Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар  2022/ДШМ/667

 

 

 

С.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч С.Д,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/1129 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Дд холбогдох 2208009670823 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч С.Д нь 2022 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 8 дугаар гудамжны 161 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Атэй хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

С.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана: 4.3 прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж тус тус заажээ.

Хэргээс үзэхэд, прокурор нь “яллагдагч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх тухай“ санал гаргаж, шүүхэд хэргийг ирүүлжээ. Үүнээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” шийдвэрийг шүүх гаргах боломжгүй нөхцөл байдал үүсч байх ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т заасан нөхцөл байдал хангагдаагүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

               2. Мөн прокурорын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 257 дугаартай саналыг судалж үзэхэд, тухайн саналд дурьдсан “С.Д нь 63 настай, ам бүл 1, ганцаараа амьдардаг бөгөөд өндөр насны тэтгэвэр авдаг, түүгээр амьжиргаагаа залгуулж амьдардаг” гэх зэрэг яллагдагчийн хувийн байдалтай холбоотой нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлд хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүгд хангагдаж байж шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэдэг гэдгийг цаашид анхаарах нь зүйтэй.

               3. Хэргээс үзэхэд, хохирогч С.А нь шүүгдэгч С.Дтай хамтын амьдралтай байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч П.Отгоннямын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.Д нь гэр бүлийн хамаарал бүхий С.Агийн гэрт очиж, архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэн, түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл буюу тухайн хэргийн бодит байдал нь прокурорын яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэх зүйлчлэлтэй нийцэхгүй, эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыгтогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд дээр дурьдсан нөхцөл байдлыг нотлох ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. ...” гэжээ.

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Яллагдагч С.Д нь 2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 8 дугаар гудамжны 161 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Атэй хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун зовхи, зүүн зовхины дотор буланд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан ба прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хүсэлтийг хангаж, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх тухай саналыг түүнд танилцуулсан ба яллагдагч С.Д нь прокурорын дээрх саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсэн нөхцөл хангагдсан байна.

Прокурорын саналд яллагдагч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөхөөр тусгасан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой.

               2. Яллагдагч С.Д нь хохирогч С.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.А, гэрч П.Отгонням нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3266 дугаартай шинжээчийн дүгнэлт болон яллагдагч С.Дгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдсон, яллагдагч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлж, улмаар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, прокурорын сонсгосон ялын төрөл хэмжээ, ялаас чөлөөлөх талаар саналыг танилцан хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүнд гарын үсэг зурсан, гэмт хэргийн улмаас хохирогч С.А нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн, яллагдагч С.Д нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосны үндсэн дээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан.

               3. Хохирогч С.Агийн “...Нэг удаа л миний биед халдаж байсан, тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Хааяа хэрэлдэж маргалддагаас зоддог асуудал байхгүй. Харин салснаасаа хойш хааяа уулзахдаа миний биед халдаж, цохиж зодож байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Отгоннямын “...Манай ээжийн найз нь байгаа юм... би хаана, хэзээ, яаж зодсон талаар нь тодорхой мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар, яллагдагч С.Д, хохирогч С.А нар нь 2009-2015 оны хооронд хамт амьдарч байсан, албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй, дундаасаа хүүхэдгүй, одоо тус тусдаа амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон буюу С.Д, С.А нар нь өмнө нь тодорхой хугацаанд хамт амьдарч байсан хэдий ч гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт амьдрахаа больсон, хамтран бий болгосон эдийн болон эдийн бус эрх, үүргээр холбогдоогүй, гэр бүл болох зорилгын хүрээнд харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээсэн эхнэр, нөхрийн хамааралгүй байна.

Иймд түр хугацаанд эр эмийн харилцаатай байсан, хэн алинаа халамжлах, тэжээн тэтгэх, харилцан туслах үүргийг сайн дурын үндсэн дээр хууль болон гэрээгээр хүлээгээгүй хүмүүс хоорондын таарамжгүй харилцааны үр дагаврыг гэр бүлийн хүчирхийлэлд тооцох, гэмт халдлагад өртсөн хүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хохирогчоор тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Дд холбогдох эрүүгийн 2208009670823 дугаартай хэргийг “...дээр дурдсан нөхцөл байдлыг нотлох ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй...” үндэслэлээр прокурорт буцаасан шийдвэр нь үндэслэлгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/1129 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Шүүгдэгч С.Д тус шүүх хуралдаанд “Хэлэх зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

        Анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг прокурорт буцаасан нь:

        “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” шийдвэрийг шүүх гаргах боломжгүй нөхцөл байдал үүсч байх ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т заасан нөхцөл байдал хангагдаагүй,

               прокурорын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 257 дугаартай саналд дурьдсан “С.Д нь 63 настай, ам бүл 1, ганцаараа амьдардаг бөгөөд өндөр насны тэтгэвэр авдаг, түүгээр амьжиргаагаа залгуулж амьдардаг” гэх зэрэг яллагдагчийн хувийн байдалтай холбоотой нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлд хамаарахгүй,

               шүүгдэгч С.Дд холбогдуулан ирүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлтэй нийцэхгүй, эргэлзээтэй” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 үгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хэмжээнд эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

               Хохирогч С.Агээс “...гомдол, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /хх-80/, шүүгдэгч С.Дгаас “...Миний бие Ч.Атарсүрэнг зодож гэмтэл учруулсан минь үнэн. Ч.Атарсүрэн нь гомдол, саналгүй. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-81/ гэсэн хүсэлтийг тус тус прокурорт гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 257 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолын дагуу шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх тухай санал гаргасныг, шүүгдэгч С.Д танилцаж гарын үсэг зурсан байх тул уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.   

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх ...тухай саналыг ...танилцуулж...” гэж зааснаар прокурор ялаас чөлөөлөх санал гаргах эрхтэй байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/1129 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                               ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ