| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2022/0065 |
| Дугаар | 123/ШШ2023/0048 |
| Огноо | 2023-11-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 123/ШШ2023/0048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Шижирбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж, Ж.Тамир,
Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга,
Хариуцагч: Баянчандмань сумын газрын даамал,
Гуравдагч этгээд: Э.Батболд, Э.Гантулга, Л.Ганцогт, Г.Мөнхгэрэл, Б.Ундрах нарын хоорондын өмчийн газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат (цахим), хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга (цахим), хариуцагч газрын даамал М.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч С.Шижирбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондоржоос тус шүүхэд анх “С.Шижирбаатарын Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.2. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, нэгж талбарын 4116036295, 4116036294 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 04-р сарын 21-ний өдрийг А/105 дугаар захирамж, нэгж талбарын 4116036250, 4116036249 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, С.Шижирбаатарын өмчлөлийн газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах”-аар тодорхойлсон.
1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргад хандан “өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн бүртгүүлэх” хүсэлт гаргахад, хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот албан бичгээр “С.Шижирбаатарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн.
1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Засаг даргад 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргахад, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1555 тоот албан бичгээр “гомдол маргааныг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн хариу тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч С.Шижирбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Шижирбаатар нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах дараах:
1. 3-р баг, Поошигт торлогтын ам 2-р гудамж, 7 тоот, Улсын бүртгэлийн Г-1426004447 дугаар гэрчилгээ, нэгж талбарын 4116036249 дугаартай 5000 м.кв,
2. 3-р баг, Поошигт торлогтун ам 2-р гудамж, 8 тоот, Улсын бүртгэлийн Г-1426004445 дугаар гэрчилгээ, нэгж талбарын 4116036250 дугаартай 5000м.кв,
3. 3-р баг, Поошигт торлогтун ам 2-р гудамж, 226 тоот, Улсын бүртгэлийн Г-1426004473 дугаар гэрчилгээ, нэгж талбарын 4116036294 дугаартай 5000м.кв,
4. 3-р баг, Поошигт торлогтун ам 2-р гудамж, 224 тоот, Улсын бүртгэлийн Г-1426004475 дугаар гэрчилгээ, нэгж талбарын 4116036295 дугаартай 5000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч билээ. Тэрээр уг газрыг 2018 оноос эхлэн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед газрын кадастрын мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг ямар нэгэн асуудалгүй байсан байна. Гэтэл өөрийн өмчийн газрын кадастрын мэдээллийг цахим сангаас харах гэсэн боловч “Мэдээлэл байхгүй байна” буюу газрын кадастрын мэдээлэл нь устсан. Чухам ямар учир шалтгааны улмаас мэдээлэл нь байхгүй болсон талаар холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнаас өнөөдрийг хүртэл мэдэгдэл, мэдээлэл ирүүлээгүй байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т сумын газрын даамал нь Засаг даргын шийдвэр гарч бусдад өмчлүүлсэн газрын мэдээллийг улсын бүртгэлд бүртгэж мэдээллийн санг эрхлэхээр заасан. Газрын кадастрын бүртгэл нь газар өмчлөх эрхийн салшгүй нэг хэсэг учир газрын кадастрын бүртгэлийн мэдээлэл байхгүй болсноор дээрх өмчийн газар өөр бусад хүний өмчийн газартай давхцах, С.Шижирбаатар нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй тул кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж өгнө үү” хэмээн Баянчандмань сумын Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичигт “С.Шижирбаатар нь өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн. Төв аймгийн Засаг даргад 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргахад, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1555 тоот албан бичгээр “гомдол маргааныг шийдвэрлэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн. С.Шижирбаатарын өмчийн газар, газрын кадастрын бүртгэлтэй холбоотой дээрх байдлаар хоёр шатны Засаг даргад хандсан боловч үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаад байгаа юм. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 5.5.3 дахь хэсэгт зааснаар “архивын ажил үйлчилгээ, төрийн архивын баримтын хадгалалт, хамгаалалт, бүрдүүлэлт, ашиглалтын талаарх төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх” эрх бүхий этгээд нь Баянчандмань сумын Засаг дарга юм. Мөн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д Өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр архивтай байхаар заасны дагуу Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар нь Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд гаргаж буй захирамж, тушаал, бүх албан хаагчийн ажлын байрны онцлогт тохирсон баримт бичгүүдийг нэгтгэн хадгалагдаж байх учиртай. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар Баянчандмань сумын засаг дарга нь өөрт хамаарал бүхий архивын мэдээллийг иргэнээс шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.3 дахь хэсэгт заасан “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх” гэж, 4.2.6 дахь хэсэгт “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан. Тиймээс иргэн С.Шижирбаатарын өмчийн дээрх газруудын кадастрын мэдээллийг хүчингүй болгох, бүртгэлээс хасах зэргээр шийдвэр гаргахдаа захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдэх, дээрх шийдвэртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар өмчлөгчид мэдээлэх учиртай. С.Шижирбаатарын дээрх газруудын өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй байх тул хуульд заасны дагуу өмчлөгч нь тухайн газруудын кадастрын мэдээллийг бүртгүүлж, газрын мэдээллийн санд оруулах эрхтэй юм. ...С.Шижирбаатар нь 2018 оны 02 сарын 09-ний өдөр 4116036249, 4116036250 нэгж талбарын дугаартай газрыг Б.Мөнхгэрэлээс худалдах худалдан авах гэрээний дагуу өмчилсөн, 2018 оны 03 сарын 07-ны өдөр 4116036295 нэгж талбарын дугаар бүхий газрыг Э.Гантулгаас, 4116036294 нэгж талбарын дугаартай газрыг Э.Батболдоос худалдах худалдан авах гэрээний дагуу тус тус өмчилж авсан. Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар баримт болон Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны 07/72 дугаар баримтуудаар Э.Батболд, Э.Гантулга нар нь 4116036294, 4116036295 нэгж талбарын дугаартай газрыг Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар өмчилсөн, Л.Ганцогт, Б.Ундрах нар нь 4116036249, 4116036250 нэгж талбарын дугаартай газрыг Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжаар өмчилсөн болох нь тогтоогддог. Гэтэл хариуцагч нар 4116036249, 4116036250, 4116036295, 4116036294 нэгж талбарын дугаартай газруудын анхны өмчлөгчид өмчлүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний А/105, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжууд нь сумын архив байхгүй хэмээн маргадаг. Эдгээр захирамжууд Баянчандмань сумын архив байхгүй байснаар нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг хөндөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эергээр өөрчлөгдсөн” бол тухайн захиргааны актыг гаргах ажиллагааг дахин хийж болохоор заасан байна. Тиймээс Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, нэгж талбарын 4116036295, 4116036294 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн А/105 дугаар захирамж, нэгж талбарын 4116036250, 4116036249 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн А/360-р захирамжийг нөхөн гаргуулж, С.Шижирбаатарын өмчлөлийн газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгаж өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Шижирбаатар нь маргаан бүхий 4 газрыг 2018 оноос эхлэн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Тухайн үед газрын кадастрын мэдээллийн сан болон улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь ямар нэгэн асуудалгүй байсан. Гэтэл тодорхой хугацааны дараа тус газруудын мэдээллийг газрын кадастрын мэдээллийн санд харагдах боломжгүй байдалтай болгосон. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна. 23.2-т иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал хариуцан гүйцэтгэнэ гэж заасан. Газрын кадастрын бүртгэл нь газар өмчлөх эрхийн салшгүй нэг хэсэг учир газрын кадастрын бүртгэлийн мэдээллийн дагуу дээрх өмчийн газрыг өөр бусад хүний өмчлөх газартай давхцах зэрэг асуудал бий болгох, цаашлаад С.Шижирбаатарын газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй тул газар кадастрын бүртгэлийг сэргээн, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж өгнө үү гэж сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 хариу мэдэгдэх албан бичигт газар өмчлүүлэх захирамж, холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн. С.Шижирбаатарын өмчлөлийн газар газрын кадастрын бүртгэлтэй холбоотой дээд шатны Засаг даргад хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Хариуцагч нь С.Шижирбаатарын газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 5.5.3, 15 дугаар зүйлийн 15.3, 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар тухайн орон нутгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн чиг үүргийг хэрэгжүүлж, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах архивын баримтыг төвлөрүүлж байнга хадгалах үүрэгтэй. Баянчандмань сумын Засаг дарга нь өөрт хамаарах архивын мэдээллийг иргэнээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Архивын мэдээлэл нь төрийн байгууллагад хадгалагдаж байх ёстой баримтууд бөгөөд шаардлагатай мэдээллийг архиваас татан авах эрх хэмжээ нь сумын Засаг даргад олгогдсон байтал үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан.... Тиймээс иргэн С.Шижирбаатарын өмчлөлийн дээрх газруудын кадастрын мэдээллийг хүчингүй болгох, бүртгэлээс хасах шийдвэр гаргахдаа захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдэх шийдвэртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар өмчлөгчид мэдээлэх ёстой байсан. Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, нэгж талбарын 4116036295, 4116036294 газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамж, нэгж талбарын 4116036250, 4116036249 дугаар газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн А/360-р захирамжийг нөхөн гаргуулж, С.Шижирбаатарын өмчлөлийн газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2.3. Хариуцагч Г.Ариунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Шижирбаатарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Иргэн С.Шижирбаатарын худалдаж авсан гэх, 3-р багийн Поошигт торлогтун ам 2-р гудамжны 7, 8, 226, 224 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн гэрчилгээтэй... 4116036249, 4116036250, 4116036294, 4116036295 нэгж талбарын дугаартай газрын мэдээллийг шалгаж үзэхэд С.Шижирбаатарт худалдсан анхны өмчлөгч Эрдэнэбилэгийн Батболд, Эрдэнэчимэгийн Гантулга Лувсангийн Ганцогт, Баяраагийн Ундрах нарын мэдээлэл Сумын Засаг даргын газар өмчлүүлсэн шийдвэр Сумын Засаг даргын Тамгын газрын архивын баримтад болон хувийн хэрэг байхгүй болно” гэжээ.
2.4. Хариуцагч М.Алтантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл хийхийн тулд заавал Засаг даргын гаргасан шийдвэр байх ёстой. Шийдвэрийг үндэслэж, бүртгэлийг хийдэг. С.Шижирбаатарын 4 нэгж талбарт холбоотой 2017 оны 105, 2017 оны 360 дугаартай 2 захирамж нь хоёулаа сумын архивд байдаггүй. Мөн газрын даамлын бичиг баримт, архивд эдгээр 4 иргэний газар хүссэн хүсэлт болон иргэний үнэмлэхийн хуулбар, холбогдох материалууд байхгүй учраас бүртгэл хийж, баталгаажуулах боломжгүй гэх үндэслэлээр газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг зөрчилтэй учраас цаг хугацааг дуусгавар болгож, хаалт хийсэн. Тийм учраас нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтээ дэмжиж байна гэжээ.
2.5. Хариуцагч, Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нийт 4 газрыг С.Шижирбаатар худалдаж авсан гэдэг. Энэ 4 газрыг анх авсан Э.Батболд, Э.Гантулга, Л.Ганцогт, Л.Ундрах гэх 4 хүн сумын Засаг даргын 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн А/105, 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн А/360-р захирамжаар тус бүр 5000 м.кв газрыг өмчилж авсан гэдэг. Энэ маргаан бүхий 2 захирамж архивд байдаггүй. Энэ захирамжийг гаргасан гэх тухайн үед ажиллаж байсан Засаг дарга Ц.Энхжаргал би 5000 м.кв-аар газрыг олгоогүй, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй. Тийм учраас би энэ захирамжуудыг гаргаагүй. Нэгдүгээрт, миний гарын үсэг асуудалтай байна. Хоёрдугаарт, би захирамжийн хавсралтад гарын үсэг зурдаггүй гэх мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ 2 захирамж нь өөрөө хууль ёсны захирамж гараагүй гэх 1 дэх үндэслэл. Хоёрдугаарт, 2016 оноос 2018 оны хооронд газрын даамлаар Д.Гэрэлхүү ажиллаж байсан. Энэ хүний асуудлыг Прокурор болон Цагдаагийн байгууллагаас шалгасан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 11-ний 122, 123 тоот тогтоолуудаар Д.Гэрэлхүүгийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай гээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаалаа гэж шийдвэрлэсэн. Мөн Д.Гэрэлхүү би 10 орчим захирамж болон хавсралтуудыг хуурамчаар үйлдсэн гэдгээ прокурорын шатанд болон бусад гэрчийн мэдүүлгээр өөрөө хэлсэн. Тэгэхээр А105, А360 дугаартай захирамжийн эх хувь яагаад архивд байхгүй гэх асуудлыг тайлбарлахад хуурамчаар үйлдсэн учир архив эх хувь байхгүй. Засаг дарга гарын үсэг зурж, тамга дарсан зүйл огт байхгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шаардлагуудыг хангаад 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу захирамж гарах ёстой. Шүүхээс үзлэг хийсэн. 4 хүний нэр дээр бичсэн хүсэлтүүд байдаггүй. Мөн тус хуулийн 20 дугаар зүйлд газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах гэж заасан. 20 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.4-т заасан бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх байсан, энэ нь байдаггүй. Энэ нь энэ захирамж гараагүй гэдгийг нотолж байгаа. Төрийн байгууллага хууль дээдлэх үндсэн зарчмыг мөрдлөг болгон хууль бус үйлдлийг таслан зогсоох, буруутай этгээдэд зохих шийтгэл оногдуулах, хууль ёсыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд хуурамч захирамжийг Засаг дарга нөхөн гаргах боломжгүй, үүнийг дагаад газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.6. Гуравдагч этгээд Л.Ганцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2017 онд Төв аймгийн Баянчандмань суманд газар авах хүсэлт гаргасан. ...хүсэлтийн дагуу Поошиг гэх газар 5000 м.кв газар олгосон. Газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй, хөдөө орон нутагт амьдрах болсон тул газраа зарсан. Газар худалдаж авсан Г.Мөнхгэрэлийг танихгүй гэжээ.
2.7. Гуравдагч этгээд Б.Ундрах шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүй шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
2.8. Гуравдагч этгээд Э.Гантулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 онд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад өргөдөл гаргаж байгаагүй. Би ийм газар ерөөсөө аваагүй гэжээ.
2.9. Гуравдагч этгээд Г.Мөнхгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус захиргааны хэргийн улмаас миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Шижирбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгч С.Шижирбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд анх “С.Шижирбаатарын Баянчандмань сумын нутагт байрлах газруудыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэн “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, нэгж талбарын 4116036295, 4116036294 газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг А/105 дугаар захирамж, нэгж талбарын 4116036250, 4116036249 дугаар газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, С.Шижирбаатарын өмчлөлийн газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах”-аар тодорхойлсон, шүүхээс эдгээр шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
1.2. Тухайн захиргааны хэрэгт Э.Батболд, Э.Гантулга, Л.Ганцогт, Г.Мөнхгэрэл, Б.Ундрах нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн, Э.Гантулга, Л.Ганцогт, Г.Мөнхгэрэл, Б.Ундрах нар шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан, хэргийн бусад оролцогчдоос гуравдагч этгээд нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул Э.Батболд, Э.Гантулга, Л.Ганцогт, Г.Мөнхгэрэл, Б.Ундрах нарыг оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Маргааны үйл баримтууд:
2.1.Хавтаст хэрэгт авагдсан, Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт хадгалагдаж буй баримтуудад,
2.1.1. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжаар “газар өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн 10 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар өмчлүүлэх”-ээр шийдвэрлэсэн, уг захирамжийн хавсралтын 10 дугаарт Баяраагийн Ундрахад тус сумын 3-р баг, Поошигт нэртэй газарт байршилтай 5000 мкв газар өмчлүүлэх гэж бичсэн.
Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нь Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4116036250 дугаарт Баянчандмань сумын Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт торлогтын ам 2 дугаар гудамжны 8 тоот хаягт байршилтай 5000 мкв газрыг иргэн Б.Ундрахын нэр дээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн. Б.Ундрах нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаснаас тус хэлтсээс тухайн 5000 мкв газрыг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-1426004445 дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000518976 дугаартай гэрчилгээг Б.Ундрахад олгосон.
Б.Ундрах нь Г.Мөнхгэрэлтэй “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, маргаан бүхий 5000 мкв газрыг 500.000 төгрөгөөр худалдаж, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаснаар, тус хэлтэс тухайн газрын өмчлөгчөөр М.Мөнхгэрэлийг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000519076 дугаартай гэрчилгээг түүнд олгосон,
Г.Мөнхгэрэл нь С.Шижирбаатартай “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, өөрийн өмчийн 5000 мкв газрыг С.Шижирбаатарт 500.000 төгрөгөөр худалдаж, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаснаар тус хэлтэс тухайн газрыг өмчлөгчөөр С.Шижирбаатарыг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00054206 дугаартай гэрчилгээг С.Шижирбаатарт олгосон бөгөөд Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4116036250 дугаартай газрыг С.Шижирбаатарын нэр дээр 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн байна.
2.1.2 Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжаар“газар өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн 10 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар өмчлүүлэх”-ээр шийдвэрлэж, уг захирамжийн хавсралтын 9 дугаарт Лувсангийн Ганцогтод тус сумын 3-р баг, Поошигт нэртэй газарт 5000 мкв газар өмчлүүлж шийдвэрлэсэн. Уг газрыг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4116036249 дугаарт, Баянчандмань сумын Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт торлогтын ам 2 дугаар гудамжны 7 тоотод хаягт байршилтайгаар иргэн Л.Ганцогтын нэр дээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн. Л.Ганцогт нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан, улсын бүртгэлд мэдүүлэг гаргаснаар тус хэлтсээс тухайн газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004447 дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн 000518974 дугаартай гэрчилгээг Л.Ганцогтод олгосон.
Л.Ганцогт нь Г.Мөнхгэрэлтэй 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, маргаан бүхий 5000 мкв газрыг 500.000 төгрөгөөр худалдсан. Г.Мөнхгэрэл 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаснаар тухайн газрыг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000519077 дугаартай гэрчилгээг түүнд олгосон,
Г.Мөнхгэрэл нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Шижирбаатартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, өөрийн өмчийн 5000 мкв газрыг түүнд 500.000 төгрөгөөр худалдаж, Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаснаар нэгж талбарын 4116036249 дугаартай газрыг өмчлөгчөөр С.Шижирбаатарыг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000518885 дугаартай гэрчилгээг С.Шижирбаатарт олгосон, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4116036249 дугаартай газрыг С.Шижирбаатарын нэр дээр бүртгэсэн.
2.1.3. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар “газар өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн 15 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар өмчлүүлэх”-ээр шийдвэрлэсэн, уг захирамжийн хавсралтын 12 дугаарт Эрдэнэчимэгийн Гантулгад тус сумын 3-р баг, Поошигт нэртэй газарт 5000 мкв газар өмчлүүлэх гэж бичсэн. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4116036295 дугаарт Баянчандмань сумын Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт торлогтын 1-р гудамжны 224 тоотод хаягт байршилтай 5000 мкв газрыг иргэн Э.Гантулгын нэр дээр 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн. Э.Гантулга нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/105 дугаар захирамжаар өмчлүүлсэн гэх 5000 мкв газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргаснаар тус хэлтсээс тухайн газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004475 дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000518893 дугаартай гэрчилгээг түүнд олгосон.
Э.Гантулга нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Баянчандмань сумын 3-р баг Эрдэнэд байрлах 5000 мкв газрын өмчлөлийн захирамж гаргуулах, улсын бүртгэлд газрын материал бүрдүүлж өгөх, кадастрын зураг, гэрчилгээ гаргуулах, бусдад худалдах бэлэглэх, төлбөр тооцоо хийх...” бүрэн эрхийг Б.Мөнхчулуунд итгэмжлэлээр олгосон.
Б.Мөнхчулуун нь Э.Гантулгыг төлөөлөн С.Шижирбаатартай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, Э.Гантулгын өмчийн 5000 мкв газрыг С.Шижирбаатарт 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж, С.Шижирбаатар Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаснаар тус хэлтэс тухайн нэгж талбарын 4116036295 дугаартай газрыг өмчлөгчөөр С.Шижирбаатарыг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00054206 дугаартай гэрчилгээг түүнд олгосон. Мөн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд тухайн нэгж талбарын 4116036249 дугаартай газрыг С.Шижирбаатарын нэр дээр бүртгэсэн.
2.1.4. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар “газар өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн 15 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар өмчлүүлж” шийдвэрлэсэн, уг захирамжийн хавсралтын 13 дугаарт Эрдэнэбилэгийн Батболдод тус сумын 3-р баг, Поошигт нэртэй газарт 5000 мкв газар өмчлүүлэх гэж бичсэн. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ш.Жаргалсайхан Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4116036294 дугаарт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт торлогтын 1-р гудамжны 226 тоотод хаягт байршилтай 5000 мкв газрыг иргэн Э.Батболдын нэр дээр 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн. Э.Батболд нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан, Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/105 дугаар захирамжаар өмчлүүлсэн гэх 5000 мкв газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргаснаар тус хэлтсээс тухайн газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004473 дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000518895 дугаартай гэрчилгээг Э.Батболдод олгосон.
Э.Батболд нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Баянчандмань сумын 3-р баг Эрдэнэд байрлах 5000 мкв газрын өмчлөлийн захирамж гаргуулах, улсын бүртгэлд газрын материал бүрдүүлж өгөх, кадастрын зураг, гэрчилгээ гаргуулах бусдад худалдах бэлэглэх, төлбөр тооцоо хийх...” бүрэн эрхийг Б.Мөнхчулуунд итгэмжлэлээр олгосон.
Б.Мөнхчулуун нь Э.Батболдыг төлөөлөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Шижирбаатартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, Э.Батболдын өмч 5000 мөв газрыг С.Шижирбаатарт 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж, С.Шижирбаатар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаснаар тус хэлтэс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004473 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 4116036294 дугаартай газрын өмчлөгчөөр С.Шижирбаатарыг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000518895 дугаартай гэрчилгээг түүнд олгосон. Мөн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд тухайн нэгж талбарын 41160366294 дугаартай газрыг С.Шижирбаатарын нэр дээр бүртгэсэн байна.
2.2. Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын архивын болон газрын даамлын бичиг баримт, газрын нэгж талбарын дугаарын хувийн хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулан шүүхээс хийсэн үзлэгээр:
- “Иргэдээс газар өмчлөхөөр гаргасан өргөдлийн бүртгэл”-ийн 5 ширхэг дэвтэрт Өргөдлийн бүртгэлд Б.Ундрах, Л.Ганцогт, Э.Гантулга, Э.Батболд болон Б.Мөнхчулуун нараас газар өмчлөхөөр гаргасан гэх хүсэлт бүртгэгдээгүй, тус сумын Засаг даргын 2017 оны захирамжийн дугаарын бүртгэлд Б.Ундрах, Л.Ганцогт, Э.Гантулга, Э.Батболд нарын нэр бичигдээгүй,
- “2017.03.21 өдрийн А/67-2017.10.23-ны өдрийн А/261” гэж бичсэн цэнхэр өнгийн хавтастай иргэдэд газар өмчүүлсэн нэгж талбарын хувийн хэргүүдэд 2017 оны 04 сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар иргэдэд газар өмчлүүлсэн хувийн хэргийг шүүж үзэхэд 2017 оны А/105 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн хувийн хэрэг үүсгэж хадгалаагүй, мөн Б.Ундрах, Л.Ганцогт, Э.Гантулга, Э.Батболд нарт газар өмчлүүлсэн хувийн хэрэг үүсгэж хадгалаагүй,
- Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны захирамжуудын эх хувийг хавсаргаж хавтасласан 1 дүгээр хавтаст баримтын “Захирамжийн товьёгт 2017.04.28 өдөр А/105 газар өмчлүүлэх тухай 15 иргэнд”, тайлбар хэсэгт “ГҮД” гэж бичсэн, мөн 130 дугаартай хуудсанд сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26 өдрийн А/104 дугаартай захирамж байсан, 131,132 дугаартай баримт байхгүй, 133 дугаартай хуудсанд сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 10 өдрийн А/106 дугаартай захирамж байсан, уг хавтаст баримтад сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 28 өдрийн А/105 дугаартай захирамж байгаагүй, мөн захирамжуудын эх хувийг хавсаргаж хадгалсан 2 дугаар хавтаст баримтын “Захирамжийн товьёгт 2017.12.22 өдөр А/360 газар өмчлүүлэх тухай, хуудасны тоо 0” гэж бичсэн, 228 дугаартай хуудсанд сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/359 дугаартай захирамж байсан, 229 дугаар хуудастай баримт байхгүй, 230 дугаартай хуудсанд сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 27 өдрийн 361 дугаартай захирамж байсан, уг хавтаст баримтад сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамж байгаагүй,
- Захирамжийн дугаарын бүртгэлийн “Захирамж-А” 2017 он гэсэн бүртгэл нь “2017.01.02 өдөр А/01” гэсэн дугаараар эхэлсэн “2017.04.28 өдрийн А/105” гэсэн дугаартай бүртгэлд “Газар өмчлүүлэх 15 иргэн ГҮД эх хувь газрын даамал Гэрэлхүү” гэж тэмдэглэсэн, “2017.12.22 өдөр А/360“ гэсэн дугаартай бүртгэлд “Газар өмчлүүлэх хуудасны тоо 2” гэж тэмдэглэсэн зэрэг үйл баримтуудаар,
Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын архив болон газрын даамлын бичиг баримт, газрын нэгж талбарын хувийн хэргүүдэд иргэдэд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн гэх Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаартай захирамж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжууд болон Э.Батболд, Э.Гантулга, Л.Ганцогт, Б.Ундрах нараас газар өмчлөхөөр гаргасан гэх өргөдөл баримт, маргаан бүхий газрын нэгж талбарын дугаар бүхий хувийн хэрэг хадгалагдаагүй нь тус тус тогтоогдсон, мөн маргаан бүхий газар дээр ямар нэг хөдлөх болох үл хөдлөх хөрөнгө байршуулаагүй, газрыг ашиглаагүй байгаа нь тогтоогдсон байна.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
2.3.1. Гуравдагч этгээд Э.Гантулга тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “2017 онд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад өргөдөл гаргаж байгаагүй. Би ийм газар ерөөсөө аваагүй” гэсэн,
2.3.2. Э.Гантулга, Б.Батболд нараас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.Мөнхчулуунд итгэмжлэл олгож, “Баянчандмань сумын 3-р баг Эрдэнэд байрлах 5000 мөв газрын өмчлөлийн захирамж гаргуулах...” бүрэн эрхийг олгосон,
Харин, Э.Гантулга, Б.Батболд нарт газар өмчлүүлсэн гэх Баянчандмань сумын Засаг даргын захирамж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай бичигдсэн,
2.3.3. гэрч, Б.Мөнхчулууны “Улаанбаатар хотод 0.5 м2 аймагт 1.000 м2 суманд 5.000 м2 газрыг иргэн бүрд нэг удаа үнэгүй газар өмчилж авах хууль байсан. Тэрний дагуу найзууд болон гэр бүлээрээ газар өмчилж авах хүсэлт өгсөн. Тодорхой хугацаанд хүлээсний дараа захирамж гарсан. Найзуудын найзууд болон танилууд, дүү нарын найзууд газар өмчлөх эрхээ зармаар байна та хөөцөлдөж өгөх үү гэж ирсэн. Тэгээд тэрний дагуу л авсан.Тухайн үед интернэт онлайн шоп ажиллуулж байсан. Э.Гантулга, Э.Батболд нарыг сайн танихгүй юм байна. Хүнээр дамжуулж надад итгэмжлэл өгсөн байх.. Э.Гантулга, Э.Батболд нарын өмчлөх газрын кадастрын зураглалыг...би хийлгэсэн.Газар өмчилж авахад иргэний үнэмлэхийн хуулбар, гар өргөдөл, өмчлөлгүй тухай тодорхойлолт, тухайн сумыг хариуцсан кадастрын компанийн кадастрын зураг зэрэг баримтыг бүрдүүлж мөн газар өмчлөх анкет бөглөдөг байсан, бүрдүүлсэн баримтуудаа газрын даамал Д.Гэрэлхүүд өгч байсан. Захирамж гарсны дараа захирамжийн хуулбар, кадастрын компанийн зургийн хамт аваад Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ирж кадастрыг авч байсан. Өмчлөлгүй гэсэн тодорхойлолт, гар өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар нь газрын даамал Д.Гэрэлхүүд үлдсэн” гэсэн,
зэрэг баримтуудаас үзвэл, Э.Гантулга, Э.Батболд нарт газар өмчлүүлсэн гэх захирамж нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаартайгаар хэрэгт авагдсан байх тул иргэн Э.Гантулга, Э.Батболд нараас 2018 онд өгсөн итгэмжлэлийн дагуу Б.Мөнхчулуун нь Э.Гантулга, Э.Батболд нарын газар өмчлөхийг хүссэн өргөдөл, холбогдох баримтыг Баянчандмань сумын газрын даамалд өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
2.4. Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
2.4.1. Гэрч, Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүүгийн тус шүүхэд гэрчээр өгсөн “Газрын даамлаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. ... ганц нэг захирамжийг би өөрчилж гаргаж байсан. Яг энэ хүн дээр бол сайн санахгүй байна. Тухайн үед ажлын ачаалал их байсан. Газрын алба болон Засаг даргаас чирэгдэл учруулахгүй, гомдол гаргахгүй, түргэн шуурхай ажилла, хэрвээ ажиллаж чадахгүй бол ажлаас чөлөөлнө гэх шаардлагыг тавьдаг байсан. Ажилтайгаа үлдэхийн тулд цөөхөн хэдэн захирамжийн хавсралтыг сольсон тохиолдол байгаа. Захирамжийн нүүр хэсгийг сольдоггүй, хуулбарладаг. Компьютер дээр захирамжийн хавсралт нь эксээ программд байдаг, тэр хавсралтын нэрийг солиод бичээд хэвлэдэг. Нүүрний тамгыг сканердаж компьютерт оруулаад хэвлэдэг байсан...тухайн үед өргөдлийг аваад сейфт үлдээсэн, өргөдөл нь байхгүй бол иргэдэд захирамжийн хамт өгөөд явуулж байсан...” гэсэн мэдүүлэг,
2.4.2. гэрч, Баянчандмань сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Энхжаргалын “сумын Засаг даргаар 2016 оны 11 сараас 2020 оны 11 сар хүртэл ажилласан, газрын захирамжийг гаргахдаа нүүр хэсэгт үндсэн тамгаа дардаг. Хавсралтад нэр болон тамга дардаггүй, 5000 мөв-аар ийм олон газар олгоогүй, 0.07 га газар олгодог байсан, захирамжид Засаг дарга гарын үсэг 2 давхардсан байна. миний гаргасан захирамж биш, нүүр болон ард дарагдсан тамга мөн, гэхдээ гарын үсэг биш байна гэсэн” гэсэн мэдүүлэг,
2.4.3. гэрч, Баянчандмань сумын бичиг хэргээр ажиллаж байсан Н.Нямдоржийн “Захирамжийн хавсралт дээр Засаг дарга гарын үсэг зурдаггүй” гэсэн мэдүүлэг,
2.4.4. Баянчандмань сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх хэмжээ”-хэсэгт Эрдэнэ багийн “Байгаль суурин”, “Хөшөөт” нэртэй газруудад нийт 17 га газрыг өмчлүүлэхээр тусгаж төлөвлөсөн, харин “Поошигт” нэртэй газарт иргэдэд газар өмчлүүлэхээр төлөвлөгөөгүй,
2.4.5. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын “Улсын газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн үнэгүй газар өмчилсөн эсэх лавлагаанд[1] Э.Батболд нь 2004 оны 09 сарын 28-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр 700 мөв газар өмчилсөн” Э.Гантулга, Л.Ганцогт, Б.Ундрах нар нэг удаа газар үнэгүй өмчлөөгүй” гэсэн,
2.4.6. Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолуудаар Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяагаас ирүүлсэн гомдол мэдээллээр 193400368 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ...Д.Гэрэлхүү нь тус сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг хуурамчаар үйлдэж, бусдад газар олгосон болох нь тогтоогдож байх боловч...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр тухайн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөн М.Алтантуяагийн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн
зэрэг баримтуудаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй, Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтыг тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү өөрчилж, хавсралтын 12, 13 дахь хэсэгт Э.Гантулга, Э.Батболд нарт Эрдэнэ багийн Поошигт нэртэй газарт байршилтай 5000 мкв хэмжээтэй газрыг тус тус өмчлүүлсэн байдлаар бичиж хэвлэсэн,
мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтыг тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү өөрчилж, хавсралтын 9, 10 дахь хэсэгт Б.Ундрах, Л.Ганцогт нарт Эрдэнэ багийн Поошигт нэртэй газарт байршилтай 5000 мкв хэмжээтэй газрыг тус тус өмчлүүлсэн байдлаар бичиж хэвлэсэн, харин Э.Батболд, Э.Гантулга, Б.Ундрах, Л.Ганцогт нарт газар өмчлүүлэх захирамжийг Баянчандмань сумын Засаг дарга батлан гаргаагүй болох нь тус тус тогтоогдож байна.
2.5. Дээр дурдсанаар, иргэн Э.Гантулга, Э.Батболд, Б.Ундрах, Л.Ганцогт нараас газар өмчлөхөөр гаргасан гэх өргөдөл Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын өргөдлийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд маргаан бүхий газрыг өмчлөх хүсэлтийг иргэдээс гаргаагүй, мөн тухайн газрыг иргэдэд өмчлүүлсэн гэх захирамжийг Баянчандмань сумын Засаг дарга батлан гаргаагүй, маргаан бүхий газар нь тус сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгагдаагүй нь тус тус тогтоогдсон тул Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар дугаартай захирамжийн хавсралтын 12, 13 дахь хэсгийн иргэн Э.Батболд, Э.Гантулга нарт холбогдох хэсэг болон Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийн хавсралтын 9,10 дахь хэсгийн иргэн Б.Ундрах, Л.Ганцогт нарт холбогдох хэсгийг тус тус Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй: 19.1.1.энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах” гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана: гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, өмчилж авах газрын зориулалт, хэмжээ..” гэж, 20.3-т “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:..20.3.4.хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ: 25.1.4.сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө” гэж тус тус заасны дагуу батлан гаргаагүй, хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
2.6. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар дугаартай захирамжийн хавсралтын 12, 13 дахь хэсгийн иргэн Э.Батболд, Э.Гантулга нарт холбогдох хэсэг, мөн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийн хавсралтын 9,10 дахь хэсгийн иргэн Б.Ундрах, Л.Ганцогт нарт холбогдох хэсэг хууль бус болох нь тогтоогдсон тул иргэн Э.Батболд, Э.Гантулга, Л.Ганцогт, Б.Ундрах нарт нэгж талбарын 4116036295, 4116036294, 4116036250, 4116036249 дугаар бүхий газрыг өмчлөх эрх хуульд заасан журмаар үүсээгүй, тодруулбал эдгээр газрыг өмчлөх эрхгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн бүртгүүлэх” хүсэлтэд, хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот албан бичгээр “С.Шижирбаатарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгч, түүний өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээж, өмчлөх эрхийг нь баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар, газрын нэгж талбарын хувийн хэргүүдэд маргаан бүхий газрыг Э.Батболд, Э.Гантулга, Л.Ганцогт, Б.Ундрах нарт өмчлүүлсэн гэх захирамжууд хадгалагдаагүй, тухайн захирамжуудыг хариуцагч батлан гаргаагүй нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот албан бичгээр гаргасан шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим баримтална” гэж заасанд нийцсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймээс, нэхэмжлэгчийн “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.7. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно” гэж, 38.3-т “Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна.” гэж, энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно” гэж тус тус заасан, хууль тогтоогчоос ийнхүү захиргааны актад нэмэлт зохицуулалт хийх, мөн тухайн захиргааны актыг дахих гаргах ажиллагааг явуулахдаа хуульд заасан журмаар гарсан захиргааны актад нэмэлт хийх, мөн тухайн захиргааны актыг дахин гаргахыг захиргааны байгууллагад зөвшөөрч, түүнийг хэрэгжүүлэх тохиолдлыг тодорхой зааж журамласан.
Харин хуулийн дээр дурдсан зүйлүүдэд хууль бус захиргааны актыг, тодруулбал эрх бүхий этгээдээс баталгаажуулж гаргаагүй актыг дахин гаргах, мөн тухайн актад нэмэлт хийх талаар заагаагүй байна.
Иймд, хууль бус болох нь тогтоогдсон Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар дугаартай захирамжийн Э.Батболд, Э.Гантулга нарт холбогдох, Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийн Б.Ундрах, Л.Ганцогт нарт холбогдох хэсэг буюу “нэгж талбарын 4116036295, 4116036294, 4116036250, 4116036249 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон захирамжийг нөхөн гаргахыг Баянчандмань сумын Засаг даргад даалгах, тухайн нэгж талбар бүхий газруудыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг тус сумын Засаг даргад даалгах” хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.” хэмээн зааж, захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас иргэний зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх, хохирлыг барагдуулах талаар журамлан зохицуулсан.
Мөн, маргаан бүхий газрыг өмчлөх эрх Э.Батболд, Э.Гантулга, Л.Ганцогт, Г.Мөнхгэрэл, Б.Ундрах нарт хуульд заасан журмаар олгогдоогүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Иргэн тухайн үед төрд итгэсэн, үүний дагуу шийдвэр гарч өмчлөх эрхийг олж авсан. Энэ үйл ажиллагаанд итгэл хамгаалах зарчим үйлчлэх ёстой...” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
2.8. Хэрэгт авагдсан баримтууд, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/72 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4116036294, 4116036295, 4116036249, 4116036250 дугаар бүхий газрууд нь нэхэмжлэгч С.Шижирбаатарын нэр дээр бүртгэгдсэн, бусдын эзэмшил, өмчийн газартай ямар нэг давхцалгүй байгаа тогтоогдсон. Мөн, Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяа нь Газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбар бүхий газрын мэдээллийн “цаг хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр хаасан болох нь түүний тайлбар, лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт сумын газрын даамал, дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх гэж тус тус заасан.
С.Шижирбаатарын нэр дээр бүртгэгдсэн 4 нэгж талбар бүхий газарт холбогдох баримтууд Баянчандмань сумд хадгалагдаагүй бөгөөд эдгээр газрыг иргэдэд өмчлүүлсэн захирамжийг тус сумын Засаг дарга батлан гаргаагүй нь дээр дурдсанаар тогтоогдсон тул Газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч С.Шижирбаатарын нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 4116036294, 4116036295, 4116036249, 4116036250 дугаар бүхий газруудын мэдээллийг хаасан хариуцагч газрын даамлын үйлдлийг буруутгах боломжгүй, түүнийг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд, нэхэмжлэгчийн “нэгж талбарын 4116036250, 4116036249 дугаартай С.Шижирбаатарын өмчлөлийн газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын газрын даамалд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-т Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан, нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дахин 70.200 төгрөг төлсөн байх тул урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1.4, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Шижирбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж, Ж.Тамир нарын “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын 4116036295, 4116036294 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн А/105 дугаар захирамж, нэгж талбарын 4116036250, 4116036249 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, С.Шижирбаатарын өмчлөлийн газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Шижирбаатарт олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
[1] Хавтаст хэрэг-1, 220 дахь талд,