Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00903

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00903

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: М.Э

Хариуцагч: Д.Б

Ноолуурын үлдэгдэл төлбөр 3,892,000 (гурван сая найман зуун ерэн хоёр мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2024/00852/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.Б-ыг ноолуур авч байна гэхээр нь 76,5кг ноолуураа 136,000 төгрөгөөр бодож өгсөн. Д.Б- нь надад 10,341,000 төгрөг өгөх ёстой боловч надад хэсэг эргэлдүүлж байгаад өгч болох уу гэж асуусан. Би нутгийн эгч, харилцаа холбоотой байснаа бодоод итгээд тэр өдрөө мөнгөө аваагүй. Гэтэл Д.Б- эгч ноолуурын ханш уначихлаа, мөнгөгүй болсон, хэд хоногоос 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэж хэлсэн. Гэвч элдэв шалтаг хэлсээр 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1,069,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,600,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000, 11-ний өдөр нь 500,000, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 580,000 төгрөг, бэлнээр 400,000 төгрөг, би дэлгүүрээс нь 500,000 төгрөгийн бараа авсан нийт 6,449,000 төгрөгийг тус тус цувуулан өгсөн. Одоо 3,892,000 төгрөг үлдсэн боловч мөнгө муу байна, зээл бүтэхгүй байна гэж элдэв шалтаг тоочоод төлж барагдуулахгүй байсаар өдийг хүрлээ.

Иймд ноолуурын мөнгөний үлдэгдэл 3,892,000 төгрөгийг Д.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: М.Эд ноолуурын мөнгөний зөрүү болох 3,685,000 төгрөгийг харилцан тохиролцож, ийм мөнгөн дүнг өгөхөөр тохиролцсон. Үүнээс манай дэлгүүрээс хүнс болон бэлэн мөнгө 1,720,000 төгрөгийг надаас авсан нь үнэн. Мөн манай дэлгүүрт согтуу орж ирээд элдвээр доромжлон дайрч, сэтгэл санааны хохирол учруулсан, мөн лангууг хагалсан. Хагалсан лангууг нь би өөрөө 200,000 төгрөгөөр шиллүүлсэн нь үнэн болно. Нийт мөнгөн дүн 1,920,000 төгрөг болсон. Одоо өгөх мөнгө нь 1,765,000 төгрөгийг өгөх болно. Энэ мөнгөө 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор барагдуулж дуусгана гэжээ.

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд Д.Б-оос 3,892,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа 1,765,000 төгрөг өгнө гэжээ.

Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Д.Б-оос 1,765,000 төгрөг гаргуулахаар эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,127,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Д.Б-т холбогдуулан ноолуурын үлдэгдэл төлбөр 3,892,000 (гурван сая найман зуун ерэн хоёр мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б- ...Одоо өгөх мөнгө нь 1,765,000 төгрөгийг өгөх болно. Энэ мөнгөө 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор барагдуулж дуусгана.... гэх тайлбар, нэхэмжлэгч М.Э ...Д.Б-оос 1,765,000 төгрөг гаргуулахаар эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,127,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч М.Э нэхэмжлэлийн шаардлагаас 2,127,000 (хоёр сая нэг зуун хорин долоон мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, 1,765,000 (нэг сая долоон зуун жаран таван мянга) төгрөгийг хариуцагч Д.Б- төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч М.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,222 төгрөгөөс 38,611 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б-оос 1,765,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 43,190 төгрөгийн тал хувь болох 21,595 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-т холбогдох ноолуурын үлдэгдэл төлбөр 3,892,000 (гурван сая найман зуун ерэн хоёр мянга) төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч М.Э 2,127,000 (хоёр сая нэг зуун хорин долоон мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Д.Б- 1,765,000 (нэг сая долоон зуун жаран таван мянга) төгрөгийг нэхэмжлэгч М.Эд төлж барагдуулахаар, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Эгийн төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,222 төгрөгөөс 38,611 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б-оос улсын тэмдэгтийн хураамж 21,595 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч М.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА