| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00865/И |
| Дугаар | 155/ШШ2024/00909 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00909
| 2024 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00909 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Б.О
Нэхэмжлэгч: Б.Ө
Хариуцагч: Б.Э
Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,500,000 (арван таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2024/00865/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О, Б.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э, Б.О, Б.Ө бид бие биенээ таньдаг найз нөхдийн харилцаатай юм. Б.Э нь машин авах гэсэн юм, 15,000,000 төгрөг зээлээч гэж хүсэлт тавьсны үндсэн дээр 2022 оны 12 дугаар сард Б.О 10,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард Б.Ө 5,500,000 төгрөгийг тус тус зээлсэн. Гэвч Б.Э нь зээлсэн мөнгөө өгнө өгнө гэсээр өдий хүрлээ.
Иймд Б.Эаас Б.Од 10,000,000 төгрөгийг, Б.Өд 5,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч Б.О, Б.Ө нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О, Б.Ө бид хариуцагч Б.Эаас 15,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тодруулбал Б.О нь 10,000,000 төгрөг, Б.Ө нь 5,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж байна. Хариуцагч Б.Эаас нийт 15,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.О, Б.Ө нарт гаргуулахаар тодруулж байна гэжээ.
1.2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О, Б.Ө бид хариуцагч Б.Эаас 15,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Эаас 15,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж, нэхэмжлэгч Б.Ө нэхэмжлэгчээс хасуулсан. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Б.Од 12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Б.Эаас 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Б.О зөвшөөрч, эвлэрч байна гэжээ.
2. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.О-иас 2022 оны 12 дугаар сард 10,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 5,500,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөгийг тус тус зээлсэн. Учир нь би Хятад улс руу машин авахаар явсан боловч машин авах мөнгө дутсан учраас Б.О-иас мөнгө зээлсэн юм. Гэтэл машин авахаар ярьсан хятад хүндээ залилуулаад одоог хүртэл өгч чадаагүй. Би 2023 онд 3,500,000 төгрөг төлсөн, мөн 250,000 төгрөг төлж байсан.
Иймд одоо 250,000 төгрөгийг төлсөнд тооцохгүй, 12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин би Ө гэдэг хүнээс мөнгө зээлж аваагүй. Б.О-иас л зээлж авсан учир Б.Од төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О, Б.Ө нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 15,500,000 (арван таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ө шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэгчээс хасуулсан.
Шүүхэд хариуцагч Б.Э ...12,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин би Ө гэдэг хүнээс мөнгө зээлж аваагүй. Б.О-иас л зээлж авсан учир Б.Од төлнө.... гэх тайлбар, нэхэмжлэгч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө ...хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Б.Од 12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Б.Эаас 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Б.О зөвшөөрч, эвлэрч байна гэх тайлбарыг тус тус гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг хариуцагч Б.Э төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,450 төгрөгөөс 117,725 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эаас 12,000,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийн тал хувь болох 103,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Од олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 15,500,000 (арван таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Б.Э 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг нэхэмжлэгч Б.Од төлж барагдуулахаар, зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгөөс 117,725 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж 103,475 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Б.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА