| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2023/0071 |
| Дугаар | 123/ШШ2023/0045 |
| Огноо | 2023-11-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 123/ШШ2023/0045
2023 11 23 123/ШШ2023/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Цэнооот” ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг, нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-ийн захирал Ц.Цэдэн-Иш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа: “Манай “Цэнооот” ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжаар газар тариалангийн зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгогдон, ашиглан эзэмшиж байгаа 18605332307302 нэгж талбарын дугаартай тариалангийн газар дээр давхцуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдын иргэн И.Дамчаад 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамж, иргэн Ц.Амарт 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/261 тоот захирамж, иргэн Г.Сэржхорлоод 0.9 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамж, иргэн Я.Алтансоёмбод 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/264 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
1.3. Нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчлөн, тодруулахдаа: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжаар манай “Цэнооот” ХХК-д фермерийн зориулалтаар олгосон 18605332741400 нэгж талбарын дугаартай 8 га эзэмшил газартай тус компанид 2005 онд төмс, хүнсний ногооны тариалалтын зориулалтаар олгосон 18605332818315 нэгж талбарын дугаартай 0.5 га эзэмшил газар нь давхацсан байгаа тул тухайн 18605332818315 нэгж талбарын дугаартай 0.5 га эзэмшил газрыг нэхэмжлэлээс хасаж өөрчлөн, зарим нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо:
1. “Цэнооот” ХХК-д фермерийн зориулалтаар олгосон 8 га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгосон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот захирамж архивд байхгүй байгаа бөгөөд уг шийдвэрийг сэргээсэн захирамжийг Баянчандмань сумын Засаг даргаар гаргуулж, газрын цахим бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан шийдвэр гаргуулах”,
2. Манай “Цэнооот” ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжаар газар тариалангийн зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгогдон, ашиглан эзэмшиж байгаа 18605332307302 нэгж талбарын дугаартай тариалангийн газар дээр давхцуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдын иргэн И.Дамчаад 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамж, иргэн Ц.Амарт 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/261 тоот захирамж, иргэн Г.Сэржхорлоод 0.9 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамж, иргэн Я.Алтансоёмбод 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/264 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг сүүлийн байдлаар тодорхойлсноор хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-ийн захирал Ц.Цэдэн-Иш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус “Цэнооот” ХХК 2001 онд Төв аймгийн Баянчандмань суманд Замт багийн Хар модотын Давааны өвөрт газар тариалан, фермер, гадаад дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу ажлаа эхлүүлэхийн тулд 2001 онд Баянчандмань сумын Засаг даргад фермерийн болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай газрыг эзэмшүүлэх хүсэлт гаргасан бөгөөд манай компанийн хүсэлтийг үндэслэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаартай захирамж гарч, “”Цэнооот” ХХК фермерийн зориулалтаар 8 га газар, газар тариалангийн зориулалтаар 3 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон. Уг шийдвэрийн дагуу Баянчандмань сумын Газрын даамлын заавар, зөвлөгөөгөөр зөвшөөрөл авсан эзэмшлийн газар дээр үхрийн фермерийн барилга барьж, худаг гарган, 12 үнээ худалдан авч, газар тариалангийн талбайгаа хашаалж, малын тэжээл, хүнсний ногоо тариалж, үйл ажиллагаагаа 2003 онд эхлүүлсэн. Тус компанийн эзэмшил газруудад Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга захирамжуудыг үндэслэн газар эзэмших гэрчилгээнүүдийг олгосон бөгөөд тус “Цэнооот” ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг Төв аймгийн газрын кадастрын алба бүртгэж, газрынхаа нэгдсэн санд оруулсан байдаг. Тус компанийн эзэмшил газрууд нь Төв аймгийн Газрын албаны нэгдсэн санд 18605332741400, 18605332307302 тоот нэгж талбарын дугааруудаар бүртгэгдсэн байна. Гэтэл “Цэнооот” ХХК газар эзэмших эрхгүй, хууль бусаар газар эзэмшиж байгаа гэдэг асуудлыг Баянчандмань сумын Засаг даргад гаргаж тавьж, манай компани хууль бусаар эзэмшиж байгаа талбайд газрын цахим бүртгэлд бүртгүүлж чадахгүйд хүрч байна. Ийм учраас манай компанийн газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа хүсэлт гаргасан талбайг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянчандмань сумын Газрын даамал иргэдэд хуваарилсан тухайн ямар нэгэн шийдвэр манайд үзүүлээгүй. Зөвшөөрөл олгосноор үнэмшил, хариуцлагын тогтолцоо, харьцаа үүсэн тус компани өөрийн эзэмшил газартаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үл хөдлөх барьсан. Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, мал аж ахуй гээд үүсгэн ажилласан. Энэ ажиллагаа явж байгаа. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн гаргасан 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1.2 дахь заалтад эрхийн гэрчилгээ, газар эзэмшигч, ашиглагчийн эрхийн төрөөс баталгаажуулсан үнэт цаасны зохих нууцлаг бүхий хууль ёсны баримт бичиг мөн гэж журамласан нь манай компани хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газруудаа төрөөр хамгаалуулсан байна гэж үзэж байгаа. Мөн кадастрын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын барилга хот байгуулалтын яам Монгол Улсын газар тариалангийн бүх талбайг нэгдсэн журмаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр газрын кадастр хийсэн. 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам Геокад компанитай кадастрын зураглалын ажлын гэрээг байгуулж ажилласан. Энэ ажил нууцлалын зэрэгтэй, тус компани хийсэн. Шүүхийн үзлэгийн явцад мэдсэн. Манай компаний тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан талбай хамрагдсан байдаг. Энэ ажлын хүрээнд мөн тухайн эзэмшиж байгаа газарт нэгж талбарын дугаар олгогдсон байна гэдэг нь Монгол Улс иргэддээ регистрийн дугаар олгоод байгаатай ижил ухагдахуун гэдэг нь тус компанийн захирал үзлэгийн үеэр тодорхойлж байсан. Манай компанийн эзэмшлийн газарт нэгж талбарын дугаар олгогдсон гэдэг нь танай компанид тухайн нэгж талбарын эзэмших эрх олгов гэж байсан. Геокад компанийн хийсэн зураг зүйн бүх баримтуудыг харьяалсан аймаг, дүүрэг, сумдад хүлээлгэн өгсөн гэдгийг Геокад компани болон Геодези зураг зүйн газрын ахлах мэргэжилтэн Чүлтэмд танилцуулж, нотлох баримтанд хэлж байдаг. Гэсэн боловч манай компанийн бичиг баримт өнөөдрийг хүртэл тухайн сумандаа байхгүй байгаа нь харамсалтай. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын улсын хэмжээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн талбайг нэгдсэн арга хэмжээг хөрөнгө гарган бүртгэж, баталгаажуулсан байгаа бөгөөд үүнд манай компанийн хууль ёсоор эзэмшиж байгаа тариалангийн талбайн дугаар, нэгж талбараар бүртгэгдэн баталгаажсан байдаг. Нэгж талбарууд бүгд эрхийн гэрчилгээтэй байгаа. Геокад компани нь гэрээгээр хийгдсэн материалыг үндэслэн Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07/396 тоот албан бичигт газрын кадасрын Си Си Эл Эс буюу хуучин мэдээллийн сан 18605332307302 нэгж талбарын дугаараар “Цэнооот” ХХК-ийн нэр дээр Баянчандмань сумын Засаг дарга 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаартай захирамж, 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Геокад ХХК-ийн н.Батбилэгийн хийсэн хэмжилтийн зургийг үндэслэн 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн бүртгэл байна гэж Төв аймгийн Газрын кадастрын нэгдсэн санд бүртгэсэн тухайгаа шүүхэд албан бичгээр гаргасан нотлох баримт өгсөн байдаг. Мөн Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07/335 тоот албан бичигтэй Си Си Эл Эс буюу газрын кадастрын хуучин мэдээллийн санд “Цэнооот” ХХК 202649144 регистрийн дугаарын нэр дээр Баянчандмань сумын 3 дугаар баг Хар Модотын өвөрт 51 дугаартай 18605332307302 нэгж талбарын 36.447 м.кв газар, 2 дугаар баг Замт 18605332741400 нэгж талбарын 80000 м.кв газар бүртгэлтэй байна гэж, мөн Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Баянчандмань сумын Г.Ариунболдод илгээсэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/1043 тоот албан бичигтэй мөн дээрх газрын кадастр, барилга хот байгуулалтын газрын мэдээлэл баталгаажуулж нотолсон байдаг. Тухайн үеийн Газрын даамал н.Алтангэрэл нь манай компанийн эзэмшиж байгаа кадастрын зураглалд гарын үсэг зураад хүлээн авч байгаа баримтыг бид нар хавтаст хэрэгт өгсөн. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баянчандмань сумын Засаг даргын 122 тоот захирамж байна гэдгийг нотолж байна. Уг кадастрын зургийг нотлох баримтаар өгсөн байгаа. Манай компанид газар олгох захирамжийг 2002 онд Баянчандмань сумын Засаг дарга н.Алтаншагай гэх хүн гаргасан байдаг. Газар эзэмших гэрчилгээний ирц, хүртээмж, түгээлтийн явцаас болоод 2004 онд Баянчандмань сумын Засаг дарга н.Дашзэвэг гэх хүн өмнөх даргынхаа захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Шүүхээс нотлох баримт цуглуулах явцдаа газар зохион байгуулалт, зураг зүйн газар гэрээ хийж, 2007 онд Их Монгол байгаль ХХК компаниар Төв аймгийн Баянчандмань сумын атаршсан болон тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаажуулалтын ажлыг хийлгэсэн тайланг олсон байдаг. Уг тайланд манай компанийн эзэмшиж байгаа талбай хамрагдаж хяналтад орсон байгаа. Тус “Цэнооот” ХХК зөвшөөрөлтэй газар тариалангийн талбай дээр байна гэдгийг төрийн агентлаг баталж өгсөн. Энэ газрын үнэлгээ, хяналт шалгалтын баталгаажуулалтын баримтыг Баянчандмань сум өөрөө хүлээн авсан байгаа. Энэ ажлыг Баянчандмань сумаас мөн баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байгаа. Манай компани газрын төлбөрөө төлж ирсэн. Төр хүлээн авч, улсын төсөвдөө зарцуулж байсан. Төр биднийг манай компанийг бүртгэж авснаар татвар төлбөрөө төлж байсан гэдэг нь үүгээр батлагдаж байгаа. Улсдаа эзэмшиж байгаа газрынхаа төлбөрийг манай компани төлж байсан. Үүнийг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай компани Төв аймгийн Баянчандмань суманд бүртгэлтэй, Монгол улсын аж ахуйн нэгж юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн газар манай “Цэнооот” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газартаа барьсан барилга, байгууламж, худаг зэрэг үл хөдлөх хөрөнгийг бүртгэн авч, баталгаажуулж байгаа нь манай компанийн эзэмшиж байгаа хуулийн дагуу олгогдсоныг хүлээн зөвшөөрсөн байна. Би хууль ёсоор газар эзэмшигч болсон гэж үзээд фермерийн аж ахуй эрхлэх, бүтээгдэхүүн хийхээр ажиллаж ойр хавийн айлуудаас сүү авч боловсруулан нэг хэсэг ажиллаж байсан. Би зүгээр суугаагүй. Юм хийх гэж, бүтээх гэж зүтгэсэн. Хэрвээ хуулийн дагуу газар эзэмшээгүй байсан бол би үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан байх. Мөн түүнчлэн сумаа төлөөлж Төв аймагт үзэсгэлэн худалдаанд оролцож сумын Засаг дарга түүний Тамгын газраас талархал зэргийг авч байсан. Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Батболдын сум орон нутагт хэрэгжүүлдэг төслийн шалгаруултад оролцож, төслийн жуух авч байсан. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар Газрын даамлын ажлын хэсэгт байгаа манай компанийн эзэмшиж байгаа газруудын хувийн хэрэгт сумын Засаг даргын захирамж, манай өгсөн өргөдөл, газрын гэрчилгээний хуулбар, газар эзэмших гэрээ, кадастрын зураглалууд хадгалагдаж байх үндэслэлтэй. Хоёрдугаарт, архив бичгийг хуулийн дагуу сумын Газрын даамлын эрх, үүргийн хүрээнд хөтлөх байх ёстой. Бид нар хамгийн сүүлд газар дээр очиж өөрийн биеэр хэргийн газрын үзлэгт оролцож, баримт байхгүй байгаа талаар харж харамссан сэтгэгдэл төрсөн. Манай төр хариуцлагагүй хандсан байна гэдгийг хэлмээр санагдаж байна. 2021 оны 06 дугаар сард манай эзэмшиж байгаа 3 га тариалангийн талбайг Газрын даамал ирж ард иргэддээ хашаалагдсан газрын талбайг хуваарилж байхад нь очиж уулзсан. 2001 оны 02 дугаар сард шийдвэр гарсан зүйлийг хийж байна гэх тайлбарыг амаар өгсөн. Бид нарт ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Тийм учраас манай компани 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргад хууль бус үйлдлийг зогсооно уу гэх асуудлыг танилцуулсан. Энэ бичгийг архив бичиг хэргийн хуулийн дагуу манай Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан хүлээн авч, нэгдсэн бүртгэлдээ бүртгээд цааш зохих албан тушаалтнуудад танилцуулах ажиллагаа хийгдээгүй байдаг. Энэ бичиг сумын Засаг даргын ширээ нь дээр явж байгаад алга болсон гэдгийг Засаг дарга өөрөө хэлж байсан түүхтэй. Хэрвээ энэ бичиг баримтыг цаг тухайд нь журмын дагуу бүртгэж аваад Засаг дарга юу болсон бэ, яагаад хашаатай газарт давхардаж олгогдож байгаа гэдэг асуудлыг судалж үзэж, шийдсэн бол 2021 оны 11 дүгээр сард иргэн И.Дамчаа, Ц.Амар, Г.Сэржхорлоо, Я.Алтансоёмбо нарт газар давхардуулж олгосон ийм ажил явагдахгүй, хууль ёсны дагуу хянаж шалгаад зөв шийдэгдэх байсан гэдгийг хэлмээр байна. Төв аймгийн үл хөдлөх хөрөнгийн газар манай эзэмшиж байгаа газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн байдаг гэдгийг дахин хэлье. 2021 оны 06 дугаар сараас өмнө манай Байгаль суурин буюу 3 га газрын орчим 10 гаруй га газар эзэнгүй болсон. Тухайн үед энэ хүмүүс бүгд амьдарч байсан. Яагаад эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж болоогүй юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ хүмүүсээс сүүлд ирсэн н.Даваахорлоо, н.Ганбаа гэх хүмүүс энэ газрыг аваад одоо хүртэл ашиглаад явж байна. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулсан талаар өмнөх хурлуудад илэрхийлж байсан. 1995 оны 08 дугаар сараас эхлэн энэ байгууллагад амьдралаа холбосон. Тэнд л анх Хэнтий аймгийн Бэрхийн уурхай гэдэг газарт ажиллаж байгаад энд ирж ажил хөдөлмөр эрхэлж байгаад энд суурьшиж байгаа. Баянчандмань сумын газар тариалангийн мэргэжилтэн н.Эрхэмтөр нь 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр 2023 оны тариалангийн төлөвлөгөө буруу зүйл өгсөн байна, толгой хэмжээг нь өгөх ёстой гээд шинэчлэн хийлгээд авч байсан. Тэгээд 2021, 2022 оны ургацын тайланг албан бичгээр сумандаа хүргүүлж байсан. Бичиг хэрэгт нотлох баримт цугларах явцад эдгээрийг статистикт тусгахгүй үлдээсэн байгаа нь харамсалтай байна. Төр гаргасан шийдвэрээ хадгалж, хамгаалж иргэд, аж ахуйн нэгж алга болгосон зүйлээ, төрд байгаа шийдвэрүүдээрээ бид нарт үйлчилгээ үзүүлж үүрэг хүлээж байсан. Гэтэл үүрэг нь хангалттай хийгдээгүй. Бид нар ажлаа хийж чадахгүй явж байна. Мөн өнгөрсөн 6 дугаар сарын шүүх хуралдаанд яригдаж, манай тариалангийн талбайд үйл ажиллагаа явуулахыг зогсоох, зогсоохгүй талаар яригдаж зогсоож болохгүй гэсэн шийдвэр гарсаар байхад Баянчандмань сумын Засаг даргын орлогч болон Газрын даамлууд хүрэлцэн ирж манай газрын гуравны хоёрыг хагалаад дуусах явцад ирж энэ ажиллагаагаа зогсоохгүй бол олон нийтийн техник, тоног төхөөрөмжийг хураана гэх асуудал яригдаад манайх үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, зогсоосон. Энэхүү хохирол болон үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй явж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэнооот” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад удаа дараа өргөдлүүд гаргасан. Газрын асуудлаа шийдвэрлүүлэх, нэр бүхий иргэдэд газрыг давхардуулан олгож байгаа асуудлыг шийдвэрлүүлэх, шинэчилсэн бүртгэлд газрын эзэмших эрхийг бүртгүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэх зэргээр маш олон агуулгаар албан тоот илгээсэн. Харамсалтай нь Баянчандмань сумын Засаг дарга эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байдаг. Улмаар Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сард 3 агуулга бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлж, 2023 оны 03 дугаар сард нэмэлт нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 4 нэр бүхий иргэдэд газар давхцаж байна гэх агуулгаар, мөн 2023 оны 07 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодруулах гэсэн агуулгаар 3 удаа хандсан. Энэ хүрээнд холбогдох нотлох баримтуудыг цуглуулаад өнөөдөр шүүх хуралдааныг хийж байна. Энэ явцад Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын доторх нэгж болох Газрын алба мөн холбогдох тайлбар, танилцуулгыг ирүүлсэн. Энэ явцад Монгол улсын холбогдох хууль тогтоомж зөрчигдөж, иргэний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудал тодорхой болж байна. Холбогдох баримтуудыг нотлох баримтыг шинжлэн судлах явцад тайлбарлана. Нэхэмжлэгч өөрөө тодорхой хэлсэн. Ямар асуудал болсон, яаж баталгаажуулж хөрөнгөө ашиглаж байсан, ямар тайлан бүртгэл гаргаж байсан, жил бүрийн татварыг хуульд заасны дагуу төлсөн, үйл ажиллагааны тайлан мэдээг хууль дүрэм, журмын дагуу статистик, зохих байгууллагад өгч мэдээ тайланг гаргуулж байсан, мэдээ тайлан гаргахаар холбогдох албан тушаалтанд хандаж байсан гэх агуулгаар тайлбар хэлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн тэргүүнд байдаг хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш. Хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн зохицуулалтыг хуульчилсан. Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд Засаг захиргааны нэгжийн байгууллага ямар байгууллага байх вэ гэхээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны удирдлага Засаг дарга нь ямар эрх, үүргийг хэрэгжүүлэх вэ гэдгийг 60 дугаар зүйл, 61 дүгээр Засаг даргын шийдвэр ямар байх вэ гэдэг нь 63 дугаар зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол, Засаг дарга захирамж гаргана гэдгийг тодорхой тусгасан. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа баримт байгаа. “Цэнооот” ХХК 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлд заасан Засаг дарга нь захирамжаа гаргаж, тухайн үед бидэнд байгаа баримтаар 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаартай захирамжийг гаргасан байдаг. Энэ захирамжийн дагуу 8 га, 3 газрыг эзэмшихээр болж одоо хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Энэ талаар энэ захирамжийг үгүйсгэсэн, хүчингүй болгосон өөрчилсөн гэдэг ямар нэгэн шийдвэр байхгүй. Захирамжийг үндэслээд 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үндсэндээ жил 5 сарын дараа дараагийн Засаг дарга байсан н.Дашзэвэг гэх хүн 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаартай захирамжийг дурдаж, 8 га газар болон 3 га газрын холбогдох гэрчилгээг олгосон. Энэ гэрчилгээ нь ямар нэгэн байдлаар хүчингүй болсон талаар ямар нэгэн шийдвэр байхгүй. Нэхэмжлэгч эзэмшээд явж байгаа. Мөн газар эзэмших гэрчилгээг тус тус үндэслээд 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн огноо гэсэн тэмдэгтэйгээр 8 га газрыг Төв аймгийн Газрын алба нь баталгаажуулж, кадастрын зургийг үйлдсэн байдаг. Мөн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үйлдэж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан кадастрын зургийг өмнө дурдсан захирамж, гэрчилгээг үндэслээд 3 га газрын кадастрын зургийг үйлдэж Төв аймгийн Газрын албанаас олгосон байдаг. Хэрэгт авагдсан байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тодруулж хэлэхэд нэр бүхий 4 иргэнд газар эзэмшүүлэх захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тусад нь гаргаж, Ц.Амар, Г.Сэржхорлоо, И.Дамчаа, Я.Алтансоёмбо гэсэн иргэдийн нэр дээр 4 удаа захирамж гаргаж, газрыг давхардуулан олгосон асуудал нэхэмжлэл гаргаснаас хойш тодорхой болж энэ талаар өөрийн нэхэмжлэлийг нэхэмжлэгч талаас гаргасан. 2021 оны 11 дүгээр сард гаргасан захирамжийг гаргахдаа Баянчандмань сумын Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан зохицуулалтыг зөрчиж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна байна гэсэн заалтыг зөрчиж, газрыг олгосон шийдвэр гаргасан. Сумын Засаг дарга өөрөө Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т газрын харилцааг зохион байгуулах чиг үүргийг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Газрын тухай хуульд тодорхой хуульчилсан байдаг. Энэ үүргийг зохион байгуулна гэдэг нь өөрөө иргэдийн эзэмших, ашиглах шийдвэрийг гаргах, урьд өмнө эзэмшиж байсан иргэдтэй харьцах, зохион байгуулалтын ажлыг хийх бүрэн эрхтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь харагдаж байна. Мөн Газар зохион байгуулалт Геодези зураг зүйн газрын даргын тушаал 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж мөрдөгдөж эхэлсэн журам байгаа. А/187 дугаартай. Энэ журмаар газрын эрхийн гэрчилгээг олгохдоо баримтлах зарчмыг тусгасан байдаг. Нэгдүгээр зүйлийн 1.2.2-т түргэн шуурхай байх, 1.2.3-т нээлттэй, ил тод байх гээд 1.2.4-т шударга ёс тэгш байдлыг хангах, 1.2.5-т байршлын хувьд давхцалгүй байх гэсэн баримтлах зарчмыг тусгаж өгсөн байгааг мөрдөөгүй байдаг. Мөн энэ журамд бас хээрийн судалгаа, суурин судалгаа хийгдэх ёстой. 4 дүгээр зүйлд эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллуудыг суурин судалгаа хийгдэх талаар, 4.2.3-т хээрийн судалгаа хийгдэх талаар, 4.2.5-т нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлэх, бэхжүүлэх эрэмбэ дараалалтайгаар, дэс дарааллын дагуу явагдана гэдгийг зохицуулсан. Мөн 6 дугаар зүйлд суурин судалгаа хийх, ямар судалгаа хийх талаар нарийвчлан тогтоож өгсөн. 7 дугаар зүйлд хээрийн судалгааг хийх талаар. Хээрийн судалгааг ямар үйл ажиллагааг хийж гүйцэтгэх талаар нарийвчлан тогтоож, журамлаж өгсөн байдаг. Засаг даргын ажлын чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн туслалцаа болж, ажиллаж байгаа Тамгын газар, Тамгын газрын доторх нэгж, баг болж байгаа Газрын даамал нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд Засаг даргын ажлын албыг тодорхой заасан. Үйл ажиллагаанд нь мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, ажлын нөхцөлөөр хангах талаар 67 дугаар зүйлийн 1.2-т заасан. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд нь сая хэлсэн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг баримтлаагүй, зөрчиж үйл ажиллагаа явуулсан байдаг. Мөн ажлын алба дотроо хамаарагдаж байгаа бичиг хэрэгт архивын байгууллага нь 2000 он түүнээс хойших хугацаанд үйлдэгдсэн бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох хууль, албан хэрэг хөтлөлтийн хууль, тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журмыг баримтлаагүй бичиг баримтын бүрдлийг хамгаалж, хангаагүйгээс болоод өнөөдөр иргэд, байгууллага үйлчилгээ авъя гэхээр хүндрэлтэй байдлыг бий болгож, эргээд бүртгэл байхгүй учраас газрын бусад иргэдэд давхардуулан олгодог зөрчил нь улам нь даамжраад олон иргэдийн эрх ашгийг хөндөх нөхцөл байдал бий болсон учраас хэрэгт ирсэн баримтуудаас тодорхой харагдана. Мөн газрыг үзсэн үзлэгээр ч тодорхой нотлогдож харагдаж байгаа. Ийм учраас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох шийдвэрийг гаргуулахаар сумын Засаг дарга, аймгийн Засаг даргад хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй учраас өнөөдөр нэхэмжлэгч шүүхэд хандсан үр дагаврыг бий болгосон. Өнөөдөр зөвхөн Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөхөөс гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцууд зөрчигдөх асуудалд хүрсэн. Засаг дарга мэдээлэл байхгүй учраас бүртгэх боломжгүй. Бүртгэх боломжгүй учраас газрыг чөлөөлөх талаар албан бичгийг ирүүлсэн. Энэ нь эргээд Засаг даргыг Монгол Улсад хууль, дүрэм, журмыг хүндэтгэх, биелүүлэх үүргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон бусад хууль дүрмийг мөрдөхөөс чөлөөлөөгүй гэдгийг анхаарч үзэх ёстой. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 онд баталж, энэ заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалсан Нэгдсэн Үндэсний байгууллагын бичиг баримт байдаг. Монгол Улс 1974 онд нэгдэн орсон байдаг. Одоо үйлчлээд бараг 50 гаруй жил болж байна. Үүнд хүн эрх чөлөөтэй, нэр төртэй эрхийнхээ хувьд адил тэгж байна гэдгийг зааж өгсөн. 8 дугаар зүйл, 1 дүгээр зүйлд заасан. 8 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон үндсэн эрх нь зөрчигдсөн хүн бүр шүүхээр эрхээ сэргээлгэн тогтоолгох эрхтэй гэдгийг зааж өгсөн. Өнөөдөр бид нар хэтэрхий хууль яриад хууль дээр бичээгүй, заагаагүй учраас энэ асуудлыг шийдэхгүй байх гажуудал анзаарагдаад байна. Гэтэл зөвхөн бичсэн хуулиас гадна амьдралд тогтсон дагаж мөрддөг хэм хэмжээ, зарчим гэж байдаг. Өмнө удаа дараа болж байсан шүүх хурлуудад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс захирамж нь үнэхээр байхгүй, газар эзэмшүүлэхээр гаргаж байсан хүсэлт нь байхгүй гэсэн маягаар удаа дараа хандах ийм харьцаа, хандлага харагдаж байсан. Нөгөө талд захирамж, хүсэлт, иргэнээс гаргасан өргөдөл зэрэг эдгээр бичиг баримтыг хэн хүлээн авч, хэн хэрхэн шийдвэрлэсэн талаар хадгалах үүргийг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр төрийн байгууллага хэрэгжүүлнэ гэдгийг Монгол Улсад 300-400 хууль баталсан. 1992 оноос хойш. Эдгээр хуулиудад нарийвчлан зохицуулсан. Төрийн байгууллага гэдэг нь татвар төлөгчдийн мөнгийг авч Засаг дарга өөрийн удирдлага дор ажлын, аж ахуйн нэгжтэй байж тэр албаны нэгжид байгаа албан тушаалтнууд төрөөс цалингаа авч, иргэдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг хадгалж шийдвэрлэдэг. Хэрхэн шийдвэрлэснээ тайлбарладаг. Эргээд ирсэн бичиг баримтыг хадгалдаг. Мөн ирсэн өргөдөл, гомдолтой нь холбогдуулаад төрийн байгууллагаас гаргаж байгаа бүхий л төрлийн шийдвэрүүдийг эмхэтгэж хадгалдаг. Эргээд иргэддээ ил тодоор нээлттэй үйлчилдэг, тайлагнадаг байхаар хуульчилж тогтоосон. Тэр үр дүнд хүргэхийн тулд хууль байгаа. Тэр хуулийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын гэрээ, конвенц байгаа. Тийм бичиг баримт байхгүй байна гээд төрийн байгууллага хариу хэлээд шүүх шийдэж чадахгүй бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал байх шаардлага байхгүй. Би дахиад хэлье. 8 дугаар зүйлд байгаа. Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон үндсэн эрх нь зөрчигдсөн хүн бүр шүүхээр эрхээ бүрэн сэргээлгэн, тогтоолгох эрхтэй гэж заасан. Шүүх шийдэж чадахгүй бол олон улсын байгууллагад тодорхой хэмжээний санал, хүсэлтээ илгээгээд шийдвэрлүүлэх боломж байгаа гэдгийг дурдъя. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй байгаа боловч энэ талаар дурдах нь зүйтэй. Нэгдсэн Үндэстний байгууллагын ерөнхий Ассамблейн 1966 онд тогтоолоор баталгаажуулсан. Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэгдэн орсон байдаг. Нэмэлт протоколын соёрхон батлах хуулийг 2014 оны 05 дугаар сард гаргасан байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 2 дугаар хэсгийн 2 дугаар зүйлд, гуравдугаар заалт дээр энэхүү фактад оролцогч улс бүр дараах үүрэг хүлээнэ гээд А дээр нь энэхүү фактаар хүлээн зөвшөөрсөн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн аливаа хүнийг үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар хангах ёстой гэдгийг тогтоож өгсөн байдаг. Мөн Б гэх заалт дээр шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийг боловсронгуй болгож байнга шинэчилж байх үүргийг улс орнуудад хүлээлгэсэн. Энэ фактын С-д нь эрх зүйн хамгаалалт олгож байгаа бол түүнийг эрх бүхий байгууллагаар хэрэгжүүлэх явдлыг хангах гэх зохицуулалтуудыг тогтоож өгсөн. 2016 оны олон улсын гэрээний тухай Монгол Улсын хууль тогтоомж байгаа. Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 2.2-т Монгол улсын олон улсын гэрээнд хуульд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэх зохицуулалтыг оруулсан. Монгол Улсын бусад хууль тогтоомжууд хууль тогтоомжийн эх сурвалж дээр заахдаа энэхүү хууль болон Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцыг дагаж мөрдөнө. Хэрвээ хуулийн зохицуулалт нь өөрөөр заасан бол Олон улсын гэрээ, конвенцийг мөрдөнө гэдэг заалтыг бүгд тусгаж дагаж, мөрдөж хэрэгжүүлж байгаа. Ийм онцлогтой гэдгийг дурдаж байна. Өнөөдөр хэдийгээр захирамж байгаа гэдгийг хэн ч үгүйсгээгүй учраас захирамжийг сэргээж гаргах, шинэчлэн бүртгэл хийх чиг үүрэг нь Засаг даргын чиг үүрэг мөн гэдгийг энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар дээр нь тодорхой уулзалт хийж, төрийн албан хаагч нартай уулзаж байх явцад хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Засаг даргын шийдвэр байж би бүртгэж авна гэдгийг Газрын даамал өөрөө хэлж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын шийдвэр нь байгаа гэдгийг танилцуулаад, үзүүлээд байгаа. Төрийн байгууллагын зүгээс энэ шийдвэрийг байхгүй гэдэг зүйл ярьж байгаа болохоос биш энэ гэрчилгээ, кадастрын зураг нь хүчин төгөлдөр бус, хүчингүй болсон. Эсхүл хууль бус гэдгийг нэг ч удаа хэлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн бүртгэл гэх зүйлдээ Газрын даамал нь холбогдох бичиг баримтуудыг үндэслээд бүртгэл хийх боломжгүй гэж байгаа боловч Засаг дарга зөвшөөрөхгүй байгаа гэх агуулгаар өнөөдрийг хүртэл иргэн, байгууллагын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх, Олон улсын гэрээгээр олгогдоод байгаа эрх нь зөрчигдөөд явж байгааг шүүх анхаарах хэрэгтэй. Цаашид энэ асуудал хэдэн жил сунжираад явах магадлал харагдаж байгаа боловч үүнийг шударга ёсны зарчим, бодит байдалтай дүгнэлт хийгээд Засаг дарга тодорхой шийдвэр үйлдлийг гаргах боломжтой. Нөгөө талаас нэхэмжлэлээ тодруулж гаргасантай холбоотойгоор өмнөх захирамж байхгүй учраас тэр хүний газар нь давхцалтай байгаа талаар мэдэхгүй учраас газрыг би олгосон гээд өөр нэр бүхий иргэдийг хохироож, өмнөх эзэмшигчийн эрхийг зөрчиж, энэ үйл ажиллагаа явуулж байгааг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын тухай хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 2002 онд хүчин төгөлдөр болж 20 жил болсон байна. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам гээд Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргын тушаалаар гаргасан дүрэм, журам байгаа. Өмнө нь байсан. Дараа нь шинэчлэгдсэн. 2021 оноос үйлчилж байгаа. 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байсан. Холбогдох бичиг баримтуудад дурдаж заасан үйл ажиллагааг явуулаагүй төрийн албан хаагч нарын үйлдэлд зөв дүгнэлт хийж, үүсээд байгаа шударга бус явдлыг Монгол Улсад тогтоосон хэм хэмжээ, зан заншил, шударга ёсны зарчим, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, Монгол Улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд шударгаар нягтлан шалгаж, шийдвэрлэж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан. Энэ тайлбараа дэмжиж байна гэв.
2.3. Хариуцагч, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Цэнооот” ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь "Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох" заалтыг хангахгүй байна. 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамж сумын Газрын даамлын газар эзэмшигчийн хувийн хэргийн архивт холбогдох бичиг баримт, газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй тул 18605332741400, 18605332818315 нэгж талбаруудыг мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна. Мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Иймд дээрх иргэний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар бичгээр шүүхэд ирүүлэхдээ: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой дараах тайлбарыг гаргана. Үүнд: Гуравдагч этгээдээр татагдсан нэр бүхий 4 иргэний эзэмшсэн газрын захирамжуудыг хүчингүй болгох шаардлага нь үндэслэлгүй гэж үзнэ. Тухайлбал "Цэнооот" ХХК нь өөрөө хууль ёсны Засаг даргын шийдвэргүй байж бусдын газрын эрхийг хүчингүй болгох шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах, тухайн асуудлаар хүсэлт гомдол гаргасан байхыг шаарддаг. "Цэнооот" ХХК нь дээрх асуудлаар сумын засаг даргад болон дээд шатны Засаг даргад хандаж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.5. Гуравдагч этгээдийн Я.Алтансоёмбо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 22 өдрийн А/264 дугаар захирамжаар Эрдэнэ багийн Сууринд 1 га газар эзэмшсэн. Уг газар дээрээ тариалалт хийх гэсэн боловч 2022 онд өөр хүн тариалалт хийсэн, давхцалтай гэж тариулаагүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хурлаар давуу эрхээр эзэмшүүлэх шийдвэр гарч, уг шийдвэрээр эзэмшсэн. 3 жил тариа тариулаагүй. ... “Цэнооот” ХХК-ийн нэмэлт нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хойшлуулшгүй ажил гарсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, надгүйгээр шүүх хуралдаан болоход татгалзах зүйлгүй гэжээ.
2.6. Гуравдагч этгээдийн Г.Сэржхорлоо болон түүний эрх залгамжлагч С.Алтанцэцэгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын Төлөөлөгчдийн Хурлын Хурлаар давуу эрхээр тариалангийн зориулалттай 1 га газар олгосон. Уг 2 жилийн хугацаанд “Цэнооот” ХХК-ийн газартай давхацсан учир малын тэжээлээ тарьж чадалгүй хохирсон. ... миний бие нь нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна,
Сүхээ овогтой Алтанцэцэг миний бие нь Гэндэнсүрэн овогтой Сэржхорлоогийн том охин бөгөөд Г.Сэржхорлоод олгосон 7028 га газрыг 2021 онд сумын Засаг даргын шийдвэрээр олгосон. Энэ газрыг ногоон тэжээл, жимсний мод тарьж ашиглахаар 15 жилээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.7. Гуравдагч этгээдийн Ц.Амар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сум, орон нутгийн Төлөөлөгчдийн Хурлын Хурлаар давуу эрхээр 1 га газрын тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр хувиарласан боловч юу ч хийж чадалгүй 2 жил болсон. Баянчандмань сумын 3 багийн Байгаль сууринд нэгж талбарын 4116040864 дугаар бүхий 8700 мкв газрыг тэжээлийн ургамлын үйл ажиллагааны зориулалтаар эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн Э-1426001737 дугаарт бүргэж гэрчилгээ олгосон. ... “Цэнооот” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.8. Гуравдагч этгээдийн И.Дамчаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 22 өдрийн А/244 дугаар захирамжаар Эрдэнэ багийн Сууринд 1 га газар эзэмшсэн. Уг газар дээрээ тариалалт хийх гэсэн боловч өөр хүн тариалалт хийсэн. Үйл ажиллагаа явуулж чадаагүй давхцалтай гэсэн. “Цэнооот” ХХК нь сүүлийн 3 жил тариалалт хийж байгаагүй. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дагуу давуу эрхээр уг газрыг олгосон учир би эзэмшигч мөн болно. ... “Цэнооот” ХХК-с 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, би тариалангийн талбайг хуулийн хүрээнд авсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан арга журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулгад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч, нэхэмжлэгч нараас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар санал гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 1. Нэхэмжлэгчээс, “Цэнооот” ХХК-д фермерийн зориулалтаар олгосон 8 га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгосон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот захирамж архивд байхгүй байгаа бөгөөд уг шийдвэрийг сэргээсэн захирамжийг Баянчандмань сумын Засаг даргаар гаргуулж, газрын цахим бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан шийдвэр гаргуулах”, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдын иргэн И.Дамчаад 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамж, иргэн Ц.Амарт 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/261 тоот захирамж, иргэн Г.Сэржхорлоод 0.9 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамж, иргэн Я.Алтансоёмбод 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/264 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноор маргааныг шийдвэрлэв.
1.1. Нэхэмжлэгчээс: “ ... Манай компани өөрийн эзэмшлийн 3га, 8 га газраа эзэмших боломжгүй болж, газар чөлөөлөх мэдэгдэл ирээд байна. Учир нь манай компанийн эзэмшлийн газрыг олгосон сумын Засаг даргын 2022 оны 122 тоот захирамж сумын архивт байхгүй байна гээд манай компаний 8 га, 3 га газрыг газрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй гэж, мөн эзэмших эрхийн гэрчилгээг болгоогүй байж, өөр иргэдэд газрыг давхцуулан олгосон байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр сумын Засаг даргад удаа дараа хандсан боловч зохих ёсоор, хууль журам, зарчмын хүрээнд шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргаж, газраа эзэмших эрх зөрчигдөж байна” гэж,
1.2. Хариуцагчаас, 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамж сумын Газрын даамлын газар эзэмшигчийн хувийн хэргийн архивт холбогдох бичиг баримт, газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй тул 18605332741400, 18605332818315 нэгж талбаруудыг мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна. Мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Иймд дээрх иргэний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэж тус тус маргаж байна.
Хоёр. Маргаан бүхий үйл баримтын хүрээнд:
2.1. Нэхэмжлэгч “Цэнооот”ХХК-ийн “Цэнооот” ХХК-д фермерийн зориулалтаар олгосон 8 га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгосон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот захирамж архивд байхгүй байгаа бөгөөд уг шийдвэрийг сэргээсэн захирамжийг Баянчандмань сумын Засаг даргаар гаргуулж, газрын цахим бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
Нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэр болох Замт 2 дугаар багт фермерийн зориулалтаар 8 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн 0017849 дугаар гэрчилгээг, мөн тус захирамжаар 3 га газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэж, газар эзэмших эрхийн 0017848 дугаар гэрчилгээг сумын Засаг дарга Ц.Дашзэвэг 2004 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр тус тус олгожээ. [2]
2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээг тус сумын Газрын даамлаар ажиллаж байсан Т.Алтангэрэл, “Цэнооот” ХХК-ний захирал Ц.Цэдэн-Иш нар байгуулжээ.[3]
2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Аж ахуйн нэгж “Цэнооот” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын нэгж талбарын 18605332741400 дугаартай кадастрын зураг[4], талбайн хэмжээ: 80000 мкв, 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Аж ахуйн нэгж “Цэнооот” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын нэгж талбарын 18605332307302 дугаартай кадастрын зураг[5], талбайн хэмжээ: 36447 мкв, зураг үйлдсэн Төв аймгийн Газрын мэргэжилтэй Ш.Жаргалсайхан гэжээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-д маргаан бүхий фермерийн зориулалттай 8 га, төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газруудыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасны дагуу эзэмшүүлж, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь уг газруудыг эзэмших эрх нь 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байна гэж үзэхээр байна.
Мөн “Цэнооот” ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэр болох Замт 2 дугаар багт нэгж талбарын 18605332741400 дугаартай, фермерийн зориулалтаар 8 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн 0017849 дугаар гэрчилгээтэй газарт ... 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас ... 65 метрийн гүнтэй гүн өрмийн худаг эрхийн бүртгэлийн Ү-1426002521 дугаарт бүртгэж гэрчилгээ[6], 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... 7*7 метрын харьцаатай ажлын байр үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000039 дугаарт бүртгэж гэрчилгээг[7] тус тус олгожээ.
Хавтаст хэрэг авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар[8], 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 06 дугаар[9], 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар[10], 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар[11], 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар[12]албан бичгүүдээр хариуцагч Төв аймгийн Засаг дарга болон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нарт маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг сэргээж, газрын цахим бүртгэлд бүртгүүлэх агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан байна.
Нэхэмжлэгчийн эзэмшиж буй буй 8 га газар нь өөр иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөл газартай давхцалгүй, газрын төлбөр төлсөн болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07/153 дугаартай лавлагаа, зураглалаар тогтоогдож байна.[13]
Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар албан бичигт ... Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 121 дугаар тоот, 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаар тоот захирамжуудыг хавсралтын хамт хүргүүлэв. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг Даргын 122, 123 дугаар тоот захирамж нь тус төрийн архивт шилжиж ирээгүй гэх хариуг өгчээ.
Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 514 дугаар албан бичгээр: Төв аймаг Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны захирамжийн бүртгэлийн дэвтэр тус төрийн архивт шилжиж ирээгүй. Жич: Бүртгэлийн дэвтэр төрийн архивт шилжиж ирдэггүй. Байгууллага, сумандаа хадгалагддаг болно гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Засаг дарга болон Баянчандмань сумын Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/87 дугаар[14], 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/107 дугаар[15], 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07/335 дугаар[16], 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/1043 дугаар[17], 2022 оны 07 дугаар сарын 01/270 дугаар[18], 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/429 дугаар[19] дугаар албан бичгээр “Цэнооот” ХХК-д хариуг хүргүүлжээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, иргэн, аж ахуйн нэгжээс газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх Засаг даргын бүрэн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дэх хэсэгт “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг ... сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан атал хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн дээрх хүсэлтүүдийн үндсэн дээр газар эзэмших эрхийн асуудлыг зохих ёсоор судлан шийдвэрлээгүй, зөвхөн анх олгосон шийдвэр нь байхгүй гэж хариу өгч, улмаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгчид Төв аймгийн Баянчандмань Засаг дарга нь асуудлыг шийдвэрлээгүй маргаан бүхий Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамжаар олгосон тус сумын нутаг дэвсгэр болох Замт 2 дугаар багт фермерийн зориулалтаар 8 га, газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газрын газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болоогүй байхад, асуудлыг судлан шийдвэрлэлгүй, олгосон акт нь архивд байхгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж хариу өгөөд, улмаар уг газрыг нь бусдад эзэмшүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энд нэхэмжлэгчээс өөрийн эзэмшиж байгаа газраа газрын мэдээллийн шинэчлэгдсэн санд бүртгүүлэх хүсэл зоригийн асуудлыг хуульд нийцүүлэн судлан шийдвэрлэх, буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу гаргах ёстой байна.
Харин, “Цэнооот” ХХК-ийн маргаан бүхий нэгж талбарын 18605332818315, 18605332741400 дугаартай газрууд нь мэдээллийн санд бүртгэгдсэн болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/1181 дугаар албан бичигт[20] тодорхойлсноор нэхэмжлэгч нь уг газруудын газрын мэдээллийн сан шинэчлэгдэх хүртэл аливаа маргаангүй эзэмшиж байсан нь нотлогдож байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15 дах хэсэгт “сумын Засаг даргын олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, 59.1.16 дах хэсэгт “Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар олгох” гэж заасны дагуу чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газрыг зохих хуулийн дагуу ашиглаж байгаа гэж гомдол гаргасаар байтал, “Цэнооот” ХХК-ийн эзэмших эрх хүчин төгөлдөр эсэхийг шалгаагүй, газар эзэмших эрхийг нотлох газар эзэмших эрхийн гэрчилгээг хэрхэх талаар ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гаргаагүй хашаа барьж, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрлэл үйлчилгээ, барилга байгууламж, зам талбай зассан эсэхийг тодруулаагүй, бусдад давуу эрхээр эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” заасныг зөрчсөн хууль бус шийдвэр байна гэж шүүх үзлээ.
Хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийн газрыг 2002 оны буюу тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж тайлбарласан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заасан учир хариуцагч нь уг асуудлаар 21 жилийн дараа олгосон үндэслэлд холбогдуулан тайлбар гаргаж байгааг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан болон Газрын даамлын үйл ажиллагаа, улмаар Засаг даргын үүрэг төрийн захиргааны байгууллагын албан хэрэг хөтлөх, газар зохион байгуулалтын хариуцлагагүй үйлдлээс болж, эзэмшиж байгаа хашаа бүхий бусдын эзэмшлийн газрыг гуравдагч этгээдүүдэд газар давхцуулан олгосон байдал үүссэн болох нь тус шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар дүрсжүүлэн бэхжүүлсэн гэрэл зургаар тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-ийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, Захиргааны байгууллага, сумын Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүйг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа, улмаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь газраа зохих ёсоор газрын мэдээллийн санд бүртгүүлэх эзэмших эрхийг зөрчиж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зохих журмын дагуу зөрчилгүйгээр газар эзэмших эрхийг сэргээхдээ, нэгж талбар бүхий 8 га, 3 га газруудыг нэхэмжлэгч ах ахуйн нэгжид эзэмшүүлэн шийдвэрлэхийг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дэх хэсэгт “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж заасанд нийцүүлэн шийдвэрлэж нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сэргээхийг Засаг даргад даалган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.2. Нэхэмжлэгч "Цэнооот" ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжаар газар тариалангийн зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгогдон, ашиглан эзэмшиж байгаа 18605332307302 нэгж талбарын дугаартай тариалангийн газар дээр давхцуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдын иргэн И.Дамчаад 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамж, иргэн Ц.Амарт 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/261 тоот захирамж, иргэн Г.Сэржхорлоод 0.9 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамж, иргэн Я.Алтансоёмбод 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/264 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд:
Нэхэмжлэгчээс, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжаар, нэгж талбарын 18605332307302 дугаартай газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газар эзэмшүүлэн шийдвэрлэжээ.
Дээрх захирамжийг үндэслэн 2004 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 0017848 дугаар гэрчилгээг “Цэнооот” ХХК-д бичиж олгожээ.
Гэтэл гуравдагч этгээд нарын давуу эрхээр эзэмшиж буй
-Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамжаар Зуунмод суманд Эрдэнэ 3 дугаар багийн байгаль сууринд байршилтай нутаг дэвсгэрт 10000 м.кв газрыг тэжээлийн ургалмын усалгаагүй тариалангийн зориулалтаар иргэн И.Дамчаад давуу эрхээр 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0000034389 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон[21] Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4110061394 дугаараар бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 04137-2021/00346 дугаар гэрээг байгуулсан.
-Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/264 тоот захирамжаар Зуунмод суманд Эрдэнэ 3 дугаар багийн байгаль сууринд байршилтай нутаг дэвсгэрт 10010 м.кв газрыг тэжээлийн ургалмын усалгаагүй тариалангийн зориулалтаар иргэн Я.Алтансоёмбод 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0000034406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон[22] Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4116040860 дугаараар бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 04137-2021/00373 дугаар гэрээг байгуулсан.
-Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамжаар Зуунмод суманд Эрдэнэ 3 дугаар багийн байгаль сууринд байршилтай нутаг дэвсгэрт 7028 м.кв газрыг тэжээлийн ургалмын усалгаагүй тариалангийн зориулалтаар иргэн Г.Сэржхорлоод 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0000034372 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон[23] Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4116040866 дугаараар бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 04137-2021/00370 дугаар гэрээг байгуулсан.
-Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамжаар Зуунмод суманд Эрдэнэ 3 дугаар багийн байгаль сууринд байршилтай нутаг дэвсгэрт 9987 м.кв газрыг тэжээлийн ургалмын усалгаагүй тариалангийн зориулалтаар иргэн Ц.Амарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0000030130 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон[24] Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4116040864 дугаараар бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 04137-2022/00001 дугаар гэрээг байгуулсан газрууд нь нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-ийн газартай давхцаж байгаа болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07/153 дугаар албан бичиг, түүний хавсралт зураглал зэргээр тогтоогдсон.
Иймд сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж зааснаар захирамж гаргаж, түүний дагуу сумын газрын даамал нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд нартай газар эзэмшүүлэх асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож байгаа нь дээрх дүгнэлтээр хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас газрыг давхцуулан олгож, гуравдагч этгээд нарын давуу эрхээр газар эзэмших эрхийг мөн хөнджээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж “Цэнооот” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан эзэмшүүлсэн гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-ийн 3 га эзэмшлийн хашаа барьсан, тариалалт хийдэг газартай давхцуулан олгосон болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, зураглалаар, мөн Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 293 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймд гуравдагч этгээд нарт давуу эрхээр газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөхөөс гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцууд зөрчигдөх асуудалд хүрсэн..., Олон улсын гэрээ, конвенцийг мөрдөнө гэдэг заалтыг бүгд тусгаж дагаж, мөрдөж хэрэгжүүлж байгаа” гэж тайлбарлан маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд олон улсын гэрээ, конвенцид заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх холбогдох нотлох баримт, тайлбарт тодорхой байхгүй, хариуцагч сумын Засаг дарга болон газрын даамал нарын бүрэн эрх, чиг үүргийн хэрэгжилтийн талаар зохицуулсан харилцаа Газрын тухай хуульд нарийвчлан тодорхойлсон байх тул шүүхээс хариуцагчийг Олон улсын гэрээ зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Хариуцагчаас “Цэнооот” ХХК-ийн маргаж буй 3 га газрыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж байгаагүй, уг асуудлаар сонсгох ажиллагаа явуулж байгаагүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул тухайн захиргааны маргааны улмаас гуравдагч этгээд нарын тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолоо зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” заасны дагуу гуравдагч этгээд нар энэ тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Цэнооот” ХХК-иас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжийг сэргээж, газраа газрын мэдээллийн санд бүртгүүлэн зохих ёсоор эзэмших гэсэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сэргээхийг Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шаардлагын үлдэх хэсэг болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдын иргэн И.Дамчаад 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамж, иргэн Ц.Амарт 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/261 тоот захирамж, иргэн Г.Сэржхорлоод 0.9 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамж, иргэн Я.Алтансоёмбод 1 га газар олгосон 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/264 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1] Хавтаст хэрэг 1, 11-12 дах тал
[2] Хавтаст хэрэг 1, 1-8 дах тал
[3] Хавтаст хэрэг 1, 18 дах тал
[4] Хавтаст хэрэг 1, 13 дах тал
[5] Хавтаст хэрэг 1, 15 дах тал
[6] Хавтаст хэрэг 1, 19 дах тал
[7] Хавтаст хэрэг 1, 20 дах тал
[8] Хавтаст хэрэг 1, 22 дах тал
[9] Хавтаст хэрэг 1, 28 дах тал
[10] Хавтаст хэрэг 1, 29 дах тал
[11] Хавтаст хэрэг 1, 32 дах тал
[12] Хавтаст хэрэг 1, 38 дах тал
[13] Хавтас хэргийн 1- 76-77 дахь тал
[14] [14] Хавтаст хэрэг 1, 24дэх тал
[15] [15] Хавтаст хэрэг 1, 30 дах тал
[16] [16] Хавтаст хэрэг 1, 31 дэх тал
[17] [17] Хавтаст хэрэг 1, 36 дах тал
[18] [18] Хавтаст хэрэг 1, 39 дэх тал
[19] [19] Хавтаст хэрэг 1, 40 дэх тал
[20] Хавтаст хэргийн 2, 76-77 дах тал
[21] Хавтаст хэрэг 1, 101 дэх тал
[22] Хавтаст хэрэг 1, 105 дах тал
[23] Хавтаст хэрэг 1, 99 дэх тал
[24] Хавтаст хэргийн 1, 79 дах тал