Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/666 

 

 

 

Б.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Э.Шинэцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Э.Шинэцэцэг нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 1902004370045 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч У нь Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Дагваням 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, эрүүгийн 201301051889 дугаартай “2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул-2” худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарч бусдын эд хөрөнгө устгасан” гэх хэрэгт 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Т.Мөнхцацралыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан дуусгаж, 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Хэргийг прокурорт шилжүүлэх” тухай мөрдөн байцаагчийн тогтоол гарган 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд туслах прокурор Ж.С-ийн “х/п У шийдвэрлэе” гэсэн цохолтоор өөрийн хяналтад хүлээн авсан,

2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэргийн хяналтын болон яллах дүгнэлт үйлдэх нийт 52 хоногийн хугацааг дуусган 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэл, мониторингийн системд 60 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн гэсэн төлөвтэй худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг бүртгэн оруулсан,

2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 39 дугаартай тогтоолоор яллах дүгнэлтийг хүчингүй болгосон гэсэн худал мэдээллийг цахим бүртгэлд бүртгэсэн, мөн өдрөө Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргээс тусгаарласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан яллагдагч Ш.Оюунсогоод холбогдох эрүүгийн 201525001720 дугаартай хэрэгт Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг нэгтгэсэн мэт худал мэдээлэл оруулан бүртгэж, Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж,

Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаас хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал буюу 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд нуун дарагдуулан Т.Мөнхцацралд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон,

Чингэлтэй дүүргийн прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор ажиллаж байхдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Золжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлийн 171100318 дугаартай “ХБЭК ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 121 ширхэг НӨАТ-ийн падаанд хий бичилт хийж 4,602,382,364.54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийсэн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан дуусгаж, 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тухай мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг мөн өдөр хүлээн авсан боловч шийдвэр гаргалгүй Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэт тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулж, хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивд архивын нэгж болгож өгөлгүй устгасан,

Мөн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Бүүвэйбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан яллагдагч С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх олон үйлдэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай гаргасан Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Б.У нь цохолтоор хяналтдаа хүлээн авч,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргээс яллагдагч С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэргийг тусгаарласан, эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн,

Тусгаарласан С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх хэргийн нотлох баримтуудыг эх хувь болон хуулбар хувийг авч хэргийн материал тусгаарлаагүй, тус хэрэгт ямар нэг прокурорын шийдвэр гаргаагүй, хэргийн материалыг мөрдөх байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлэлгүй, Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн цахим системд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн мэт худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг оруулан С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийг буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт холбогджээ.                             

Нийслэлийн прокурорын газраас: Б.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт устгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 10,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Чингэлтэй дүүргийн прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналын прокуророор ажиллаж байхдаа буюу нийтийн албан түшаалтнаар ажиллаж байхдаа:

- Т.Мөнхцацаралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд нуун дарагдуулан Т.Мөнхцацралыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн түүнд давуу байдал бий болгосон хэргийг Эрүүгийн хуулийн түсгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

            Эрүүгийн 171100318, 201725030081 дугаартай хэргийг устгасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан билээ.

Дээрх гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийн хувьд дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн талаар:

Б.У миний бие нь Т.Мөнхцацралтай ямар ч хамааралгүй бөгөөд хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх субъектив санаа зорилгын үүднээс буюу хувийн ашиг сонирхолын төлөө Т.Мөнхцацралд холбогдох хэрэгт шийдвэр гаргалгүй дарагдуулсан гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгахын тулд дараахь хуулийн зохицуулалтыг шалган тогтоох ёстой.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан "хувийн ашиг сонирхол" гэж заасан бөгөөд хэрэгт эдгээр нөхцөл байдлууд тогтоогдоогүй юм.

Мөн хавтаст хэрэгт цугларсан баримтаар миний бие 2018 оны 11 дүгээр сард ээлжийн амралт авч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орсон талаархи баримт байдаг, гэтэл мөрдөн байцаалтын шатанд гэрч Отгонбаяр нь 11 дүгээр сарын дундуур гэж мэдүүлэгтээ дурьдсан, гэтэл нэмэлт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө 11 дүгээр сарын сүүлээр гэж мэдүүлгээ өөрчилсөн нь эргэлзээтэй, мөн 11 дүгээр сард прокурорын байгууллагад ямар шалгалт ирсэн талаар шалгаагүй юм.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн талаар:

...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан хэрэгт дээрх 2 хэргийн цахим бүртгэлд хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг оруулж устгасан гэж дүгнэж буруутгасан юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.У би дээрх 2 хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг цахим бүртгэлд оруулаагүй болох нь тогтоогдсон, түүнчлэн 171100318 дугаартай хэргийг цахимд хаалт хийх үед миний бие ажлаас чөлөөлөгдөж сургалтанд сууж байсан байдаг.

Мөн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэх үйлдэл болох гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь тогтоогдоогүй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон хэргийг хянан хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Э.Шинэцэцэг  нар хамтран гаргасан гомдолдоо болон өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт Б.Уийг гэм буруугүй, шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэх дараахь үндэслэлүүд байна.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал", мөн 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг өөрчлөх, хүчингүй болох үндэслэл болохоор хуульчилсан.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-д “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэсний 2.3-т “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4-д “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт" гэж заасан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өмгөөлөгч бидний зүгээс цагаатгах баримт гэж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Өмгөөлөгч бид уг хэрэгт дараах байдлаар санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Нэг. Б.Уийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй.

Б.Уийг: “...Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаас хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал буюу 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд нуун дарагдуулан Т.Мөнхцацралд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан.

Хэргийн нотолгооны талаар:

    1. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1/90 дугаартай: “Ахлах прокурор Д.Цогт-Эрдэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн мэдүүлэг уулзалтын өрөөтэй танилцах явцад ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Отгонбаяр нь дээрх 201301051889 дугаартай 5 хавтас сэйфнээсээ гаргаж өгснийг тэмдэглэл үйлдэн хураан авсан. ...” гэх танилцуулга /1хх-ийн 22 дахь тал/, гэрч Д.Цогт-Эрдэнийн: "...Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн мэдүүлэг авах өрөөний стандарт шаардлагыг үзэж зөвшөөрөл олгох асуудлаар ажиллаж байхад Чингэлтэй дүүргийн мөрдөгч нартай уулзаж, хугацаа алдаж байгаа хэрэг болон шинээр байгаа хэргийн талаар асууж тодруулахад тус хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Отгонбаяр нь хяналтын прокурор Б.Уийн хяналт тавьж байгаа хэрэг гээд эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг надад танилцуулсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 88 дахь тал/, гэрч Б.Отгонбаярын: "... 2019 оны 3 дугаар сард У прокурор ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд 2019 оны 4 дүгээр сард ахлах прокурор Цогт-Эрдэнэд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92 дахь тал/, гэрч Ө.Ганпүрэвийн: "...2019 оны 4 дүгээр сард ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Отгонбаяр нь ахлах прокурор Цогт-Эрдэнэд хяналтын прокурор У өгсөн ийм хэрэг байгаа гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 94 дэх тал/ зэрэг нотлох баримтаас харахад Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай 5 хавтас бүхий хэргийн материалыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч Б.Отгонбаярын ажлын өрөөний сейфэнд хадгалагдаж байсан нь тогтоогдсон. Гэтэл "...Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд нуун дарагдуулсан ...” гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч Б.Отгонбаярын ажлын өрөөний сейфэнд хадгалагдаж байсан хэргийг прокурор Б.У ажлын байрандаа нуун дарагдуулж байсан мэтээр буруутгахдаа гэрч гэх Б.Отгонбаяр, Ө.Ганпүрэв нарын мэдүүлгийг үндэслэл болгодог. Гэтэл эдгээр гэрчүүд нь энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд тул тэдний мэдүүлгийг Б.Уийн гэм бурууг нотлох гол нотолгоо болгож болохгүй юм. Учир нь, хэрэг эдгээр мөрдөгч нарын ажлын өрөөнд хадгалагдаж байсан тул “хэргийг нуун дарагдуулсан” асуудалд хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд учраас Б.Уийг буруутгасан агуулгатай, үгсэн тохиролцсон мэт мэдүүлгийг өгдөг.

Гэрч Б.Отгонбаяр: "...2018 оны 11 дүгээр сарын орчим /өдрийг нь сайн санахгүй байна/ Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.У нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт байрлах өөрийнхөө өрөөнд байхдаа ... бичгийн цаасны хайрцагтай хэрэг өгсөн. ...” гэж мэдүүлдэг /1 хх-ийн 91 дэх тал/. Гэтэл Б.У 2018 оны 11 дүгээр сард ээлжийн амралттай байсан болох нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Шуурхай зөвлөгөөний тэмдэглэл /5 хх-ийн 77-88 дахь тал/-ээр нотлогддог. Мөн Б.У нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 3 сарын 14-ний өдрийн Б/101 дугаартай тушаал/3 хх-ийн 23 дахь тал/-аар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл түүнийг ажлаа өгсөний дараахан өөр дээрээ байсан хэргийг дээрх тайлбартайгаар гарган өгч байгаа мөрдөгчийн үйлдэл эргэлзээтэй үйл баримт болно. Б.У “уг хэргийг хадгалж бай” гэж хэлсэн байлаа гэхэд хэргийг авсан, хадгалсан үйлдэл нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл учраас үүнд Б.Отгонбаяр зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Гэтэл түүнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэлгүй, харин ч Б.Уийн эсрэг өгсөн мэдүүлгийг ашиглаж байгаа нь туйлийн эргэлзээтэй нотолгоо юм.

Энэ талаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 2 сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/175 дугаар магадлалд: “...Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай бөгөөд энэ нь хэргийн оролцогчтой нэгдмэл, эсхүл хараат байж болох этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сул болохыг шүүх тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, хуульд заасан чиг үүргийн хувьд харилцан хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналтыг хэрэгжүүлж байсан албан тушаалтан/прокурор/-ын эсрэг байдлаар мэдүүлэг өгсөн байж болзошгүй нөхцөл байдлыг шүүх зайлшгүй тооцох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн.

    1. Гэрч Т.Мөнхцацралын: "...Хяналтын прокурор Уээс Нарантуул-2 худалдааны төвд гал гарсан газар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт гэсэн 3 хуудас бичиг авсан байна ... би дээрх 3 хуудас бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн байна. ... Шүүх хурал болох гээд байсан болохоор дээрх 3 хуудас бичгийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргаж өгөхийн өмнөхөн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын У прокуророос очиж авсан” гэх мэдүүлэг /5 хх-ийн 71-72 дахь тал/-ээр уг хэргийг Б.У өөрийн ажлын байрандаа нуун дарагдуулж байсан нь нотлогдсон гэж буруутгадаг. Гэтэл Т.Мөнхцацралын авсан гэх “Нарантуул-2 худалдааны төвд гал гарсан газар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь Т.Мөнхцацрал, Ш.Оюунсогоо нарт холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэрэг/1 хх-ийн 32- 37 дахь тал/-т байсан баримт биш, Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 2015250001720 дугаартай /5 хх-ийн 148-149 дэх тал/ хэрэгт авагдсан баримт байна. Учир нь, эрүүгийн 201301051889 дугаартай хэрэгт Нарантуул-2 худалдааны төвийн А хэсэгт гал гарсан асуудал шалгагдсан бол 2015250001720 дугаартай хэрэгт В хэсэгт гал гарсан асуудал шалгагдсан бөгөөд Т.Мөнхцацралаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх-ийн 56-58 дахь тал/ нь Нарантуул-2 худалдааны төвийн В хэсэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл байна.

1.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: “Тэмт хэргийн сэдэлт, зорилго ...”-ыг нотолбол зохино гэж заасан. Авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхийн тулд ямар ашиг сонирхлын төлөө тухайн үйлдлийг хийх болсон шалтгаан буюу “сэдэлт, зорилго”-ыг зайлшгүй нотлох шаардлагатай. Сэдэлтийг хууль зүйн шинжлэх ухаанд: “үйлдэл ба үйлийг анхлан өдөөх, шалтгаан үндэслэл, шалтаг, мэдээлэл, нөхцөл буюу бие хүний хэрэгцээтэй холбоотой түүнийг тодорхой үйл ажиллагаанд өдөөгч дотоод хүч гэж үздэг. Гэтэл Б.У ямар сэдэлт, зорилгын үүднээс энэ үйдлийг хийсэн талаар баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй, яллах дүгнэлтэд ч энэ талаар дурьдаагүй.

Эрүүгийн хуулийн хэрэглээний талаар:

1.4 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан: "... бусдад давуу байдал бий болгосон...” үйлдлийг “Авлигын гэмт хэрэг”-т тооцохын тулд дараах хууль тогтоомжийн зохицуулалтыг анхаарах шаардлагатай юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлд “нэр томъёоны тодорхойлолт хэсэг”-ийн 3.1.1-д: “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдпээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгохоор тайлбарласан. Тиймээс "...Т.Мөнхцацралд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон” гэж буруутгахын тулд Т.Мөнхцацрал давуу байдал олж авах үйлдэл хийсэн эсэх буюу “давуу байдал олгох, олж авах”-д эдгээр хоёр хүний санаа зорилго нэгдсэн эсэхийг зайлшгүй шалган тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, давуу байдал олж авч байгаа хүн өөрт нь давуу байдал олдож байгаа талаар мэдээгүй байхад зөвхөн давуу байдал олгосон талын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж хэрхэвч болохгүй. Ялангуяа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч албан тушаалтнууд болох прокурор, шүүгчийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн үр дагавар нь хэн нэгэнд давуу байдал бий болгож байдаг онцлогтой учраас эдгээр албан  тушаалтнуудын үйлдлийг “Авлигын гэмт хэрэг” гэж үзэхийн тулд давуу байдал олж авч байгаа талын идэвхтэй үйлдэл оролцоог давхар тогтоох шаардлагатай юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад өөрт холбогдох хэргийн хэлэлцэх хугацааг дуустал нь ямар нэг шийдвэр гаргалгүй дарагдуулж байх талаар Т.Мөнхцацрал /давуу байдал олж авч байгаа иргэн/, прокурор Б.У /давуу байдал олгож байгаа албан тушаалтан/-д нөлөөлсөн нь нотлогдохгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал” гэж, 3.1.3-т: “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх” гэж тайлбарласан. Хуулийн эдгээр тайлбараас харахад Т.Мөнхцацралд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуустал шийдвэр гаргалгүй дарагдуулах үйлдлийг Б.У ямар нэг ашиг хонжооны төлөө эсхүл хувийн ашиг сонирхлын төлөө хийсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэхийн тулд заавал энэ шинж байх ёстой. Тийм ч учраас Нийслэлийн эрүүгийн хэргийн давжзаалдах шатны шүүхийн 2021 оны 2 сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/175 дугаар магадлалд: "... энэ нь түүний/Б.У/ хүвийн ямар ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгыг хангасан зэргийг дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүйгээс гадна яллагдагчийн хувьд мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх зөрчигдсөн гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийсэн.

1.5 Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн: "... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэсэн заалт, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн: “Монгол Улсад шүүх эрх мэдлгийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалт, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтын дагуу хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэхийг гагцхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр л тогтоодог. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 1488 дугаарт тогтоол/1 хх-ийн 66-68 дахь тал/-ыг үндэслэн 201301051889 дугаартай хэрэгт Т.Мөнхцацрал гарцаагүй гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээх ёстой байсныг Б.Уийн буруугаас болоод эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн мэтээр дүгнэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар тогтоосон зарчмын эсрэг шийдэл юм. Өөрөөр хэлбэл, аливаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудалд холбогдуулан мөрдөгч, прокурор, шүүгчийг гэмт хэрэгт буруутгах нь хууль зүйн шинжлэх ухаанд байж боломгүй зүйл болно.

Хоёр. Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй.

Б.Уийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Золжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай “ХБЭК” ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 12 ширхэг НӨАТ-ын падаан хий бичилт хийж, 4,602,382,364.54 төгрөгийн НӨАТ-аас санаатайгаар зайлсхийсэн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан дуусгаж, 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг мөн өдөр хүлээн авсан боловч шийдвэр гаргалгүй Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан мэтээр тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулж, хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивт архивын нэгж болгож өгөлгүй устгасан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан.

  1. “...2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг мөн өдөр хүлээн авсан” гэдгийг хэрэг хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтэр/1 хх-ийн 130 дугаар тал/-ээр тогтоосон гэж байгаа боловч 171100318 дугаартай хэргийг хүлээн авсан хэсэгт Б.Уийн гарын үсэг зурагдаагүй байдаг. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/1809 дугаар захирамжид "...хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай “ХБЭК” ХХК-нд холбогдох алга болсон хэргийг шүүгдэгч Б. У хүлээн авч гарын үсэг зурсан эсэх талаар нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж хэргийг прокурорт буцаасан боловч энэ талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй.

“Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан мэтээр тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулсан” гэж буруутгаж байгаа боловч үүнийг Б.У хийгээгүй байдаг. Энэ нь: “...хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэрийг ямар албан хаагчийн эрхээр нэвтэрч шивэлт хийсэн талаар “Лог” цэсрүү нэвтэрч харахад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цаг 22 минутад Бо.Ууганжаргал гэх албан хаагчийн эрхээр нэвтэрч хэргийг хаасан бүртгэл шивэгдсэн байна” гэх Прокурорын цахим бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх-ийн 123 дугаар тал/-ээр нотлогддог. Мөн Б.У 2018 оны 3 сарын 19-ний өдрөөс 4 сарын 07-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 3 сарын 6-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар “Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд прокурорын чадавхыг сайжруулах нь” сэдэвт сургалтад хамрагдаж байсан учраас ажлаас чөлөөлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б.У дээрх шалтгааны улмаас ажлын байрандаа байгаагүй учраас цахим системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан мэт худал мэдээлэл оруулсан үйлдлийг хийгээгүй болох нь давхар нотлогдож байна.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 25м-1/7570 дугаартай албан тоотод хавсарган ирүүлсэн "... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Гэмт хэргийн шинжгүй” хэсгийг үндэслэн хэргийг 2018.01.27 өдөр хэрэгсэхгүй болгохоор санал бичсэн” хэмээн бичигдсэн “Хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргийн бүртгэл” гэх баримт/1 хх-ийн 187 дугаар тал/ авагдсан. Гэтэл 2018 оны 01 сарын 4-ний өдөр үйлдэгдсэн “Мөрдөгчийн санал” гэх баримт/1 хх-ийн 188 дахь тал/ буюу цаг хугацааны хувьд илтэд зөрүүтэй баримт авагдсан байна. Эдгээр баримтаас харахад хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай “ХБЭК” ХХК-нд холбогдох хэргийг хэзээ прокурорын хяналтад шилжүүлсэн нь ч тодорхойгүй байна.

Яллах дүгнэлтэд заасан:

  • прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан мэтээр тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулсан.
  • хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцлийг хаасан тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нуусан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивт архивын нэгж болгож өгөөгүй гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт үйлдлийн арга, хэлбэр огтхон ч биш юм.

Б.Уийг “...С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх хэргийг буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух иргэн П.Мэндбаярын гэрээс 2016 оны 12 сарын 26-нд “... эд зүйлс алдагдсан” гэх үйлдэлд 2017 оны 01 сарын 06-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /2 хх-ийн 200 дахь тал/ үйлдэгдсэн байх бөгөөд хэргийн дугаарыг 201725030081 гэсэн байдаг. Энэ хэргийн мөрдөгч буюу гэрч Д.Бүүвэйбаатар: “... А.Хөхцэцэгийн гэрээс эд зүйлс хулгайд алдагдсан” гэх хэргийг эрүүгийн тасгаас нөхөн илрүүлсэн хэргийг сэргээн шалгасан. Манай хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч С.Мягмарбаатараас мэдүүлэг авч дээрх хэргийг үйлдсэн талаараа мэдүүлсэн мэдүүлгийн хамт хүлээн авч, сэргээн шалгасан. ... С.Мягмарбаатар нь энэ хэргийг үйлдсэн талаар тайлбар хавсаргасан байсан нь энэ хэргийг сэргээн шалгах үндэслэл болсон. Ингээд эрүүгийн хэргийг сэргээн шалгах саналыг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн. Тухайн үед хяналтын прокурор П.Нямцэцэг сэргээсэн санагдаж байна. Хэргийг сэргээснээс хойш ... С.Мягмарбаатарыг яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан, яллагдагч С.Мягмарбаатарын өгсөн мэдүүлгийн дагуу мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн.

  1. Ингээд С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн /3 хх-ийн 170 дахь тал/ хэмээн өөрийн хийсэн ажиллагааны талаарх баримтын талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт үзлэг хийсэн Мөрдөгчийн тэмдэглэлд: “ ... 8 дугаар хавтаст хэрэгт: С.Мягмарбаатарын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн тайлбар /149 дүгээр хуудас/, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр С.Мягмарбаатарыг сэжигтнээр тооцсон тогтоол, мэдүүлэг /159-160 хуудас/, сэжигтэн С.Мягмарбаатарын мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /161-166 хуудас/, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Мягмарбаатарыг яллагдагчаар татах тухай тогтоол, мэдүүлэг /169-171 хуудас/, материал нь эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт хамаарал бүхий байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт зэрэг материал нь эх хувиар нь авав” /2 хх-ийн 177 дахь тал/ гэсэн байдаг. Энэ баримтаас харахад хэргийн материалыг Б.У устгасан биш 201725030400 дугаартай хэрэгт байсан болох нь тогтоогддог.

Харин мөрдөгч Д.Бүүвэйбаатарын хийсэн ажиллагаанаас өмнө тухайн хэрэгт эрүүгийн тасгийн алба хаагч нарын хийсэн ажиллагааны баримт хэрэгт байсан эсэх, уг баримтыг прокурор Б.У хүлээлгэн өгсөн эсэх нь нотлогдоогүй байхад “нотлох баримтыг устгасан” гэмт хэрэгт буруутгаж болохгүй. Хэргээс ямар нотлох баримтыг Б.Уийг устгасан гэж үзээд байгаа нь ч тодорхойгүй байна.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйл “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” хуулийн хэрэглээний тухайд:

2017 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан ...” бол гэмт хэрэгт тооцох хууль үйлчилж байсан. Гэтэл уг цаг хугацаанд хамаарах хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийн материал, С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн материалыг устгасан гэх үйлдлийг яллах дүгнэлтэд 2020 оны 01 сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн хуулиар зүйлчилсэн байна. Б.У уг хэргийн материалыг “зориуд устгах” нь бүү хэл хүлээж авсан эсэх нь ч тодорхойгүй байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

“Зориуд” гэдэг үгийн утгыг “Зорилготой санаатайгаар үйлдэх байдал[i] гэж тайлбарласан байдаг. Б.Уийг дээрх хэргүүдийн нотлох баримтыг зориуд устгасан гэж буруутгахын тулд хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго буюу ямар ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагаар тухайн үйлдлийг хийсэн болохыг тогтоож байж гэмт хэрэг мөн эсэхийг дүгнэх учиртай. Тухайлбал, 171100318 дугаартай хэрэгт шалгагдсан “ХБЭК” ХХК-тай, 201725030081 дугаартай хэргийн яллагдагч С.Мягмарбаатар нартай тодорхой ашиг сонирхлын үүднээс харилцаанд орсон байх гэх мэт. Гэтэл Б.У болон эдгээр хэргийн холбогдогч нарын хооронд ямар ч харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

Иймд Б.Уийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан “хэргийн нотлох баримтыг устгасан” гэх үйлдлүүд хэрэгт цугларсан баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн “гэм буруугүйд тооцох” зарчмын дагуу шүүгдэгч Б.Уийг цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мөнхбат өмгөөлөгчтэй хамтран гаргасан гомдлоо бүхэлд нь дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гараагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өмгөөлөгч нарын гэм буруу дээр маргасан үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт, няцаалт хийх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар Б.У           нотлох баримт устгах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Б.Уийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан тушаалаа урвуулан ашигласан” гэх гэмт хэргийн шинж байхгүй. Өөрөөр хэлбэл, Б.Уийн ямар ашиг сонирхол хангагдсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй. Мөн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т тодорхой заасан. Иймд гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн Б.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Нарантуул 2 зах шатсан хэргийн хувьд шүүгдэгч Б.У ээлжийн амралтаа авсан байсан гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.У 2018 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа авсан нь тогтоогддог ч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тус прокурорын газрын шуурхай зөвлөгөөний ирцийн бүртгэлд Б.У бүртгэгдсэн байдаг. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орсон байсан нь тогтоогдсон. 201301051889 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Цогт-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгалт хийж байхад нь ахлах мөрдөгч Отгонбаяр гаргаж өгсөн байдаг. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “цагдаагаас гарч ирсэн байхад өөртөө нуун дарагдуулсан гэж үндэслэлгүй дүгнэлээ” гэж маргаж байна. Учир нь, энэ хэрэг дээр гарч байсан шийдвэрүүд нь бүгд хууль ёсны бус байдаг. Мөн Т.Мөнхцэцэг хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Б.Уээс авсан талаараа мэдүүлдэг. Тухайн иргэний хэргийн шүүхээс хуулбарлаж авсан баримт дээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын дардас дарагдсан, дардасны сериал дугаараар хайж үзэхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын улсын бүртгэлийн дугаар гарч ирдэг. Энэ утгаараа шүүгдэгчийн түдгэлзүүлсэн гэж яриад байгаа хэрэг 2015-2017 он хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газар байсан гэж үзсэн. Б.У ажлын хариуцлагагүйгээс болж түдгэлзүүлсэн тогтоолоо хэрэгт хийгээгүй байж болно. Гэхдээ тухайн прокурорын хэрэгт дугаар олгодог гар бүртгэл байдаг. Энэ бүртгэл болон цахим бүртгэлд тухайн хэргийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй. Харин яллах дүгнэлт үйлдэх хугацаа буюу 52 хоногийн хугацаа дуусаад өөрийн урьд үйлдэж байсан 60 дугаартай яллах дүгнэлтийг бүртгэсэн байдаг. Тус яллах дүгнэлтийг 10 хоногийн дараа хүчингүй болгож, түдгэлзүүлсэн байсан хэрэг рүү нэгтгэж улаан анхааруулга буюу гэрэл асах нөхцөлийг хаасан. Үүний үр дүнд хэргийг дээд шатны прокуророос нууж, хяналтгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрийн хугацаандаа багтаж хийгээгүй үйл ажиллагаагаа нуун дарагдуулсан байгаа юм. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Отгонбаяр, Ганпүрэв нарыг эсрэг ашиг сонирхолтой гэж үздэг. Эдгээр хүмүүс эсрэг ашиг сонирхолтой байж болно. Гэхдээ энэ хэрэг яагаад түдгэлзүүлээгүй байхад цагдаагийн газар оччихсон байна вэ, 2015 онд гарах ёстой байсан шийдвэрүүд яагаад гараагүй байна вэ гэх мэт үйл баримт бүр дээр дүгнэлт хийж яллах дүгнэлт үйлдсэн гэдгээ хэлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлийн 171100318 дугаартай “ХБЭК ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 121 ширхэг НӨАТ-ийн падаанд хий бичилт хийж 4,602,382,364.54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийсэн” хэргийг Б.У прокуророор ажиллаж байхдаа хяналтдаа хүлээж авсан нь хэрэг хүлээлцсэн дэвтрүүд, дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. Ингэж хүлээж авахдаа 4 хэргийн голд гарын үсэг зурсан байдаг бөгөөд энийгээ Б.У хүлээж аваагүй мэтээр ярьдаг. Прокурор гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс хойш хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хянах үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлээгүй. Мөн цахим бүртгэлд дугааргүй, хаасан мэтээр бүртгэсэн, архивд хүлээлгэж өгөөгүй. Архивын газарт үзлэг хийхэд тухайн хэрэг болон хэргийг хаасан шийдвэр байгаагүй. С.Мягмарбаатарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах яллах дүгнэлт хийсэн мэтээр цахим бүртгэлд бүртгэсэн. Хэргийг тусгаарлахдаа хэргийн материалыг хуулбарлан авч үлдээгүй. Прокурорын тусгаарласан тогтоол хэрэгт болон архивд нэг нэг хувь хийх ёстой ч хэрэгт тогтоол хавсаргаагүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 400 дугаартай хэрэгт үзлэг хийхэд зарим нотлох баримтууд гарч ирсэн. Гэхдээ тусгаарлахдаа энэхүү баримтуудын эх хувь болон хуулбаруудыг аваагүй. Мөн 400 дугаартай хэрэгт огт байгаагүй нотлох баримтууд байсан...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх 1902004370045 дугаартай хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Уийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гаргажээ.    

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт устгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хэсэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:

2.1-д зааснаар “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр ...-ийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;

2.3-т зааснаар “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцосн шүүхийн шидвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал болгосон баримтын үндэслэл болгосон баримт”-ыг няцаан үгүйсгэсэн үндэслэл,”

2.4-т зааснаар “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;" зэргийг тусгахаар заасан.

 Гэтэл тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар дүгнэлтийг хийгээгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдал”-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг хөнгөрүүлэхээс бусад тохиолдолд өөрчлөхгүй байхаар заасан нь анхан шатны дүгнээгүй нотлох баримтыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх эрхгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэгдэх тул шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Э.Шинэцэцэг нарын гэмт хэргийн шинжтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 1902004370045 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.     

   2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                               ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ