Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/777

 

 

С.С, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Э.Мандахнаран,

хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаа, 

шүүгдэгч Б.Э,  

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/438 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.С, Б.Э нарт холбогдох 1909035241152 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй;

2. тоотод оршин суудаг,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 305 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 01 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч С.С нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто-замчдын гудамжинд “М” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлыг “Н” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан “Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна” 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.12-т заасан “Гүйцэтгэх ажлын онцлогтой холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үйлчлэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ.”, мөн дүрмийн 5.11.3-т заасан “Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММЗ 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй.” 6.1.1-т заасан “Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино.”, 9.1.3-т заасан “Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино,” гэсэн заалтуудыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангуулаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй гагнуурын ажил хийлгэсний улмаас цахилгаан гагнуурын оч хялбар авалцан асах хөөсөнцөр материалд хүрч, гал гарч захиалагч тал болох “Н” ХХК-нд 367.957.708 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто-замчдын гудамжинд “М” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 9.1.3-т заасан “Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй гагнуурын ажил хийсний улмаас “Н” ХХК-нд 367.957.708 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.С, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч С.Сад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн зардал болох 1.120.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтэст олгож,

шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 183.701.640 төгрөг гаргуулж, “Н” ХХК-д 83.701.640 төгрөгийг, “Б Д” ХХК-д 100.000.000 төгрөгийг,

Ц Б” ХХК-иас 130.701.640 төгрөгийг гаргуулж, “Б Д” ХХК-д 100.000.000 төгрөгийг, “Н” ХХК-д 30.701.640 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн нэхэмжлэлээс гэм хорын хохирол нэхэмжилсэн 405.512.345 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гэм хорын хохиролтой хамаарах шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч байгууллагаас тус тус  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, “Ц Б” ХХК-иас “Н” ХХК-д 53.000.000 төгрөг төлсөн болохын тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. С.С нь Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тухайд:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас зөрүүтэй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй дүгнэлт хийж С.Сад холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

Учир нь, С.С нь “Ц Б” ХХК-ийн нэрийн өмнөөс 2019 оны 6 сарын 18-ны өдөр “Н” ХХК-тай гэрээ байгуулсан, уг барилгын ажлыг Б.Э, Б.Пүрэвжав нараар гүйцэтгүүлж, уг ажилд хяналт тавьж байсан бөгөөд гагнуур хийхэд шатдаггүй материалаар хаалт хийх нөхцөл боломжийг хангаагүй, тодруулбал хаалт хийх шатдаггүй материалаар хангаагүйгээр холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар хангалттай нотлогддог тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан болно. Мөн гэм буруугийн хувьд хөнгөмсгөөр найдах хэлбэрийг агуулсан байна.

2. Шүүх “Шүүгдэгч С.СЦ Б” ХХК-ийн нэрийн өмнөөс 2019 оны 6 сарын 18-ны өдөр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О-тэй М цогцолборын 16 давхар оффисын барилгын гадна В1-15 давхарт цахилгаан шатны хонгилыг батлагдсан зураг төслийн дагуу угсрах ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2019 оны 6 сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний хавсралтаар “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах гэрээ”-г тус тус байгуулж, барилгын ажлыг Б.Э, Б.Пүрэвжав нараар гүйцэтгүүлж байсан гэх үйл баримт нэгэнт тогтоогджээ” гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтээ үгүйсгэсэн “Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан ба Б.Э нь “Ц Б” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдоогүй, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул “Ц Б” ХХК-ийг Б.Эын ажил олгогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэх эсрэг утга бүхий дүгнэлт хийж, ажил олгогч биш тул С.Сыг буруутгах боломжгүй гэж илт үндэслэлгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нөгөөтэйгүүр тухайн ажлыг гүйцэтгүүлж байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь “Ц Б” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан үүргийг хүлээхгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан. Тиймээс гэм хорын хохирлыг “Ц Б” ХХК болон түүний удирдлага ажил олгогч болох С.С хариуцна.

2. “Н-У” ХХК-д  учирсан хохирлын тухайд:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах зардлууд нь “Н-У” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохоор байсан болно.

Үүнд:

Зардлын төрөл

Мөнгөн дүн

  1.  

Эмчилгээ, шинжилгээний зардал

9,045,975

  1.  

Галын дараах барилгын оношилгоо, шинжилгээний төлбөр

4,706,000

  1.  

Цахилгаан шатны хонгил угсрагдаагүйн улмаас үүссэн хохирол

208,014,956

  1.  

Галын улмаас үүссэн барилгын гадна заслын зардал

174,788,246

  1.  

Галын улмаас үүссэн барилгын дотор засал, цэвэрлэгээний зардал

126,551,587

  1.  

Түрээсийн гэрээ зөрчигдсөний улмаас үүссэн алдагдал

89,049,333

 

Нийт хохирол

612,156,107

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг судалж үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 сарын 4-ний өдрийн 47 дугаартай дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхээс хохирлын хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны баримт гэж үнэлж гэмт хэргийн улмаас “Н-У” ХХК-д учирсан хохирлыг 367.403.281 төгрөгөөр тогтоох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 сарын 4-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт нь дараах үндэслэлээр эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн, бүрэн гүйцэд дүгнэлт биш тул шүүх уг дүгнэлтийг баримтлах ёсгүй байсан болно. Үүнд:

1. Шинжээчийн дүгнэлтийн 1-р асуултын хариултад “П” ХХК-ийн 2019 оны 12 сарын 9-ний өдрийн шинжээчийн тайланг эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гэж үзэхээргүй байна” гэсэн байдаг. “П” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хохирлын үнэлгээ гаргах эрхтэй компани болно. Гэтэл “П” ХХК-ийн шинжээчийн тайланг ямар үндэслэлээр эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гэж үзэхгүй байгаа үндэслэлээ тодорхой дурдаагүй байна.

2. Шинжээчийн дүгнэлтийн 2-р асуултын хариултад ““М а” ХХК-ийн 2021 оны 3 сарын 02-ны өдрийн дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна” гэжээ. Энэ нь дараах тайлбараар үгүйсгэгдэнэ. Үүнд:

  • Мед клиник эрүүл мэндийн төвийн 1,304.02 ам.долларын Н.Мгийн төлбөрийн баримтыг эх хувиар нь шаардан авах боломжтой байтал шаардан авахгүйгээр эх баримтгүй гэдгээр үндэслэлгүйгээр үнэлж үзээгүй байна. Мөн цэргийн төв эмнэлгийн төлбөрийн баримтын хувьд ч эх хувь баримтыг шаардан авах боломжтой баримтууд байгаа бөгөөд дахин давтагдашгүй дугаартай, QR кодтой дансны гүйлгээний хуулгаар баталгаажиж байгаа болно.
  • Галын дараах барилгын оношилгоо шинжилгээний төлбөрийг 4,706,000 төгрөгөөр тогтоосон нь шинжилгээнд ирүүлсэн баримтаар 4,731,000 төгрөг байна.
  • Галын улмаас үүссэн дотор засал цэвэрлэгээний зардлыг 24,247,000 төгрөгөөр тогтоосныг санхүүгийн баримт шинжилгээнд ирүүлээгүй гэсэн боловч тухайн хохирлыг тооцох баримт байгаа болно.
  • Гал гарсны улмаас бетон цутгах ажил хийлгэх шаардлага үүссэн тул хохирол тооцогдох боломжтой байтал түүнийг харгалзан үзээгүй.

3. Шинжээчийн дүгнэлтийн 4-р асуултын хариултад 367,403,281 төгрөгийн зардал гарсан хэмээн үзэхэд 1,288,100 төгрөгийн эмнэлгийн эмчилгээний төлбөрийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохоор байна хэмээн үзсэн байдаг. Гэтэл хохиролд зөвхөн цахилгаан шатны хонгил угсрах ажлын зардал болон заслын ажил, материалын зардал тооцохгүй гал гарсны улмаас барилгад байсан ажилчид үйлчлүүлэгчид угаартаж хордсон, эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн тул хохиролд тооцогдох бүрэн боломжтой болно.

Мөн “Лифтийг ашиглалтад оруулахад солих шаардлагатай сэлбэгийн 52,966.46 ам.долларын, “Мянганы Сорилын Сан”-д үзүүлсэн түрээсийн хөнгөлөлтийг галын улмаас үүссэн хохирол мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохоор байна” гэжээ. Хохирол үүссэн эсэхийг санхүүгийн хувьд тогтоолгохоор шинжээч томилсон атал дүгнэлтийг бүрэн гаргалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд байхгүй байдлаар хариулж байгаа нь хууль зөрчсөн байна. “Н-У” ХХК-ийн зүгээс шаардлагатай нотлох баримтыг 2021 оны 6 сарын 02-ны өдөр өгсөн болно.

Гал гарсан МРМ тауэр барилгын L3 лифтийг ашиглалтад оруулахад солих шаардлагатай сэлбэг нь 52,966.46 ам.доллар болно. Энэхүү лифтийг бид 2019 оны 4 сарын 25-ны өдөр “Шримэкс” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 87,147.50 ам.долларын өртөгтэйгөөр худалдан авч 2019 оны 9 сард лифтийг угсарч байсан бөгөөд энэ үед гал гарч лифтний тодорхой эд анги шатаж гэмтэн 52,966.46 ам.долларын хохирол учруулсан. Уг лифтийг 2021 оны 5 сард дахин угсарч ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлын хүрээнд бэлтгэн нийлүүлэгч компани болон “Ш” ХХК-д хандан гэрээ байгуулан дээрх үнийн дүн бүхий сэлбэг хэрэгсэл шаардлагатай гэсний дагуу 52,966.46 ам.долларын сэлбэгийн захиалга өгч, эхний төлбөрүүд 2021 оны 3, 5 дугаар саруудад хийгдсэн. Уг галын хэрэг нь 2019 оны 9 сарын 10-ны өдөр гарсан бөгөөд гэмтлийн мэдээлэлд 2019.9.27-ны өдөр солих шаардлагатай сэлбэгүүдийг тодорхойлсон жагсаалт гаргасан байхад цаг хугацааны зөрүүтэй хэмээн үзэж үнэлэхгүй орхисон нь үндэслэлгүй байна.

Манай компани АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай оффис түрээсийн гэрээ хийгдсэн. Галын хохирол гарах хүртэл хэвийн үйл ажиллагаатай явж байсан буюу сарын түрээсийн төлбөр болох 68,300,000 төгрөгийг төлж байсан бөгөөд 2019.9.10-нд гарсан гал түймэртэй холбоотойгоор тухайн байгууллагын үйл ажиллагаа 10 хоногоор тасалдсан. Мянганы сорилгын корпорацийн зүгээс хүргүүлсэн шаардлагын дагуу бид тухайн хохирол болох 22,766,667 /10 хоногийн түрээсийн төлбөр/ төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ нь дансны хуулга, албан бичиг, харилцагчийн тооцоогоор батлагдаж байгаа. Тиймээс 22,766,667 төгрөг хөнгөлсөн нь гал гарсны улмаас болсон. Хэрэв ийнхүү хөнгөлөөгүй бол гэрээ цуцлагдаж бүр их хохирол хүлээх байсан. Тиймээс гал гарсны улмаас учирсан хохиролд тооцох бүрэн боломжтой. Гэтэл шинжээчийн зүгээс яагаад хуулийн ямар үндэслэлээр хохиролд тооцохгүй байгаа, мөн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохоор байна гэж хууль зөрчин хариулсан байна.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 сарын 6-ны өдрийн 47 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4-д зааснаар шинжээчид нэмэлт нотлох баримт бүрдүүлэх эрх нь байхад хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийсэн мэт байгаа нь эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнэж чадаагүй байна.

Түүнчлэн уг шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар “Н-У” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Сайнбаярын зүгээс удаа дараа хүсэлт гаргаж, дээд шатны прокурор болох Нийслэлийн прокурорын газар, Монгол Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж байсан ч хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх үндэслэлээр хүлээн аваагүй байдаг.

Тиймээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь 2021 оны 4 сарын 6-ны өдрийн 47 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд шинжээчийн үүргийг зааж 14.1.1-т “шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх”, 14.1.2 “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэж тус тус үүрэг болгон заасныг зөрчсөн байна.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэж, бусад дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заахаар зохицуулсан. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 сарын 6-ны өдрийн 47 дугаар Шинжээчийн дүгнэлтийг баримтлахдаа бусад дүгнэлтийг үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй /заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй/, зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 сарын 6-ны өдрийн 47 дугаар шинжээчийн дүгнэлтээр бусад дүгнэлтийг үгүйсгэж байгаа учраас л уг дүгнэлтийг үндэслэл болгосон байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох гэж заасан нь хохиролд тооцогдохгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд уг зардлыг хохиролд тооцох эсэх талаар шүүх дүгнэлт хийх ёстой байсан болно.

Дээрх байдлаар С.Сыг гэм буруугүйд тооцож, “Н-У” ХХК-ийн учирсан хохирлыг буруу тооцсон нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3-т тус тус заасныг ноцтой зөрчиж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4-т заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Иймд гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 2022/IШЦТ/423 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, С.Сыг гэм буруутайд тооцож, “Н-У” ХХК-д учирсан хохирлын 612,156,107 төгрөг, энэ дүн дээр “Ш” ХХК-иас 52,966.46 ам.доллар /Монголбанкны 2020.9.16-ны өдрийн буюу иргэний нэхэмжлэл гаргасан үеийн хаалтын ханшаар бодвол 151,184,815 төгрөг/-аар сэлбэг захиалж авсан дүнг нэмж хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 1.4-т хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил үүргээ гүйцэтгүүлж байгаа бол хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтантай адилтган үзэх зөвлөмж гаргасан. Үүний дагуу үзэхэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажилтны учруулж байгаа хохирлыг тухайн байгууллага хариуцахаар зохицуулсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг барихгүйгээр Иргэний хуулийн 510 дугаар заалтыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд шууд иргэн хохирол учруулах зохицуулалттай. Гэтэл энэ хэрэгт “Ц Б” компани хохирол учруулсан гэдгийг шүүхийн шийдвэрт дүгнэсэн атлаа ажилтнаас хохирлыг гаргуулахаар зааж байгаа нь энэхүү зөвлөмжийг зөрчсөн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хохирлын мөнгөн дүн дээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Содномцогийн хувьд Шүүхийн шинжилгээний тухай хуульд байхгүй хариултыг мөрдөн байцаагч болон прокурорын асуултад хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 52996 ам.долларт холбогдох энэхүү хохирлын асуудлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээч дахин бүрдлийн ажиллагаа хийхгүй, бүрдэл хийгдсэн ажилд дүгнэлт гаргана гэж байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлт өгсөн нь хууль зөрчсөн. Үүний улмаас “Н-У” компани 170 сая төгрөг гаргуулах боломжгүй. Барилга нь шатсан, хохирсон нөхцөл байдалтай байна. 1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудаст хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байцаагчийн дүгнэлтэд гүйцэтгэгч компани өөрсдөө эрсдэлийн үнэлгээг гаргаж, ажлыг гүйцэтгэнэ. Гэтэл энэ үүргээ гүйцэтгээгүйн улмаас гал гарсан. Шатамхай материалын ойр орчим гагнуурын үйл ажиллагаа хийх гэж байгаа бол шатахгүй хаалтаар халхалж гагнуурыг хийх ёстой. Энэхүү үүргээ гүйцэтгээгүй. Энэ нь болгоомжгүй, хөнгөмсгөөр найдсан хэлбэр байна. Өөрөөр хэлбэл, хаалт хийхгүйгээр гагнуур хийснээр гал гаргахгүй хийж чадна гэсэн итгэл үнэмшилтэйгээр хийсний улмаас гал гарсан. Хохирлын мөнгөн дүн дээр харамсалтай байна. Учир нь, 170 сая төгрөгийг гаргуулах боломжгүйгээр шийдэж байна. Хохирлын талыг нь Б.Эаар, талыг нь “Ц Б” компаниар гаргуулахаар шийдэж байгаа нь хуулийн зөрчлийг үүсгэж байна. Б.Э энэхүү компанийн ажилтан гэдэг нь мэдүүлгээс харагддаг. Тухайн өдөр ажиллаж байсан уу, ажиллаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, гарын үсгээ зурж ажилласан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх нь тухайн компани, ажилтан хоёрын хоорондын асуудал. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол зөрчилд тооцогдож 500.000 төгрөгөөр торгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь төлөө “Н-У” компанийг буруутгах үндэслэл байхгүй. Тийм учраас буруутай компани хохирлыг бүрэн хариуцах ёстой. Харин буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо “Ц Б” компани ажилтан С.С, Б.Э нараас гаргуулж шийдэх нь зүйтэй байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлж байна. Шинэчилсэн өөрчлөлтийн дагуу энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй байгаа болохоор гомдол дурдсан агуулгаар шүүхээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирлыг бүрэн гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Учир нь “Ц Б” компаниас хохирогч нарын хохирлыг нэхэмжилсэн нийт дүнгээр гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Энэ нь ямар нэгэн байдлаар оногдуулсан ялын зүйлчлэл болон оногдуулсан ялын хэмжээнд хүндрүүлсэн байдал биш тул гомдолд дурдсан агуулгаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.  

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанийн байр суурийг өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нар ярьсан. Ажил олгогч “Ц Б” компани нь Б.Эын ажил олгогч мөн үү гэдэг дээр дүгнэлт илэрхийлсэн учраас шүүгчийн асууж байгаа асуулт буюу “Н-У” компани барилгын ажил эхлэхээс өмнө “Ц Б” компани эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, гаргаж өгөх үүрэгтэй гэсэн заалт гэрээнд байна. Энэ заалтыг яагаад биелүүлээгүй юм бэ гэж асууж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т эрсдэлийн ерөнхий үнэлгээ байхыг шаардаагүй. Харин эрсдэлийн үнэлгээ байхыг шаардаж байгаа. Эрсдэлийн үнэлгээ “Н-У” компаниас гаргаж өгөөгүй нь гүйцэтгэгч компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийг хангаж ажиллах хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т ажлын байрны эрсдэлийн үнэлгээ гэдэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т эрсдэлийн үнэлгээ гэж ажлын байрны эрсдэлд өгөх үнэлэлтэд өгөх үйл явцыг хэлнэ гэж заасан. Ажлын байр гэдэг нь мөн хуулийн 3.1.9-т  ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг хэлнэ гэж тодорхойлсон. Гэтэл эрсдэлийн ерөнхий үнэлгээ гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасан эрсдэлийн үнэлгээ буюу ажлын байр гэж ойлгох боломжгүй нэр, томъёоноос эхлээд тусдаа асуудал байгаа. Энэ ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хуулиар тухайн ажил олгогч буюу ажлыг гүйцэтгүүлж байгаа компани хариуцаж хийх ёстой. Яагаад гэхээр “Ц Б” компанийн ажил хийж байгаа хүмүүсийн ажил нь “Н-У” компанийн ажлын байранд ажиллаж байгаа хүмүүс биш. “Н-У” компанийн ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байранд нь тохирсон эрсдэлийн үнэлгээ хийж өгөх ёстой. Гэрээнд эрсдэлийн ерөнхий үнэлгээ гэж л заасан. Гэрээнд ингэж заасан учраас бид нар ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хариуцахгүй гэж ёс зүйгүй байдал гаргаж, галын аюулгүй байдлын горим, журмаа зөрчсөн, их хэмжээний хохирол учруулчихаад ингэж ярихыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс “Ц Б” компанийг лифтний фасад угсралтын ажлын гүйцэтгүүлэхдээ барилгын норм, дүрэмд холбогдох заалтыг цахилгаан шатны цахилгаан хийн гагнуурын ажлыг тухайн түвшинд болон түүнээс доогуур байрлалтай хийх ажлын байранд нь шатамхай материалаас 5 метрээс багагүй, тэсрэх аюултай төхөөрөмжөөс 10 метрээс багагүй байна гэж заасныг биелүүлээгүй. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны 4.6-т ажил гүйцэтгэх үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгүүлж байгаа  байгууллага хариуцна гэж тодорхойлогдсон. “Н-У” компанийн ажлыг гүйцэтгэж байгаа үндсэн гүйцэтгэгч нь “Ц Б” компани. Хууль, дүрэм, журмаараа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах үүрэг нь “Ц Б” компани. Анхан шатны шүүхээс “Ц Б” компанийг буруутай үйл ажиллагаа тогтоогдсон учраас иргэний хариуцагчаар тогтоосон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчаар манай компанид учирсан хохирол 763 сая төгрөгийн хэмжээнд “Ц Б” компанид оногдуулж өгнө үү...” гэв. 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б Д компани нь “Н-У” компанитай 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 14C1960262 дугаартай эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. Уг даатгалын гэрээгээр М цогцолбор барилгыг бүхэлд нь даатгуулсан. “Н-У” компаниас 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “MPM” комплекст гал гарсан гэж манай байгууллагад нөхөн төлбөр олгож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Анхан шатны шүүхээс хариуцагч нарт адил тэнцүү хэмжээтэй 100 сая, 100 сая төгрөгийг хувааж гаргуулахаар шийдвэр гаргасанд өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэмт хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. “Ц Б” компани Б.Эыг ажиллуулж байсан. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсантай адил ажил олгогч үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар нийт 200 сая төгрөгийг “Ц Б” компаниас гаргуулж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч С.С тус шүүх хуралдаанд “гаргах тайлбаргүй” гэв. 

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд “гаргах тайлбаргүй” гэв. 

Шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын эхний хэсэг болох С.Сыг гэм буруугүйд тооцсон нь үндэслэлгүй гэдэгт дараах тайлбарыг хэлье. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар тогтоосон журмыг зөрчсөн зүйлгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэрэгт хамаарал бүхий дүгнэлтүүд хийж хэргийг шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас С.С гэдэг хүнийг яллагдагчаар татаж шийдвэрлэсэн үндэслэл буруу байсан. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байсан. Яагаад гэмт хэргийн хувьд субъектийг буруу тогтоосон. Анхан шатны шүүхээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд нэг удаа буцаасан. “Ц Б” компанийн удирдлагыг буруу тогтоосон гэдэг асуудал гарч ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулж “Ц Б” компанийн захирал Одмөнх гэдэг хүн байсан гэдгийг тогтоож, Одмөнхийг яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийн хувьд С.С субъектын хэв шинжийг хангахгүй байна. Субъектийн субъектив талын гэм буруугийн шинж, болгоомжгүй гэмт хэрэг нь хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах гэсэн 2 шинжээр үйлдэгддэг. Болгоомжгүй үйлдэл гаргаж байгаа этгээд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал бий болох боломжтойг урьдчилан мэдсэн байх шинжийг хангадаг. С.Сын хувьд энэ гэмт хэрэг гарах нөхцөл, боломжийг мэдсэн байх, мэдэх боломжтой байх этгээд нь биш. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байсан. “Ц Б” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Баярсайхан гэж хүн байсан ба нас барсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ этгээдийн өгсөн мэдүүлгээр Б.Эт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Сувъектив талын шинжээрээ Б.Э энэ гэмт хэргийн шинжийг хангаагүй байна. Гэмт хэргийн улмаас гарсан бодит хохирлыг эрүүгийн журмаар шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүхээс хохирлын талаар шийдвэрлэсэн хууль ёсны болсон. “Н-У” компани “Ц Б” компани хоёрын хооронд 259 сая төгрөгийн ажил гүйцэтгэх ажлын асуудал яригддаг. Мөнгөний зөрүүний асуудлыг анхаарч үзээрэй гэж хүсэж байна. “Н-У” компани барилга буюу М компанийн барилга гэж нэрлэж байгаа барилга дээр өмнө нь гадна лифт байгаагүй. Гадна лифтний фасадыг угсрах явцад үүссэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудал яригдах болохоос тухайн лифтийг угсрах, дахин засварлах, бүх хохирлыг шаардах үндэслэлгүй. “Ц Б” компани болон шүүгдэгч нар нь ямар хохирлыг барагдуулах ёстой гэхээр тухайн ажлыг гүйцэтгэх явцад гал гарахаас өмнөх байдалд нөхөн сэргээхэд бий болж байгаа хохирол, зардлыг хариуцах ёстой болохоос биш лифтний ажлыг бүрэн гүйцэд дуусгах, бүрэн гүйцэд засварлах бүхий л зардлыг хариуцах нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш. Нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь нээлттэй үлдээсэн учраас хохирлыг давж заалдах шатны шүүхийн журмаар өөрчлөх шаардлаггүй байна...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг С.С, Б.Э нарт холбогдох 1909035241152 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилгүй байна.

 “Ц Б” компани “Н” ХХК нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу:

  1. С. Сайнбат нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто-замчдын гудамжинд “М” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлыг “Гүйцэтгэгч” талын хувьд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хийж гүйцэтгэхдээ:

“... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан “Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28.1.4. Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх,

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн: 4.12. Гүйцэтгэх ажлын онцлогтой холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үйлчлэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ., 5.11.3. Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММЗ 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй., 6.1.1. Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино, 9.1.3.Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино. ...” гэсэн заалтуудыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангуулаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй гагнуурын ажлыг Б.Эаар хийлгэсний улмаас,

2.  Б.Э нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто-замчдын гудамжинд “М” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр биечлэн гүйцэтгэх явцдаа гагнуурын ажлыг “...Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 9.1.3.Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино. ...” гэсэн заалтыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй гагнуурын ажил хийсний улмаас,

цахилгаан гагнуурын оч хялбар авалцан асах хөөсөнцөр материалд хүрч, гал гарч захиалагч тал болох “Н” ХХК-нд их хэмжээний хохирол учирсан болох нь:

хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Биндэръяагийн: “...2019 оны 6 дугаар сард “Ц Б” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компани нь манай МРМ цогцолборын арын хэсэгт цахилгаан шатны өргөтгөлийн хэсгийг хийж, гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 9 сарын 10-ны өдөр тус барилгад гал гарсан. Энэ нь тухайн байгууллагын ажилчдын буруутайгаас ба манай компанид их хэмжээний хохирол учирсан. ...Манайх албан ёсоор үнэлгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан, манай компанид нийт 763.353.104 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Манай компани Б Даас 200.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан. “Ц Б” ХХК-тай 276.160.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн ажил 80 хувьтай байсан. Манай компани гал гарсны дараа тэр ажлыг бүрэн зогсоож тухайн өргөтгөлийг буцаан буулгасан. Одоо манай компани байраа анхны байдалд нь оруулж зассан байгаа. Нийт хохирол 7.63.353.104 төгрөгийн хохирол учирсан үүнээс даатгалын байгууллагын 200.000.000 төгрөг “Ц Б” ХХК-иас буцаан шилжүүлсэн 53.000.000 төгрөгийг хасаж, нийт 510.353.104 төгрөг, мөн мэргэжлийн улсын байцаагчийн гаргасан шинжээчийн төлбөр болох 420.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1-р хх 39-41/,

      гэрч Л.Майсайханы: “...2019 оны 6 дугаар сараас “Ц Б” ХХК-ийн захирал Сайнбат надтай уулзаад, М компанийн оффисийн барилгын гадна лифт угсралтын ажил байгаа талаар ярилцсан. “Ц Б” ХХК-ийн үндсэн 8 ажилтан байсан. Үүн дээр нэмж тухайн ажлын шаардлагаар туслах ажилтан буюу цагийн ажилтан авч, ажиллуулж байсан. ...Анх надаас Сайнбат миний гэрчилгээ зэргийг авахад, бусад ажилтан нар нь болсон, бүгд мэргэжлийн гэсэн. Би ер нь бол ажлын үнэмлэхийг шалгах үүрэгтэй, Эрдэнэбаяраас ажлын үнэмлэх байгаа юу гэхэд, ажиллаж байсан газраасаа аваагүй гэсэн. Би Сайнбатад өгөөрэй гэж хэлсэн. ...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагаас ажил эхэлсэн. Ажилчдыг ажил эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулж гарын үсэг зуруулж ажилд гаргасан. 14-15 давхрын орчим гагнуур хийж байсан. Пүрэвжав, Эрдэнэбаяр хоёрын ажиллаж байсан хэсгээс гал гараад эхэлсэн...” /1-р хх-ийн 46-47/,

гэрч Б.Пүрэвжавын: “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Эм Пи Эм" барилгын 15 давхарт гадна талын юүлк дээр Баярын хамт гагнуурын ажил хийж байсан. ...Тэгтэл гагнуурын оч унаж, гал гарсан. Гагнуурын оч барилгын голд байдаг хөөсөнцөр дээр унасан юм. ...галын хор цацахад гал унтраагүй. Улам асаад барилга руу буюу юүлк рүү орсон. Гэтэл юүлкэнд байсан барилгын хөөс шатаж дэлбэрч эхэлсэн. ...Гагнуурын оч барилгын дулаалга хийж байсан хөөсөнцөр дээр унаж гал гарсан. Бид хоёрыг ажилд гарахад Май гэх хүн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, гарын үсэг зуруулсан...” /1-р хх 50-51/,

гэрч Н.Энхбадралын: “...Би дээрх ажилд Сайнбаттай хамтарч гэрээ хийж ажилласан зүйл байхгүй. Танилууд болохоор барилгын ажил дээр ажиллах хүн олоод өгөөч гэсэн. Тэгээд би өмнө нь танил болох Майсайхан, Эрдэнэбаяр гэх хүмүүсийг уулзуулж байсан. Тэд нар ажилласан байх. Нарийн зүйлийг бол мэдэхгүй. ...” /3-р хх 82-83/,

Б.Эын яллагдагчаар өгсөн “...Би хувиараа барилгын ажил хийдэг. 2019 оны хавар “Ц Б” ХХК-ийн захирал Сайнбаттай танилцсан. Ингээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МРМ” барилгын гадна талын цахилгаан шатны хонгилын угсралтын ажлыг хийж эхэлсэн, ...15-16 давхрын хоорондох гагнуурын ажил хийж байх үед миний гагнуурын алхнаас оч үсэрсэн ба тухайн оч нь барилгын үндсэн ханын хөөсөнцрийн хэсэг рүү унасан. Энэ үед анзаараагүй ба удаагүй утаа гараад гал гарч эхэлсэн. Намайг үндсэн ажилтнаар авна гэж байсан. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Цалинг яг тэд гэж тохироогүй. Ажил эхлэх явцад 1.000.000 төгрөг өгсөн. Ажил дууссаны дараа цалин өгнө гэж ярьж байсан, ...надад гагнуурчны үнэмлэх байхгүй. Гагнуурыг хүн хийж байхыг нь хараад сурсан. ...Гагнуурын ажлыг би хийж байсан. Өөр гагнуур хийж байсан хүн байхгүй. Пүрэвжав надад тусалж байсан...” /1-р хх 247-248/,

С.Сын яллагдагчаар өгсөн “...Би Энхбадрал гэх хүнтэй гэрээ хийж, тус ажлыг хийлгэсэн. Тэгэхдээ өөрийн биеэр тухайн ажил хийх хүмүүсийн бичиг баримт, техник хэрэгслийг үзсэн, судалсан зүйл байхгүй. Би өдөр болгон ажлын явцтай танилцаж, Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зааварчилгаа өгч байсан.” /3-р хх 89-90/ гэх мэдүүлгүүд,

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 313/2216 дугаартай дүгнэлт: “...Гал түймэр нь тухайн барилгын ертөнцийн зүгээр хойд талд байрлах цахилгаан лифтний гадна талын фасадны дээд талын үзүүрээс 3 м орчим доор гагнуур хийж байсан хэсгээс гал түймэр гарч, улмаар тэгш өнцөгт хэлбэрээр тархсан байна.

Ил галын улмаас гал түймэр гарсан байна. Тухайн гал түймэр гарсан хэсэгт цахилгаан гагнуурын ажил явагдаж байсан бөгөөд цахилгаан гагнуурын оч хялбар авалцан асах хөөсөнцөр материалд хүрснээр гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна.

Тухайн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх асуудлыг ажил хийж гүйцэтгэсэн хуулийн этгээд аюулгүй байдлыг бүрэн хариуцаж хийх ёстой." гэх дүгнэлт /1-р хх 72-73/, 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч С.Содномцогийн 2021 оны 4 сарын 6-ны өдрийн №47 дугаартай: “...“Н” ХХК-ийн гаргасан 367.403.281 төгрөгийн зардлыг 2019 оны 09 сарын 10-ны өдрийн “МРМ” тауэрын барилгын хэсэгт гал гарсны улмаас үүссэн хохирол гэж үзэхээр байна.” гэх дүгнэлт /1-р хх 197-202/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХАБ-24/20 дугаартай: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-д заасан аюулгүйн шаардлагыг хангаагүй нөхцөлд гагнуурын ажил хийж гүйцэтгэж байсан байна.

Ц Б” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1./Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна. 28.1.4./ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/ гэж заасны дагуу ажлын байр, орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.12.2./Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэгч (барилгын талбайн даамал, хэсгийн инженер, хэсэг хариуцсан ахлагч г.м)-д өгнө, Ажил эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч, ажилчдад аюулгүй ажиллагааны арга хэмжээтэй заавал танилцуулж, ажил гүйцэтгэх зөвшөөрөл дээрх зааварчилгааг албан ёсны болгон гарын үсэг зуруулж хадгална/, мөн Э.Цахилгаан ба хийн гагнуурын ажлыг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага: 9.1.3 Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино/ гэж заасан аюулгүйн шаардлага хангагдаагүй /шатдаггүй хамгаалалтын бамбай буюу гагнуурын оч баригч ашиглаагүй/-ээс гал түймрийн осол гарсан байна.

Ц Б” ХХК нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.6 /Машин, төхөөрөмж, цагт ажиллагааг гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд ...ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна, 6.1.1. Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийн аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч нь болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг хангуулаагүй, шатамхай бодис, материалын орчинд гагнуурын ажил гүйцэтгэхдээ гал гарч болзошгүй ажлын хэсэгт хаалт, хамгаалалт хийгээгүй /гагнуурын оч баригч буюу шатдаггүй бамбай ашиглаагүй/ байна.

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.12.Гүйцэтгэх ажлын онцлогтой 1 холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үйлчлэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ гэж заасны дагуу аюултай хүчин зүйл /галын аюул/ үйлчлэх бүс орчинд /гагнуурын ажил/ гүйцэтгэхдээ зөвшөөрөл аваагүй, мөн дүрмийн 9. Цахилгаан ба хийн гагнуурын ажлыг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага 9.1.3.Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд доогуур байрлалтай эгнээнүүд “шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй үед ажлын байрууд нь шатамхай материалаас 5 м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал төхөөрөмжөөс (хүчилтөрөгчтэй баллон, хийн генератор ба бусад) 10 м-ээс багагүй радиуст байвал зохино гэж заасан шаардлага хангагдаагүй, шатдаггүй хамгаалалтын бамбай буюу оч баригч ашиглаагүйгээс гал гарах шалтгаан болсон.” гэх дүгнэлт /1-р хх 174-176/,

хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 15-27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.Эын гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглахгүйгээр хөөсөнцөр материал дээр гагнуур хийж, “Н” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үйл баримт хэрэгт нотлогдон тогтоогдсон байх ба Б.Эын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэргийн “...Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ...их хэмжээний хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүх Б.Эыг бусдын эд хөрөнгийг  болгоомжгүйгээр устгаж, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаан дотор яллагдагчаар татаагүй үндэслэлээр /1 хх 240/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Б.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.   

              Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн... бол яллагдагчаар татаж болохгүй.” гэж заасан. Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн бөгөөд түүний энэ үйлдэлд прокуророос 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1909035241152 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Б.Эыг яллагдагчаар татжээ.  

Харин шүүгдэгч С.Сын:

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т  “Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28.1.4. Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх,...” заасан болон “Н-У” ХХК-тай хийсэн гэрээнийхээ дагуу эрсдэлийн үнэлгээ хийгээгүй,

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн “...4.12. Гүйцэтгэх ажлын онцлогтой холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үйлчлэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ, 5.11.3. Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММЗ 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй., 6.1.1. Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино. ...” гэсний дагуу гагнуурын ажил гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй атлаа:

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн “... 9.1.3.Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино. ...” гэсэн заалтыг зөрчиж, гагнуурын ажлыг хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй Б.Эаар гагнуур хийлгэж, “Н” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх “...эс үйлдэхүй гэж дүгнэж, гэрээний заалтын дагуу захиалагч тал болох “Н” ХХК-ийг эрсдэлийн үнэлгээ хийлгэх болон хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хариуцах ёстой...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тус фасадны ажлыг гүйцэтгэх бүхий л ажлыг бэлэн болгож, бэлтгэл ажлыг бүрэн хийсний дараа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлснийхээ эцэст гэрээний ажлаа хийж гүйцэтгэх эрх нь тус ажлыг гүйцэтгэгч тал “Ц Б” ХХК-д байжээ.

Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр С.Сыг ажил олгогч биш гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн нь үндэслэлгүй байна. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Н” ХХК, “Ц Б” ХХК нарын хооронд “...М цогцолборын 16 давхар оффисын барилгын гадна В1-15 давхарт цахилгаан шатны хонгилыг батлагдсан зураг төслийн дагуу угсрах ажил...” хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох “Ц Б” ХХК нь гүйцэтгэх ажлынхаа гагнуурын ажлыг Б.Эаар хийлгэсэн болох нь С.С, Б.Э, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад Б.Эыг сайн дураараа тус ажлыг хийж байгаа мэт дүгнэж, гэрээний дагуу хийх “Ц Б” ХХК-ийн ажлыг гүйцэтгэж байсан үйл баримтыг үгүйсгэсэн анхан шатны дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Сын “...дээр дурдсан зохих хууль журмыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангуулаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй Б.Эаар гагнуурын ажил хийлгэсэн...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ...их хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэх эрхийг давж заалдах шатны шүүхэд олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон...” тул  прокуророос С.Сад холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэл давж заалдах шатны шүүхэд байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарын хамтран гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Сыг гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  367,403,281 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэж, гаргуулахаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Б.Эаас 183,701,640 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэргийн нэг талын оролцогчийн гаргасан санхүүгийн баримтын хүрээнд, хөрөнгийн үнэлгээ тогтоох эрхтэй “П” ХХК-ийн гаргасан дүгнэлт дэх  мөнгөн дүнгийн хэмжээгээр хохирол, хор уршгийг тогтоож, шийтгэх тогтоолоор “Ц Б” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй ба анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлын “...“Н-У” ХХК-д учирсан хохирлын 612,156,107 энэ дүн дээр “Ш” ХХК-иас 52,966.46 ам.доллар /Монгол банкны 2020.9.16-ны өдрийн буюу иргэний нэхэмжлэл гаргасан үеийн хаалтын ханшаар бодвол 151,184,815 төгрөг/-аар сэлбэг захиалж авсан дүнг нэмж хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Шийтгэх тогтоолд гаргасан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...“Ц Б” компаниар хохирлыг төлүүлэх...” агуулга бүхий хэсэг үндэслэлтэй байна.

Учир нь, “Н” ХХК, “Ц Б” ХХК нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан NU2019018 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” /1-р хх-ийн 148-152/-ний дагуу “Ц Б” компанийн хийх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто-замчдын гудамжинд “М” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлын нэг хэсэг болох гагнуурын ажлыг шүүгдэгч Б.Э нь гүйцэтгэх буюу хийх явцдаа “Н” ХХК-д 367,403,281 төгрөгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан “Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага”-ийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар барилгад гарсан галын улмаас учирсан хохирлыг гүйцэтгэгч “Ц Б” ХХК бүрэн хариуцан төлж барагдуулах нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илт болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. ...” гэж зааснаар иргэний нэхэмжлэлээ гарган иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь “Н” ХХК-д нээлттэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/438 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дугаар заалтад “...Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 183.701.640 төгрөг гаргуулж, “Н” ХХК-д 83.701.640 төгрөгийг, “Б Д” ХХК-д 100.000.000 төгрөгийг, “Ц Б” ХХК-иас 130.701.640 төгрөгийг гаргуулж, “Б Д” ХХК-д 100.000.000 төгрөгийг, “Н” ХХК-д 30.701.640 төгрөгийг тус тус олгож, ...” гэснийг “...Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Ц Б” ХХК /регистр №5232422/-иас нийт 314,403,281 (гурван зуун арван дөрвөн сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуун наян нэг) төгрөгийг гаргуулж:

- “Б Д” ХК-д 200,000,000 төгрөгийг,

- “Н” ХХК /регистр № 2872072/-д 114,403,281 төгрөгийг тус тус олгож, ...” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...”Ц Б” компаниас хохирлыг гаргуулах...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                      ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ