| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
| Хэргийн индекс | 135/2020/00285/и |
| Дугаар | 63 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 63
А.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2020/00285/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч А.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ш- Г- ХК-д холбогдох
"Нөхөн төлбөр 10.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-ий давж заалдсан гомдлыг үндэслэн
2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч А.Х- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Б- нь 1972.06.28-нд ууган хүү болж төрж өссөн билээ. Тус суманд 2 дугаар 10 жилийг 1980-1990 онд сурч боловсрон төгсөж, 1990 онд Дархан-Уул аймгийн Техникийн коллеж /Политехникум/-г 1993 онд Уулын цахилгаан механикийн ангийг техникч мэргэжлээр төгссөн. Сумандаа ирж Ш- Г- хувьцаат компанид орж 1993-2002 онуудад Нэгдсэн засварын газар наладчик, 2002-2003 онд БАТЗҮГ ХХК-д наладчик, 2003-2005 Цахилгаан шугам сүлжээний хэсэгт наладчик, 2005-2009 он хүртэлх хугацаанд Цахилгаан шугам сүлжээний хэсгийн даргаар ажиллаж байгаад 2009 оны 07 дугаар сард мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан.
Б.Б- нь 2018.03.08-нд өвчний улмаас нас барсан тул Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт заагдсаны дагуу нөхөн олговор авахаар бүх материалыг бүрдүүлж өгсөн. Гэтэл надад өгсөн таны өргөдлийн хариу дээр сарын дундаж цалинг 300.000 төгрөг байх ёстойг 144.000 төгрөгөөр бодож нөхөн олговрыг дутуу олгох шийдвэр гарсан байна.
Одоо би 4 охинтойгоо амьдардаг. Оюутан хүүхдүүдтэй, би өөрөө цэцэрлэгт ажилладаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар ар гэрт нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгуулах талаар Ш- Г- ХК-ийн холбогдох хүмүүст өргөдөл гаргасан боловч тус компаниас олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Үүнийг гэр бүл, үр хүүхдүүд бид үл зөвшөөрч байгаа тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 10.800.000 төгрөгийг гэр бүл үр хүүхдүүдэд нь олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Х- 2020.02.05-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Б.Б- 2018.03.08-ны өдөр нас барсан. 1993-2002 нэгдсэн засварын газарт наладчик, ...мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 36 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулахаар бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Гэтэл байгууллагаас сарын цалинг 140.000 төгрөгөөр бодож нөхөх олговор олгосон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарим үед 300.000-850.000 төгрөгийн өссөн хэмжээний цалинг авдаг байсан.
Хариуцагчийн тайлбар нь хуульд нийцэхгүй тайлбар байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нас барсан ажилтны ар гэрт олгох ёстой. Талийгаач нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2009.07.27-нд групд ороод, уг өвчнөөрөө нас барсан. Энэ талаарх нотлох баримтыг гарган өгсөн, хавтаст хэргийн 42 дугаар хуудаст бий. Мөн нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох бичиг баримтыг гарган өгсөн. Иймээс сарын цалинг дундажлан 300.000 төгрөгөөр тооцож нөхөх олговор олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн төлбөр нь компанийн ажилтанд буюу хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй ажилтанд хамааралтай юм. Иймд шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.2-т зааснаар Ш- Г- ХК-аас 10.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Х-ад олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Х- тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ш- Г- ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 187.750 төгрөг төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- давж заалдсан гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нөхөн төлбөрт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр бол зөвхөн ажилтанд хамааралтай юм. Нэхэмжлэгчийн талийгаач нөхөр 2008 онд ажлаас чөлөөлөгдөж, Ш- Г- ХК-ийн ажилтан биш болсон билээ.
Нөгөө талаас нэхэмжлэгч яг хэдэн төгрөгийн үндсэн цалинтай байсан талаар хэрэгт баримт байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөр олгох талаар заагаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх А.Х-ын нэхэмжлэлтэй Ш- Г- ХК-нд холбогдох нөхөн төлбөр шаардсан тухай хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ”, 36 дугаар зүйлийн 36.2-т “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно.
Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасныг зөрчиж, хариуцагч байгууллагаас тус байгууллагыг төлөөлөн оролцох итгэмжлэл олгогдоогүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг шийдвэрлэж, ноцтой алдаа гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхэд энэ алдааг залруулах боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүх дээрх шалтгааны улмаас хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй болно.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зөв гэж үзлээ.
Шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ нас барагч Б.Б- чухам ямар өвчний улмаас нас барсныг баримтаар нотлосоны эцэст Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Л.АМАРСАНАА