Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар  2022/ДШМ/668 

 

 

Н.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Мянган нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Н.Эд холбогдох 2110014750786 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

00000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй;  

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е Март” худалдааны төвөөс тус худалдааны төвд худалдан борлуулагдаж байсан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох тасдагч бахийг учрах саадыг арилгах зорилгоор ашиглан нэр бүхий 9 ширхэг вино, коняк виски, мөн бэлтгэлийн цамц 1 ширхэг зэргийн дохиоллыг тастаж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Скай хайпермаркет" ХХК-д 3.067.240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Байлгас овгийн Нямгэрэлийн Энхтайванг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Эг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эгийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 (арван хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн тастагч бахь 1 ширхэгийг хохирогч “Скай хайпермаркет” ХХК-д буцаан олгож, эвдэрч ашиглах боломжгүй болсон дохиолол мэдрэгч 10 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, “Е Март” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Н.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Скай хайпермаркет” ХХК-д төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Э миний бие бусдад учруулсан 3,223,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, МУИС-ийн 3 дугаар дамжаанд суралцдаг бөгөөд сургуулиасаа чөлөө авсан байгаа. ...цаашид сурч боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй байгаа, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3-т заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж санал гаргасан боловч шүүхийн зүгээс намайг 11 удаагийн үйлдлээр бусдад хохирол учруулсан тул саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. ...Иймд надад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Э нь анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон бөгөөд тэрээр уг гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болохоо анхнаас нь хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан 3.223.000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан.

Тэрээр МУИС-д суралцдаг, гуравдугаар дамжааны оюутан бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шинэчилсэн байцаалтад удаа дараа илэрхийлсэн байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгох, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасны дагуу 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан үзээд уг заалтыг хэрэглэх үндэслэлтэй. Гэхдээ эдгээр нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулсан ч шүүгдэгч нь энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэхгүй байх үндэслэлийг тусгаж өгсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Эд холбогдох 2110014750786 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е Март” худалдааны төвөөс тус худалдааны төвд худалдан борлуулагдаж байсан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох тасдагч бахийг учрах саадыг арилгах зорилгоор ашиглан нэр бүхий 9 ширхэг вино, коняк виски, мөн бэлтгэлийн цамц 1 ширхэг зэргийн дохиоллыг тастаж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, “Скай хайпермаркет" ХХК-д 3.067.240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     хохирогч “Скай хайпермаркет” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн итгэмжлэлээр хэрэгт оролцсон хууль ёсны төлөөлөгч Ч.Батцэнгэлийн: “...“Скай хайпермаркет” ХХК-ийн “Е март” дэлгүүрийн Хан-Уул салбараас 2021 оны 7 дугаар сарын 02, 16, 8 дугаар сарын 02, 8-ны өдрүүдэд эрэгтэй хүн дэлгүүрийн архины тасгаас их хэмжээний үнэ бүхий виски хулгайлан авсан нь хяналтын камерийн бичлэгээр тогтоогдсон. Хяналтын камерийн бичлэгт цүнхтэй орж ирж эд зүйл аваад гарахдаа кассад 1 ширхэг ус худалдан авч, цүнхэндээ хулгайлсан эд зүйлээ авч гардаг байсан. Уг хүн нь манай барилгын материалын бараанаас багаж аваад уг виски болон барааны дохиоллын /таг/ чипийг салгаж авч гардаг байсан. Салгахдаа тэр этгээд нь хувцас сольж өмсөх өрөөнд тастаж, тагийг тэнд нь үлдээдэг байсныг хамгаалагч нар олдог байсан. Манай дэлгүүрийн архины тасгаас их хэмжээний виски дутаад шалгалт хийж хяналтын камер шүүхэд уг хүн гарч ирсэн. Тэгээд уг хүн нь амны хаалттай тул тогтоож чадахгүй удсан байгаа. Манай дэлгүүрээс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Remy martin XO 1 ширхэг 712.000 төгрөг, Неnnessy VSOP 1 ширхэг 113.700 төгрөг, Неnnessy  соgnос 1 ширхэг 77.850 төгрөг, 7 дугаар сарын 16-ны өдөр 198.000 төгрөгийг Пума тасагт зардаг цамц авч гарсан. 8 дугаар сарын 02, 8-ны өдрүүдийн хохирол эцэслэн гараагүй байна. Тогтоогоод эргэн мэдэгдэнэ. ...” (хх-ийн 18-19),

гэрч У.Дэлгэрдалайн: “...2021 оны 7 дугаар сард манай дэлгүүрт хоосон дохиолол болон вискиний хайрцаг хувцас солих өрөөнөөс олдсон. Тэгээд би харуул хамгаалалтын албаны хүмүүст үүрэг даалгавар өгч хяналтын камер шүүлгэсэн. Тэгтэл манайхаар үйлчлүүлж байсан үл таних залуу архи, пивоны лангуунаас виски аваад хоёр давхарт гарч хувцас солих өрөөнд ороод дохиоллыг салгаж авч гарсан нь тогтоогдсон. Тухайн виски алга болсонтой холбоотойгоор тооллого хийтэл их хэмжээний виски дутсан нь илэрсэн. Манай дэлгүүрээс виски болон бэлэн хувцас хулгайлсан байсан. Дэлгүүрээс хэдэн удаагийн үйлдлээр хэр их хэмжээний бараа материал хулгайлсныг харуулын дарга Лхагватамжид сайн мэдэж байгаа. Байгууллагын хохирол нотлох баримтын хэмжээнд 3.222.940 төгрөг гарч байгаа. ...” (хх-ийн 22-23),

     гэрч Г.Лхагватамжидын: “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр анх виски дутсан гэдгийг мэдсэн. Тэгээд хяналтын камерийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш шүүтэл манайд тухайн залуу 10 удаагийн давтамжтай орж ирээд 3 сая гаран төгрөгийн бараа материал хулгай хийсэн байсан. Мөн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр яг үйлдэл дээрээ надад баригдсан. Тухайн үед цүнхэндээ 4 шил хэйнисси нэртэй виски, нэг боодол маск, 3 ширхэг оймс, нэг бахь зэрэг зүйлс авч явж байсан. Эдгээр зүйлс нь нийтдээ 338.300 төгрөг болсон байсан. Манайхаас бараа авч, мөн бахь авч хувцасны өрөөнд орж дохиоллыг нь тастаж барааг цүнхэндээ хийж авч гардаг байсан. Гарахдаа ганц ширхэг цэвэр ус авч тооцоогоо хийж гардаг. ...” (хх-ийн 26-27),

     “Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ1-21-631 дугаартай “...нийт эд хөрөнгийн үнэ 3.067.240 төгрөг...” тайлан (хх-33),

     Өөрийн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Н.Эы мэдүүлгүүд (хх-ийн 48-49),

     2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэсэн он, сартай бичлэг байх ба бичлэгийг тоглуулахад саравчтай малгайтай, урт үстэй, хар бараан өнгийн хүрэмтэй, цагаан масктай, барааны тэрэг түрсэн эрэгтэй орж ирж байгаа харагдана. Мөн шар айраг гэсэн тасагт орж ...лангуун дээр байсан нэг шилтэй виски авч байгаа харагдаж байна. Өөр лангуун дээрээс дахин нэг шилтэй виски аваад тэргэндээ хийж байгаа харагдана. Хувцасны тасгаас хар өнгийн куртик авч сагсандаа хийж байгаа харагдана. Нэг ширхэг савтай цэвэр усны тооцоог хийгээд гарч байгаагаар уг бичлэг дуусаж байна. ...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 9-13) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Н.Эы 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е Март” худалдааны төвөөс нийт 3.067.240 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Н.Э нь “Скай хайпермаркет" ХХК-д учруулсан хохиролд 3,223,000 төгрөгийг  төлсөн болох нь хохирол хүлээн авсан баримт /хх 110-112/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Мянган нар нь  “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Эы үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хорих ялаар шийтгэгдэх гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;...” гэж заасныг хэрэглэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Н.Э нь шийтгэх тогтоол гарсан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс магадлал гарсан 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 42 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Эг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Эг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ....” гэж ,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 42 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

                     ШҮҮГЧ                                                       Б.БАТЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ