Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 161

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга       Б.Намуунзул

Улсын яллагч:                      Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батцэрэнд холбогдох эрүүгийн 1731000740055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1973 оны 10 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сум 1 дүгээр баг Тавин Ерөө голын 20-158 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Даваанямын Батцэрэн /РД:МЕ73102808/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батцэрэн нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс мөн сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан байгаль экологид 856800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч Д.Батцэрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг ухаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан маань үнэн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохтрлоо бүрэн төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг

  Хохирогч Х.Алтынтасын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өмнөх мэдүүлэгтээ  хүсэлт тавьж байгаагүй гэж мэдүүлсэн байгаа. Тухайн үед би  Сэлэнгэ аймагт очиж мэдүүлэг өгсөн ба хүмүүсийн өгсөн өргөдөл бүртгэлийн дэвтэр надад байгаагүй ба “Ерөө Түшиг Хайрхан” нөхөрлөлийн нэрийг  огт санахгүй байсан учир өргөдөл өгч байгаагүй гэж мэдүүлсэн юм. Гэтэл өргөдөл өгсөн хүмүүсийн нэрийн жагсаалт судалгааг харахад "Ерөө Түшиг Хайрхан” нөхөрлөлийн ахлагч   Д.Батцэрэн гэх хүнээс  2017 оны  06 дугаар сарын 16-ны өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” өргөдөл гаргаж  засаг даргад өгсөн байна. Уг хүнээс гадна маш олон хүн өргөдөл өгсөн ба иргэдийн хүсэлтийг  Аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  хэлэлцсэн эцсийн шийдвэр гарах ёстой  байсан юм гэтэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахгүй байсаар байгаад 10 дугаар сард хуралдсан байсан. Гэвч тодорхой  шийдвэр манайд ирүүлээгүй байгаа иймд  үйл ажиллагаа явуулж болно, болохгүй гэсэн шийдвэрийг  иргэдэд бичгээр  өгөөгүй харин сумын Засаг дарга нөхөрлөлийн ахлагч нарыг дуудан уулзаж одоогоор шийдвэрлэх  боломжгүй байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын шийдвэр гарсны дараагаар  гэрээ хийх асуудлыг шийдвэрлэнэ, одоогоор ямар ч үйл ажиллагаа  явуулж болохгүй  гэж хэлж байсан.  Гэтэл хүмүүс  үүнийг нь ойлголгүй дур  мэдэн гарч газрын хэвлийг хөндөж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээсээ  үүдэн цагдаад баригдаж шалгагдсан энэ асуудал нь иргэдийн  өөрсдийнх  нь хууль бус  үйлдэл юм. Д.Батцэрэнгийн  гаргаж байсан хүсэлтийг гаргаж өгч болно ...гэх мэдүүлэг /хх-ийн 25  дугаар тал/

Гэрч Н.Шинэжилийн 2017 оны  08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би экскевотерийн операторчин  хийдэг юм. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр уг газар ажиллах гэж ирсэн. Уурхайд  ажиллуулах гэж түрээсэлсэн.  2017 оны  08 дугаар сарын 12-ны өдрөөс .......... нарыг очиход   ухаж байсан газар олборлолт явуулж байсан, 5-6  хоногийн хугацаанд  олборлолт явуулж байгаа машинд ачсан шороогоо зөөж өөр  газар угаадаг юм  шиг байна лээ. Би экскеваторын операторчин сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  20 дугаар тал/

Гэрч Б.Жавхлантөгсийн 2017 оны  08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хово маркийн авто машинаар ажил хийдэг юм. Уурхай дээр шороо  машин түрээслэнэ  гэхээр нь ирсэн юм. 2017 оны  08 дугаар сарын 17-ны  өдөр ирж  2 хонож байна. Экскеваторын гаргасан шороог  шороо будагч руу зөөдөг. Би 2 хонохдоо 3 зөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Гэрч Л.Лонжидийн 2017 оны  09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс  эхлэн Ерөө сумын Ялбаг дахь  Байгаль орчин, хяналтын постонд үүрэг гүйцэтгэсэн.  Тэгээд очсноос хойш  2 хоногийн дараа  2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хамт үүрэг гүйцэтгэж байсан Мандал сум дах сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа  Мөнхбатын хамтаар  Ялбаг гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж  байсан иргэдийн  үйл ажиллагааг зогсоож сануулсан. Намайг хяналт шалгалт  хийж явах үед бол Ерөө сумын Иргэн Д.Батцэрэн нь хууль бусаар  ашигт малтмал  олборлолтын үйл ажиллагааг экскеватор 1 ширхэг,  угаах төхөөрөмж 1 ширхэг,  шаргал өнгийн өөрөө буулгагч  1 ширхэг машин зэрэг  техниктэй  явуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

Гэрч М.Ганбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай сумын  хэмжээнд  2017 онд бичиг уурхайн  зориулалтаар  гэрээ байгуулж нөхөн сэргээлт, ашигт малтмал олборлолтын чиглэлээр  үйл ажиллагаа явуулж  байгаа иргэн, нөхөрлөл огт  байхгүй. Харин  сумын иргэд өөрсдөө  2016 онд хэрэгжүүлж байсан сумын Иргэдийн төлөөлөлчдийн хурлын 89 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр гэж ойлгож хууль бусаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр дур мэдэн гарч ашигт малтмал  олборлох явдал гарсаар байна.  Бүгд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж байгаа зөвшөөрөлтэй иргэн нөхөрлөл бол байхгүй. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь  урьд оны  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 89 дүгээр тогтоолыг хууль эрх зүйн олон акт эрх зүйн баримт бичгүүдтэй зөрчилдөж байгааг мэдсээр байж дахин баталж  гаргасан үүнээс үүдэн иргэд ихээр хууль бусаар ашигт малтмал олборлож  байгаль орчинд  хохирол учруулсаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  30 дугаар тал/

Гэрч Ц.Уртнасангийн 2017 оны  09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай суманд 2017 оны  хувьд  бол ашигт малтмал  олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах албан ёсны  зөвшөөрөлтэй иргэн, нөхөрлөл бол огт байхгүй. Манай сумын хувьд 2016 онд  албан ёсоор бичил уурхайгаар  үйл ажиллагаа явуулах нөхөрлөлүүдтэй  гэрээ байгуулж  гэрээний дагуу  усны төлбөр, мөн хувь хүний  орлогын албан татвар зэргийг дээрхи данснуудад төвлөрүүлж  байсан.  Харин энэ жилийн хувьд  албан ёсны гэрээ байгуулж ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа  явуулж байгаа иргэн нөхөрлөл бол огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

Гэрч М.Отгонбаярын 2017 оны  11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...За би өөрийн мэдэх зүйлээ яръя. Миний эхнэр Д.Батцэрэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх “Түшиг Хайрхан” нэртэй нөхөрлөлийн  ахлагч нь юм. Уг нөхөрлөлийн доор гишүүд нь гэж 6 хүн байгаа, би нэг гишүүн нь  байна. Бид нар хамтаар нийлж нөхөн сэргээлтийн ажил үйлчилгээ  үзүүлэх гэж хамтран  ажиллахаар болсон юм. Ингээд нөхөн сэргээлт хийх ажил маань  бүтээгүй ба тус тусын ажлаа хийх болсон. Ингээд манай эхнэр Д.Батцэрэн Төв аймгийн гэх залуутай  утсаар яриад хамтран ажиллахаар боллоо гэж байсан. Юун дээр хамтран ажиллах  болсон юм бэ? гэхээр Ерөө суманд Ялбаг гэх газарт бичил уурхайн зориулалтаар  олборлолт явуулж олсон орлогоос сум орон нутагт татвар төлөх,  нөхөн сэргээлт  хийхээр сумын Засаг даргатай  ярьж тохирсон зөвшөөрөлтэйгээр ажиллах боллоо гэж ярьж байсан. Миний хувьд уг ажилд нь оролцоогүй, би өөрөө хувиараа  блок хийж зардаг юм, уг ажлаа хийж байсан. Харин эхнэр  маань сумын Засаг дарга болон албан тушаалтан нартай уулзаж бичил уурхай явуулахаар хөөцөлдөж байсан. Ингээд  хамтран ажиллах болсон хүн нь хотоос “экскеватор түрээслэж явууллаа, бичиг баримт болчихсон, үйл ажиллагаа явуулж эхэлнэ” гэж ярьж байсан ба  2017 оны  08 дугаар сарын дундуур байх Ялбаг гэх газар руу  гарсан манай эхнэр л хариуцаж байсан байх. Би хааяадаа эргэж очиж байсан. Миний  харснаар  1 эксковатор, шороо ачих  түрээсийн машин, гар аргаар хийсэн буу зэрэг л байсан. Тухайн газарт гол горхи урсаагүй хуучин ухагдсан газар байсан. Ингээд  би эхнэртээ  хандаж “бичиг баримтыг  нь бүрдүүлсэн биз дээ” гэж асуухад  бичил уурхайн зориулалтаар  үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл  сумаас авсан авсан Засаг даргад хэлсэн гэж байсан.  Нарийн ширийн учрыг нь бол би мэдэхгүй. Эхнэр маань л уг ажлыг гардан явуулж байсан цаана нь Цэрэнбат гэсэн байхаа нэг залуу байгаа түрээсийг мөнгийг өгсөн гэж байсан. Олсон орлогоноос  хувь тохирч авна л гэж ярилцсан юм шиг байгаа юм тэгэхдээ  үйл ажиллагаа бараг явагдаагүй байх  гараад хэдхэн  л хонож  байхад нь цагдаа нар  очоод зогсоосон байсан. Олборлолт хийж ашиг олох биш бүр хамаг   мөнгөөрөө шатаад одоо өрөнд орсон байгаа, тухайн газраас  ямар ч алт авч чадаагүй гэсэн дөнгөж л гүн рүү нь ухаж эхлэх  гэж байхад нь цагдаа нар ирээд зогсоосон байсан. Сая гарсан хохирлыг төлөх гэж  эхнэр маань хүнээр малчны зээл авахуулж байсан нөхөн төлбөрийг  барагдуулсан. Амьдрал үнэхээр хэцүү байна, бөөн л өр төлбөрт орчихоод байж байна. Манай эхнэрээс гадна өөр зөндөө л хүмүүс Ялбаг руу  гарсан байсан. Тэдгээр хүмүүс мөн л зөвшөөрөлгүй байсан байж таараа гэтэл манай эхнэрийг ганцхан шалгаж байгаад нь гайхаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/

 

Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №18-05-038/21 дугаартай                  

“Уг газарт явуулсан үйл ажиллагаа нь хуучин эвдэгдсэн талбайд дахин олборлолтын үйл ажиллагаа явуулсан байна.

  Уг үйл ажиллагааны  эвдрэлд өртсөн талбайн хэмжээ нь мөрдөн  байцаагч  ахлах дэслэгч Г.Амгаланбаатарын хэмжилтээр урт нь 25 метр, өргөн нь 9.5 метр буюу  237.5м2  буюу 0.2 га талбайг хамарсан байна.

“Ерөө түшиг хангай” нөхөрлөлийн Ерөө сумын “Ялбаг” гэдэг газарт хууль бус ашиглалт явуулсанаас Байгаль орчинд учирсан хохирлыг  дараах байдлаар тооцоолов.

          Хууль бус ашиглалтаар эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлох,

     Хууль бус ашиглалтын нийт өртөгдсөн талбайг GPS-ээр хэмжилт хийн талбайг тодорхойлсон. Үүнд: S=237.5м2  буюу 0.02 га

          Нийт өртөгдсөн талбайдаа техникийн  нөхөн сэргээлт хийгдээгүй учир  гүнийг нь 4 метрээр тооцов. Нийт эзэлхүүн 950м3

          Хууль бус ашиглалтаас  Газар хөрсөнд учирсан хохирол экологи эдийн засгийн үнэлгээг дараахь байдлаар тооцов.

          Д.Батцэрэнгийн  хууль бус ашиглалтаар хөрсийг эвдрэлд  оруулсан талбай 237.5м2 буюу 0.02 га байна. Уг талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын 2010 оны  05 дугаар сарын 27-ны өдрийн  А-156 дугаар тушаалын №1.4, 1.6, 1.7 хүснэгтэнд заагдсан коэффициентүүдийг ашиглан хөрс,  газрын хэвлий экологийн үнэлгээ болон хохиролыг дараахь байдлаар тооцон гаргав.

    

Хөрсний ялзмагийн бодисын үнэлгээ:

    Янз бүтцийн шинж чанартай  хөрсийг  органик буюу ялзмагийн  нөөцөөр  үнэлэх нь  харьцангуй бодит үнэлгээ болно. Хөрсний ялзмагийн нөөцийн үнэлгээнд хөрсний  шинж чанар, газар зүйн байдал, хөрсний  хэв шинжийг  харгалзан үзсэн юм. 2010 оны  байдлаар 1.0 м3 дунд зэргийн  үржил шимтэй буюу  5 хувийн ялзмагийн агууламжтай хөрсний  үнэлгээ 16500 төгрөг ба хөрсөнд 0.06 тн буюу 60 кг ялзмагийн бодис байгаа гэж тогтоосон байна. 2010 оны байдлаар 1 кг цэвэр ялзмагийн бодисын суурь үнийг 276 төгрөгөөр  тооцов

    

Хөрсний  экологийн үнэлгээг тооцсон арга:

         Хөрсний экологийн үнэлгээг тооцох хамгийн хялбар, зардал багатай, харьцангуй нарийвчлал сайтай хувилбар нь тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцөөр үнэлэх зарчим юм. Хөрсний ялзмагийн нөөц нь үржил шимийн интеграл үзүүлэлт болдог онцлогтой. Хөрс нь  олон зуун жилийн турш байгалийн жамаар бүрэлдэн тогтдог учраас  эдврэлд орсон тохиолдолд эргээд нөхөн сэргээхэд ихээхэн хөрөнгө зардал, цаг хугацаа шаардагдана.

 

Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг дараахь томъёогоор тооцоолов.

Es=ORs x Kp x Kg x Ks x Ss x He /1.17/

Es-хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ, төг/ га

ORs-хөрсний ялзмагийн  нөөц, кг/га ,

Kp- Хөрсний шинж чанарын үзүүлэлтийн коэффициент,

Kg-Байгаль газар зүйн орчны үзүүлэлтийн коэффициент,

Ks-Хөрсний хэв шинжийн коэффициент,

Ss-Эвдэрсэн хөрсний талбай га,           

He-1.0 кг ялзмагийн бодисын үнэлгээ, төг/кг

Дээрхи томъёогоор хөрсний экологи- эдийн засгийн үнэглээг тооцов.

    Нийт 237.5м2  талбайн үржил шимтэй  хөрсний  гүн 0.3 метрээр тооцоход 71.25 м3  үүний 5 хувь буюу 3.56 м3  ялзмаг түүний 1 м3  хөрсөнд 60 кг  ялзмагийн бодис байхаар  тооцоход ялзмагийн нөц 214 кг болж байна.

Es= 214 х 0.9 х 0.7 х 0.2 х 276 = 670 төгрөг

 

    Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2 дахь хэсэгт зааснаар хөрсөнд  учирсан хохирлыг хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул  хөрсөнд учирсан хохирол нь 670 х 3 = 2016 төгрөг болно.

 

    Хууль бус ашиглалтаас газрын хэвлийл учирсан хохирол, эвдрэлд  орсон газар нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг үндэслэн экологи эдийн засгийн  үнэлгээг дараах байдлаар тооцов.

         Байгаль орчны эвдэрсэн  газрын хохирлыг тооцохдоо БОАЖЯ-ны сайд,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан 2010 оны  05 дугаар сарын 17-ны өдрийн А-132/112  дугаар тушаалын Хууль бус  үйл ажиллагааны  улмаас  эвдрэлд орсон  газрын нөхөн сэргээх  ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлалыг үндэс  болгов. Хууль бус  ашиглалтаас газрын хэвлий, нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай  зардал экологи эдийн засгийн үнэлгээг дараахь байдлаар тооцов.      Д.Батцэрэнийн хууль бус ашиглалтын явцад 950м3 газар шороо, элс хайрга нэрвэгдэх дээрх хэмжээний  газрын төлөв байдал өөрчлөгдсөн байна. Үүнийг дүүргэн нөхөн сэргээлт хийх зардлыг оруулан дараахь байдлаар тооцов.

    1м3  орон зайд үүссэн экологийн хохиролыг  тооцохдоо нөхөн сэргээлтийн  ажлын зардлын үнэлгээг хэрэглэсэн болно. Энэ нь тусгайлан хөрс шорооны  овоолгоос хайрга, шороог экскеватороор ухаж ачин, автосамосвалаар тээвэрлэн авчирч хууль бус ашиглалтанд өртөгдсөн орон зайг  дүүргэн  бульдозероор түрж  тэгшлэх  ажлын зардал тусгагдсан. Нөхөн сэргээлт хийхэд гарах зардал  тусгагдсан.  Нөхөн сэргээлт хийхэд гарах зардал болон  дүүргэлт хийх зардлыг  үндэс болгон ухаж ачих, тээвэрлэх, түрж тэгшлэх, дүүргэлт хийх зардлуудыг дараахь байдлаар тооцоолов.

    Үүнд 1.0 м3  элс хайрга, шороог ухаж ачих зардал 180 төгрөг, тээвэрлэх зардал 50 нэгж, түрж тэгшлэх зардал 220 төгрөг болж байна.  Тэгвэл 1.0 м3   нөхөн дүүргэлт хийх зардал: 180+50+22=450 төгрөг/м3   болно гэвэл нийт хууль бус ашиглалтаас учирсан хохирлыг энэ  үнэлгээгээр тооцов. Х=950м3 х 450=428400 төгрөг болж байна. 

    Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь хэсэгт ...газрын  хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлийн экологи- эдийн засгийн  үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж заасан байдаг тул газрын хэвлийд учирсан хохирол нь 428.400 х 2=856.800 төгрөг болж байна.

    Ургамлын сан хөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн  үнэлгээ

         Ерөө сумын Ерөө голын дагуух  газрын ургамал нөмрөгийн экологи-эдийн засгийн  үнэлгээ, экологийн  хохирлыг байгаа материалдаа тулгуурлан  талбайд бэлчээрлэх малын тоо /даац/, түүнээс ашиглах ашиг шимийн  үзүүлэлтээр  тооцов.

Д.Батцэрэнгийн  хууль бус ашиглалтын үед ашиглалтанд өртөгдсөн талбайн хэмжээ 0.02 га

    1.Дээрх талбайд зуны дээд өвсний  ургац 2600 кг/га

    2.Нийт ургац 0.02 х 2600  кг/га = 52 кг болж байна.

    3.Энэхүү өвсийг  зах зээлийн нөхцөлд борлогдож байгаа үнээр тооцож үзвэл  25 кг жинтэй   1 боодол өвс 7500 төгрөг буюу 1 кг өвс 300 төгрөг болж байна.

    4.Дээрхи талбай дахь  ургамлын сан хөмрөгийн хохирлыг зах зээлийн үнээр тооцвол: 52 х 300=15600

    Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн  49.4.3 дахь хэсэгт зааснаар  ...ургамлын аймагт  учирсан хохирлыг  тухайн ургамлын  экологи-эдийн засгийн  үнэлгээг 5 дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээгээр  тогтооно гэж заасан байдаг тул ургамлын  аймаг учирсан хохирол нь  15600 х 5 = 78000 төгрөг болно.

    5.Ус ашигласан хэмжээ тодорхой бус  учир усанд  учирсан экологийн хохирлыг  тооцох боломжгүй болно.

    Д.Батцэрэнгийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн  талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол  болон нөхөн сэргээхэд шаардлагатай  зардал /2016+856800+78000/ нийт 936816 төгрөгийн  хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.

    Нийт эвдрэлд өртсөн талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй бөгөөд  нөхөн сэргээлт хийх шаардлагатай.

    Өмнө нь  уг талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн үед ашигласан аж ахуй нэгжүүд нь  нөхөн сэргээлт хийгээгүй орхисон газар юм...”  гэх дүгнэлт /хх-ийн 43-47 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/

Улсын бүртгэлийн хэлсийн лавлагаа /хх-ийн 65-66 дугаар тал/

Ерөө сумын Тавин багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 67 дугаар тал/

Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 69 дүгээр тал/

Банкуудын лавлагаа /хх-ийн 73-92 дугаар тал/

Д.Батцэрэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/

Д.Батцэрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-61 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч Д.Батцэрэн нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс мөн сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль экологид 856800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Х.Алтынтасын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 17-19 тал/, гэрч Н.Шинэжилийн /хх-ийн 20-21/, Б.Жавхлантөгсийн /хх-ийн 22-23/, Л.Лонжидын /хх-ийн 28-29/, М.Ганбаатарын /хх-ийн 30-31/, Ц.Уртнасангийн /хх-ийн 32/, М.Отгонбаярын /хх-ийн 35-36/ мэдүүлгүүд, шинжээчийн 18-05-038/21 тоот дүгнэлт /хх-ийн 43-47/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-14 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.Батцэрэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ялбагийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль эклогид 856800 төгрөгийн хохирол учоуулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Батцэрэнд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Д.Батцэрэнг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал олборлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Д.Батцэрэн нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь нь зүйтэй гэж шүүх үзэв.

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Шарнууд овогт Даваанямын Батцэрэнг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Шарнууд овогт Даваанямын Батцэрэнд 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Д.Батцэрэнд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4.Ялтан Д.Батцэрэн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ялтан Д.Батцэрэнд оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.  

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч Д.Батцэрэн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

8.Ялтан Д.Батцэрэнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ