Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар  2022/ДШМ/778

 

 

А.Э, Ч.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

яллагдагч А.Э-гийн өмгөөлөгч О.Батсүх, Б.Батжаргал,

яллагдагч Ч.Ж, түүний өмгөөлөгч Э.Нарангарав,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1506 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрах 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн яллагдагч А.Э, Ч.Ж нарт холбогдох эрүүгийн 2002005950111 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

2. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй;

Яллагдагч А.Энь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жтай бүлэглэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх",

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэгт заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах",

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 9- ний өдрийн А/172 дугаар тушаалаар баталсан “Сургалтын журам”-ын 4.12.2-т “МУБИС-д шилжин суралцах оюутан дараах болзол хангасан байна. Үүнд: Гадаад, дотоодын их сургуульд нэгээс доошгүй жил 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан, улиралд дунджаар 15- аас багагүй кредит цуглуулсан, мэргэжлийн чиглэл, элсэлтийн ерөнхий шалгалтын зөрөөгүй, шилжин суралцах шалтгаан тодорхой”,

4.12.3-т “4.12.1, 4.12.2-т зааснаас бусад тохиолдолд МУБИС-д шилжин суралцахыг зөвшөөрөхгүй”,

4.12.9-д “Шилжиж ирсэн оюутан тухайн улирлын сургалтын төлбөрөөс гадна шилжилтийн төлбөр төлнө. Суралцагч нь бүрэлдэхүүний сургууль хооронд шилжин суралцах бол 30%, гадны сургуулиас шилжин суралцах бол 50% тэнцэх төлбөр төлнө”,

4.12.6-д “Шилжин суралцах тухай өргөдлийг 4.12.13-т заасан бусад бичиг баримтын хамт намрын улиралд хичээл эхлэхээс 1 долоо хоногийн өмнө, өвлийн улиралд хичээл дууссаны дараах 1 хоногт тус тус багтан бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба хүлээж авна”,

4.12.18-д “Мэргэжлийн хөтөлбөрийн онцлогоос хамааран нэмэлт шалгалт авах, ярилцлага хийх, шилжин суралцах түвшинг тогтоох зэргийг бүрэлдэхүүний сургуулийн дотоод журмаар зохицуулахыг зөвшөөрнө”,

“Оюутны журам”-ын 4.3.2-т “Шилжин ирэх оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх, дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 15-аас ихгүй байна. 15 кредитээс их тохиолдолд тохирсон түвшинд шилжүүлэн суралцуулж болно. Анх элссэн хөтөлбөрөөр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх. Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн нь 2.3- аас доошгүй байх”,

7.5-д “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд: 4 ба түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан, сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй, их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн, урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан” гэснийг тус тус зөрчиж:

Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан өөрийн төрсөн хүү Б.Бийг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн зурагзүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн суралцуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд гаргасан өргөдөлд “...суралцахад татгалзахгүй. 2018.09.25” гэсэн цохолтыг хийж,

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24- ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалд Б.Б-ийн нэрийг оруулах талаар сургалт эрхэлсэн дэд захирал зөвшөөрөл олгоогүй байхад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14 хаягт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жаар “2018-09 сар намар шилжилт хөдөлгөөн” хlsх нэртэй Google share-д байрлах файлд засвар хийлгэж, Б.Б-ийн нэрийг нэмж оруулан,

Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай "Оюутны сургалтын төлбөр баталгаажуулах тухай” тушаалаар Б.Б-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулж, өөрийн хүүхдийг суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жд хүсэлт тавьж, тэрээр тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулсан, хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаярын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан,

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11- ний өдрийн А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай" тушаалд  Б.Б-ийн нэрийг оруулахын тулд Дүрслэг урлаг, технологийн сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилийн МУБИС-ын захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийг баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулах боломжтой тухай цахим захидлын дагуу тус хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Баттөгөлдөрийг шалгаруулж давуу байдал бий болгосон,

Мөн “Сургалтын журам”-ын 6.2.1-д “Судалгааны магистрын сургалтын төлөвлөгөө нь 38 кредит бүхий дараах бүтэцтэй байна”,

6.2.8-д “Суралцагч бүр судлах хичээлийг улирлаар сонгож, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба нь хуваарь гарган баталгаажуулж, гүйцэтгэлийг хянана”,

6.2.15-д “Мэргэжлийн магистрын хөтөлбөрт элсэн суралцагч мэргэших хичээл болон төгсөлтийн ажлыг бүтээлээр дүйцүүлэх бол мэргэжлийн комиссын шийдвэрийг үндэслэн тооцно”,

6.4.1-д “Магистрын сургалтын ердийн хугацаа өдрөөр суралцахад 3 улирал, эчнээгээр суралцахад 4 улирал ...байна. Судалгааны ажлыг тасралтгүй хийж, чанартай үр дүн гаргаж, кредитээ бүрэн биелүүлсэн бол удирдагч, тэнхим, бүрэлдэхүүний сургууль, хөтөлбөрийн нэгдсэн албаны зөвшөөрлөөр магистрын сургалтын хугацааг нэг улирлаар богиносгож болно” гэж заасныг тус тус зөрчиж:

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”- ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн нэрийг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тушаалыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14 хаягт байрлах тус сургуулийн байранд баталгажуулан,

“Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах талаар хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жд хүсэлт тавьж, улмаар магистрантур Вусихала /Wusihala/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон,

Яллагдагч Ч.Ж нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал А.Э-тай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэгт заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг тус тус зөрчиж:

Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал А.Энь өөрийн төрсөн хүү Б.Б-өөс 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд хандаж гаргасан зураг зүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжин суралцах тухай хүсэлтийг “...суралцахад татгалзахгүй. 2018.09.25” гэж цохосны дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалын хавсралт болох “2018.09 сар намар шилжилт хөдөлгөөн”.хlsх нэртэй Google share-д байрлах файлд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14 хаягт байрлах уг сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр засвар хийж Б.Б-ийн нэрийг нэмж оруулан,

Б.Б-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулах Дүрслэг урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай тушаалын төслийг боловсруулж, төв сургуулийн хөтөлбөрийн албанд хүргүүлсэн,

улмаар Б.Б-ийн суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай захирал А.Э-гийн хүсэлтийг хууль бус болохыг мэдсээр байж зориуд хэрэгжүүлэн, тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулж, хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаярын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан,

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11- ний өдрий А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай” тушаалд шалгуур хангаагүй Б.Б-ийн нэрийг оруулахын тулд Дүрслэх урлаг, технологийн сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагч Д.Жигзмаад хандан Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилд МУБИС-ийн захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийн жагсаалтад оруулан баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаsmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулах боломжтой цахим захидлын дагуу тус хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Баттөгөлдөрийг шалгаруулж, захирал А.Э-гийн а.еnк[email protected] цахим хаягаар тус сургуулийн байранд 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Б.Б-ийн өргөдөл, баримт бичгийн бүрдлийг илгээж түүнд давуу байдал бий болгосон,

Мөн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн нэрийг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай “Магистрын зэрэг олгох тухай” тушаалд оруулахаар Дүрслэхурлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тухай тушаалын төслийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14 хаягт байрлах тус сургуулийн байранд боловсруулж, баталгаажуулалт хийлгэсэн,

“Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлүүдийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах тухай захирал А.Э-гийн хүсэлт хууль бус болохыг мэдсээр байж төлөвлөгөөнд тусгагдаж батлагдаагүй хичээлийн дүнг багш нараар гаргуулж, дүнг төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан хичээлүүдийн дүнтэй дүйцүүлэн гаргаж, магистрантур Вусихала /Wusihala/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ч.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

“...прокуророос яллагдагч А.Э-г “...Монгол Улсын Боловсролын Их сургуулийн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн нэрийг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тушаалыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14 хаягт байрлах тус сургуулийн байранд баталгажуулан, “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах талаар хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жд хүсэлт тавьж, улмаар магистрантур Вусихала /Wusihala/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон...” гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд давуу байдал олж авсан гэх БНХАУ-ын иргэн Вусихала /Wusihala/-аас дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Мөн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч “...Прокурор Д.Мандахаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн атал мэдүүлэг аваагүй орхигдуулсан...” гэж,

Прокурор шүүхийн хэлэлцүүлэгт “...өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, мэдүүлэг аваагүй...” гэж тайлбар гаргасан ба 4 дүгээр хавтаст хэргийн 221-225 дугаар хуудсанд гэрч Д.Мандахаас мэдүүлэг авсан байх тул уг ажиллагааг хийх шаардлагагүй гэж шүүх үзсэн болохыг дурдав. ...” гэж шийдвэрлэжээ.

Прокурор М.Очбадрах эсэргүүцэлдээ: “...Яллагдагч А.Э-г “Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцак буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн нэрийг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай "Нэрс батлах тухай" тушаалыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14 хаягт байрлах тус сургуулийн байранд баталгаажуулан “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол’’-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах талаар хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жд хүсэлт тавьж, улмаар магистрантур Вусихала /Wusihala/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон.. " гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд давуу байдал олж авсан гэх БНХАУ-ын иргэн Вусихала /Wusihala/-аас дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ гэх үндэслэлийн тухайд.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан:

  • Монгол Улсын Боловсролын их сургуулиас ирүүлсэн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол’’-ын магистрын сургалтын төлөвлөгөө, өдрийн ангийн сургалтын төлөвлөгөө /1-р хх-ийн 68, 71-р хуудас/,
  • Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/80 дугаартай "Магистрантурын хичээл сонголтыг баталгаажуулах тухай’’ тушаал, 2 дугаар хавсралт /3-р хх-ийн 214 223-224-р хуудас/,
  • Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/11 дугаартай “Гадаад магистрантуудын хичээл сонголтыг баталгаажуулах тухай” тушаал, хавсралт /3-р хх-ийн 225-226-р хуудас/,
  • Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай “Магистрын зэрэг олгох тухай" тушаал, хавсралт /3-р хх-ийн 227-237-р хуудас/,
  • Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай" тушаалын хавсралтаар БНХАУ-ын иргэн Вусихала /Wusihala/-ийн нэрийг 2017-2018 оны хичээлийн жилийн өвөл төгссөн магистрантуудын нэрэнд оруулсан /3-р хх-ийн 238-239-р хуудас/,
  • Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол хөтөлбөрөөр магистрт суралцан төгссөн А.АS16E005 кодтой WUSIHALA-ийн бичиг баримтанд хийсэн хяналт, үнэлгээний тайлан /1-р хх-ийн 190-196-р хуудас/.
  • Гэрч Д.Хишигбаяр, Г.Одпүрэв, Ц.Эрдэнэцог, С.Энхбаяр нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар А.Энь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа "Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”’-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл срнголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн нэрийг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай "Магистрын зэрэг олгох тухай" тушаалд оруулахаар Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай" тушаалыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14 хаягт байрлах тус сургуулийн байранд баталгаажуулан, улмаар "Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлүүдийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах талаар хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жд хүсэлт тавьж, улмаар магистрантур Вусихала /Wusihala/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон үйл баримт нотлогдон тогтоогдсон тул давуу байдал олж авсан гэх БНХАУ-ын иргэн Вусихала /Wusihala/-аас дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

Анхан шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж, нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1506 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 1-д заасан "Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ. 

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хяналтын прокурор М.Очбадрахын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай эсэргүүцлийг дэмжин оролцож байгаа. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар БНХАУ-ын иргэн Вусихала /Wusihala/-с мэдүүлэг авч хэрэгт зарим нөхцөл байдлыг тодруулъя гэж хэргийг буцаасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл тогтоогдсон. Ийм учраас Вусихала /Wusihala/-аас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна гэж заасан учраас прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна...” гэв.

Яллагдагч А.Э-гийн өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Шүүгчийн захирамжид БНХАУ-ын иргэн Вусихалаг асуугаагүй гэж байгаа боловч үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Ч.Ж гэдэг хүний асуудалд албаны дарга Энхбаяраас системд нэвтрэх эрхийг авсан гэдэг боловч Энхбаяр гэдэг хүн нэвтрэх эрхээ өөрөө өгсөн юм уу, хууль бусаар олж авсан юм уу гэдгийг тодруулаагүй. Энхбаяр гэдэг хүн өөрөө системд нэвтрэх эрхээ өгч багш нарын дүнд тулгалт хийх эрх өгсөн үү гэдгийг тодруулаагүй. А.Эгэдэг хүнийг суралцахад татгалзахгүй гэсэн цохолт хийсэн гэж буруутгадаг. Гэвч суралцуулах эрх хэмжээ гаргасан тушаал нь Боловсролын Их сургуулийн захиралд байдаг. Бүрэлдэхүүн сургуулийн захиралд эрх хэмжээ байхгүй. Тэгэхээр эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж байгаа юм уу, урвуулан ашигласан уу гэдгийг тодруулаагүй. Боловсролын Их сургуулийн захирал Мандахаас энэ талаар мэдүүлэг аваагүй. Шүүхээс өмгөөлөгч Нарангэрэлийн хүсэлтийг хангаж мэдүүлэг авсан гэдэг боловч тодруулах асуудлын талаар дурдаагүй. А.Энхмаад эрх байсан эсэх талаар Боловсролын Их сургуулийн захирал Мандахаас тодруулж асуугаагүй. БНХАУ-ын иргэн Вусихала зохих кредит судлаагүй гэдэг боловч кредит судалсан, судлаагүй нь хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийсэн гэдэг нь магистрын сургалтын алба хэрэгжүүлдэг. Магистрын сургалтын албаны мэргэжилтэнгүүдээс мэдүүлэг, тайлбар аваагүй. Яагаад БНХАУ-ын иргэн Вусихалаас мэдүүлэг авах шаардлагатай гэхээр хууль ёсны дагуу зохих кредитээ цуглуулсан эсэх талаар тодруулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Яллагдагч А.Э-гийн өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мандах гэдэг захирлын хувьд гэрчээр мэдүүлэг өгөх нь тусдаа асуудал, өмгөөлөгч О.Батсүхийн яриад байгаа тодруулах ёстой зүйлийг тодруулаагүй гэж байна. А.Эзахирлын хувьд Вусихала гэдэг оюутанд давуу эрх олгосонтой холбоотой асуудлыг Тамир гэдэг дэд захирал 1 дүгээр хавтаст хэргийн 228, 229 дүгээр хуудаст гэрчийн мэдүүлэгт тайлбарлаж хэлсэн. Тухайн магистрын сургалтын алба, магистр хамгаалуулах комисс, дүнгийн баталгаажуулалт хийдэг комисс батлагдаж гараад дүнгийн тулгалт хийж, үнэлгээ гаргадаг. Үүнийг үндэслэж магистрын диплом олгодог. Энэ 2 комиссын хүмүүсийг гэрчээр асуугаагүй, шийдвэрлэж оруулж ирсэн нь үндэслэлгүй байна. А.Э-гийн хүүхэд Баттөгөлдөр 256 дугаар Цэргийн албанд алба хааж байхад нь сургуульд элсүүлсэн. 2 журмын өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа юу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрүүлж байгаа. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ярьдаг. Аль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмыг барьж дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа, өргөдөл нь хаана байгаа бэ гэхээр өргөдлийг нь гаргаж ирдэг. Шийдвэр гаргаж байгаа албан тушаалтантай холбоотойгоор гэрчээр мэдүүлэг авахад тухайн асуудлыг тодруулдаггүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн багш нарын хувьд хичээлд суусан хүүхэд байна, харсан хүүхэд байна гэдгээ хэлдэг. Зарим гэрчүүд нь “би өөрөө эрхээрээ орохыг зөвшөөрсөн тул дүн засагдсан гэж тайлбарладаг”. Гэтэл тухайн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцэхдээ гэм буруутай, А.Эгэдэг захирлыг хүүхэд нь учраас энэ хүний үүрэг даалгавраар шийдэгдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь буруу тул дахин тодруулах шаардлагатай...” гэв.

Яллагдагч Ч.Жын өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон. БНХАУ-ын иргэн Вусихала гэдэг оюутаныг асуух ёстой гэдэг байдлаар үндэслэлээ бичсэн. Гэтэл шүүх хуралдааны явцад гаргасан бүхий л хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн. Мандах гэдэг хүнийг оролцуулж асууж, тодруулах зүйлийг бүрэн гүйцэд тодруулаагүй. Энэ хүнийг гэрчээр асуухад Ч.Жын өмгөөлөгч миний бие өөрийн биеэр оролцож шаардлагатай асуултуудыг асууя гэж хүсэлт гаргасныг Улсын ерөнхий прокурор хангаж шийдвэрлэсэн. Хангаж шийдвэрлэсэн баримт нь хэрэгт байдаг боловч энэ ажиллагааг хийхгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн нь буруу байна. Ч.Жыг буруутгаж байгаа гэрчийг асууя гэхэд хангаж шийдвэрлэсэн. Хосбаяр гэдэг танхимын эрхлэгч нэвтрэх эрхээ өгч, дүнг засуулсан, дүнгийн хүснэгт дээр Ч.Жыг гарын үсэг дуурайлгаж зурсан гэж мэдүүлэг өгсөн. Дүнгийн хүснэгтийг эх хувиар нь авч Хосбаяр гэдэг хүн үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхийг гарын үсгийг нь шинжилгээнд явуулж, тогтоочихвол худал мэдүүлэг өгсөн болж, яллах дүгнэлтийн үндэслэл болгож байгаа хэсэг байхгүй болно. Яллах талын баримтуудыг цуглуулж, цагаатгах талын баримт цуглуулаагүй. Өмгөөлөгч Батжаргал 2 журам байгаа гэж байна. Баттөгөлдөрийг элсэн суралцах хугацаанд хичээлийн шинэ жил эхлээд 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл шинээр оюутан шижлүүлэн авах журамтай байсан. Дараагийн журамд 28-ны өдөр гэдэг нь алга болсон. Гэтэл прокурорын зүгээс тухайн үед дагаж мөрдөж байсан журам биш сүүлд 6 сарын дараа батлагдсан журмыг баримталж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй. Энэ журмыг авахуулах нь шүүхийн ажиллагаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдэврлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Прокурорын эсэргүүцэл 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд энэ хуулийг өнөөдрөөр хэрэглэх учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл бүрдсэн байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Яллагдагч Ч.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг барьж явагдсанд гомдолтой байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

А.Э, Ч.Ж нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн 2002005950111 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Гэхдээ “...давуу байдал олж авсан гэх БНХАУ-ын иргэн Вусихала /Wusihala/-аас нөхцөл байдлыг тодруулах...” гэж хэрэгт хувийн сонирхолтой байж болзошгүй, тус үйлдлийн улмаас өөрт ашигтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын хилээр гарсан /2 хх 113-114/ гадаадын иргэнээс заавал мэдүүлэг авахуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг хязгаарласныг давж заалдах шатны шүүх зөвтгөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л боломжтой ажиллагааг 2002005950111 дугаартай эрүүгийн хэрэгт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.    

Мөн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтад БНХАУ-аас ирж Монгол Улсын Боловсролын Их сургуульд суралцаж буй магистрантур Вусихала /Wusihala/-д магистрын зэрэг олгуулж, түүнд давуу байдал бий болгосон үйлдлийн үр дагавартай холбоотой магистрын дипломыг олгох үйл ажиллагаагаар хэний, ямар эрх ашиг хохирч байгаа, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн магистрын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа тухайн нөхцөлд хууль ёсны дагуу явагдсан эсэх зэрэгт дүгнэлтийг хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй байна.

Иймд прокурор М.Очбадрахын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай “...хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх...” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1506 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор М.Очбадрахын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ