийдэл гаргасныг ажилтанд ашигтай байдлаар тайлбарлаж захиргааны чөлөө олгосон гэж дүгнэнэ.

 

Хариуцагч нь ажилтаны албан тушаалыг өөрчилсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, ажилтан захиргааны чөлөөтэй байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгална.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар НЕБ ЗС захирлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Б-г тус сургуулийн няравын ажлын байраар нь хангахыг даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч энэ шийдвэрт гомдол гаргаагүй.

 

Хариуцагч байгууллагын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 тоот албан бичигт Т.Б нь няраваар ажиллаж байсан бөгөөд үндсэн цалин 453 300 төгрөг гэж тодорхойлсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацааны олговор 1 359 900 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд “нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сард 9 хоног ажиллаж 186 222 төгрөг, 11 дүгээр сард 10 хоног ажиллаж 249 421 төгрөг, 12 дугаар сард листний мөнгө 86 168 төгрөгийг тус тус олгосон тул олговроос 838 089 төгрөгийг хасч тооцох учиртай” гэх боловч энэ талаар баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/0449 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА