Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2023/00087/И |
Дугаар | 149/ШШ2023/00155 |
Огноо | 2023-04-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 149/ШШ2023/00155
2023 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 149/ШШ2023/00155 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, Нарангийн гол гэх газар оршин суух, 1962 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, ******* хүсэлттэй
Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан-уул аймаг Шарын гол сум Хайрхан 1 дүгээр баг, 3-51 тоотод оршин суух, 1959 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 64 настай, эмэгтэй, Урианхан овогт Цэндийн Баасанжаваас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь миний төрсөн дүү юм. ******* нь сонсгол харааны хөгжлийн бэрхшээлтэй учир би шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажилд орсон. 1991 он хүртэл тасралтгүй ажилласан. 1991 онд Барилга угсралтын контор пүүс хоршоолол болж задарсан учир Алтай пүүсийн Эхлэл хоршоололд нормчноор үргэлжлүүлэн ажилласан. Одоо ******* нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа юм. Иймд *******г Барилга угсралтын конторт болон Эхлэл хоршоололд ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор, Алтай пүүсийн Эхлэл хоршоололд 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь *******д Барилга угсралтын контороос 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр олгосон № 254718 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт ажилласан талаар даргын тушаалыг үндэслэн бичсэн бичилт, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1984 оны 01 дүгээр сарын 10 ны өдрийн № 02 дугаартай ажилд авах тухай тушаалд *******г 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үндсэн ажилчнаар авч ажиллуулсугай, мөн даргын 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн № 76б дугаартай шагнах тухай тушаал болон хамт ажиллаж байсан Д.Соёлмаа, Ц.Сэрээжид нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* нь Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор, Алтай пүүсийн Эхлэл хоршоололд 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ