| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04019/И |
| Дугаар | 181/ШШ2024/03146 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/03146
2024 08 30 181/ШШ2024/03146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах Э...ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хо овогт Б Н /РД. /-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч Э...ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Б.Н нь Улаанбаатар хот, тоотод оршин сууж байх хугацаандаа "Энгүүн Лизинг" ХХК-тай 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ЕС2 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч Б.Н нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 592,028.69 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 200,000.00 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 3,504,757.97 төгрөг, хүү 388,039.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,961.70 төгрөг нийт 3,936,759.33 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, Бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Сонгинохайрхан дүүрэг, 3-р хорооноос нь тодруулахад бүртгэлтэй боловч дээрх хаягтаа амьдардаггүй байна. Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч Б.Н /РД: /-ыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ЕС дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээл хүсэгчийн маягт, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх зээл төлөгчийн дансны хуулга, Б.Нын иргэний үнэмлэхийн хуулбар, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э...ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
1. Б.Н нь Э...ХХК-тай байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ЕС2320208 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хариуцагч нь С тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Э...ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Х овогт Б Н /РД. /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Н эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Нын оршин суугаа хаягийг олж тогтоон Э...ХХК /утас: 9 , /-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ