| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0144/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2017-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 162
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Л.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001060036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн 209 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жилийн хорих ял оноож мөн хугацаанд тэнсэн харгалзсан, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ял, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял оноож мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Боржигон овогт Алтангэрэлийн Болдбаатар РД: /МЮ-80100978/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Болдбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Отгонжаргалын гэрийн үүдний амбаарт иргэн С.Амарбаясгалангийн хүзүүн тус газар нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Болдбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой цаг агаарын байдал муу байсан тул 1 өдөр амрахаар даргатайгаа хамт Сүхбаатар суманд орж ирсэн. Гэртээ ирээд байж байтал хадам ээж орж ирээд манай эхнэрийн дүү Бүрэнтөгсийг хүмүүстэй архи уугаад байна “очоод аваад” ирье” гэж хэлээд манай эхнэр болон надтай хамт явсан. Ингээд Отгонжаргал гэдэг айлд очсон. Тэднийд очоод цонхоор нь хартал тэднийд байгаа хүмүүс бүгд архи уугаад сууж байсан. Тэднийх рүү орох гэтэл Бүрэнтөгс өөдөөс гарч ирсэн бөгөөд эхнэр болон хадам ээж нар Бүрэнтөгсийг барьж авсан. Би яваад ороход Отгонжаргал “Болдоо ахаа юу байна” гээд гар барих гээд ирэхээр нь би яваад очтол Отгонжаргал намайг шууд цохиод авсан. Би уурандаа Отгонжаргалыг барьж аваад цохисон. Отгонжаргалыг цохиод байж байтал Амарбаясгалан гарч ирсэн. Амарбаясгалан гарч ирээд бид хоёрыг салгах гээд миний араас бариад авсан. Намайг барьж байх хооронд Отгонжаргал намайг нэлээн олон удаа цохьсон. Тэгэхээр нь би Амарбаясгалангийн гарнаас мултраад амбаарт байсан хүрзийг бариад тэр хоёрыг айлгах гээд савчуулсан. Отгонжаргал намайг цохиж хоёр шүдийг маань хөдөлгөсөн. Маргааш орой нь Амарбаясгалан манайд орж ирээд би ямар нэгэн асуудал ярихгүй ажилдаа яв яв гэж хэлсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг
Хохирогч С.Амарбаягалангийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Коридорт гарахад Отгонжаргал, Болдбаатар ах хоёр маргасан зууралдсан хэн хэнийгээ цохисон зодолддож харагдсан, салгахаар больцгоо гээд дундуур нь ороод Болдбаатар ахыг бариад авахад Болдбаатар ах миний хамар хэсэг рүү нэг удаа цохьсон... хамраас цус гарсан та яаж байна аа зүгээр байхад цохиод гэхэд миний хэлж байгааг тоолгүй Отгонжаргал руу дайраад хоорондоо зодолдоод байсан...Отгонжаргалын амбаар дотор байсан хүрзийг Болдбаатар аваад Отгонжаргал бид хоёр руу дайрч хүрзээрээ цохьсон тухайн үед тухайн үед миний хүзүүний бараан хэсэгт нэг удаа маш хүчтэй цохьсон. Хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч Б.Нарантуяагийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болдбаатар яагаад хүүхэд уруу татаж архи уугаад байнаа гэж уурлаж хэлэхэд Отгонжаргал өөдөөс нь би яасан юм гэх зэргээр уурлаад хоорондоо маргаад Отгонжаргал Болдбаатарыг түрүүлж цохиж харагдсан хоорондоо зууралдаад зодолдоод эхэлсэн... нэг харахад Болдбаатар гартаа хүрз барьсан харагдсан... тухайн үед гадаа харанхуй амбаар дотор гэрэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/
Гэрч Б.Бүрэнтөгсийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Болдбаатар ах Отгонжаргалд хандаж чи жоохон хүүхэд уруу татаж архи уудаг нь яаж байгаа юм бэ гэхэд Отгонжаргал ах өөдөөс нь юм хэлээд тэр хоёр хэрэлдээд нэг мэдсэн зууралдаад учир зүггүй орилж хашгираад зодолдож эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Амарбясгалан Ганзориг ах хоёр гарч ирээд салгах гээд байгаа харагдсан... Амарбаясгалан ахаас маргааш нь юу болсон талаар асуухад салгах гэж дундуур нь ороод Болдбаатар ахад хамар руугаа цохиулсан мөн Болдбаатар гартаа хүрз барьсан савж байхад нь би оногдчихсон хүзүүндээ цохиулсан гэж байсан. Миний хувьд уг үйл явдлыг хараагүй. Болдбаатар ахыг хүрз гартаа барьсан байхыг нь хүртэл хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
Гэрч С.Ганзоригийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Отгонжаргалын гэрт Амарбаясгалангийн хамт 3-лаа архи уугаад сууж байхад Бүрэнтөгс орж ирсэн.. ...дахин Хараа архи аваад Бүрэнтөгсийн хамт уугаад сууж байхад гаднаас хаалга тогшиход Бүрэнтөгсийн ээж эгч хүргэн ах нар нь орж ирсэн ...гэтэл учир зүггүй хүмүүс чанга ярилцаад хоорондоо маргаад эхэлсэн... Болдбаатар Отгонжаргал нар хоорондоо зууралдаж улам маргалдсан байсан... ...эхнэр Бүрэнжаргал нь салгах гэж дундуур нь орсон байсан... Би тэр хоёрыг салгах гэсэн боловч ерөөсөө салахгүй байсан тул гадаа гарсан байсан... нэг харахад Болдбаатар ах гартаа хүрз бариад толгой дээгүүрээ саваад байсан... Амарбаясгалан тэр хоёрыг салгах гэж дундуур нь орох үед Болдбаатар ах Амарбаясгалангийн хамар руу санаатайгаар цохиж хамраас нь цус гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25- 26 дугаар тал/
Гэрч Э.Отгонжаргалын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Амарбаясгалан боль гээд намайг өмөөрөөд Болдбаатар ахыг барьж аваад цааш түлхэхэд Болдбаатар ах Амарбаясгалангийн хамар хэсэг рүү нь цохиж цус гарахаар нь миний уур хүрээд Болдбаатар ахтай маргалдах үед Болдбаатар амбаар дотор байсан хүрзийг аваад над руу дайрсан... хүрзээр над руу савж цохих үед Амарбаясгалан хүзүүн тус газраа оногдож цохигдсон ба хүзүүг нь харахад ангайсан шарх үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/
Гэрч Б.Бүрэнжаргалын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Болдбаатар Отгонжаргалд хандаж ахын дүү ийм жаахан хүүхэдтэй нийлж архи уугаад болохгүй шүү гэж хэлэхэд би уулгасан юм уу зүгээр байгаарай гэх зэргээр манай нөхөр рүү уурлаж дайрсан ба манай нөхрийг зүгээр зогсож байхад нь цээж рүү нь цохьсон гэтэл манай нөхөр яаж байгаа юм бэ гээд Отгонжаргалруу дайрч харилцан зодолдсон. Ингээд Амарбаясгалан бид хоёр салгах гэж дундуур нь орсон. Арай гэж Болдбаатарыг салгахад Болдбаатар хаанаас ч юм нэг хүрз гартаа барьсан далайж байхаар нь би хүрзийг нь гарнаас нь булааж аваад газарт хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
Гэрч Б.Бүрэнжаргалын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...А.Болдбаатар Отгонжаргалын байшингийн амбаараас нь хүрз гартаа барьж аваад Отгонжаргал руу чиглүүлээд савж цохих үед нь С.Амарбаясгалан байж таараад хүрзэнд хүзүүн тус газартаа цохигдсон юм. Ингээд би хүн цохихоор нь хүрзийг нь А.Болдбаатарын гарнаас булааж аваад газарт хаясан юм. Үүнийг өмнөх өгсөн мэдүүлэгтээ яагаад хэлээгүй юм бэ гэхээр өөрийн нөхрийг хэрэгт хийчих юм болов уу гэж бодоод гарнаас нь хүрзийг нь булаагаад авсан хүнийг цохихыг нь хараагүй мэдэхгүй гээд хэлчихсэн юм. Энэ хэргийг үйлдсэнээ манай нөхөр хүлээсэн талаараа надад хэлсэн мөн С.Амарбаясгалан хэлж байсан хоорондоо учир зүйгээ олж эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/
Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №324 дугаартай шинжээчийн: ”......
1.С.Амарбаясгалангийн биед хүзүүнд язарсан шархтай зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/
Шийтгэх тогтоол болон шийтгэврийн хуулбарууд /хх-ийн 49-60 дугаар тал/
А.Болдбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/
А.Болдбаатарын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч А.Болдбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Отгонжаргалын гэрийн үүдний амбаарт иргэн С.Амарбаясгалангийн хүзүүн тус газар нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч С.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 19-20/, гэрч Б.Нарантуяагийн /хх-ийн 21-22/, Б.Бүрэнтөгсийн /хх-ийн 23-24/, С.Ганзоригийн /хх-ийн 25-26/, Э.Отгонжаргалын /хх-ийн 27-28/, Б.Бүрэнжаргалын /хх-ийн 29-31/, мэдүүлгүүд болон шинжээчийн 324 тоот дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Амарбаясгалангийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч А.Болдбаатарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Болдбаатарыг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэв.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Болдбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Болдбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Болдбаатарт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялтан А.Болдбаатарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхдээ нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан А.Болдбаатар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан А.Болдбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ