Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00907

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00907

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Г.Л

Автомашины үнэ 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00864/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ч.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ч.Б- би өөрийн өмчлөлийн ****** ХӨВ улсын дугаартай Nissan X terra WD22 маркын авто машиныг иргэн Г.Лт 7,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож автомашиныг хүлээлгэн өгсөн. Энэ үед манай эхнэр Ц.Алтантуяа байсан учир гэрчилнэ. Г.Л төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч хугацаандаа төлбөрөө төлөхгүй өдий хүрлээ. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Лт шилжүүлж бүртгүүлээгүй тул автомашинаа буцаан авах гэсэн боловч автомашиныг эвдчихсэн байсан. Г.Л төлбөрийг төлнө гэсээр өгөөгүй.

Иймд Г.Лаас автомашины үнэ 7,000,000 төгрөгийг Ч.Б- надад гаргуулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ч.Б-ын нэхэмжилсэн автомашины үнэ болох 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Г.Лт холбогдуулан автомашины үнэ 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийн тал хувь болох 63,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Лаас улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжилсэн автомашины үнэ 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Л хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгөөс 63,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Лаас улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Ч.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА