Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/768

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

өсвөр насны шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЗ/1289 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2208009100549 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 03 тоотод оршин суух иргэн Д.Нийн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 708.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайхан дүүргийн прокурорын газраас: Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

“1. Талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэн үзээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Өсвөр насны шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэрэгт яллагдагчаар татагдсан байх ба хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 00 нас 00 сар 00 хоногтой байсан талаар нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагджээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан. Тухайлбал, 18.3 дугаар зүйлд холбогдогчийн хувийн байдалтай холбоотой дараах мэдээллийг тогтоосон байхыг заасан ба үүнд “өсвөр насны шүүгдэгч, яллагдагчийн хувийн байдалтай холбоотойгоор гэмт хэрэг хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, мөн сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байх” гэжээ.

4. Өсвөр насны шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдаанд “...үүнээс өөр хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, намайг нэгэнт шоронд явах юм чинь дахиад хулгай хийхэд зүгээр гэж хүн хэлсэн учраас дахин хэрэг хийсэн...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг гаргасан, түүний сурагчийн хувийн хэрэгт “бусдад автах талтай” гэж тэмдэглэсэн, мөн шүүх хуралдаанд оролцож, асуултад хариулж буй байдал зэрэг нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд өсвөр насны шүүгдэгч нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ухамсарлаж байгаа эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өсвөр насны хүнд холбогдох хэргийг шийдвэрлэхэд тухайлан хувийн байдлыг тогтоох, мөн гэмт хэрэгт холбогдсоны дараа биеэ хэрхэн авч явж байгаа зан байдал, хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан талаарх мэдээллийг тодорхой болгосон байх нь ач холбогдолтой гэж үзэн, энэ талаар холбогдох ажиллагааг хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

6. Иймд өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дээрх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэлээ.” гэж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганчимэг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид заагдсан өсвөр насны шүүгдэгч Ц.Бын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, мөн түүний сурагчийн хувийн хэрэг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б ангид суралцдаг талаархи албан тоот бүхий тодорхойлолт зэрэг албан бичгийг хэрэгт хавсаргасан.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Бын амьдралын нөхцөл ба хүмүүжилтэй холбоотой мэдээллийг хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авч тогтоосон. Тухайн өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншинг сурагчийн хувийн хэрэгт бичигдсэн анги удирдсан багшийн тодорхойлолт, мөрдөгчийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт зэрэг баримтуудаас тодорхой дүгнэж болохоор байдаг.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзээгүй, эргэлзэх үндэслэлгүй байхад хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг огт гаргаагүй байхад сэтгэцийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилно” гэж хуульчилсан байх тул хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхийн шатанд сэтгэцийн шинжээч томилж шинжилгээг хийлгэх боломжтой.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Бд холбогдох эрүүгийн 2208009100549 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн атлаа хэргийг прокурорт буцаах тухай захирамждаа Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон захирамжилсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж гаргасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дахин яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх заалтыг хэрэглэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Ц.Бын гэм бурууг шүүхээр шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/1289 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өсвөр насны шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн оролцож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Ц.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн 2208009100549 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Бын хувийн байдал болох ухаан санааных нь хөгжлийг настай нь уялдуулан тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Учир нь, Ц.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас хүрээд 7 сар 4 хоног өнгөрсөн байсан байх ба түүний хэрэгт холбогдож өгсөн мэдүүлэг /хх 13,78-79/-үүд, сурагчийн хувийн хэрэгт багшийнх нь бичсэн “...бусдад автах талтай...” зэргээс дүгнэхэд Ц.Бын сэтгэхүйн хөгжлийг тогтоолгох шаардлагатай болох нь тодорхой байх ба эхтэйгээ хамт амьдардаггүй, эхтэйгээ цуг амьдрахгүй гадуур амьдраад байдаг өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг түүний сурагчийн хувийн хэрэг, эхийнх нь мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх, насанд хүрээгүй шүүгдэгчийн холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн зорилгыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулсан гэж үзэх нь учир дутагдалтай юм.  

Мөн тус хэргийг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Бын өөр гэмт хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдсан нь тодорхой болсон байхад /хх 68-69/ зүйлчлэл өөр, яллагдагчаар татагдаагүй гэх зэргээр насанд хүрээгүй шүүгдэгчийн хэргийг тус тусад нь хянан шийдвэрлэх нь насанд хүрээгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд 2208009100549 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЗ/1289 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ