Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 913

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Д-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/00746 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Д-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Бат-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1889 тоот захирамжаар “Х ” ХХК-аас 193 964 113 төгрөгийг гаргуулж, ҮХОБ инд олгуулахаар, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр төлүүлэхээр болсон ба уг захирамжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа 4 үл хөдлөх хөрөнгийг болох Н.Д-гийн  өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шанд 1 дүгээр гудамж, 9 тоот 71.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг газрын хамтаар 59 564 648 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 1 дүгээр гудамж, 11 тоот 390 м.кв хувийн сууцыг газрын хамт 116 630 670 төгрөг, Д.Г-ын өмчлөлийн 20 дугаар хороо, Шанд 1 дүгээр гудамж, 10 тоот 128 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 65 882 752 төгрөг, Д.П-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын 44Д-60 тоот 38.8 м.кв орон сууцыг 70 018 907 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдлийг надад 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан.

Барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг илтэд зөрчсөн ба үнэ цэнийг нэмэгдүүлж болох худгыг үнэлгээнд оруулаагүй, эзэмшиж буй газрын хэмжээг бүхэлд нь үнэлээгүй, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ыг хэт баг тогтоосон, 1 м.кв барилгыг барихад зарцуулах өртөг, ажлын хөлсний хэмжээнээс ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө бага байна гэж байхгүй.

Иймд үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1389 дүгээр захирамжаар “Х ” ХХК-аас 193 964 113 төгрөг гаргуулж “ҮХОБ ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч “Х ” ХХК-ийн захирал Н.Д-т  шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнийн санал зөрүүтэй байсан тул шинжээч томилж үнэлгээ гаргуулахад Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын 44Д-60 тоот 38.8 м.кв 2 өрөө орон сууцыг 70 018 907 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шанд 1 дүгээр гудамж, 9 тоот 71.5 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 59 564 648 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, /шинэчилсэн хаягаар 32 дугаар хороо/ Шанд 1 дүгээр гудамж, 10 тоот 128 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 65 882 752 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо /шинэчилсэн хаягаар 32 дугаар хороо/ Шанд 1-11 тоот 390 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 116 630 670 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н-аас томилогдсон шинжээчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Д-гийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа 4 үл хөдлөх хөрөнгийг болох Н.Д-гийн  өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шанд 1 дүгээр гудамж, 9 тоот 71.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг газрын хамтаар 59 564 648 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 1 дүгээр гудамж, 11 тоот 390 м.кв хувийн сууцыг газрын хамт 116 630 670 төгрөг, Д.Г-ын өмчлөлийн 20 дугаар хороо, Шанд 1 дүгээр гудамж, 10 тоот 128 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 65 882 752 төгрөг, Д.П-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын 44Д-60 тоот 38.8 м.кв орон сууцыг 70 018 907 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдлийг надад 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан.

Барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг илтэд зөрчсөн ба үнэ цэнийг нэмэгдүүлж болох худгийг үнэлгээнд оруулаагүй, эзэмшиж буй газрын хэмжээг бүхэлд нь үнэлээгүй, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ын үнэлгээ хэт баг тогтоосон, 1 м.кв барилгыг барихад зарцуулах өртөг, ажлын хөлсний хэмжээнээс ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө бага байна гэж байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1330 дугаар захирамжаар хариуцагч Н-т холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ.

 

Анхан шатны шүүх Л.Б-ыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тодорхойлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэргийн материалтай танилцуулан, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулж, шийдвэрийг талуудад гардуулж, давж заалдах гомдол гаргах эрхийг тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл Л.Б-ын итгэмжлэлийг шалгасан гэж дүгнэхээр байна. Гэвч хэрэгт түүний итгэмжлэл хавсаргагдаагүйгээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулах, нэхэмжлэгч төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Д-ээс  Л.Б-т өөрийгөө төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгогдсон гэх баримтгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/00746 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                             ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА