Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2024/00757

 

 

               2024         08         26

      151/ШШ2024/00757

 

 

 

 

 

                              Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 725,349 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь манай "Т" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай 370,000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г.Б нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн 697 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй. Г.Б нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 303,928 төгрөг үндсэн зээлийн хүү 313,168 төгрөг нэмэгдүүлсэн хүү 108,253 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 725,349 төгрөгийг зээлдэгч Г.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г.Б нь “Т” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 370,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатайгаар зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 725,349 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 375,349 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 725,349 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Б нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 725,349 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 375,349 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 725,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 375,349 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,979.5 төгрөгийг, хариуцагч Г.Б-аас 10,979.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

     ШҮҮГЧ                                       Д.ОТГОНЧУЛУУН