| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 1710002900188 |
| Дугаар | 2022/ДШМ/712 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/712
Ц.Жд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/954 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяа 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн шүүгдэгч Ц.Жд холбогдох эрүүгийн 1710002900188 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
тоотод оршин суух хаягтай,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан,
Ц.Ж нь 2015 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Н, Н.Э нарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана гэж итгэл төрүүлэн, хуурч Н.Э-ийн өмчлөлийн Шинэ уулзвар ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад зарж 193.600.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоноос орон сууц хөнгөлөлттэй үнээр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Э.Б-ээс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн хаан банкны 5006830950 дугаартай дансаар 1.500.000 төгрөгийг 5.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоноос орон сууц хөнгөлөлттэй үнээр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглажиргэн Э.Б-ээр дамжуулж танилцан иргэн Г.Маас 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр 10.000.000 шилжүүлж авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1. Шүүгдэгч Ц.Жы үйлдлийн улмаас иргэн Н.Эд учирсан гэх бодит хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Хэргээс үзэхэд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ХУ1-20-08 дугаартай дүгнэлтээр “Үнэлэгдэж буй ашиглалтын газар нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 193600000 төгрөгийн үнэлгээ тогтоогдов” гэжээ. /2-р хх-99/ Шүүгдэгч Ц.Ж нь иргэн Н.Э-ийг залилан мэхлэж түүний өмчлөлийн “Шинэ уулзвар” ХХК-ийг газрын гэрчилгээний хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад зарж борлуулан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдаж байгаа болно. Иймд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар иргэд хооронд газар эзэмших ашиглах зөвшөөрөл бүхий гэрчилгээтэй компани ямар үнэ ханштай арилжаалагдаж байсныг тогтоож, Ц.Жы хууль бус үйлдлийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг нотолж ирүүлэх шаардлагатай байна. Үүнд хохирогч Н.Э нь 2015 оны 1 дүгээр сард иргэн н.Энхтуяагаас тухайн компанийг худалдан авсан гэх үйл баримтыг анхаарах шаардлагатай байна. Түүнчлэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 679 дугаартай магадлалд заасан “Ц.Жы үйлдлийн улмаас учирсан их хэмжээний хохирол нь хэдий хэмжээний хохирол болохыг тодорхой болгох шаардлагатай” гэх заалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байгааг харгалзан үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасан шүүх хуралдааны явцад нотлогдвол зохих “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” хэрэгт хавсаргагдан ирсэн баримтуудаар хангалтай нотлогдохгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
2. Шүүх хуралдааны явцад хохирогч Н.Э “хохирол төлбөр барагдаагүй” гэж мэдүүлсэн боловч гэрч О.Нгийн /хохирогч Н.Э-ийн эцэг/ мэдүүлгээр “О.Н нь гэр бүлийн хамт Мууди таун гэх хотхонд 220 м.кв байранд 2021 оны 9 дүгээр сараас хойш амьдарч байгаа, тухайн байр нь 1 тэрбум 1 сая төгрөгийн үнэтэй бөгөөд Ц.Жтай 850 сая төгрөгт тооцож авахаар тохиролцсон гэх бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ банкинд барьцаалагдсан шалтгаанаар өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй” гэх үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Ц.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн бөгөөд түүний үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлоо нөхөн төлсөн эсэх нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд Ц.Жыг хохирлоо нөхөн төлсөнд тооцох эсэх нь ойлгомжгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байх тул тухайн нөхцөл байдлыг баримтаар нотолж ирүүлэх шаардлагатай байна.
Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад очсоны дараа криминалистикийн шинжээчийн 2021.10.22-ны өдрийн 2831 дугаартай дүгнэлтээр “Гэрээ №9” дугаартай “Бүртгэлийн дэвтэр”-ийн “1266, 1267” дугаарт бүртгэгдсэн бүртгэлд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Н.Э-ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог тэмдгээр тохирохгүй байна” гэжээ /3-р хх-229-248/ Шүүгдэгч Ц.Ж нь уг гарын үсгийг зураагүй гэх бөгөөд түүний үйлдсэн гэх залилах гэмт хэргийг үйлдэх нөхцөл суурь болсон уг гарын үсгийг хэн зурсан эсэх, тухайн этгээд Ц.Жы үйлдэлд хамтран оролцсон эсэхийг нотлох ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Одонтуяа эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Ц.Жы залилсан гэх Н.Э-ийн өмчлөлийн Шинэ уулзвар ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг хэрхэн ямар үнэлгээтэй байсан талаар тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан Дамно хөрөнгө үнэлгээний газраар үнэлгээ хийлгэж уг газрыг 193.600.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тухайн газар нь хоосон газар байсан.
Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 679 дугаартай магадлалд заагдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн “Шинэ уулзвар” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий газарт баригдсан 1 ширхэг хаусны үнэлгээ зах зээлийн үнэлгээгээр 6 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдсан байна. Ц.Ж нь уг газрын худалдан борлуулсны дараа уг барилга баригдсан байна.
2015 оны 8 дугаар сарын байдлаар уг газар дээр барилга байгууламж байгаагүй бөгөөд /хоосон газар байсан/ уг Шинэ уулзвар ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий газар өмчлөх гэрчилгээ бүхий газрыг 193.600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хэрэгт авагдсан болно.
Яллагдагч Ц.Жы гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Э-ийн аав Наранд 24.000.000 төгрөг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байдаг түүнчлэн шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлдэг. Шүүх хуралдааны явцад Н.Э-ийн аав гэрч Наран мэдүүлэхдээ гэр бүлийн хамт Мууди таун гэх хотхонд 220 мкв байранд 2021 оны 9 сараас хойш амьдарч байгаа, тухайн байр нь 1 тэрбум 1 сая төгрөгийн үнэтэй бөгөөд Ц.Жтай 850 сая төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон гэх ба уг байдлаар Ц.Ж хохирлоо төлөхөө бүрэн илэрхийлж байна гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн... зааснаар шүүгдэгч хохирлоо төлөхөө илэрхийлсэн, нөхөн төлсөн гэж хуульчилсан байх ба уг нөхөн төлөхөө илэрхийлж буй байдлыг баримтаар мөрдөн шалгах ажиллагаа хийж бүрдүүлэх шаардлагагүй юм. Харин шаардлагатай бол шүүх хурлын явцад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт гаргаж өгөх боломжтой.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ж, О.Н нар нотариатын газар очиж гэрчлүүлээгүй болох нь шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч Н.Э нарын мэдүүлгээр тогтоогддог ба уг гэрээг Ц.Ж ганцаараа очиж гэрчлүүлсэн болох нь тогтоогдсон байдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, яллагдагч, гэрч нар нь тодорхой мэдүүлдэг мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэрээ болон нотариатын дэвтэрт гарын үсэг зурсан үйлдлийг шинжээч томилж дүгнэлт гаргуулж тогтоосон байна.
Мөн уг нотариатаар гэрээг гэрчилсэн үйл баримт нь 2015 оны 8 дугаар сард болсон байх түүнээс хойш 7 жил өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд яллагдагч Ц.Жд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шийдвэрлэх боломжтой тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/954 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокуророос газрыг үнэлүүлсэн үнэлгээг яриад байдаг. Гэтэл компанийн үнэ цэнийг яах юм бэ. Мөн төслийг үнэлэх юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг ярьсан. 2015 онд хийгдсэн үнэлгээг прокурор ярьсан. Давж заалдах шатны шүүхээс 2015 оны үнэлгээг үндэслэлгүй гэж үзэн хэргийг буцаасан. Тухайн газрын болоод компанийн үнийг тогтоох нь чухал юм. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан ажиллагааг хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн нотариатчийг татах шаардлагатай гэх асуудлыг удаа дараа тавьсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хүсэлтийг хангахгүй орихсон. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь нотариатчийн үйлдэл байдаг. Байр Ц.Жы өмчлөлийнх биш, Залуу Монгол корпорацийн өмчлөлд байдаг, хохирогчийн нагац эгчийнх нь өмчлөлийн байр байгаа. Хууль ёсны өмлөгчийг тогтоох шаардлагатай. Базаад хэлэхэд, хохирлын хэмжээг тогтоохдоо газрын үнэлгээ, компанийн үнэлгээ, төслийн үнэлгээг гаргаж байж тогтоох нь зүйтэй. Хохиролд тооцуулж өгөх гэж байгаа байр нь Ц.Жы эзэмшлийнх мөн үү гэдгийг тогтоох нь зөв. Мөн нотариатч уг гэмт хэрэгт шууд санаатай оролцсон тул нотариатчийн оролцоог шалгах ёстой...” гэв.
Хохирогч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Жд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Ц.Жд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “Залилах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн 1710002900188 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” хэрэгт хавсаргагдан ирсэн баримтуудаар хангалттай нотлогдохгүй байгааг, нотариатын бүртгэлийн дэвтэр дэх гарын үсгийг хэн зурсан болох, тухайн этгээд Ц.Жы үйлдэлд хамтран оролцсон эсэхийг нотлох нэмэлт ажиллагаа явуулах талаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан нь тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал мөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/954 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ