Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/769

 

 

Э.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

хохирогч Ч.Э,   

яллагдагч Э.Н, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/949 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзориг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Э.Нд холбогдох эрүүгийн 2203001110213 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Яллагдагч Э.Н нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины ам, Холбооны бетон антены гарцтай замд “Тоёота Хайландер маркийн 0000УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Ч.Эыг дайрч, түүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “өмгөөлөгч мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;”, 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.”, мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.” гэж тус тус зааснаар прокурорын байгууллагад гомдол гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” гэж заасны дагуу яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн 2022 оны 4 дүгээр сарын 30-нд гаргасан хүсэлтийг тээврийн прокурорын газар 2022 оны 5 дугаар сарын 02-нд хүлээн авч “...прокурорт гаргасан гомдолд Тээврийн прокурорын газар 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 41 дугаартай прокурорын тогтоол, 130 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ...дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Тээврийн Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй...” гэж заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан байхад, тухайн өдрөө прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснээр оролцогчийн эрхийг зөрчиж, гомдол гаргах эрхээр хангаагүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гомдлыг хүлээн авсан прокурор 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах, эсхүл бусад арга хэмжээ авах бол 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.”, 4 дэх хэсэгт “Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.” гэж тус тус зааснаар оролцогчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 41, 130 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар оролцогчийн эрхийг зөрчсөн байна гэх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг прокурорт буцааж...” гэж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинзориг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... өмгөөлөгч Х.Даваахүүгээс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд прокуророос түүний хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэн түүнд хариу мэдэгдэх гэхэд түүний хүсэлтэд бичигдсэн гар утас унтраастай байсан тул түүний гар утсанд зурвас илгээн мэдэгдэж, яллагдагч Э.Нд холбогдох хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлт үйлдсэнээс хойш 7 хоногийн дараа яллагдагч Э.Нд яллах дүгнэлтийг гардуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд өмгөөлөгчийн зүгээс хяналтын прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй болно.

Гэтэл шүүхээс прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын прокурорын шийдвэрт 3 хоногийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь хэргийн оролцогчийн гомдлыг шүүхийн шатанд мөн хэлэлцэх боломжтой гэж ойлгогдож байна. Гэтэл шүүхээс хэргийг оролцогчоос прокурорын шатанд гаргаагүй гомдлыг дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж дүгнэж байгаа хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхэд хүргэлээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/949 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүүтэй адил залуу хүү байна, нэг алдлаа. Миний буруу ч бас байгаа. Санхүүгийн байдал хүндэрч байна. Цаашдаа эмчилгээ, хагалгаа хийлгэх зардал хэрэгтэй байгаа учир тэр зардлыг гаргаж өгөөч гэж хүсэж байна. ...” гэв.   

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Би 2 үндэслэлээр гомдол гаргасан. Нэгдүгээрт, туршилт хийхдээ хохирогчийн хүү Э.Золбоог оролцуулсан, Э.Нг туршилтад оролцуулалгүй машин дотор суулгаж байсан. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн гэрчийг оролцуулан дахин туршилт хийж өгөөч гэсэн үндэслэлийг дурдсан. Хоёрдугаарт, Шүүхийн шинжилгээний тухай хуульд “тухайн мөрдөгчийн шалгаж байгаа хэрэг эрүүгийн хэрэг үүсэхээр байвал шинжээчээр оролцож болохгүй” гэж заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч, оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй гэж заасан байхад мөрдөгч магадлагаа гаргасан байдаг. Ийм үндэслэлүүдээр прокурорт хүсэлт гаргасан. Мөн прокурор энэ хүсэлтийн хариуг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр надад гардуулсан бөгөөд би утсаа аваагүй, холбогдохгүй байсан асуудал байхгүй. Энэ хүсэлтийн хариуд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж дурдсан мөртөө хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.    

Яллагдагч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн 2022 оны 4 дүгээр сарын 30-нд гаргасан хүсэлтийг тээврийн прокурорын газар 2022 оны 5 дугаар сарын 02-нд хүлээн авч, тус гомдлыг прокурор 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, 130 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар /хх 147-152/ өмгөөлөгчид хариу өгсөн ба тус шийдвэртээ “...дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Тээврийн Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй...” гэж заажээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан  “...Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.” гэсэн яллагдагчийн өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хангалгүйгээр 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн /хх 154/ байна.

Иймд анхан шатны шүүхийн яллагдагч Э.Н, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд, тус захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзээд мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар явуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь, хохирогчийн төрсөн хүү Э.Золбоог оролцуулан хийсэн мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааг /хх 13-14/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Мөрдөн шалгах туршилт хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах ба яллагдагч, хохирогч, гэрчийг оролцуулж болно. ...” гэж заасанд нийцсэн гэж нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/949 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ