Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 932

 

 

 

 

 

 

 

 

 

Ө, Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00484 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Ө ,

Нэхэмжлэгч: Ц.Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Т.Ө ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Ө ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билгүүн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01433 дугаар захирамжаар Ө, Б нараас 28 452 222 төгрөг гаргуулж “Г ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Ө ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 163-169 тоотод хаягт байршилтай 76.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “С ” ХХК-аар үнэлүүлэхэд 136 374 000 төгрөг буюу зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон.

Энэ үнэлгээгээр орон сууцны 1 м.кв-ын үнэ 1 785 000 төгрөг болж байгаа бөгөөд одоогийн ханшаар 1 м.кв 1 900 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийн хооронд байхад багаар үнэлж үнэгүйдүүлж байна. Орон сууцыг ийм багаар үнэлсэн гэх мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээж авсан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01433 дугаар захирамжаар Ө, Б нараас 28 452 222 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 185 205 төгрөг гаргуулж “Г ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Ө, Б нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Ө ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 163 дугаар байр, 69 тоот хаягт байрлах 76.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор барьцаалан хурааж, талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 389 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “С ” ХХК-аар тогтоолгоход 136 374 000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, уг өдрөө албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 163 дугаар байр, 69 тоот хаягт байрлах 76.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 136 374 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ө, Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө, Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Ө  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Маргаан бүхий миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 163-169 тоотод хаягт байршилтай 76.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 1 м.кв нь 2 000 000 төгрөг, нийт 150 000 000 орчим төгрөг байх байтал хэт багаар үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасныг зөрчсөн ба анхан шатны шүүхээс үүнийг харгалзан үзээгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.

Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлалаа нотлох үүргээ биелүүлээгүй, баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасаар байхад шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаагүй нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ө, Б нар хариуцагч Н холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг харуицагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01433 дугаар захирамжаар Ө, Б нараас 28 452 222 төгрөг гаргуулж “Г ББСБ” ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.Ө ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 163 дугаар байр, 69 тоот хаягт байрших 76.4 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Т.Ө ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206020676 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 163 дугаар байр, 69 тоот хаягт байрших 76.4 м.кв 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19261517/07 тоот тогтоолоор хурааж, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ц.Б , Т.Ө  нар орон сууцыг 1 м.кв-ыг 2 200 000 төгрөгөөр тооцон үнэлэхээр, төлбөр авагч “Г ББСБ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн саналыг 122 240 000 төгрөгөөр үнэлэх саналыг тус тус ирүүлсэн ба талууд үнийн санал дээр тохиролцоогүй байна. Энэ үндэслэлээр хариуцагч байгууллага нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 389 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор “С ” ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шинжээч уг орон сууцны зах зээлийн үнийг 136 374 000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч байгууллага нь үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/27381 тоот мэдэгдлээр талуудад мөн өдрөө мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Нэхэмжлэгч Т.Ө  нь орон сууцыг хэт багаар үнэлж, үнэгүйдүүлж байна гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/02246 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэсэн дүгнэлт зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Т.Ө ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                         

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00484 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ө ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                                    ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА