| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2023/0040/З |
| Дугаар | 123/ШШ2023/0054 |
| Огноо | 2023-12-12 |
| Маргааны төрөл | Татвар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 123/ШШ2023/0054
2023 12 12 123/ШШ2023/0054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”
Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулан нарын хоорондын шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа (цахимаар), хариуцагч Б.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага: Гомдол гаргагч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Б.Ариунаа нар “Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717, 0531716 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар гомдол гаргаж, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “татварын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717, 0531716 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”-оор гомдлын шаардлагаа тодруулсан байна.
2. Хариуцагч, Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “төлбөрийн баримт олгоогүй, сугалааны дугааргүй баримт олгосон зөрчил гаргасан” хэмээн Баянбуурал амралтын газарт 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717 дугаартай шийтгэлийн хуудсаар 1.483.252 төгрөгөөр торгох, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717 дугаар шийтгэлийн хуудсаар 1.483.252 төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулжээ.
Хоёр. Гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын гомдлын шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:
2.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Б.Ариунаа нар шүүхэд гаргасан гомдолдоо: Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулан нь Баянбуурал амралтад холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахдаа Баянбуурал амралт төлбөрийн баримт хэвлээгүй, сугалааны дугааргүй баримт олгосон гэж үзэж №0531716, №0531717 дугаартай 2.966.504 төгрөгийн торгууль ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянбуурал амралт нь “УБТЗ” ХНН-ийн салбар нэгж бөгөөд бие даасан хуулийн этгээд биш. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж, мөн “УБТЗ” ХНН-ийн Дүрмийн 19 дүгээр зүйлд Замын дарга нь төмөр замын ашиглалтын бүх ажлыг биеэ дааж удирдах ба энэ дүрмээр тогтоогдсон хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурал буюу хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны эрх мэдэлд холбогдох хэргүүдээс бусад нийгэмлэгийн өдөр тутмын бүх ажил хэрэг болоод хөрөнгө хогшлыг тусгай итгэмжилгээгүйгээр эрхлэн барина гэж заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь тус байгууллагын Замын дарга байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар татварын улсын байцаагч Б.Хулан нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа холбогдогчийг буруу тогтоосон, хуульд заасан холбогдогчийн эрх үүргийг эдлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан оролцуулаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийг 1-д заасны дагуу улсын байцаагч нь холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, Баянбуурал амралт зөрчил гаргасан болохыг нотлох баримтаар тогтоогоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар татварын улсын байцаагч нь үйлдэгдсэн гэх зөрчилд Баянбуурал амралтад ямар амрагчаас гомдол гаргасан, тухайн иргэнтэй ярилцаж тэмдэглэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй, захиргааны шийдвэр гаргахаас өмнө тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, гомдлын материал танилцуулаагүй.
Эрх бүхий албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа холбогдогчоо зөв тодорхойлоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул дээрх захиргааны акт биелэгдэх боломжгүй илт хууль бус байна. Өөрөөр хэлбэл энэ шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.”, гэж, 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан. Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулангийн Баянбуурал амралтад оногдуулсан №0531716, №0531717 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Гомдол гаргагч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа тус шүүхэд гаргасан гомдлын тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулангийн Баянбуурал амралтад оногдуулсан №0531716, №0531717 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж заасан, мөн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” зааснаар илт хууль бус захиргааны акт байна.
Баянбуурал амралт нь “УБТЗ” ХНН-ийн салбар нэгж бөгөөд бие даасан хуулийн этгээд биш. “УБТЗ” ХНН-ийн Дүрмийн 19 дүгээр зүйлд Замын дарга нь төмөр замын ашиглалтын бүх ажлыг биеэ дааж удирдах ба энэ дүрмээр тогтоогдсон хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурал буюу хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны эрх мэдэлд холбогдох хэргүүдээс бусад нийгэмлэгийн өдөр тутмын бүх ажил хэрэг болоод хөрөнгө хогшлыг тусгай итгэмжилгээгүйгээр эрхлэн барина гэж заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь тус байгууллагын Замын дарга байна.
... Зөрчил гаргасан талаар маргахгүй. ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар татварын улсын байцаагч Б.Хулан нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа холбогдогчийг буруу тогтоосон, хуульд заасан холбогдогчийн эрх үүргийг эдлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан оролцуулаагүй. Зөрчил шалгах ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар биелэгдэх боломжгүй илт хууль бус байна. Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулангийн Баянбуурал амралтад оногдуулсан №0531716, №0531717 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.3. Хариуцагч Б.Хулан шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн н.Ариунболд, н.Нандинчимэг нараас Батсүмбэр суманд байрлах Баянбуурал амралтын газраар үйлчлүүлэхэд төлбөрийн баримт олгоогүй гэж Засгийн газрын 11-11 дугаарт гаргасан гомдол мэдээллийг цахимаар хүлээн аваад Баянбуурал амралтын газрын эрх бүхий албан тушаалтнуудыг дуудаад ирэхгүй байсан тул гомдлыг шийдвэрлэхийн тулд нягтлан бодогч Б.Гантуяаг нь дуудаж мэдүүлэг авч, зөрчил шалгах ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д: "Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1. зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зорчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; 1.3 зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол" гэж заасны дагуу холбогдогчоос авсан мэдүүлэг болон, татварын удирдлагын нэгдсэн системийн офисс-Е баримт цэсний мэдээлэл, 2023 оны 07 сарын 21-ний өдөр хэвлэгдсэн 11.200 төгрөгийн сугалааны дугааргүй баримт, 2023 оны 07 сарын 29-ний өдөр хэвлэгдсэн 4.400 төгрөгийн сугалааны дугааргүй баримтаар зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж мөн хуулийн 6.6.2-д: "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна" гэж заасны дагуу 0531716 дугаар шийтгэлийн хуудсаар 1.483.252.00 төгрөгийн, 0531717 дугаар шийтгэлийн хуудсаар, 1.483.252 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.
Баянбуурал амралтын газар төлбөрийн баримт олгохгүй байгаа талаарх гомдол удаа дараа ирдэг бөгөөд тухай бүр мэдэгдэж төлбөрийн баримтыг нөхөж олгуулж ирсэн. Нягтлан бодогч С.Гантуяад байнга сануулж хэлдэг боловч хэн гэдэг хүн гомдол гаргасан байна, нэрийг нь хэлээд өг санаатайгаар ингээд байна гэдэг байсан. Ийм байдлаар зөрчил байнга давтагдаж ирсэн. ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6-д: "Эрх бүхий байгууллага, албан тушаалтан гомдол гаргагч, мэдээлэл өгсөн хүн, мэдээллийн нууцыг хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна", Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д: "Татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно" гэж заасны дагуу татвар төлөгчийн нууцыг үүрэг хүлээж ажилладаг болно. Иймд шийтгэл ногдуулсан №0531716, №0531717 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.4. Хариуцагч Б.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн №0531716, №0531717 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэг нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоогдсон тул илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. ...Татварын удирдлагын нэгдсэн системд Баянбуурал амралтын газар нь 2500434 регистрийн дугаараар татвар төлөгчөөр бүртгэлтэй байгаа, энэ регистрийн дугаараар тайлангаа өгч татвараа төлдөг.. Баянбуурал амралтын газрын Татвар төлөгчийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн, хамгийн сүүлд 2022 онд төлбөр хураамж төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зөрчлийн материал, гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэл, тайлбар, хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717 дугаартай шийтгэлийн хуудас, 0531716 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Гомдлын шаардлагад холбогдох захиргааны акт буюу Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717 дугаартай шийтгэлийн хуудас, мөн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531716 дугаартай шийтгэлийн хуудсаар Баянбуурал амралтын газарт “төлбөрийн баримт олгоогүй, сугалааны дугааргүй баримт олгосон” зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр Баянбуурал амралтын газарт нийт 2.966.504 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, маргааны үйл баримтын тухайд:
2.1.Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд:
- Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулан нь Засгийн газрын иргэд олон нийттэй харлцах төвийн 11-11 дугаарт иргэн Ариунболд, Нандинчимэг нараас гаргасан “Баянбуурал амралтын газраар үйлчлүүлэхэд төлбөрийн баримт олгоогүй” гэх Гомдол мэдээллийн бүртгэлийн Т-23016 дугаарт, мөн Т-23017 дугаарт тус тус бүртгэгдсэн гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдлийн хуудсаар Баянбуурал амралтын газрын ерөнхий нягтлан бодогч Б.Гантуяаг дуудаж, түүнийг оролцуулан 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр татварын удирдлагын нэгдсэн системд 2500434 регистрийн дугаартай Баянбуурал амралтын газрын оффис и-баримт цэсэнд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн бөгөөд зөрчилд холбогдох төлбөрийн баримтыг хэвлэсэн.
Төлбөрийн 1 дэх баримтад “иргэнд очих баримт, борлуулагч: ТТД:2500434, Баянбуурал амралт, талон №43, касс: админ, огноо:2023.07.21 13:16, төлөх дүн:11.200, төлөлт:11,200” гэсэн ба уг баримтад сугалааны дугаар бичигдээгүй,
-мөн, төлбөрийн 2 дахь баримтад “иргэнд очих баримт, борлуулагч: ТТД:2500434, Баянбуурал амралт, талон №56, касс: админ, огноо:2023.07.29 13:23, төлөх дүн:4.400, төлөлт: 4,400” гэсэн, уг баримтад сугалааны дугаар бичигдээгүй байжээ.
Эрх бүхий албан тушаалтан Б.Хулан нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр холбогдогчоос авсан тэмдэглэл үйлдсэн бөгөөд уг тэмдэглэлд “холбогдогч Баянбуурал амралтын газрын ерөнхий нягтлан бодогч Б.Гантуяа: Мобинетийн интернэт саатсанаас болоод баримт хэвлээгүй, гэхдээ нөхөж олгосон. Сайн мэдэхгүй байна ” гэж бичсэн.
Улаанбаатар төмөр замын Баянбуурал амралтын газрын дарга Д.Ганбат нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 80/139 дугаартай “тус амралт нь амрагч, үйлчлүүлэгчдэд үзүүлсэн үйлчилгээ бүрийн төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан олгож хэвшсэн. 2023 оны 04 дугаар сараас эхлэн "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн салбар нэгжүүд нэгдсэн нэг регистр ашиглах болсонтой холбоотойгоор Баянбуурал амралтын 2500434 регистрийн дугаар нь 2076675 регистрийн дугаараар солигдсон. Улмаар 2076675 тоот регистрээр УБТЗ ХНН-ийн санхүү албанаас баримтыг олгуулж байсан. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус амралт нь захиалга хүлээн авах, амрагч хүлээн авах, төлбөр тооцоо хийх, төлбөрийн цахим баримт олгох үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, хялбаршуулан ТЕГ-ын цахим систем, банкны системд интеграци холболттой "Баянбуурал амралтын захиалгын систем" ашиглаж эхэлсэн. 2023 оны 08 дугаар сард манай харилцагч Мобинет компаний хэрэглэгчийн хэт ачаалал үүссэний улмаас системд шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор интернет түр тасалдсан тохиолдол гарсан ч дээрх хугацааны цахим баримтыг нөхөн олгох ажлыг түргэн шуурхай гүйцэтгэсэн. Манай байгууллагад төлбөрийн цахим баримт олголтын талаар бичгээр болон амаар санал, гомдол ирээгүй болно” гэсэн албан бичгийг татварын хэлтэст хүргүүлсэн.
Эрх бүхий албан тушаалтан Б.Хулан нь Баянбуурал амралтын газрыг 2023 оны 07 дугаар сарын 21, 29-ны өдрүүдэд үйлчлүүлэгчдэд сугалааны дугааргүй баримт олгосон зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар Баянбуурал амралтын газарт 0531717, 0531716 дугаартай шийтгэлийн хуудсаар тус тус торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
2.2. Шүүхээр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад гомдол гаргагчаас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9/9086 тоот “Баянбуурал амралт нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэсэн албан бичгийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
2.3. Төв аймгийн Татварын хэлтсээс “Монгол зөвлөлийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Татвар төлөгчийн 231129204909 дугаартай гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, уг гэрчилгээнд “нэр: регистрийн дугаар:2076675, татвар төлөгчийн дугаар: 66901634900, татвар төлөгчөөр бүртгэгдсэн он: 2013 оны 12 сарын 04”, удирдлагын мэдээлэл: Х.Хэрлэн гэсэн,
2.4. мөн, татварын хэлтсээс “Баянбуурал амралтын газар”-ын“Татвар төлөгчийн 231129204909 дугаартай гэрчилгээ”-г шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, уг гэрчилгээнд “нэр: Улаанбаатар төмөр зам /Баянбуурал/, регистрийн дугаар:2500434, татвар төлөгчийн дугаар: 66901634900058, татвар төлөгчөөр бүртгэгдсэн он: 2016 оны 3 сарын 02, татварын төрлийн мэдээлэл: зам ашигласны төлбөр-бүртгүүлсэн:2022.03.15” гэсэн зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
2.5. Хариуцагч, Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулан шүүх хуралдаанд “Баянбуурал амралтын газрын эрх бүхий албан тушаалтнуудыг дуудаад ирэхгүй байсан тул нягтлан бологч Б.Гантуяаг нь дуудаж мэдүүлэг авч, зөрчил шалгах ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэсэн тайлбар гаргасан,
2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүх хуралдаанд “Татварын удирдлагын нэгдсэн системд Баянбуурал амралтын газар нь 2500434 регистрийн дугаараар татвар төлөгчөөр бүртгэлтэй байгаа, энэ регистрийн дугаараар тайлангаа өгч татвараа төлдөг...” гэсэн тайлбар гаргасан.
Эдгээр баримтуудаар, Монгол зөвлөлийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2023 оны 04 дүгээр сараас эхлэн салбар нэгжүүд нэгдсэн нэг регистрын дугаараар улсын бүртгүүлсэн тухай мэдээллээ татварын албанд мэдэгдээгүй, татвар төлөгчийн бүртгэлдээ өөрчлөлт оруулаагүй, мөн зөрчил шалгах явцад Баянбуурал амралтын газрын дарга, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаалтнууд нь эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон регистрын дугаар өөрчилсөн зэрэг бичиг баримтуудыг хуульд заасны дагуу бүрэн гаргаж өгөөгүй зэрэг байдлаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 26.4-т “Татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, түүний өөрчлөлт, энэ хуулийн 26.2, 26.3-т заасан мэдээллийг 7 хоногийн дотор татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрөө бүртгүүлэх, эсхүл татварын албанаас мэдэгдсэнээр мөн хугацаанд баталгаажуулах үүргийг хүлээж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 3-т “Холбогдогч дараахь үүрэгтэй: эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байна.
Зөрчил гаргасан гэх Баянбуурал амралтын газрын дарга Д.Ганбат эрх бүхий албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн очоогүй, тус амралтын газрын ерөнхий нягтлан бодогч бичиг баримт гаргаж өгөөгүй байх боловч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтан нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, зөрчилд холбогдогчийг тогтоох, холбогдогч, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авах эрх үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас зөрчилд холбогдогчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар тодорхойлсон, ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах зэрэг эрх зөрчигдсөн байна.
2.7. Гомдол гаргагчаас, гомдлын үндэслэлээ “шийтгэл оногдуулахдаа холбогдогчоо зөв тодорхойлоогүй” гэснээс гадна, “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй” гэж тодорхойлсон бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 21, 29-ны өдрүүдэд үйлчлүүлэгчдэд сугалааны дугааргүй төлбөрийн баримт олгосон гэх зөрчлийг гомдол гаргагч “Монгол зөвлөлийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын хамаарал бүхий этгээд буюу “түүний салбар нэгж болох Баянбуурал амралтын газар гаргасан талаарх баримтууд зөрчлийн материалд авагдсан байх тул шүүхээс эрх бүхий албан тушаалтны 0531717, 0531716 дугаартай шийтгэлийн хуудас тус бүрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус болох”-ыг тогтоож шийдвэрлэх боломжгүй байна.
2.8. Мөн гомдол гаргагч нь зөрчил үйлдсэн талаар маргаагүй, харин “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй” гэсэн үндэслэлээр маргаж буй тул эрх бүхий албан тушаалтны зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй үйлдлийг шүүхээс зөвтгөх боломжгүй, тодруулбал эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудсаар тогтоогдсон гэх зөрчлийг гомдол гаргагч гаргасан эсэх, хууль зөрчсөн эсэх зэргийг шалгаж, зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд шийтгэлийн хуудсаар хуульд заасан шийтгэлийг оногдуулах эрх, үүрэгтэй тул эдгээр нөхцөл байдлыг шүүхээс шалгах, улмаар шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717, 0531716 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, шинэ шийтгэлийн акт гаргах 3 сарын хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тооцох нь зүйтэйг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ шийтгэлийн хуудас гаргаагүй тохиолдолд Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717 дугаартай, 0531716 дугаартай шийтгэлийн хуудас тус тус хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д “Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна.” гэж, 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.” гэж зааснаар шүүхээс шийдвэрийг 5 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэн гаргаж баталгаажуулах бөгөөд үүнээс хойш 5 хоногийн дотор хэргийн оролцогчид шүүхэд ирж шүүхийн шийдвэрийг гардан авч, ийнхүү гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.11, 107 дугаар зүйлийн 107.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Хулангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717 дугаартай шийтгэлийн хуудас, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531716 дугаартай дугаартай шийтгэлийн хуудас тус бүрийг эрх бүхий албан тушаалтнаас шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинээр шийтгэлийн хуудас гаргаагүй тохиолдолд Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531717 дугаартай шийтгэлийн хуудас, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0531716 дугаартай дугаартай шийтгэлийн хуудас тус бүр хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН