Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 112/шш2024/0015

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-с тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О “...З ХХК нь хуулийн этгээдийн тамга, тэмдгээ гээгдүүлсэн...” гэх 267 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч З ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 0702037 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.20-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хянахад холбогдогч З ХХК-ны төлөөлөх этгээд Г.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Энэ оны 07 дугаар сард Улаанбаатар хотод ажил хөөцөлдөж яваад тамга, тэмдгээ гээгдүүлсэн” гэж мэдүүлэг өгсөн байх боловч эрх бүхий албан тушаалтан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 0702037 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг 10.20 дугаар зүйл гэж дутуу бичиж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан Г.Б гэж хүнээс мэдүүлэг авсан боловч мэдүүлэгтээ ямар ажил эрхэлдэг, овог нэр, регистрийн дугаар нь хэд болох, оршин суух хаяг, эрх үүргээ ойлгосон эсэх, асууж тодруулах зүйл байгаа эсэх, өмгөөлөгч авах эсэх зэргийг асууж тодруулахгүйгээр 2 асуулт бүхий товч, тодорхой бус мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, шийтгэлийн хуудас болон хууль буруу хэрэглэж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэн шийтгэл оногдуулж, хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О-н “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 0702037 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г-н “2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 0702037 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай" прокурорын дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О би “...З ХХК нь хуулийн этгээдийн тамга, тэмдгээ хаяж гээгдүүлсэн” гэх гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч З ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 0702037 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ өөрийн санамсар болгоомжгүйгээс шийтгэлийн хуудсыг дутуу бичиж, Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг бичээгүй зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

                                                ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-н “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 0702037 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

          Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2024  оны 03 дугаар сарын  28-ны  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

          Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-с аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-н “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 0702037 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСҮРЭН