| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00855/И |
| Дугаар | 155/ШШ2024/00905 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/00905
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2024/00905 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: А.Д
Хариуцагч: Б.О
Зээлийн төлбөр төлсөн 8,999,892 төгрөг, иж бүрэн таван ханатай гэрийн үнэ 5,000,000 төгрөг, приус 20 машины ногдох хэсэг 1,800,000 төгрөг, малын үнэ 16,353,000 төгрөг, нийт 32,152,892 (гучин хоёр сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00855/и дугаар индекстэй, иргэний үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь эхнэр Б.О-тэй 2009 онд танилцаж үерхэж байгаад 2007 онд хурим найраа хийж, 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Ингээд сүүлийн хэдэн жил таарч тохирохгүй учраас эхнэр маань надаас салахаар шуүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар эхнэр Б.О-ийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний бие хариуцагчаар оролцсон юм. Эхнэр, бид хоёр 3 охинтой бөгөөд охин Д.А 12 настай, Д.С 6 настай, Д.Н 3 настай. Шүүхээс миний охидуудыг эх Б.О-ийн асрамжид үлдээж, надаас сар бүр 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүх хуралдаанаар бид нар эд хөрөнгийн маргаангүй гэж хэлж байсан. Учир нь эхнэр Б.О- нэхэмжлэлдээ эд хөрөнгийн маргаангүй гэсэн байсан тул би гэрлэлт цуцлуулснаас хойш эд хөрөнгийн талаар надтай зөвшилцөж ярилцаад хуваарьт болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг өгөх байх гэтэл тэгсэнгүй.
Иймд өөрийн өмчлөх эрхийн хүрээнд эхнэр Б.О-ээс хуваарьт болон дундын эд хөрөнгөөс дараах эд хөрөнгийн ногдох хэсгийг шаардан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1/ Намайг гэр бүл болохоос өмнө аав, ээжээс бэлдэж өгсөн байсан 5 ханатай иж бүрэн монгол гэр 4 дээвэр, 8 туургатай 2 давхар, дотор цагаан цаваг, гадна цагаан бүрээстэй, дотор хөшигтэй, шалгүй - 5,000,000 төгрөг.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс:
2/ машин приус 20, 2023 оны 10 сард авч байсан зхнэр Б.О-ийн нэр дээр байдаг, усан цэнхэр өнгөтэй 48-03 ХӨН номертэй, тэр үед 9,000,000 төгрөгөөөр авч байсан. Үүнийг 5 ам бүлдээ хуваахад надад 1,800,000 төгрөг оногдох юм.
2023 оны мал тооллогоор А дансанд бүртгэгдсэн малын тоо, үнэлгээ Үүнд:
3/ Мал-300 хонь: эр хонь 40x180.000=7,200,000, эм хонь 40x130.000 =5,200,000, эр хурга 10x60.000=600,000, эм хурга 28-х5.000=1,540,000, эр төлөг 100x90.000=9,000,000, эм төлөг 80х90.000=7,200,000, хуц 2х300,000=600,000 нийт 31.340.000.
Ямаа-75: Ухна 2x300=600,000, эр ямаа 10x120.000 =1,200,000, эм ямаа 10x70,000=700,000, ишиг 5x25,000=125,000, эм ишиг 8x25,000=200,000, борлон 20x60,000=1,200,000, эм борлон 20x60,000=1,200,000 нийт 5.225.000.
Үхэр 42: Бух 1x1,7 00,000=1,700,000, эр үхэр 4x1,200,000=4,800,000, эм үхэр 3x1,100,000=3,300,000, шүдлэн үхэр10x800,000=8,000,000, эр тугал 10x150,000 =1,500,000, эм тугал 5x150,000=1,500,000, эм бяруу 5x250,000=1,250,000, эр бяруу 4x250,000=1,250,000 нийт 23,300,000.
Адуу 15: Азрага 1х2,500,000=2,500,000, эр унага 1х1,200,000=1,200,000, эм унага 2x1,000,000=2,000,000, эм даага 1х1,200,000=1,200,000, эр даага 1х1,500,000 =1,500,000, гүү 3x1.500.000=4.500.000, морь 6x1,500,000=9,000,000 нийт 21,900,000, бүгд 432 толгой мал байгаа бөгөөд мөнгөн дүнгээр бодоход нийт 81,765,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 5 ам бүлдээ хуваахад надад 16,353,000 төгрөгийн мал гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх малнаас оногдох юм байна гэж би тооцоолж байгаа юм.
Зээл: Эхнэр Б.О-, бид хоёр 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ************** сумын ХААН банкны салбараас 13,000,000 төгрөгийн малчны зээл авсан. Ингээд эхнэр Б.О- бүх малаа аваад явснаас хойш 2023 оны 6 дугаар сарын 17-ноос 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаанд 7,005,534 төгрөгийн зээлийг би төлж дуусгасан. Мөн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын ХААН банкны салбараас 5,000,000 төгрөгийн малчдыг дэмжих зээл аваад 2023 оны 6 дугаар сарын 16-наас 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд 1,994,358 төгрөгийг би төлж дуусгасан байгаа.
Иймд эхнэр Б.О- нь бүх малаа авч явсан, ашиг шимийг нь надтай хуваалцаагүй /ноолуурын мөнгө гэхэд л манайх 8,000,000 төгрөг болдог байсан/ учраас дээрхи төлж дуусгасан 8,999,892 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хуваарьт өмч болох иж бүрэн 5 ханатай гэрийн 5,000,000 төгрөг, приус 20 машины 1,800,000 төгрөг, малын өөрт оногдох 16,353,000 төгрөг, нийт 32,152,892 төгрөгний эд хөрөнгийг мөнгөн дүнгээр бодож нэхэмжилж байгаа болно гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал)
2. Хариуцагч Б.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь тус шүүхэд гаргасан А.Д-ийн нэхэмжлэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би А.Д-той 2009 онд танилцаад үерхэж байгаад дотно холбоотой болсон. Ингээд гэрлэлтээ батлуулахаас өмнө 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр том охин Д.А, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дунд охин Д.С, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бага охин Д.Н төрсөн. Д-той 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсны эхний жилүүдэд нөхөр, бид таарч тохирч амьдарч байсан хэдий ч сүүлийн жилүүдэд нөхөр намайг байнгын хэл амаар доромжилж, миний биед халдаж зодох, мөн гэр бүлээс гадуур харьцаа тогтоох байдал гаргаж байсан. Түүгээр ч зогсохгүй түүний ээж Одгэрэл бидний амьдралд оролцож хэрүүлийг улам даамжруулж бидний хоорондох байдлыг улам хүндрүүлж эвлэрэх орон зайгүй болгосон. Ингээд А.Д-той цаашид амьдрах боломжгүй болсон тул шүүхэд хандсанаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д- бидний гэрлэлтийг цуцалж, 3 охиныг миний асрамжид үлдээж, эцэг А.Д-оос хүүхдүүдэд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах шийдвэрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. А.Д- бид шүүхийн шатанд байхдаа хоорондоо ярьж тохирсон байсан ба хэн хэн нь гэр бүл болохдоо эцэг эхээс өмч тасалж ирсэн, энэ өмчөө хэн хэндээ асуудал болгохгүй авья, харин хүүхдүүдийг амьдрах орон байраар хангахын тулд Д-ийн эцэг эхээс өгсөн гэрийг охидуудад үлдээе гэж ярьж тохироод өмч хөрөнгийн маргаангүй болсон. Энэ ч шүүхийн шийдвэр дээр тодорхой байдаг. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад өмч хөрөнгийн маргааныг үндэслэлгүйгээр Д- гаргаж байна. Д- эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэж одоог хүртэл хүүхдүүдийнхээ тэтгэлгийг төлөөгүй атлаа надаас эд хөрөнгө нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Үүн дээр тайлбар хийхэд:
1. Д- биднийг гэр бүл болоход Д-ийн аав ээж нь 5 ханатай гэр бэлдэж өгсөн нь үнэн. Гэхдээ Д- нь хүүхдүүдийнхээ орон гэртэй байх нөхцлийг бүрдүүлж гэрийг хүүхдүүдэд үлдээе гэхээр нь би зөвшөөрсөн. Би Д-той суухдаа ганц биеэрээ л суусан, түүнтэй суухдаа болж бүтнэ сайн сайхан амьдарна гэж итгэж, түүнтэй сууж 3 хүүхэд төрүүлсэн. Гэтэл би 3 хүүхдээ аваад аав, ээж дээрээ очсон ч гэсэн хүүхдүүд маань өөрсдийн тааваараа гэр орондоо байвал охин хүүхдүүдэд маань ээлтэй байх нь тодорхой иймээс түүнд гэрийг өгөх боломжгүй.
2. *** ХӨН улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг би өөрийн хуваарьт эд хөрөнгө болох хашаа байшингаа зараад уг тээврийн хэрэгслийг авч байсан. Уг машин миний өөрийн хуваарьт эд хөрөнгөөр авсан эд хөрөнгө учраас Д-ид хамааралгүй.
3. Д- бидний амьдралын 11,12 жилийн хугацаанд хэн хэн нь болж бүтэхээрээ хичээж чармайж амьдралаа өндийлгөсөн. Жил бүр мал нядалсны мөнгө, ноолуурын мөнгө, малын ашиг шим эдгээрийн мөнгө бүгд л Д-ийн дансанд ордог байсан. Д- уг мөнгөөр мотоцикпь, Бонго Ж машин, Уаз 469 машин, Саагаа нэртэй буу, хурдан морь зэргийг худалдан авч эдгээрийн зарим нь өөрт нь үлдсэн заримыг нь өөрөө үгүй хийсэн.
4. Би Д-ийн нэхэмжлэлд дурдсан шиг бүх малыг өөрөө аваагүй, өөрийн өмчид эцэг эхээс тасалж өгсөн хуваарьт эд хөрөнгө болох малаа л авсан түүнээс Д-ийн өөрийн нь малыг аваагүй.
5. Ноолуурын мөнгө 8,000,000 төгрөгийн асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл охидууд сургуульд суухын тулд төвд байх шаардлага үүссэн тул Д- бид ярьж тохироод 2023 оны 7 дугаар сард бүх ямаа, хонио зарж борлуулсан, ноолуурын мөнгө байхгүй гэдгийг өөрөө сайн мэдэж байгаа.
6. 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын ХААН банкнаас 5,000,000 төгрөгийн малчдыг дэмжих зээл аваад уг зээлээс Д- 1,994,358 төгрөгийг төлж, би 3,005,642 төгрөгийг төлсөн байхад надаас өөрийн бага төлсөн зээлээ нэхэмжилж байгаад гайхаж байна. Үүнийг мөн л хүлээн зөвшөөрөхгүй. Банкны зээлүүдийг Д-, бид хамт амьдарч байхдаа малын ашиг шим хүч хөдөлмөрөөр бий болсон мөнгө төгрөгөөр төлж дуусгасан. Д- нь надаас үндэслэлгүйгээр 32,152,892 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Д-оос гаргаж буй нэхэмжлэлийг миний зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Жич: Би сөрөг нэхэмжлэл гаргах болно. Миний өөрийн өмчлөлийн 33 тооны үхэр байсан боловч Д-ийн ээж Одгэрэл миний 10 шүдлэн үхрийг булааж авсан. Би өөрийн өмчлөлийн үхрийн 23 тооны үхрээ аваад салсан боловч одоо 10 тооны үхэр буцаад Д-ийн үхэртэй нийлсэн байгаа. Д- харин ч эсрэгээрээ олон эд хөрөнгөө аваад салсан. Тухайлбал малын хот хашаа, зуслангийн байшин, хаваржааны байшин, мотоцикль, УАЗ 469 маркийн машин, өөрийнх нь өмчид ирсэн мал гээд зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг авсан байгаа гэжээ. (хавтаст хэргийн 36-37 дахь тал)
3. Нэхэмжлэгч А.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Би шүүхэд Б.О-т холбогдуулан нийт 32,152,892 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би эхнэр Б.О-тэй эвлэрсэн, бид одоо Мөрөн суманд хамт амьдарч байгаа.
Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. (хавтаст хэргийн 66 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч Б.О-т холбогдуулан зээлийн төлбөр төлсөн 8,999,892 төгрөг, иж бүрэн таван ханатай гэрийн үнэ 5,000,000 төгрөг, приус 20 машины ногдох хэсэг 1,800,000 төгрөг, малын үнэ 16,353,000 төгрөг, нийт 32,152,892 (гучин хоёр сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,714 төгрөгийн тал хувь болох 159,357 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.О-т холбогдох зээлийн төлбөр төлсөн 8,999,892 төгрөг, иж бүрэн таван ханатай гэрийн үнэ 5,000,000 төгрөг, приус 20 машины ногдох хэсэг 1,800,000 төгрөг, малын үнэ 16,353,000 төгрөг, нийт 32,152,892 (гучин хоёр сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгч А.Д-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,714 төгрөгийн тал хувь болох 159,357 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.Д-ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА