Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0191

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:************** ХХК /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хооронд үүссэн газар ашиглах эрх дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч ************** ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/357 дугаартай Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч ************** ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2011/62 дугаартай гэрчилгээг олгожээ.[1]

2.2. Нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь ******* дүүргийн нутаг дэвсгэрт орших *******ын аманд байрладаг бөгөөд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 5000 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар анх авсан.

2.3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/255 дугаартай тушаалаар тус компаниас гаргасан хүсэлтийг үндэслэн тус компанийн ашиглах эрхтэй 0.5 га хэмжээтэй газар дээр 2.8 га талбайг нэмж олгон нийт 3.3 га газарт ашиглах эрх олгожээ.[2]

2.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 тоот албан бичгээр[3] нэхэмжлэгч ************** ХХК-д Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан зөрчил гаргасан талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн.

2.5. Үүний дараа мөн тус захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 тоот албан бичгээр[4] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт нэхэмжлэгч ************** ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг явуулсан.

2.6. Ингээд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаартай тушаалаар[5] нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ... ашиглуулахаар олгосон газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй ... гэх үндэслэлээр дуусгавар болгожээ.

2.7. Нэхэмжлэгчид 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай 1122 тоот албан бичиг[6] ирүүлэх үед газрын ашиглах эрхийг дуусгавар болгосныг анх мэдсэн гэж тайлбарлана.

2.8. Тус албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/357 дугаар тушаалаар *******ын аманд 33,001 мкв газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэдгийг мэдэгдсэн байна.

2.9. Нэхэмжлэгчийн зүгээс ...Манай компани тус газарт 2017 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 100 сая төгрөгийн татвар, хураамж төлөөд явна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд түр хойшилсон бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор дээрх гадаадын хөрөнгө оруулалтууд бүрэн зогсож, компани их хэмжээний алдагдал хүлээх нөхцөл байдал үүсээд байна ... гэх агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Анх ******* ******* ХХК-д 2011 онд газар ашиглах эрх олгоод 2017 онд талбайн хэмжээг нь нэмэгдүүлж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 3,3 га газрыг ашигладаг болгосон. Тэгээд 2017 оноос хойш 2022 оны 09 дүгээр сард газар ашиглах эрхийн хугацаа дууссан байдаг. Энэ хугацаанд газар ашиглах эрхийнхээ хугацааг сунгуулах талаар яаманд болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хандаагүй байдаг ... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/357 дугаартай Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани нь Байгаль орчны сайдын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2011/62 тоот тушаалаар ******* дүүргийн нутаг дэвсгэрт орших *******ын аманд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 5000 мкв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар анх авсан бөгөөд улмаар 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/255 тоот тушаалаар 3,3 га газар бол өөрчлөн үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ бичилтийг хураалгах тухай 1122 тоот албан бичиг ирүүлэх үед манай газрын эрхийг дуусгавар болгосныг анх мэдсэн юм. Тус албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/357 дугаар тушаалаар *******ын аманд 33,001 мкв газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хавсралтаар тушаалын хуулбарыг хүргүүлнэ гэсэн байна. Манай компани тус газарт 2017 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 100 сая төгрөгийн татвар, хураамж төлөөд явна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд түр хойшилсон бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор дээрх гадаадын хөрөнгө оруулалтууд бүрэн зогсож, компани их хэмжээний алдагдал хүлээх нөхцөл байдал үүсээд байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/357 дугаартай Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Анх ******* ******* ХХК-д 2011 онд газар ашиглах эрх олгоод 2017 онд талбайн хэмжээг нь нэмэгдүүлж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 3,3 га газрыг ашигладаг болгосон. Тэгээд 2017 оноос хойш 2022 оны 09 дүгээр сард газар ашиглах эрхийн хугацаа дууссан байдаг. Энэ хугацаанд газар ашиглах эрхийнхээ хугацааг сунгуулах талаар яаманд болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хандаагүй байдаг. Тэгэхээр энэ талаар Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас санал ирүүлээд тус саналыг үндэслээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын үндэслэлд газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаагүй талаараа огт дурдаагүй, хүсэлт ирээгүй талаар баримтууд хэрэгт авагдчихсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч ************** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ... ашиглуулахаар олгосон газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй ... гэх үндэслэлээр дуусгавар болгожээ.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулсан, түүнчлэн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан байх бөгөөд энэ хэргийн үйл баримтын хувьд тухайн зохицуулалтуудын урьд мөрдөгдөж байсан зохицуулалтыг хэрэглэнэ.

3. Учир нь, маргаж буй үйл баримт болох газар ашиглах эрхийг сунгуулах ёстой байсан хугацаа нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө байна.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гээд, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна. гэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: гэж тус тус зохицуулсан байжээ.

5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахдаа газар ашиглагч нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эрх бүхий этгээд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд эсхүл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад уламжлуулах учиртай байна.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч ************** ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2011/62 дугаартай гэрчилгээгээр ******* дүүргийн нутаг дэвсгэрт орших *******ын аманд байрлах 5000 м.кв талбай бүхий газрыг аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 5 жилийн хугацаатайгаар олгосон.

7. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/255 дугаартай тушаалаар тус компаниас гаргасан хүсэлтийг үндэслэн тус компанийн ашиглах эрхтэй 0.5 га хэмжээтэй газар дээр 2.8 га талбайг нэмж олгон нийт 3.3 га газарт ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээгээр олгосон.[7]

8. Эндээс үзвэл нэхэмжлэгч ************** ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байна.

9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ холбогдох этгээдэд гаргаагүй гэх агуулгаар тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот албан бичгээр[8] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах агуулга бүхий хүсэлтээр няцаагдаж байна.

10. Тодруулбал, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацаанд, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гаргасныг эрх бүхий холбогдох этгээдэд хүсэлтээ гаргаагүй гэж үзэх боломжгүй байна.

11. Тиймээс маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ... ашиглуулахаар олгосон газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй ... гэх үндэслэлээр дуусгавар болгосныг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

13. Харин хавтаст хэрэгт авагдсан баримт болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 тоот албан бичгээр нэхэмжлэгч ************** ХХК-д Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан зөрчил гаргасан талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байх боловч маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаартай тушаалын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлаагүй байх тул шүүх эдгээр үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.

14. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбартайгаар оролцоогүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ************** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/357 дугаартай Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 137 дахь тал

[2] Хх 149-150 дахь тал

[3] Хх 151-152 дахь тал

[4] Хх 127-128 дахь тал

[5] Хх 129 дэх тал

[6] Хх 7 дахь тал

[7] Хх 205-206 дахь тал

[8] Хх 207-208 дахь тал

2024 03 04 128/ШШ2024/0191