Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2023/0056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Н.Сарантуяа,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Н.Сарантуяагаас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн Н.Сарантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хоёр. Маргаанд холбогдох үйл баримтуудын тухайд: 

2.1. Нэхэмжлэгч Н.Сарантуяад Төв аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/408 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг “Солонго цогцолборын ард” байршилтай 1083 м2 газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж[1], 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 000695973 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4110062157 дугаараар бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 11 сарын 28-ны өдөр[2] байгуулжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн маргаж буй, Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжаар[3] Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ захирамжийн хавсралтын 20 дахь хэсэгт Н.Сарантуяа, газрын хэмжээ 0.1083, үйлчилгээ” хэмээн зааж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гурав. Хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Н.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Сарантуяа миний бие Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Солонго цогцолборын хойно байршилтай 1083 м2 газарт үйлдвэрлэл явуулж байгаад үйлдвэр хаагдсанаас болж үйл ажиллагааны доголдолд орж цаашид үйлдвэрлэл явуулах боломжгүй болсноор ертэй болж уг газрыг маань төв аймгийн ШШГГазар барьцаанд авсан билээ. Н.Сарантуяа би 2021 оны 7-р сарын 30-ны өдрийн 07/205 тогтоолоор бүх өр төлбөрөө барагдуулж, 2021 оны 08 сарын 09-ний өдрийн 08/213 шийдвэр гүйцэтгэх тогтоолоор өрөө дуусгавар болгож газар маань чөлөөлөгдсөн. Би нойр булчирхай, бамбай, сахарын өвчтэй байнгын тариа болон эмийн эмчилгээтэй байдаг. Аймгийн Засаг даргын 2017 оны А/408 дугаар захирамжаар уг газарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон газар бөгөөд газраа барилга барихад зориулж геологийн судалгаа хийлгэж, барилгын сууриа ухаж бэлэн болгосон. Мөн скиз зураг болон ажлын зургаа гаргуулж 5 давхар барилга бариулах гэж бүх л техникийн нөхцлүүдийг тухай бүр авч байсан. Энэ хугацаанд цар тахал, хөрөнгө оруулагчийн санхүүгийн асуудлаас болж удааширч байсан Гадна талыг тойруулж хуучин хашаагаа сольж шинээр хашаа барьсан. Аймгийн засаг даргын 2022 оны 12-р сарын 30-ны өдрийн А/785 дугаартай захирамжаар Н.Сарантуяа миний 000695973 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай болон 2023 оны 1-р сарын 10-ны өдрийн 1/103 тоот Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын газраа чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг шуудангаас 2023 оны 01-р сарын 20-ны өдөр хүлээн авсан. Миний бие 2022 оны 01-р сарын 20-нд сахар ихэсч харвасан. Мөн дахин биеийн байдал муудаж удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. 2022 оны 05-р сарын 06-нд авто осолд орж одоог хүртэл бие маань гүйцэт эдгэрээгүй байна. Биеийн байдал муу байсан үед ч зураг төслөө 2022 онд өөрчлөн 9 давхар барилга болгон өөрчилсөн зөвшөөрлүүдийг эхнээс нь авч эхлээд өөрийн эзэмшлийн газартаа барих орон сууц үйлчилгээг төв талбайн ард байдаг тул аль болох өнгө үзэмж чанар сайтай аймгийн төвд зохицсон барилга барих гэж зорьж байсан болно. Эзэмшил газраа хамгаалж хашаа барьсан, 9 давхар орон сууцны барилга барихаар ажил зураг гаргуулсан, Ерөнхий архитекторын 2022 оны 06 сарын 13-ны өдрийн №АТД-37/22 дугаартай Архитектор төлөвлөгөөний даалгавар гарсан, барилгын суурь ухуулах зэрэг ажлыг хийгээд байгаа, дээрх ажлуудыг хийхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Эзэмшил газрынхаа төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Эзэмшлийн газраа 2 болон түүнээс дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12-р сарын 30-ны өдрийн А/785 дугаартай захирамж нь үндэслэлгүй байх тул тус захирамжийн Наранцэцэгийн Сарантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь 2017 оны А408 дугаартай захирамжаар орон сууц үйлчилгээний зориулалтаар газрыг авсан. Энэ нь 1997 онд олгосон газрын зориулалтыг өөрчлүүлээд орон сууц үйлчилгээний зориулалтаар газар олгож, захирамж авч, гэрчилгээг 2018 онд авсан. Энэ хугацаанд 2015, 2016 онд суурийг ухсан. 2019 онд хашаа барьсан, үүнээс хойш энэ газарт манаач ажиллаж, байнга харуул хамгаалалт хийж байгаа. Гэтэл Төв аймгийн Засаг даргын захирамжаар уг газрыг 2-с дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасны дагуу цуцалсан. Цуцлахдаа дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Нэгдүгээрт, сонсох ажиллагаа хийгээгүй, уг захирамж дээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг баримталсан байсан. Гэтэл 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг баримтлах боломж байхгүй. Тус хуулийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан. Гэтэл урьдны захирамж дээр 20 иргэн, аж ахуйн нэгжийн газрын цуцалсан байсан. Захирамж дээрээ дурдагдсан байгаа. Гэтэл 21 аж ахуйн нэгжид хэзээ ч 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан үндэслэл байхгүй. 27.2.1-т зааснаар тухай бүр нь тус бүр сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримталсан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай зохицуулалт. 2017 онд гарсан захирамж нь өөрөө хууль бусаар гарсан байвал энэ 48 дугаар зүйлийг баримтлах ёстой. Гэтэл 40.1.6-т 48 дугаар зүйлийг хэрэглэхгүй. Хууль ёсны дагуу захирамжаар газар олголт хийгээд явж байсан процессын газрын эрхийг хууль бус гэж үзэх боломж байхгүй байхад 48 дугаар зүйлийг барьсан нь буруу. Энэ нь ойлгомжгүй байна гэж үзэж байна. Сонсох ажиллагааг хийхдээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сониноор зар өгсөн байсан. Энэ зар дээр Н.Сарантуяагийн нэр байхгүй. Хэргийн материалд өдрийн сонинд зарласан сонсох ажиллагааны мэдэгдэл гэсэн зүйл байсан. Газрын тухай хуулийн 40.2.6-т заасан заасан үндэслэл байхгүй. Бусдын эрх ашгийг Н.Сарантуяагийн газар ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Нийтийн эрх ашгийг зөрчөөгүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол мэдээллийн дагуу шалгах ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Засаг даргын захирамжаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.6 гэдэг нь өөрөө үүрэг. Газрын тухай хууль болон газрын гэрээнд заасан үүрэг. Гэтэл үүргээ зөрчсөн талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүйгээр 48.2.2, 48.2.3-т заасныг баримталсан нь хууль бус. Хашааг 2019 оны 07 дугаар сард барьсан. 2015 онд газар дээр хундаам ухсан байсан. Үүнийг ашиглаагүй гэж үзэх боломж байхгүй. Мөн хэргийн материалд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барилгын зураг, ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байсан. Тухайн газартай холбоотойгоор Н.Сарантуяа бусад эрх бүхий байгууллага болон компаниудтай гэрээ байгуулж энэ энэ газрыг ашиглаж байгаа гэсэн зохицуулалтад хамаарна. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/156 дугаартай тоот ажлын хэсгийн хуралдаан болсон. Энэ хуралдаанаар дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр нийтдээ хүснэгтэлсэн 5 аж ахуйн нэгж байгууллагын хүснэгт байгаа. Энэ хүснэгтэд Н.Сарантуяагийн асуудал байхгүй. Энэ дүгнэлтээр Засаг даргад Н.Сарантуяагийн газрыг түдгэлзүүл гэсэн санал ороогүй байхад Засаг дарга ямар нэгэн дүгнэлтгүй, ашигласан, ашиглаагүй талаар судлаагүй. Газар дээр нь хяналт шалгалт хийгээгүй байж энэ захирамжийг гаргасан нь нотлогдож байна. Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/1024 тоот албан бичгээр газрын эрхийг сэргээх тухай аймгийн газар зохион байгуулалтын газарт ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа. Тухайн үед Ш.Болормаа гэх хүн өөрөө төлбөртэй байсан компани болон захирлынхаа нэрээр. Тэгээд 75.000.000 төгрөгийг төлж дуусаад газрын эрхийг сэргээгээч гэх албан бичиг тухайн үед явж байсан болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа. Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт байгаа. Ажлын хэсгийн ахлагч н.Энхсайхан гэх хүний дүгнэлт. н.Энхсайхан гэх хүн дүгнэлт хийхдээ 20 аж ахуйн нэгж, иргэний газрыг цуцалъя, эдийн засгийн эргэлтэд оруулъя, газраа ашиглаагүй байна 40.1.6-т заасныг зөрчсөн байна гэх дүгнэлт гаргасан байсан. Гэхдээ хэрэгт байгаа үйл баримтаар тогтоогдож байгаа зүйл юу вэ гэхээр энэ дүгнэлт дээр н.Энхсайхан гэх хүний гарын үсэг байхгүй, Засаг даргын орлогч гэж байгаа боловч энэ хүний гарын үсэг, тамга тэмдэг байхгүй дүгнэлт байгаа. Захиргааны хууль бус актыг үндэслээд ийм шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Ийм учраас захирамжийн хавсралтын 20 дугаарт байгаа Н.Сарантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна. Бид нарын зүгээс шүүхэд тайлбар нь 40.1.6-т заасныг Засаг дарга баримталсан учраас 40.1.6-т зааснаар тайлбараа хэлнэ. Өөр нөхцөл байдал болон Н.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаад байгаа эрүүл мэндийн шалтгаан, эмнэлэгт үзүүлсэнтэй холбоотой асуудал энд яригдахгүй учраас энэ талаар нэмэлт тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

3.3. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.Сарантуяагийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. 1. Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 0017072 тоот гэрчилгээгээр 1083 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар газар олгож, 2015 он хүртэл зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан байдаг. 2. Аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/408 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилсөн боловч 5 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй. Мөн иргэн Н.Сарантуяа нь нэхэмжлэлдээ "аймгийн Засаг даргын 2022 оны А/785 дугаар захирамж нь үндэслэлгүй байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар дурдсан боловч хууль эрх зүйн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.4. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг бол зөвхөн зураг төсөл боловсруулах нөхцөлд зөвшөөрөл, барилгын хундаамыг ухах ч юм уу барилгын суурийг цутгах ажил эхлүүлэх нь зураг төсөл батлагдаад экспертицээр ороод аймгийн Ерөнхий архитектур шат шатны зөвшөөрөх хүмүүс зураг төслийг баталсны дараа зураг төслийн дагуу барилга эхлүүлэх зөвшөөрлөө албан ёсоор Барилга хот байгуулалтын газраас авах ёстой. Гэтэл тийм зөвшөөрөл аваагүй байж хундаам ухасныг ямар нэгэн байдлаар тухайн барилгыг барих үйлдэл гэж үзэхэд хууль эрх зүй талаасаа шаардлага хангахгүй гэж үзэж байна. ...Хариуцагч талаас 156  дугаартай тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт дээр Н.Сарантуяа байхгүй байгаа нь өмгөөлөгчийн хэлж байгаагаар баримттай танилцахад байхгүй байгаа нь тогтоогдож байгаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөн захиргааны акт гаргах явцад холбогдох эрх бүхий этгээд санал дүгнэлтээ нэмж оруулах боломж байдаг. Үүний дагуу санал оруулаад Н.Сарантуяагийн газрыг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээд байгаа учраас захиргааны акттай холбоотой хэлэх зүйл байхгүй. Газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэдэг тал дээр хариуцагч тал тодорхой арга хэмжээ, хяналт шалгалт явуулсан гэв.

 

                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг шинжэн судүндэслэн нэхэмжлэгчийн Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн иргэн Н.Сарантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Маргааны үйл баримтуудын тухайд:

2.1. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар

- Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамжаар иргэн Н.Сарантуяад 1083 м2 газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0017072 дугаар гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэгчээс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргад хандан “ Зориулалт өөрчлүүлэх тухай” өргөдөл гаргасныг Төв аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/408 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг “Солонго цогцолборын ард” гэх байршилд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 1083 м2 (га) газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 000695973 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4110062157 дугаараар бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан байна.

Н.Сарантуяатай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 04101-2017/00339 дугаар газар эзэмшүүлэх гэрээний[4] 4.14 дэх хэсгээр “газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 4.15 дахь хэсгээр “барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах” үүргийг хүлээлгэжээ.

Нэхэмжлэгч нь “Марч архитект” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, мөн “Марч архитект” ХХК болон “Руби камилля” ХХК-тай “Орон сууцны барилга” зураг төсөл болосруулах гэрээг байгуулсан, ”үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз барилгын зураг төсөл”-ийг гүйцэтгүүлэн Төв аймгийн ерөнхий архитектур Д.Алтансүхэд хүргүүлсэн.

Төв аймгийн Ерөнхий архитектор Д.Алтансүх нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн АТД-37/22 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-г нэхэмжлэгч Н.Сарантуяад хүргүүлсэн,

Мөн, нэхэмжлэгч нь Мэдээлэл холбооны сүлжээ ХК-ийн Төв аймаг дахь салбараас техникийн нөхцөл хүсч төлбөрийн төлсөн, Төв Чандмань Дулаан эрчим хүчний газраас техникийн нөхцөл хүсч төлбөрийг төлсөн зэрэг нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.2. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Төв аймгийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 20 иргэн, аж ахуй нэгжид олгосон 31.5177 га газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр тус захирамжийн хавсралтаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, тухайн захирамжийн хавсралтын 20 дугаарт иргэн Н.Сарантуяагийн эзэмшиж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс эзэмшлийн газраа 2 жил жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарласан байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:...40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар ... эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 сарын 30-ны өдрийн 15 дугаартай Газрын хууль тогтоомжийг тайлбарлах тухай тогтоолын 1.10 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар дээр хашаа барьж, байшингийн суурь бэлтгэснээс өөрөөр үл хөдлөх барилга байгууламж бариагүй нь хэргийн оролцогчдын тайлбар фото зураг зэргээр тогтоогдож байх боловч, нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/408 дугаартай “Газар зориулалт өөрчлөх” тухай захирамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 04101-2017/00339 дугаартай газар эзэмшүүлэх гэрээний 4.15 дахь хэсэгт  “барилга байгуулалжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах” гэж заасны дагуу үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, холбогдох техникийн нөхцлийг гаргуулах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахаас урьд нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг шалгаж тогтоогоогүй, Н.Сарантуяад шийдвэр гаргах талаар сонсох ажиллагаа хийгээгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

Иймээс, маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 дахь хэсэгт  “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчимд болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан тус тус нийцээгүй хууль бус байх тул Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн иргэн Н.Сарантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д... улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А785 дугаартай захирамжийн Наранцэцэгийн Сарантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сарантуяад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

 

[1] Хавтаст хэрэг-1, 10 дахь талд,

[2] Хавтаст хэрэг-1, 11-12 дахь талд,

[3] Хавтаст хэрэг-3, 9 дэх талд,

[4] Хавтаст хэрэг-1, 11-12 дахь талд,